Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Хүчтэй Ерөнхий сайдтай, парламентын хяналттай хувилбар Монголд илүү зохино

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн Монголын эдийн засгийн клубын гишүүдийн асуултад өгсөн хариултуудыг тоймлон хүргэе.


-Үндсэн хуулийн реформыг хийчихээд салбаруудынхаа реформыг хийх ёстой юу. Эсвэл өөрчлөхийг хүлээхгүйгээр шинэчлээд, явахад болох уу?

-Үгчилсэн тайлбараас илүүтэйгээр утга агуулга руу шилжих байдлаар тайлбар хийж чаддаг хэмжээний Цэцийн гишүүд, тэр дайны эр зоригтой шийдвэр гаргагчид байвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр олон юмыг өөрчилж болно. Гэтэл үг үсэг хөөсөн, 1992 оны нөхцөл байдлаа санагалзсан нь дийлэнх байна л даа. Тэд цаг хугацаа, нийгмийн харилцаа, агуулга өөрчлөгдөж, олон юм дэвшээд явж байхад зэрэгцээд алхахыг хүсдэггүй. Тэр хүмүүс өөрчлөгдөөгүй нөхцөлд уншиж байгаа текстийг нь өөрчлөхөөс аргагүй. Өөрчлөхгүй бол хэчнээн хууль өөрчилсөн ч дурын нэг хүн мэдээлэл гаргачихдаг, өнөөхийг нь нөгөө ес уншаад өөрсдийнхөөрөө шийдчихдэг байдал арилахгүй. Ийм зовлонтой байдал үүсчихсэн учраас аль аль арга замаар нь явахаас аргагүй. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилбөл сайн л байна.

-Яагаад вэ. Хэсэгчилж өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлт давтамжтай дуулддаг шүү дээ?

-Бидэнтэй адил пост коммунист улсууд Үндсэн хуультай холбоотой хоёр алхам хийсэн. Шилжилтийн маягийн Үндсэн хууль батлаад явах хугацаандаа гол харилцаануудаа тодорхойлчихоод “За ирээдүйн тавин жилийн хөгжил ингэж харагдаж байгаа учраас энэ хөгжилд туслах хуулийн үндсэн суурь систем ийм л байх ёстой” гээд суурь шинжтэй Үндсэн хуулиа баталсан. Гэтэл бид 1992 онд шилжилтийн маягийн Үндсэн хууль баталчихаад тэрийгээ туйлын төгс төгөлдөр, ухаалаг зүйл гээд одоо хүртэл бариад суугаад байна. Үнэн хэрэгтээ өнөөгийн Үндсэн хууль суурь маш олон асуудлыг шийдэж огт чадахгүй. Төрийн олон хэрүүлийг шийдэж чаддаггүй. Төрийн хэрүүлийг ямар нэг дүрмээр шийдэж чадахгүй бол шийдэл нь хүчирхийллээр илэрдэг. Тэгэхээр төрийн эргэлт гарах уу, Үндсэн хуулийг бүр дампууруулах уу, яг таг хэлж мэдэхгүй байна. Бид үр нөлөөг нь мэдэрч эхэлж байгаа. Одоо өрнөж буй үйл явц зөвхөн эхлэл нь. Цаашдаа бүр томрох байх. ШХАБ-д элсч ороод хоёр улсынхаа шахалтад бүр хүчтэй ордог болоод ирвэл цаашдаа юу болохыг таах аргагүй. Өчнөөн юм болно.

-Таатай зураг таамаг биш байна. Ийм байдлаас хол амьдруулахад Үндсэн хуулийн хүч хүрэх байлгүй дээ?

-Тэр бүгдийг манай Үндсэн хууль хязгаарлаж чадахгүй. Жишээ нь, Үндсэн хууль өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй. Үндсэн хуулийг ухаалгаар өөрчилж болох бол өөрчилөх хэмжээнд нь өөрчлөөсэй гэж боддог. Гэхдээ би энэ асуудлыг сэтгэл хөдлөлөөр харахгүй байгаа. Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал Үндсэн хууль өөрчлөхөөр хэмжээнийх мөн үү, эсвэл бүр самраад нөгөө тийш нь явуулчих уу гэдгийг бодох ёстой. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуулийн төсөл биччихээд хөдөө орон нутгаар танилцуулж яваа. Тэр төсөл бол аймшиг. Тийм төслийг баталчихвал аюул болно. Тэгснээс энэ янзаараа явсан нь дээр. Судалгаатай, ухаалаг, улс төрийн нөхцөл байдлаа зөв үнэлж орохгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн засаглал руу явуулчихвал аюултай. Хүний эрхийн жагсаалтыг дордуулчихвал эрсдэлтэй. Эрх мэдлийн хуваарилалтыг алга болгочихвол аймшиг.

-Тэгээд өөрчлөлтийг хэн хийнэ гэж. Болгоомжлоод ухраад явах нь зөв гарц лав биш?

-Шинэ үе гарч ирж байж хийнэ.

-Шинэ үе гэж өөрсдийгөө тодорхойлж яваа залуус таны яриад байгаа шинэ үед багтах уу?

-Эдийн засаг, нийгмийн орчин, хувь хүний нөхцөл байдлыг дэлхийн хэмжээнд, орчин үеийн энд, хүн төрөлхтний өнөөдөр хүрсэн ололтын хэмжээнд харж чадаж байна уу гэдгээ харж мэдрэхгүй бол хэцүү. Шинэ үеийг ийм хэмжүүрээр харах хэрэгтэй.

-Нэг нам нь гарч ирэхээрээ төрийн албан хаагчдыг хуйгаар нь халж сольдог. Төрийн санах ой гэгддэг мэргэшсэн албан хаагчдаа халж солиод байхаар ямар ч сайн хууль зөв хэрэгжихгүй. Муу хуулиуд батлагдаад байгаа нь ч үүнтэй холбоотой байх?

-Санах ойны хувьд хоёр юмыг бодох ёстой. Нэгдүгээрт, таны асуусан бодлого боловсруулж авч яваа төрийн мэргэшсэн албан хаагчид хэр зэрэг тогтвортой байх вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт улс төр яаж ч савласан улс төрийн савлагааг хянаж, барьж явдаг эрдэмтдийн оролцоог харах ёстой. Хоёр дахь механизм нь манайд бараг байхгүй. Сүүлийн үед бий болгохыг оролдож байна. Барууны улсуудад улстөрчид гарч ирээд ярьсан ч эрдэмтэд нь хүрсэн түвшингээр нь шахдаг. Үүнээс доошлуулахгүй, та нар дээрээ яаж тонгочих нь хамаагүй гэсэн зарчмаар ажилладаг. Манайд тэгж шахах хэсэг алга. Энэ бол социалист нийгэмд учирсан хамаг том зовлон. Социализмын үеийн нийгмийн ухааны эрдэмтэн гэдэг нэг бол марксист онолыг сурталчлагч. Эсвэл даргын үгийг маш сайн бичигч. Түүнээс биш шинжлэх ухааны арга зүйтэй, шинэ хандлага мэдлэг түгээгч огт биш. Ийм социалист маягийн нийгмийн эрдэмтэд байгаа нь асуудал болоод байна. Ардчиллын хоёрдугаар давалгааны үед Зүүн Европын улсад байгалийн шинжлэх ухаанаас бусад салбарт докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн цолыг хүчингүй болгосон. “Та нарын докторын цол шинжлэх ухааных биш, наадах чинь зүгээр л социалист бюрократизмын амжилтын илэрхийлэл. Тийм учраас доктор авах гэж байгаа бол шинжлэх ухааны аргаар наад сэдвээрээ доктор хамгаал” гэчихсэн. Гэтэл манайд ийм өөрчлөлт хийгдээгүй. Орчин үеийн Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтын маш чухал сэдвээр доктор хамгаалах гэж байхад “Нэгдэлжих хөдөлгөөн бол социализмын хамгийн чухал өмчийн хэлбэр мөн” гэдэг сэдвээр цолоо хамгаалсан хүн докторын зөвлөлд байх жишээний. Тэр нөхөр Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг ойлгохгүй. Тийм учраас “Намайг хэрхэн хүндлэв, яаж харьцав, багш шавийн барилдлага хэр зэрэг зузаарав” гэхчлэн шинжлэх ухаанч бус хандлагаар цол зэргийг нь хэмжих гэж оролддог. Хуулийн салбарын тухайд шинжлэх ухаанч шахалт үзүүлэхгүй болохоор бодит хүрсэн төвшний мэдлэг гэдэг юм бараг алга. Ер нь хууль, улс төрийн салбар маш өрөвдөлтэй. Шинэ залуус нь арай гайгүй.

-Та хууль зүйн салбарт эхлүүлсэн реформынхоо 70 хувийг нурсан гэж ярьсан. Яагаад нурчихав аа?

-Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль гэх мэтчилэн том шинэтгэлүүдийг МАН ганцаараа унагаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар унасны дараа Ч.Сайханбилэг засаг тэргүүлсэн. Шинэ Хууль зүйн сайд ажлаа авангуутаа манайхаас өргөн барьсан бүх хуулийг буцаагаад татсан. Өргөн баригдсан, хэлэлцэгдсэн, батлагдахад бэлэн болсон гээд бүгдийг нь. 14 хууль татсан байдаг. Засгийн газраар хэлэлцэгдээд УИХ-д өргөн барихад бэлэн болсон арваад хуулийг ч унагасан. Хэрүүл хийж тэмцсэний эцэст тэдгээр хуулиас наймыг нь л буцааж өргөн бариулж чадсан. 2015, 2016 онд амжиж өнөө найман хуулиа батлуулсан. Тэр хуулиудын хоёроос бусад нь буцаад хүчингүй болсон л доо.

-АН яагаад нураасан юм бэ?

-Хэн нь хэн бэ гэдэг нам доторх рангаа харуулах гэж оролдсон. Үүнээс болж хамтаараа хийх ёстой зүйлээ нураасан. Улс төрийн маш явцуу зовлон.

-Зөрчлийн хууль нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та бүхний анх санаачилсан хувилбараар батлагдаж чадсан уу?

-Зөрчлийн хууль Эрүүгийн хуулиасаа илүү хэл амтай. Бид Зөрчлийн хуулийн төслийг тухайн үеийн судалгааны үр дүнд тулгуурлаж хийсэн. Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 400 гаруй хууль бий. 230 хуулийнх нь ард хариуцлага байна. Хариуцлагууд нь хоорондоо уялдаагүй, нэгдсэн системгүй, зөрчилдөөнтэй, давхацсан байдаг. Нэг жишээ хэлье. Эрүүгийн хуулиар албан бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэж бий. Эрүүгийн хуульд байгаагаар бол гурван жил хүртэлх хорих ялтай. Боловсролын тухай хуульд боловсролын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно.

Хуурамч диплом аваад баригдсан хүнийг Эрүүгийн хуулиар гурван жил хорино гэж айлгадаг. Өнөөх нь шоронд суухгүйн тулд авлига өгч таарна. Авлига авсан цагдаа Боловсролын хууль гаргаж ирээд 50 мянган төгрөгөөр торгоод явуулчих жишээний. Хуулийн ийм орчинд хэн эзэн хаан бэ, бодоод үзээрэй. 230 хуулийн ард байгаа энэ мэт хариуцлагуудыг жагсаагаад зөрчлийн хууль гэж бичээд харуулсан чинь УИХ-ын гишүүд пүү паа болсон л доо. Нэг инээдтэй жишээ хэлье. Иоджуулсан давсны тухай хууль гэж бий. Гэрийн эзэгтэй хоол хийхдээ иоджуулсан давс хэрэглээгүй бол торгоно гэсэн заалт байна. Мэдээж үйлчилж байгаагүй заалт байх л даа. Гэхдээ нэг дургүй нь хүрвэл үйлчлүүлнэ шүү дээ.

-Ардчилал хөгжсөн улсуудад яадаг юм бол?

-Жишээ нь, Германд хүнийг шийтгэх гэж байгаа бол шийтгэх хуулийг нь зөвхөн Хууль зүйн яам нь бичдэг. Манайд бол өөр. Боловсролын яам хуулиа бичихдээ шийтгэлээ бичнэ. УИХ-аар орохдоо Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэгт ордоггүй. Тийм учраас бид Зөрчлийн хуульд зөвхөн иргэн рүү торгууль шийтгэл оноосон хариуцлага нь бичигдэнэ, энэ хуулийг зөвхөн Хууль зүйн яам бичнэ, хянана гэсэн зарчим барьсан юм. Хууль зүйн сайдаар МАН-ын гишүүн томилогдонгуутаа Зөрчлийн хуулийг боловсруулахдаа буруу арга хэрэглэсэн. Татвар, банк санхүү бүгдээс нь дуудаж оруулаад бөөн торгуул нэмж бичээд шинээр оруулж ирсэн. 230 хуулийн ард байснаас илүү хүнд торгодог, шийтгэдэг систем болоод хувирчихсан л даа. Зөрчлийн хууль зөвхөн торгуулийн санкцтай, эдийн засгийн хөшүүрэгтэй байх ёстой атал жижиг гэмт хэргийн хууль биччихсэн. Бүр бантагнуулсан. Хэлээд ч ойлгоогүй. Мэдлэггүй сайхан сэтгэл, тэнэгээсээ болж алддагийн нэг том жишээ. Үр дүнд нь бизнесийн таатай орчин, эдийн засгийн цаашид хөгжих боломжийг хумьсан. Өнөө социалист толгойгоороо харж байгаа юм. Төр орох ёстой, хорих учиртай, шийтгэх хэрэгтэй гэсэн философиор хандсан. Хууль хийдэг философи өөрчлөгдөхгүй яваагийн гор л доо.

-Эрүүгийн хуульд бас ингэж хандсан уу?

-Тэгсэн. Уг нь бид хүн рүү чиглүүлж, 1992 оны Үндсэн хуулийн үнэт зүйлсийг хамгаалах зорилготойгоор бичсэн. Маш олон судлаач “Танай эрүүгийн хуулийг уншихаар дандаа социалист гэмт хэргүүд байх юм. Чөлөөт нийгэмд байгаа бол орчин үеийн нийгэмд гардаг гэмт хэргүүдээ бичээч. Шинэ төрлийн гэмт хэргүүд алга. Гэсэн хэр нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний гэмт хэрэг гэж тооцдоггүй зүйлс оржээ” гэж хэлдэг байсан юм. Бид тэр зорилгоор Эрүүгийн хуулиа өөрчилсөн ч бүх зүйл буцсан.

-Хуулийн реформ хийгдэх найдвар ер нь байна уу?

-Хуулийн салбарын реформ бусад салбарын реформоос хамгийн хэцүү нь. реформ судалдаг хүмүүс боловсрол, хуулийн салбарт реформ хийхэд хэцүү гэж үздэг. Хуулийн реформын нэг том зовлон нь бодит эрх мэдэлтэй хүмүүстэй зөрчилддөг. Тэдний сандлаар оролдож эхэлдэг. Маш олон орны туршлагыг харахад реформ эхлүүлэгчид нь ихэнхдээ гэмт хэрэгтэн болж хувирсан байдаг юм билээ. реформ хийснийг нь харахаар шууд амжилттай хэрэгжээгүй, дор хаяж гурван давлагаа давсан байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь нуралт нь дандаа эхэлсэн цэгээсээ доошилсон зураг ажиглагдсан. Тэгэхээр хууль зүйн реформ дөрвөн жилийн ажил биш. Хамгийн багадаа 15 жилийн ажил. 15 жилийн ажлыг амжилттай явуулахын тулд нэг л асуудал чухал. Тэр нь улс төрийн тогтвортой байдал. Энэ бодлогыг тээх улстөрийн тогтвортой байдал байвал амжилттай хэрэгжинэ. Гэтэл Монголд улс төрийн тогтвортой байдал алга.

-Эхлээд нам дотроо ярьж зөвшилцөөд хуулийн шинэчлэлийг хийчихэж болоогүй юм уу?

-Уг нь бид нам дотроо ярьсан. Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Манай улс төрийн соёл сонгогчдодоо амласнаасаа ухардаг, эсвэл тэрнээсээ тэс өөр юм хийдэгт хамаг учир байна. Бүгд л гэрч хохирогчдыг хамгаалах тогтолцоотой болно гэж ярьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсаны дараа Д.Дорлигжав Тахрын албаны хуулийг татан буулгана гэсэн төслийг Засгийн газарт оруулаад ирсэн. “Мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлийг яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Нэг намын амлалт юу юм” гэх жишээний. Сонгуульд ороогүй хүн эрх мэдэлд очихоороо аюултай нь эндээс харагдаж байгаа юм. Яг үүнтэй адил цагдаагийн дарга гэх мэт нэр бүхий хүмүүс сонгуульд ороогүй, иргэдээс нэг ч санал аваагүй. Шинэтгэлийн үйл явцыг улстөрчид амласан учраас л хийх гэж оролдсон. Гэтэл нөгөө талд байгаа эрх дархтай хүмүүс албан тушаалд тавьсан хүндээ үнэнч байх ёстой гэж боддог юм билээ. Үүнийг олж хараагүй нь бидний том алдаа болсон. Сонгуульд орсон лидерүүд хүртэл зарим зүйлийг нурааж эхэлж байгаа юм. “Яахаараа АН бизнес эрхлэгчид рүүгээ дайраад байгаа юм” гэхээр “Хэдэн олигарх биз дээ” гэнэ. УИХ-ын дарга нь тэгж хэлэхээр яахав. “Та АН-ын дарга, УИХ-ын дарга. Яахаараа АН-ыг сонгосон гол бүлгээ олигархиуд гээд яриад суудаг юм бэ. Тэд биднийг бизнесийг дэмждэг, компаниудыг өргөжихөд тусалдаг, орчныг нь зөв болгодогоороо МАН-аас ялгаатай гэж боддог шүү дээ” гэхээр “Орчин үеийн үзэл ийм болсон” гэж байгаа юм. Н.Алтанхуяг “Баруун, зүүн гэж байхаа больсон” гэж хэлсэн удаатай. Энэ бидний том алдаа байсан. Иймэрхүү мэдэгдлүүдээс үүдэж АН МАН-аас огт ялгаагүй гэсэн төөрөгдөл бий болсон л доо. Үзэл баримтлал энэ намын Үндсэн хууль гэдэг хандлагыг хүчирхэгжүүлэхгүй бол улстөрийн лидерүүд нь ямар ч зүйлийг дарж унагаад гишгээд байдгийг ойлгосон. Үзэл санаагаар намын лидерүүдээ хянадаг болох ёстойг тэр үед ухаарсан. Намын дотоод соёлыг өөрчлөхгүй бол “Нам ямар хамаатай юм. Цаазаар авах ёстой, цэргээр бүтээн байгуулалт хийх ёстой” гээд солиороод эхэлж байна. Баруун төвийн нам шүү, зах зээл, хувийн өмч рүү дайрдаг нам биш шүү гэдгээ тогтоод үзэл баримтлал дээрээ тогтож чадахгүй яваа лидерүүдээ үзэл баримтлалаараа цохиж унагах ёстой. Намын олон нийттэйгээ нийлж байгаад цохиж унагах шаардлага үүсчихсэн. Ийм зарчмууд хийгдэх ёстой гээд нам доторхи өөрчлөлт ид явагдаж байна.

-Хуулийг мэдээд зөрчдөг нь хожиж, мэдэхгүйгээсээ зөрчдөг нь хохирч байна. Зөрчлийн хууль үүний том жишээ. Мэдэж амжаагүй байтал торгуулаад эхэлж байна шүү дээ?

-Мэдээгүй байхад үйлчлүүлчихлээ, батлагдчихаад урагшаагаа үйлчилж болохгүй шүү дээ гэх мэт асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой. Ийм боломж манайд бий. Гэхдээ тэгж ажиллах Цэц нь алга. Захиалга гүйцэтгэдэг байгууллага болчихсон. Манай Үндсэн хуулийн Цэц бол ардчилал хууль ёсонд хэзээ ч дэм болж байгаагүй хорт хавдар. Үүнийг шийдэхгүйгээр сая таны хэлсэн асуудал арилахгүй. Үндсэн хуулийн тусламжтайгаар иргэн хүн хууль тогтоомж, эрх мэдэлтнүүдийг барьж авч байдаг. Харамсалтай тэгж чадахгүй байна.

-Хуулийн шинэчлэлээ заавал АН гэхгүйгээр хийх хувилбар бий юу?

-АН бол энэ улс оронд байгаа улс төрийн нэг том хүч. Энэ намыг үзэл баримтлалынх нь хувьд дагадаг олон хүн бий. Энэ хүмүүсийг зөв урсгал руу оруулж, зөвийг дэмжигч хүч болгож хувиргах ёстой. Тэгэхгүй бол энэ хар хүч буруу зүйлийн ард очоод зүүгдчихвэл яах вэ. Цаазаар авна гэдэг хүнийг дагачихвал ямар үр дагавар гарах бол. Энэ бол том асуулт. Буруу тал нь дийлээд явчихвал ямар зүйл өрнөхийг таашгүй. Би тэрнээс л болгоомжилж, айж байна. Буруу зүг рүү олонхоороо хуйлраагүй байгаа дээр нь буруу хаалгыг хааж, зөвийг нээх нь миний үүрэг.

-Лидерүүд вакумжаад ирэхээрээ дэмий болдог шиг анзаарагддаг. Энэ хандлагыг өөрчилж, эвдэж байж хөгсөн байх шүү…?

-Би толгой дээрээ хэн нэгэн лидерийг залмааргүй байна. Би өөрөө лидер болмоор байна. Социализмаас ардчилсан нийгэм рүү шилжихэд тус дэм болсон ч тэр нийгмээ бүрэн гүйцэд ойлгоогүй, юу вэ гэдгийг нь мэдрээгүй, хувийн жаргалаа хөөгөөд явчихсан хүмүүст “Уучлаарай зайгаа тавиад холд” гэмээр байна. Аль нам байх нь сонин биш. Шинэ үе шинэ хандлагаар гарч ирээд “Та нарын шийдвэрийн дор хангалттай цагаа үрлээ. Одоо бид өөрсдөө шийдье” гэх учиртай. Тийм зоригтой үе гарах ёстой.

-Хоёр Ерөнхийлөгч биенээ хулгайчаар нь дуудлаа. Хулгайч нараа толгойдоо залсан нь тогтолцооны гажуудал. Ийм үед эдийн засгийн ямар ч том төсөл явдаггүй юм байна. Тогтолцоог засахын тулд яах ёстой вэ?

-Тогтолцоон дээр зөндөө юм бий. 2012 онд би жиргээндээ 42 хууль жагсаасан. Ийм хуулиудыг өөрчилж байж Монгол Улс тогтолцооны гажгаа жаахан засч ардчилал руугаа явна гэж бичиж байсан. Тэр жагсаалыг дахиад жиргэчихье.

-Өршөөлийн хуулиар мөнгө угаах гэмт хэргийг өршөөчихөөр гэмт хэрэгтнүүд хууль бус орлогоо хууль ёсны болгох эрсдэлтэй биш үү. Ийм заалт Өршөөлийн хуульд орсныг та мэдсэн үү?

-Огт өмчгүй, мөнгө төрд байвал л гэгээлэг гэсэн коммунист үзэлтэй нийгмээс салаад 29 жил болж байна. Нэгэнд маань ч хувийн өмч гэж байгаагүй. Бизнесийн дадал зуршил ховор. Шилжсэн нийгэмд маань мөнгө, хувийн өмч чухал. Тиймээс бүгд мөнгөжих гэж оролдсон. Хөрөнгөтэй бүхэн шударгаар хөлжсөн гэж бодож байна уу. Эхний хөрөнгө, эхний хуримтлал, эхний гэж байгаа бүх мөнгө хаанаас үүссэн бэ. Балчир нийгэмд 100 жилийн түүхтэй санхүүгийн системийг авчраад тавих нь хэнд ашигтай вэ. Ийм асуултуудыг эхлээд тавих ёстой. Мэдээж Америк мөнгө угаах гэсэн нэрийн дор дэлхийн мөнгөний урсгалыг зохицуулах гэж оролдож байгаа. Энэ бол Америкийн л ашиг сонирхол. Манай дөнгөж босч байгаа анхдагч хуримтлалууд хууль ёсны болж чадаагүй байгаа. Америк энэ үеэ 200 жилийн өмнө туулчихсан. 200 жилийн өмнө туулчихаад манайхыг “Та нар тэг” гэж хэлж байгаа юм. Зорилго нь тодорхой шүү дээ. Хоёр хөрш болон Хойд Солонгостой санхүүгийн эргэлтийг хянахад манайх цонх болж байгаа. Улстөрийн зорилго нь энэ. Тийм заалт туссаныг би мэдэж байсан. Зах зээлийнхээ эхний шатанд явж байж тэр зорилгынх нь золиосонд бүх бизнесмэнээ хуулийн байгууллагын хүлээсэнд өгч болохгүй. Бидний анхны хуримтлал тэгээд хэзээ хууль ёсны болох юм бэ, сүүдрийн эдийн засаг нийт эдийн засгийн 60 хувь хэвээр хэдий болтол явах юм гэдэг л манай асуудал. Америкийн шахалтаар мөнгө угаахтай тэмцэх ёстой гээд туг намируулаад явбал Монгол Улс хэзээ ч хоёр хөрштэйгөө эдийн засгийн зөв интеграцид орж чадахгүй. Дотоод хуримтлал байхгүй юм чинь яаж орох вэ дээ. Дотоодод байгаа мөнгөө хууль бус гэж гудсан дороо живүүлчихээд яаж хөгжинө гэж.

-Хуулийн салбарын реформыг дахиад эхлүүлэх зориг танд байна уу?

-Эргэлзэж байна. Одоогоос зургаан жилийн өмнө би явах замынхаа талыг хараад алхаад орчихсон. Одоо бүтэн харахаар зарим газар нь зориг дутаж эхэлж байна. Эрсдэл, үр дагаврыг нь олоод харчихаар түвэгтэй юм байна. Нэг болон бусад Хууль зүйн сайдууд гэж ярих нь зүйд нийцэх байх. Тэд хуулийн салбар дахь муу муухайг өөрчлөх гэж хэзээ ч оролдоогүй. Хөндөхгүй явсан нь сайн, хөндсөн нь муу хүн болж хувираад байна. Дахиад гараа дүрэх хэмжээний зоригтой хүмүүс гарч ирвэл алга ташиж дэмжинэ.

-Хуулийн салбарт тийм зоригтой хүн байгаа юу?

-Харамсалтай нь алга. Сайн гэж байгаа бүх залуус нэг юмнаас айж байна. Тэднээс “Яагаад Хуульчдын холбоог татан буулгаж, хуульчид олгодог лицензийг Хууль зүйн яам авна гээд байхад дуугарахгүй суугаа юм бэ” гэхээр “Дараа нь лицензийг минь оролддог болчихвол яах юм” гэж байна. Ийм юмнаас айж байгаа хүмүүс үүнээс том руу нь орох уу. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа өмгөөлөгч олдохгүй байсан. Тэр үед хуульчийн гэрчилгээ лицензийг ХЗЯ өгдөг байсан юм. Засгийн газартай сөргөөцөлдөж дуугарах хуульч олдоогүй. Одоо бол хуульчдын холбоо гээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд гээд хэнээс нь ч хамааралгүй ассоциаци тэр лицензийг олгож байна. Тийм учраас Ерөнхийлөгч Цэц рүү дурын хүнээ тавих гэхээр хуульчид шүүмжилж чадаж байгаа. Маргааш нөгөөдрөөс чадахаа байна. Тэгэхээр улстөрчдийн муу түншлэлээс ангид боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Тогтолцооны хамгийн том өөрчлөлтийн ид шид нь эрх мэдлийг задлах. Нэг юм уу хэсэг хүний гарт төвлөрүүлж болохгүй. Ухаантай хүн, сайн нам хайгаад хэрэггүй. Төрөөс эрх мэдлийг нь л авах хэрэгтэй. Төрд байх шаардлагагүй эрх мэдлүүдийг мэргэжлийн холбоод хувь хүн, иргэний нийгмийн байгууллагууд руу шилжүүл л дээ. Тэгвэл аюулгүй болно. Бид үүнийг яриад хоёр жил болсон ч хийх хүсэл хэнд ч алга. Учир нь эрх мэдэлд очсон болгон нь буцаагаад эрх мэдлээ татах гэж оролдож байна. Бид Тахарын албыг байгуулж, цагдаагийн шинэтгэл хийгээд процессийн маш олон өөрчлөлт гаргасан чинь манай ах нар гэж яригддаг хүмүүс над дээр ээлж дарааллаад ууртай орж ирсэн. Тэд нэг л агуулгатай үг хэлцгээсэн. “Арай гэж эрх мэдэл дээр ирж байхад яагаад миний эрхээр оролдоод байгаа юм бэ” л гэсэн.

-Өөрөө өндөрлөгт очоод эрх мэдлээсээ татгалзаж чадах хэмжээний лидер өнөөдрийг хүртэл гараагүй. Жишээ нь танд тийм зориг гаргасан үе байна уу?

-Би Хууль зүйн яаман дээр очоод лиценз олгодог эрхийг хуульчдын холбоо руу шилжүүлсэн.

-Шинэтгэлийн төлөө хэн, хэн гэдэг улстөрч тантай зэрэгцээд зүтгэсэн бэ. Замаасаа ухарсан улстөрчдийг нэрлээч?

-Сэтгэлийн хат гэж ойлголт бий. Сорьж байгаа бэрхшээлийг сэтгэлийн хатаараа давж туулдаг. Найз нөхөд урвасан ч давж гарах тийм хүч. Сэтгэлийн хатыг хоёр юм бий болгодог. Нэг нь шинжлэх ухаан. Нөгөө нь итгэл үнэмшил. Надтай цуг шинэтгэл эхэлсэн хүмүүсийг анзаарахаар шинжлэх ухаанд ойрхон байсан нь тууштай зүтгэсэн. Өмнө нь дарга цэрэг, албан тушаал дээр байсан хүмүүс маш хурдан байраа сольсон. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг онцлох учиртай. Хийгээд бай л гэсэн. Ганцхан юман дээр эргэлзэж байгаагаа хэлсэн. Тэр нь Захиргааны ерөнхий хууль. Тэрнээс бусдыг нь явуул гэсэн шүү. Хүмүүс Н.Алтанхуяг дээр бидний хийж байгаа шинэчлэлийг муулж орсон. Ц.Элбэгдорж хүртэл дуудаад дарамталсан. Тэр бүхэнд ажраагүй. Энэ бол маш сайн чанар. Ц.Оюунгэрэл, Лу.Болд хоёр их сайн дэмжсэн. Чуулган дээр хамгийн сайн кнопдсон хоёр. Одоо би Лу.Болдыг огт ойлгохгүй байгаа. Тэр үеэсээ огцом өөрчлөгдсөн. М.Батчимэг, Л.Гантөмөр нэмэгдэнэ. Зарим зүйл дээр зөрөөд тэнэг юм ярьдаг ч гэсэн Д.Ганбат дэмжиж байсан. Байнгын хорооны даргын амбиц байсан уу, зарим зүйл дээр хөндлөнтдөг байсан юм. Гэхдээ их сайн түлхсэн хүмүүсийн нэг.

-МАН-аас дэмжсэн хүн байсан уу?

-Сонирхлын зөрчлийн хууль гарах үед Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар цуг явсан. МАН-аас нэг ч хүн дэмжээгүй. Дан нөгөө талд кноп дарсан. Тэр хүмүүстэй цуг байнга нөгөө талд кноп дардаг хүмүүс бас байсан. Жишээ нь, Ж.Батзандан байна. Эрүүгийн хуулийг эсэргүүцсэн хүмүүс гэвэл Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар. Бүр хэвлэлийн хурал хийж байсан. Хуучин хэллэгээс тэс өөр бичигдчихээр санаанд нь буухгүй байсан хэрэг. Хуульч биш гишүүд нь бүр ойлгохгүй. Сонсч суугаад философийг ойлгосон хэсэг нь дандаа нөгөө талдаа дарна. Шинэ хандлагын философийг хэн ойлгодог гээч. Хоёр төрлийн хүн ойлгож байсан. Нэгдүгээрт, өмнө нь тэр системээс болж хохирсон хүмүүс. Лу.Болд АТГ-т шалгагдаад бөөн юм болж байсан учраас ойлгосон шиг санагддаг. Ц.Оюунгэрэл бол хүний эрхийн мэдрэмжтэй улстөрч. Гадаад, дотоодод сургуульд сурсан хүмүүсийн ялгаа бас гардаг. Арай дажгүй боловсрол эзэмшсэн нь зөвийг олоод харчихдаг. Гурав дахь төрлийн хүмүүс бизнес эрхлэгчид.

-Тэгвэл ямар хүмүүс нь шууд эсэргүүцсэн бэ?

-Хуулийн байгууллагын албан тушаалтнуудтай хэлхээ холбоотой хүмүүс. Зүв зүгээр байж байснаа гэнэт эсэргүүцдэг. Нөгөөдүүл нь ярьдаг шиг байгаа юм. Яав ийв гэхээр “Хэцүү юм шиг сонсогдоод байна” гэх жишээний. Зарим нь “Тэр тэгсэн” гэж шууд хэлнэ. Тэгээд танд тэр нь ямар хамаатай юм гэхээр “Миний найз” гэж байгаа юм. Удаан жил нөхөрлөж түншилснээ сонгодог юм билээ л дээ. Ц.Элбэгдоржийн сонголт ч ялгаагүй тийм байсан. Х.Тэмүүжин, Д.Дорлигжавыг сонгохдоо аль удаан жил түншилж харилцсанаа сонгосон. Тийм нөхөрлөл түншлэлийн харилцааг үзэл санаагаар давж туулах хэцүү юм билээ.

-Шинэчлэх хүсэл зорилготой хэсэг нь тан шиг залхсан, ойлгосон, ядарсан хандлагатай болчихож. Нэг хүн, нэг нам гарч ирээд суурь шинэчлэлийг шууд хийдэггүй юм байна. Гэхдээ хөгжихийн тулд шинэчлэхээс аргагүй. Шинэчлэлийг яаж хийх вэ?

-Хэм хэмжээ, хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Зохион байгуулалтыг нь хийх гэж оролдоод нурсан. Учир нь манайхан ухаажсан байна. Хуулийн салбарын боловсон хүчин маш чухал. Эдийн засгийн салбараас хуулийн салбар яагаад хоцорсныг тайлбарлая. Германчууд посткоммунист улсуудад нэг санал тавьсан байдаг юм. Бодлогын өөрчлөлт хийхийн тулд юуг эхэлж нураах тухай санал байсан. Тэр саналыг амжилттай хийсэн нь германчууд өөрсдөө. Зүүн Европын улсууд 70, 80 гээд янз бүрийн хувьтайгаар хийсэн. Бид 20 хувийг нь л хийсэн. Нураагдаагүй зүйлийн нэг том хэсэг нь хууль. Эдийн засгийн хувьд нураах ёстойг нь сайн нураасан. Иргэний нийгэм, хууль, оюун санааны гэсэн гурван салбар дахь өөрчлөлтийг бид хийгээгүй. Жишээ нь хуурмаг иргэний нийгэм болох Эмэгтэйчүүдийн, Залуучуудын, Оюутны холбоог задлаагүй. Бүтэцтэй, хүний нөөцтэй, санхүүтэй том иргэний нийгмүүдтэй жирийн иргэдийн нэгдлийг өрсөлдүүлэх гэж оролцсон. Шинжлэх ухааныг задалж чадаагүй. ШУА-ийг их сургуулиудтай эрх чөлөөтэй өрсөлдөөнд оруулаагүй. Академич, профессор гээд бюрократизмыг илэрхийлсэн бүх цол нь бүтнээрээ байгаа. Японд доктор хамгаалаад ирсэн залуу Монголд доктор хамгаалсан нөхрийн дор сууж байна. Манай хуулийн салбар яг тийм. Зүүн Европын улсуудад шилжилтийн үеийн Үндсэн хуулиа батлаад, дараа нь гол Үндсэн хуулиа баталсан. Гол үндсэн хуулиа баталсантайгаа холбогдуулаад хуулийнхаа бүх системийг өөрчилсөн. Хуулиудаа өөрчилсөнтэй холбоотойгоор шүүх, прокурор, хуулийн байгууллагуудыг аттестатчилсан. Өмнөх туршлага, мэдлэг шинэ системд падлийгүй, үнэ цэнэгүй гэж үзсэн хэрэг. Манайх тэгээгүй. Ямар ч шинэ боловсон хүчин шүүх дээр очоод тэс өөр дүрэм, оюун санаа, хуулиар ажиллаж эхэлж байгаа юм. Дээд шүүгчийн үгэнд орохгүй бол тэнд хэн ч биш. Их сонин систем.

-Та энэ системийг эвдэх гэж оролдсон уу?

-Оролдсон. Хуульчдын холбоо байгуулаад Шүүгчийн ёс зүйн хороог тэнд хийчихсэн юм. Тэрийгээ ажиллуулах гээд бэлтгэл ажлаа эхэлж байтал шүүгч нар лоббидсон. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ерөнхийлөгч дээр орсон. Тэгж байтал хэсэг гишүүд гэнэт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихсан гээд бод доо. “Яаж байгаа юм” гэж асуутал “Ерөнхийлөгч өргөн барь гэсэн” гэдэг байгаа. Ерөнхийлөгч рүү ортол “Та нар буруу юм хийсэн байна лээ. Дээд шүүхийн шүүгч нар орж ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороог байгуулна” гэж байна. “Шүүхийн дотор байгуулахаар цус нэгдсэн систем болчихоод, цусаа цэвэрлэж чадахгүй байна. Тийм учраас гадна нь байгуулж байгаа юм” гэтэл “Тийм юм байхгүй” л гэсэн. УИХ дээр бөөн маргаан болсны эцэст Шүүхийн ерөнхий зөвлөл дотор Ёс зүйн хороо байгуулагдсан л даа. Тэгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх даргыг Ерөнхийлөгч томилдог болчихлоо. “Яаж байгаа юм бэ. Ерөнхийлөгчид ийм эрх өгөхгүй гэж тохирсон биз дээ” гэхээр “Үгүй” гэчихэж байгаа юм. “Та энэ суудал дээр мөнхрөхгүй. Шүүх улс төрөөс хэт хамааралтай. Ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд бараагүй. Тэгсэн бас нэг сонирхолтой юм болсон. Цэц дээр дахиад гомдол гаргачихлаа. Ёс зүйн хорооны шийдвэр захиргааны давж заалдах хяналтын хорооны шүүхээр хянагдаад эцэслэгддэг байсан юм. Яг арбитрын шийдвэр шиг. Гэтэл Цэц дээр гомдол гаргангуутаа Дээд шүүх дээр эцэслэдэг болгочихсон. “Яагаад вэ, буцаад бүгдийг Дээд шүүх атгачихлаа шүү дээ” гэсэн ч тоогоогүй. Энэ концепцийг нураагаад байгаа нь өнөө л хуучин кадрууд. Тэгээд тэр хүмүүсийг үгүй хийх ямар арга байна вэ гэдэг асуултад хариу хайсан. Ингээд Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хуулийг бичсэн. Иргэний хуулийг бичих гэж оролдож байгаад түр орхисон. Энэ хоёр хууль өөрчлөгдөхөөр шүүгч нарын хуучин мэдлэг үнэ цэнэгүй болно. Тэгэнгүүт аттестатчлал ч юм уу ямар нэгэн зүйлийг хийж болох талаар бодож эхэлсэн. Өөрсдийгөө өргөмжилсөн орчныг нь үгүй хийх гэж оролдсон л доо. Гэтэл нөгөө талд хоорондоо үзэлцдэг Ц.Нямдорж, С.Нарангэрэл багш, дээд шүүхийн шүүгч нар нийлж суугаад шүүмжилсэн. Тэр хандлагыг ялаад гарна гэж бодож байсан. Улс төрийн эр зориг, зохион байгуулалтаа хийсэн учраас явчих байх гэж харсан л даа. Харамсалтай нь чадаагүй.

-Яагаад?

-Яг тэр шинэчлэлийн дундуур Эрдэнэт мэт эдийн засгийн том асуудлууд ороод ирчихсэн. Ц.Элбэгдорж гэх мэт эрх мэдэлтний эрхийг хязгаарлахаар өнөө асуудал дээр орох оролцоог хязгаарлана гэж харсан. Энийг нь зогсоож унагаад, Ч.Сайханбилэг, Д.Дорлигжавыг авчирч тавибал үгээр ажиллана, тэгээд эдийн засгийн асуудлуудаа шийдчихнэ гэж тооцсон хэрэг л дээ. Засаг унасан шалтгааны нэг нь энэ. Тэгэхээр боловсон хүчнийг дороос бэлдэхээс гадна дээр байгаа эрх мэдлүүдтэй кадруудаа бодох ёстой. Тийм бодлоор Дээд шүүгчийн ерөнхий шүүгч улирахгүй гэдэг хуулийн заалтыг зүтгэж байгаад батлуулсан. Бас л үр дүнд хүрээгүй. Түрүүн хэлсэн дээ, Үндсэн хуулийн цэцээр хүчиндүүлээд улирч томилогдсныг.

-Үндсэн хууль руу бүх бурууг чихэж байна л даа. Жишээ нь, эрх мэдлийн хуваарилалт дээр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулбал зүгээр вэ. Та өөрийнхөө моделийг сонирхуулаач?

-Би Үндсэн хуулийн эрх зүйн чигийн мэргэжилтэн. Миний хувилбар бол хүчтэй Ерөнхий сайдтай, парламентын хяналтыг зохистой хэмжээг хүчирхэгжүүлсэн хувилбар Монголд илүү зохино. Парламентын засаглалыг сайжруулах байдлаар хоёр том хөршийнхөө дунд харьцангуй бие даасан байдлаар ардчиллаа авч явж чадна. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжвэл стануудын нэг л болж хувирна. Тийм учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танасхийгээд Ерөнхий сайд руу шилжүүлж парламентаа Засгийн газраа хянах хэмжээнд хүргэх чадамжтай болгох ёстой. Тэгэхийн тулд хэд хэдэн алхам хийх учиртай. Давжаа маягийн парламентаа томруулах хэрэгтэй. Парламентын гүйцэтгэх эрх мэдэлтэй булаацалдаж байгаа эрх мэдлүүдийг Засгийн газарт өгөх ёстой. Санхүү, томилгоотой холбоотой хоёр л эрх мэдэл бий. Ерөнхийлөгчийг Засгийн газартай өрсөлдөхүйц бодлого тодорхойлогч байхыг болиулах шаардлагатай. Тэгж байж харьцангуй тэнцвэртэй зөв эрх мэдэлд хүрнэ.

-Төр бизнес болон хүний эрхэд халдах нь түгээмэл байдаг. Үүнийг яаж хязгаарлах вэ?

-Төрийн байгууллагад өгсөн эрх мэдлийг хэзээ, хаана, хэрхэн хэрэгжүүлэх тухай ямар ч зохицуулалт байхгүй. Үндсэн хуульд гагцхүү хуульд заасан үндэслэлийн дагуу хүний эрхийг хязгаарлана гээд заачихсан. Гэтэл Монголын бүх хуулийг харахаар яаж гэдэг асуултад хариулдаг хуулиуд нь байхгүй. Тэрийг байгууллагын дарга нь чиглэл, заавар, журам гаргах замаар шийдсээр ирсэн. Өөрөөр хэлбэл хуульгүйгээр хүний эрх рүү халдаж байгаа хэрэг. Монголд галт зэвсэг хэрэглэдэг долоон байгууллага бий. Галт зэвсгийг хүний эсрэг хэрэглэнэ. Галт зэвсгийн нөгөө талд хүний амьд явах эрх бий. гэтэл энэ долоон байгууллагын зөвхөн нэг нь л хуультай. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн тухай би түрүүн ярьсан. Бусад улсуудад байгууллага нь ямар байхаас үл хамаарч хүний эрхэд халдаж байгаа бүх үйл явцыг хуулиар зохицуулдаг. Гэтэл манай гаалийн байцаагч хүний биед даргынхаа гаргасан журмаар үзлэг хийдэг. Бусад улсад хуулийн дагуу гүйцэтгэдэг. Хүний эрхтэй холбоотой асуудал учраас. Гэтэл Монгол Улсад захиргааны арга хэмжээг ямар ч хуульгүй хийдэг. Тэрбумын эргэлттэй Оюу толгойг нэг байцаагч очоод зогсоочихож байгаа юм. Тэгэхээр Монгол Улс хуулиар засаглуулдаг улс биш. Нэгдсэн стандарт байхгүй гэсэн үг. Нэгдсэн стандартгүй төр гэдэг бол бүх үзүүрээрээ тоглож болдог зэвсэгтэй төр. Тийм учраас бид хууль сахиулах ажиллагааны хууль гэж баталсан. 2016 онд буцаагаад татчихсан. Одоо тийм хууль байхгүй. Манай шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг, тагнуулын байгууллага, АТГ, цагдаа гэх мэт хүний эрх рүү төрийн хамгийн том хүчирхийллийг үйлддэг байгууллагууд огт хуульгүй ажиллаж байна. Тэрний дэргэд мэргэжлийн хяналт, татварын байгууллагын асуудал жижиг. Нэг нь хүний амь, нөгөө нь эд хөрөнгөтэй холбоотой учраас. Тэгэхээр төрд эрх мэдэл олгохоос илүүтэй төрийг тэр ажлаа яаж хийхийг заахад хуулийн гол зорилго байдаг. Харамсалтай нь бид тэр зорилго руу хуулиа чиглүүлээгүй. Дарга тэгж болно, тэгэх эрхтэй гэсэн агуулгаар л хуулиа бичиж байна.

-М.Энхболдыг хууль гаргаад огцруулчихлаа. Энэ мэтээр кейс бүр дээр хууль гаргаад байх нь хэр зөв жишиг вэ?

-Таны харж байгаа өнцөг минийхээс өөр байна. Яагаад УИХ-ын дарга гэдэг хүн бусад улсад зөвхөн хуралдаан удирддаг спикер байхад манайд том албан тушаалтан болчихов оо. УИХ гэдэг бол 76-уулаа адилхан эрх мэдэлтэй байдаг хүний тухай яриа. Гэтэл тэр парламентын нэг хүн нь дарга болчихоод бусдаасаа эрх мэдлээр илүүрхээд байна. энэ нь зөв үү гэж асуух учиртай. УИХ-ын дарга нь яагаад ҮАБЗ-д ордог вэ, ҮАБЗ-д УИХ-ын дарга нь ордог ямар улс байна гээд харах хэрэгтэй. Дэлхийд парламентдаа зөвлөмж гаргадаг ҮАБЗ-тэй улс байна уу. Харах л ёстой өнцөг. ҮАБЗ-ийг тэс өөр зүйл болгосныг энэ мэтээс харж болно. УИХ-ын дарга мөртлөө парламентын томилгоонуудыг шийдвэрлэгч болоод хувирчихав аа. Парламентын томилгоо гэдэг бол байнгын хорооны эрх мэдэл дээр төвлөрдөг. Тэгэхээр томилгоонд оролцох эрх мэдэл байх ёсгүй. Ингээд харахаар албан тушаал буулаа гэдэг асуудал биш болчихож байгаа биз. Спикерийг солих асуудал албан тушаалтан буулаа гэдэг асуудал биш. Хурал удирдагчийн тухай яриа.

-Нэг хүнд зориулж хууль батлах гэдэг өнцгөөс нь харвал…?

-Спикер нь хэн байх гэдэг бол парламентын асуудал. Яагаад парламентын дотоод асуудлыг Ерөнхийлөгч санаачилж байгаа юм. Ерөнхий сайд яагаад УИХ-ын дарга хэн байхыг шийдэх гэж улайрч дайраад байгаа юм бэ. Парламент үүнийг хянах ёстой инститүци. Гэтэл эрх мэдэл хуваарилах хамгийн суурь зарчим хянагдах субьект нь хянах субьектийнхээ хурлыг удирдах хүнийг шийдэх гээд улайрна гэдэг бол нөгөө эрх мэдлийн тэнцвэр алдагдсаны хамгийн том жишээ. Хамгийн том гажиг. Тэр гажгийг алдаршуулаад алга ташиж суугаа нь том аюул. Энэ УИХ дотор жинхэнэ хууль тогтоогч, парламентч байсан бол ямар ч Засгийн газар, Ерөнхийлөгчийн санаачилж байгаа өөрсдийг нь хэн удирдах тухай асуудлын эсрэг бүгд “Болиорой чи, юу болж байна” гэж зогсох ёстой. Ерөнхий сайдаа дагаад алга ташаад гүйх ёсгүй. Тэгэхээр Монгол Улсад парламент байна уу гэж асуух учиртай. Монгол Улсад парламент байна уу, эсвэл Засгийн газар худалдаад авсан хэдэн хүн байна уу гэсэн асуултыг сөргүүлж тавих ёстой. Харамсалтай нь хэн ч тэгж асуусангүй. Үндсэн хуулийн хамгийн том суурь зарчмыг эвдсэн явдал болсон. Сая хэлсэн зүйлс мундаг судлаачийн мэдэх ёстой асуудал биш. Жирийн дундаж ухаалаг хүний энгийн логик, иргэний боловсролоороо мэдэж байх ёстой асуудал. Манайд тийм хүн даанч алга.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *