Categories
мэдээ нийгэм

Хааны эзэнт гүрэн Монгол тусгай үзэсгэлэнгийн шилэн хорго каталогийг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 75 дугаар тогтоолын дагуу БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Хааны эзэнт гүрэн, Монгол” тусгай үзэсгэлэнг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 9 долоо хоногийн хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний музейд дэлгэн үзүүлсэн билээ.

Энэхүү тусгай үзэсгэлэнг Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан гаргасан бөгөөд Монголын талаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Солонгосын талаас Солонгосын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж, манай орны нутаг дэвсгэрээс илэрч олдсон түүхийн олон үед холбогдох археологийн олдворууд, монголчуудын аж ахуй, уламжлалт шашны холбогдолтой эд өлгийн зүйлс, угсаатны хувцас хэрэглэл зэрэг 533 ширхэг үзмэрийг дэлгэн солонгосын ард түмэнд сурталчилсан юм.

Үзэсгэлэн хэдийгээр богино хугацаанд гаргасан ч тус улсын 50 гаруй мянган иргэд үзэж сонирхсон байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний музейгээс үзэсгэлэнд зориулж тусгайлан бэлтгэсэн 214,0 сая төгрөгийн үнэ бүхий шилэн хоргонуудыг Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн юм. Эдгээр шилэн хоргонууд нь үзмэрийн аюулгүй байдал, хадгалалтыг горимын дагуу тоноглогдсон, гэрэл чийгний тохируулга бүхий орчин үеийн музейн стандартад нийцсэн, зориулалтын хоргонууд юм. Мөн үзэсгэлэнгийн монгол, солонгос хэл дээрх 300 каталогийг хэвлэж үзэсгэлэн зохион байгуулахад хамтарч ажилласан албан байгууллага, хувь хүнд гардуулсан байна.

Энэхүү арга хэмжээ 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Монголын Үндэсний музейд зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний музей, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академи болон улс, орон нутгийн музей, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *