Categories
мэдээ нийгэм

​“Хааны Эрэлд- 2018” маргааш эхэлнэ

Манай улс “Хааны Эрэлд” энхийг дэмжих үйл ажиллагааны сургуулийг 2003 онд АНУ -тай хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн. 2006 оноос олон улсын сургууль болон өргөжиж, энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын сургууль нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон олон үндэстний цэргийн алба хаагчдын энхийг хөгжүүлэх, олон улсын болон НҮБ -ын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих, хөгжүүлэх зорилготойгоор Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд энэ сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 52 орны 13800 гаруй цэргийн алба хаагч оролцож энхийг сахиулах ажиллагааны арга туршлагуудаас суралцжээ.

Энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Хятад, Өмнөд Солонгос,Турк , Энэтхэг, Бутан, Англи, Индонез, Итали, Казакстан, Камбож, Канад зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагчид оролцох юм.

Бутан Улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн энэ удаагийн сургуульд анх удаа оролцож байна.

Хааны эрэлд 2018 сургуулийн хүрээнд Ротын хээрийн сургууль, Салаадын хээрийн сургууль, Тусгай хүчний, Команд штабын, Усны, Гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг ажиллагааны сургууль, Энхийг сахиулах ажиллагааны сургагч багшийн дамжаа, Мэдээлэл боловсруулах арга ажиллагааны сургалт, Хүн эмнэлгийн сургалт, Хүмүүнлэгийн ажиллагаа гэх мэт сургалт, дадлагууд явагдана.

Сургуулийн хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг СХД –т зохион байгуулах бөгөөд олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24, 26 дугаар хороодын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн аж.

Б. Алтантуяа Ц. Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *