Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Ард түмэндээ хайртай болж жүжиглэдэг популист улстөрчдийн гай ямар аюултайг бидэнд харуулж байна

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлчихлээ?

-Дээд шүүх бүрэлдэхүүнээрээ маргааныг шийдэхэд олонхиороо шийдвэрээ гаргадаг. Олонхиороо шийдвэр гаргаж байгаа нөхцөлд өөр саналтай байгаа шүүгч өөрийнхөө саналыг тусгайлан бичиж, ямар үндэслэлээр яагаад энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа, олонхи болсон шийдвэрийн үндэслэлийг яагаад үгүйсгэж байгаагийнхаа учир шалтгааныг тайлбарладаг. Энэ тайлбар нь өөрөө хэвлэгдэж ил болдог. Ардчилсан орнуудын шүүх хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэж харах толь нь шүүхийн шийдвэр болон шүүгчийн тусгай санал ил тод, нээлттэй байдагт оршдог. Ингэж байж шүүгч хараат бусаар, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийг дээдэлж ажиллах орчин бүрддэг. Монгол Улсад хууль зүйн энэ орчин албан ёсоор бүрдээд цөөнгүй жил болж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцээс үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Би Үндсэн хуулийн Цэцэд шүүмжлэлтэй ханддаг. Юунд харамсч байна вэ гэхээр 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааг 1960 оны Үндсэн хуулиас ч өмнөх үеийн шүүхийн үйл ажиллагааг коммунист захиргаадалтын аргаар хэрэгжүүлж, хаалттай, нууц, цөөн дарга, удирдагчийн үгээр явдаг тогтолцоо болгон хувиргахад энэ Цэц их хувь нэмэр оруулж байна.

-Цэц энэ удаад ч буруу шийдвэр гаргачихлаа гэж үү?

-Маш том ухралт, харалган шийдвэр. Уул нь шүүх гэдэг нэг хамт олон, нэг сонирхолтой байгууллага биш. Шүүгчийг багаар бус тус тусад нь хувь хуульчийнх нь хувьд сонгон шалгаруулж томилдог. Шүүгч тус тусдаа лицензтэй хуульчид байдаг. Тийм учраас гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг тус тусдаа хүлээдэг. Түүнээс биш хамт олноороо, дундын хариуцлага хүлээх тухай ойлголт байхгүй. Харамсалтай нь шүүх, шүүгчийн бие даасан хараат бус байдлын тухай ярьж байгаад эсрэгээр нь шүүх бүрэлдэхүүний олонхид удирдагдах, цаашлаад шүүхийн удирдлагад захирагдах шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргачихлаа. Өнөөдрийн нэг шүүгчийн тусгай саналд дурдагдсан үндэслэл, тайлбар маргааш олон шүүгчийн шийдвэрийн үндэслэл тайлбар болж болно гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Цэцийн энэ мэт хааж, нууцлах, ухарч буцах хандлагатай шийдвэрүүд сүүлийн зургаа, долоон жил олон болсоон.

-Цэцийг уг нь Үндсэн хуулийн манаач гээд байдаг?

-Дэлхий нийтэд манайх шиг Үндсэн хуулийн дагнасан шүүхтэй орон, за даа бараг Дээд шүүх нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг улс орнууд ч мөн адил бүгдээрээ л Үндсэн хуулийн хяналт хамгийн ил тод байх ёстой, маргаан мэтгэлцээнийн үйл явц нь олны нүдэн дээр, шийдвэр, тусгай саналууд нь нийтлэгдэж хэвлэгдэх ёстой гэж үздэг. Манай Үндсэн хуулийн Цэц өөрөө хаалттай, нууцлагдмал болох гэж тэмүүлэхийн сацуу Дээд шүүхийг хаалттай болгох гэж оролдож байна.

-Намуудын шинэчлэлийн асуудал сүүлийн үед хүчтэй яригдаад байгаа. Гэтэл энэ асуудал чинь 2006 онд ч яригдаж байсан. Та улс төр рүү анх орохдоо ч улс төрийн намын хуулийг шинэчлэх, өөрчлөх ёстой гэсэн зүйл ярьдаг байсан юм билээ?

-Ер нь бол ганц хууль биш л дээ. Монгол Улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх ёстой. Улс төрийн нам гэдэг нь намын гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийнхөө хатуу гишүүнчлэлд барьцаалагддаг байгууллага байж болохгүй. Намууд бол иргэдэд үйлчлэх, энэ улс оронд хэрэгтэй бодлого боловсруулж гаргах, нийтийн ашиг сонирхлыг хамгийн зохистой аргаар хангахад зорилго нь оршсон тийм институци. Гэтэл манай улс төрийн намууд юу болоод хувирчихсан юм гэхээр социализмын үеийн хатуу гишүүнчлэлтэй намын загварт орчихоод нэгдүгээрт, гишүүдийнхээ төлөө санаа зовдог байгууллага болоод хувирчихсан. Ийм болчихоор яаж гишүүдээ ажилтай болгох уу, тэдэнд яаж нийгмийн халамж, төрийн үйлчилгээг илүү хүртээх үү гэж боддог болчихно. Үр дүн нь төрийн албыг намын харьяаллаар улстөржүүлж, төрийг мөлжиж, төсвийн эх үүсвэрүүдийг танил тал, хамаатан садан, намынхаа гишүүд рүү чирдэг луйврын маягийн бүлэг, хуулиас давсан хэлхээ холбоо болоод хувирчихаж байгаа юм. Энэ тогтолцоог шинэчлэхгүйгээр улс оронд хэрэгтэй нийтийн ашиг сонирхлыг хангаж чадах эрүүл саруул улс төрийн намууд хөгжинө гэж байхгүй л дээ. Бүгд л харж байгаа биз дээ. Сонгууль боллоо, засаг солигдлоо. Тогтвортой ажиллах төрийн албан хаагчид эрсдэлд ороод бүгд айцгаасан. Нам солигдсон учраас намаар дамжиж чадалтай, чадалгүй бөөн хүн орж ирнэ гэдэг болгоомжлол бий болчихсон. Нам солигдлоо, нийгмийн халамж, төрийн үйлчилгээ мөн адилхан аль нам, хэн байх вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөгддөг. Төрийн эх үүсвэрүүд эрх баригч намын дараагийн сонгуульд ялах ялалтын гол зэвсэг болон хувирдаг. Тэгэхээр аль нэг намыг дагахгүйгээр амжилтад хүрч чадахгүй. Ямар нэг намыг санхүүжүүлж, хандив өгч байж бизнес эрхлэгчид эрсдэлгүй, аюулгүй байх жишээтэй. Тонуул дээрэмд суурилсан чөтгөрийн тойрог л гэсэн үг. Ардчилсан намын шинэчлэл гэж ярьж байгаа боловч Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу ялгаагүй энэ нэг чөтгөрийн тойрог үүсгэсэн буруу угшил, буруу арга барилтай улс төрийн намын тогтолцоог өөрчлөх, явуургүй улс төр хийдэг, зарчимгүй байдлыг халах шаардлага байна. Энэ нь мэдээж дөнгөж одоо яригдаж байгаа шинэ зүйл биш.

1996 онд яригдаж л байсан. 2000 оны том ялагдлын дараа ярьж л байсан. Хийж чадаагүй. Одоо 2016 оны ялагдлынхаа дараа бас ярьж л байна. Ингээд яриад байгаад байх уу, үүнийг жаахан зоригтой хийх үү гэдэг л асуудал байгаа.

Тэмүүжин зурган илэрцүүд-Тэгээд энэ намуудыг яаж шинэчлэх вэ?

-Улс төрийн намд 50, 50 хувийн хүчтэй нөлөө байдаг юм. Намын дарга гэдэг бол улс төрийн намын 50 хувь. Зарим шинэчлэлийг хэн нэгэн манлайлж, өөрөө дагуулж үлгэрлэж байж хийдэг. Тиймээс намын дарга шинэчлэлийн уур амьсгалуудыг ойлгох чадвартай. Түүнийгээ ойлгоод зүгээр хоосон ярихаас илүүтэй бодит үйлдлээрээ бусдыг дагуулж манлайлах чадвартай байвал улс төрийн нам дахь шинэчлэлийн уур амьсгал эерэг болно.

Үлдсэн 50 хувь нь тэр намын даргыг дэмжин ажиллаж байгаа намын олон нийт болон тухайн намд үйлчилж байгаа дүрэм журам, үйл ажиллагаандаа эрхэмлэх зарчмуудаас шалтгаална. Тиймээс нэгдүгээрт, намын гишүүнчлэлийг эргэж харах ёстой. Намын гишүүнчлэл гэдэг нь зөвхөн өөрийгөө тойрон хүрээлүүлсэн, өөрийгөө магтан дуулсан хэдхэн хүнээр хэмжигдэхгүй. Бас хэн нэгнийг мөнгөний уурхай гэж хараад алхам бүрээ мөнгөөр үнэлж “Та намын дарга, та минь даргаараа байвал бол оо” хэмээн зулгуйдан, хүний мөнгөөр хувийн амьдралаа шийдэх гэж оролдож байдаг шимэгчдийн бөөгнөрөл болоод хувирчихвал аюултай. Ийм нөхцөлд манлайлагч нь нэг бол “диктатор” нөгөө бол “хулгайч, авлигач” болно. Тэгэхээр ер нь энэ намын хатуу гишүүнчлэл байх уу, үгүй юу. Байлаа гэхэд гишүүд нь намаас хувийн ашиг хүртье гэхээс илүүтэй, итгэл үнэмшил, үзэл санаа, нийгмийн өөрчлөлтийг хүлээж байдаг хүмүүс болж чадах уу үгүй юу гэдэг их чухал.

Хоёрдугаарт, гишүүнчлэлийнхээ асуудлыг ингэж эрүүл саруулаар харж байгаа бол гишүүд болон намын лидер хоёрын хоорондын эргэх холбоо болон дотоод ардчиллынхаа системийг сайжруулах ёстой. Лидерүүд нь тасраад явчихдаг, гишүүд нь гомдоод үлдчихдэг байж болохгүй. Эсвэл гишүүд гэдэг нь лидерүүдээ гол үндсэн зарчим, үнэт зүйлээсээ унах хүртэл нь хулгай, тонуул руу шахаж “Та нар бидэнд мөнгө л өгөх ёстой. Та нар биднийг албан тушаалд аваачих ёстой” гэж шаарддаг мафижсан бүтэц байж болохгүй. Ил тод ажилладаг, дотоод ардчилалтай, зарчим үзэл санаан дээрээ лидер нь ч, гишүүд нь ч уулзаж ярилцаж чаддаг ийм бүтэц болох ёстой. Ийм зөв бүтэц болъё гэх юм бол улс төрийн намууд эрх ашгийн биш бодлогын нам болж хувирах ёстой. Судалгаатай, бодлого боловсруулдаг, улс орны хөгжил ярьдаг ийм бүтэц болж хувирах хэрэгтэй. Ийм бүтэц болъё гэж бодож байгаа бол үүнд хамгийн их халгаатай байгаа одоогийн санхүүжилтийнхээ системийг өөрчлөх хэрэгтэй.

-Улс төрийн намуудын хувьд хамгийн хаалттай сэдэв нь энэ л дээ. Уг нь ил тод байх ёстой?

-Өнөөдрийн бидний намын санхүүжилтийн тухай яриа нь намыг хэн нэгэн олигархи худалдаж авдаг эсвэл төрөөс мөнгө их хулгайлж чадсан нь намаа барьцаалдаг биш, нам, намын гишүүд үзэл санааныхаа төлөө улс төрийн үйл хэрэг явуулах санхүүгийн зөв бололцоотой байх тухай юм. АН ганцаараа, дангаараа үүнийг хийж чадахгүй. Улс төрийн намын тухай хуулиа өөрчилж, намууд бүгд адилхан зохион байгуулалттай, зөв дүрмээр, ил тод санхүүждэг болох ёстой. Тиймээс АН дотор өөрсдөд нь хамаатай үзэгдэл ч байгаа, улс орон, нийт улс төрийн амьдралтай холбоотой үзэгдэл ч байгаа.

-АН-ыг шинэчлэхийн тухайд гишүүд нь өөр өөрийн санаа оноогоо хэлж байна. АН-ыг тараах ёстой гэж байгаа хэсэг байхад энэ намын толгойд байгаа хүмүүсээсээ цэвэрлэгдэж дороос шинэ хүмүүс гаргаж ирэх цаг нь болсон ч гэх юм?

-АН-ын нүүрэн дээр батга адил болчихсон, олон нийтийг энэ намаас жигшиж холдоход хүргэж байгаа тийм зан характертай юм уу, эсвэл тийм үйл явдалтай хүмүүс байгаа бол улстөрийн хариуцлага хүлээгээд арын эгнээ рүү орох ёстой. Намын болоод улс орны шийдвэрт оролцох оролцоогоо багасгах ёстой. Тэр бол аль ч сонгуулийн дараа, сонгогчдоос муу дүн авсан бол хоорондоо ярилцдаг, нам дотроо хариуцлага тооцдог, том дүр зургаараа дотоод ардчилалтай байна уу, үгүй юу гэдгээ харуулдаг л алхам. Тэрийг үгүйсгэж болохгүй. Харин АН тарах ёстой, хуваагдал задрал нь эцэстээ хүрээд хэд хэдэн нам болж салах ёстой гэж бодох хүмүүс байгаа бол аливаа зүйлийг эвдлэх хялбар, эвлүүлэх хэцүү гэдгийг мартаж болохгүй. Өдий хэмжээнд эвлэж нэгдэж, цуглаж ирсэн АН-ын түүх өөрөө 26 жилийн зовлон, жаргал. 26 жилийн үйл хэрэг. Үүнийг хоёр, гуравхан өдрийн дотор үгүй хийнэ гэдэг их л харалган яриа. Хагалж бутаргах яриаг босоо суугаа завсарт, хурдан түүхий шийдэхгүй байх аа.

Харин энэ намыг муухай харагдуулж, гишүүдийг нь хагаралдуулж, ардчиллын үнэт зүйлээс нь салгахын сацуу намын нэрээр авсан эрх мэдлээ хувийн ашиг сонирхол, атгаг өширхсөн бодолдоо ашиглаж, сонгуулиар амласан амлалтаа улдаж үгүй хийсэн хүмүүсийг жаахан хол бай гэж хэлэхэд гэмгүй.

Тэмүүжин зурган илэрцүүд-АН, МАН бол манай улс төрийн хамгийн том хоёр хүчин. Хоорондоо үзэл бодлын болоод бусад зүйлсээрээ ч ангид, ялгаатай. Гэтэл сүүлийн жилүүдэд хэт сүлбэлдэж өнөө ялгаатай зүйл нь алга болчихлоо гэж шүүмжилдэг?

-Үүнд хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, АН өөрийн мөн чанар болсон иргэдийнхээ төлөө, жирийн хүмүүсийн төлөө дуугардаг, хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал, иргэний хувийн бизнес, хувийн өмч, аж ахуй эрхлэх таатай орчин, хөгжил дэвшил, өөрчлөлт, шинэчлэлт гэх мэтчилэн яриануудынхаа эзэн нь байж чадахгүй байгаа. Нөгөө талаас МАН мөн чанараар тийм байж чадахгүй атлаа энэ зүйлүүдээр маш сайн хэлбэрдэж, жүжиглэж чадаж байгаа нь энэ хоёр нам ялгаагүй мэт харагдахад хүргэж байгаа юм. Гэхдээ мөн чанараараа өөр л дөө. Гудамжинд ч байсан, эрх мэдэлтэй ч байсан хүний эрх, шударга ёсны тухай дуугарч чаддаг хүмүүс АН-д байдаг. Олонд таалагдахын тулд гоё ярьчихаад бодит амьдрал дээр эсрэг хийдэг хүмүүс бол МАН-ын нийтлэг төрх ш дээ.

Хоёрдугаарт, нам дамнасан эдийн засаг, санхүү, хуулийн бүлэглэл бий. Аль нь засаг авч байгаагаас үл шалтгаалаад өөрсдийнхөө бизнес санхүүгийн системийг, өөрсдийнхөө эрх мэдэлтэй байх боломжийг сонгууль дамнуулан авч үлдэж чаддаг тийм бүлэглэл байгаа. Тэр бүлэглэлээс болоод зарим талаараа аль нь ч ялсан бодит байдал дээр ялгаагүй гэж ойлгогдоход хүрээд байгаа.

-Монголд хүчтэй лидер хэрэгтэй. Хүчтэй удирдагч болж чадахаар хүн энэ хоёр намд алга гэх юм. АН-д лидер байхгүй гэж үү?

-МАН-д ямар байгааг би мэдэхгүй. Өөр намын тухай тэр дундаа өөр намын лидерүүдийн тухай яриад юу хийх вэ. Тодорхой, таагүй бөгөөд буруу бодлого, үйлдэл байгаа бол тэрийг шүүмжилж ярьж болно. Манай намын хувьд лидерүүд байгаа байгаа. Хангалттай байгаа. Улс төрийн намын хувьд хөгжлийн бодлого гаргаж ирэх, сонгогчдыг төлөөлөх, улс оронд хэрэгтэй үйл хэрэг, зарчмыг тогтоох гээд намын шинж чанар байхаас гадна нам бол өөрсдийн лидерүүдийг бойжуулж гаргаж ирдэг нийгмийн институци. Энэ чиг үүргээ АН яаж биелүүлж байна вэ гэдэг дээр асуудал байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН гайгүй гэсэн бүх лидерээ өөрсдөө балбаж унагаасан. Юун лидер бойжуулж, улстөрчийн инкубатор болох. Яг эсрэгээрээ төрөөс хулгайлсан мөнгөө хэвлэлд тарааж байгаад намынхаа лидерүүдийг кампаничилж балбадаг муу жишиг, муухай арга барилтай нэг, хоёр улстөрч байв шүү дээ. АН-ыг лидергүй юм шиг болтол балбалаа. Тэрнийхээ горыг сонгуулиар амслаа. Тэгэхээр лидер байхгүй биш зохиол бичиж байгаад лидерүүдээ хэвлэлээр харлуулж гүтгэдэг “киночин”, тамын тогооны үлгэр шиг намдаа хандсанаас ийм ойлголт, дүр зураг олон нийтэд үүсээд “АН-д олигтой хүн байна уу, үгүй юу” гэж асуухад хүрсэн.

-Сонгууль дөхөөд ирсэн чинь Монголын улс төрд байгаа хүмүүсийн дунд оффшор дансгүй хүн гэж байхгүй мэт л болчихсон. Бүгдийг нь л тэгж хардсан. Магадгүй таныг ч тэгж ярьсан байж мэднэ?

-Надад оффшор байхгүй л дээ (инээв). Оффшор гэж юу вэ, юу нь зөв, юу нь буруу вэ гэж эрүүл саруулаар ярилцаагүй. Гурван жилийн өмнөөс энэ сэдэв гарч ирээд бужигнасан. Тэгэхэд хэлж л байсан, худлаа оффшор гэж хэвлэлийн сэдэв үүсгэн сүржигнэж нэг нэгийгээ мөнгө төлөн балбаж байхынхаа оронд үнэхээр л улс төрийн авлигыг хязгаарлая гэж байгаа бол оффшор бүсэд улстөрчид, төрийн албан хаагчид данстай байх нөхцөлийг хаасан хуулийг санаачлаад өргөн барьчих аа. Тэгээд асуудлаа шийдчих. Тэгэхгүй, зүгээр л өрсөлдөгчөө намнах сэдэв болгож хэрүүлийн алим дэлгэх нь хэнд ашигтай гэж. Үнэнийг хэлэхэд оффшор гэдэг энэ сэдвийг зөвхөн С.Баярцогтыг намнах хэрэгсэл болгосны гороор сүүлдээ энэ оффшор гэж яг юу юм, сайн муу нь юугаар хэмжигдэх юм, оффшор данстай улстөрч, төрийн өндөр албан тушаалтнууд нь хэн хэн байгаа юм гэдгийг бодитойгоор, эрүүл саруулаар харахгүй болтлоо нийгмийг өвчлүүлсэн. Энэ өвчлөлийн горыг АН үүрээд гарсан. МАН оффшорчдоо нүүрийг нь сайхан угаагаад бүгд эрх мэдэл, албан тушаалтай үлдчихлээ. Асуудлыг ул суурьтай шийдье гэж харахаас илүүтэй энэ сэдвээр би өрсөлдөгчөө намнаж болох юм байна, тэрийг хэн ч биш болгож болох юм байна, өс хонзонгоо авч болно гэж хардаг хүмүүсийн хар гайгаар нийгмийн асуудал хоосон хийрхэл болж хувирсан даа.

Тэмүүжин зурган илэрцүүд-Эрүүгийн хуулийг өнгөрсөн 26 жилийн хугацаанд хийсэн маш том шинэчлэлүүдийн нэг байсан гэж тодотгодог. Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан хуулиудыг хойшлуулсан нь шуугиан дэгдээсэн. Таны гар бие оролцон байж батлуулсан хуулиуд бараг бүгд хойшилчихсон?

-Зорилго нь их тодорхой л доо. Улс төрийн зорилготой. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл өрсөлдөгчдөө олонхи болсон дээрээ, эрх мэдэлтэй байгаа дээрээ хууль хүчний байгууллагуудаар дамжуулж намная, улс төрд хууль хүчний байгууллагыг ашиглая, өширхлөө жаахан ч гэсэн тайлчихъя, дургүй хүргэвэл хэн дуртайдаа хуулийн үзүүр үзүүлж чадна шүү гэдгээ харуулчихъя гэж хугацаа хожиж, хойшлуулж байгаа юм. Одоо байгаа хуулийн орчинд л ингэж чадна. Шинэ Эрүүгийн хууль тогтоомж үйлчилж эхлэхэд чадахгүй. “Гахайнууд шавхайгаа л хүсдэг” гэж үг байдаг биз дээ. Зорилго нь ердөө тэр.

-Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн бол хүний амь аврах гэж байсан эмч найман жилийн ял сонсох байсан, Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бол энэ нийгэм бүхэлдээ балрах байсан гэх мэтээр тайлбарлацгааж

багатайгаар өрсөлдөнө гэж байхад нарийн цариг, танк орж ирнэ гэж байгаад болиулаад, нөгөө гаднаас зээлсэн бондын мөнгөөр барих гэж оролдоод, барьсан зүйлгүй нүүрсний зах зээлд Монголын эзлэх боломжийг Австрали, Орос хоёрт тавиад туучихсан. “Чалко”-гийн гэрээг хэл ам таталж өөрчлөөд 70 ам.доллар байсныг 27 ам.доллар болгоод дампууруулчихсан нөхөр бол өнөөх л эх орончдын нэг байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн Ардын нам, Ардчилсан намдаа биш байна. Хий хоосон популизм хийдэг, эдийн засаг мэдэхгүй, улс орны эдийн засагтай холбоотой хөгжлийн бодлогыг зөв харж чадахгүй байж ард түмэндээ хайртай хүн болох гэж жүжиг тавьдаг хүмүүсийн гай ямар аюултай байдгийг бидэнд харуулж байгаа юм. Энэ бүгд Ардын намаас боллоо, Ардчилсан намаас боллоо гэдэг хэрүүл ерөөсөө биш.Эдийн засгийн алуурчин болсон популист улстөрчдөөсөө салж чадах юм уу, үгүй юм уу гэдэгтээ л байгаа.

Эдийн засгийн хүндрэлээ шийдье гэж байгаа юм бол татвар нэмье гэхээсээ өмнө эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлдэг, гаднаас валют оруулж ирдэг үйлдвэрлэлүүдээ л явуул. Нөгөө том төслүүдээ түлх. Эдийн засагчдаа, асуудлыг судалгаа тооцоотой харж байгаа мэргэжилтнүүдээ сонсдоггүй, чих нь дүлий, нүд нь харалган цээжээ дэлдсэн, худал эх оронч царайлсан улстөрчдийн гай дуусаагүй байна. АН-д ч байна, МАН-д ч байна. Бас гурав дахь хүчнүүдэд ч байна. Мэдэмхийрэгчдийг бага сонсч, мэргэжилтнүүдээ их сонсдог болчих юм бол жаахан өөрчлөлт гарна.

-УИХ-д олон сонгогдсон улстөрчид парламентад зайлшгүй хувь эзэлж байх ёстой. Аливаа орны парламентад ахмад туршлагатай улстөрчид болоод дунд үе, залуу үе нь тодорхой хувь хэмжээгээр багтсан байх нь зүйтэй байдаг гэх яриа бий?

-Парламентад тийм байх ёстой гэдэг дүрэм байхгүй. Сонгогчид хэнийг сонгоно, тэр л парламентыг бүрдүүлнэ. Парламент гэдэг чинь ардчилсан тогтолцооны, тэр дундаа төлөөллийн ардчиллын гол элемент учраас сонгогчдын саналаар хэмжигдэхээс биш хэн нэгэн ухаантны тийм хүмүүс төдөн хувь байдаг юм гэдэг зааварчилгаа байхгүй. Мэргэшсэн парламент гэдэг ойлголт бол парламентын гишүүдээрээ биш хууль боловсруулж баталдаг процесс хэр ухаалаг, нарийвчлан зохицуулагдсан, дээр нь тэдэнд тусалдаг мэргэжилтнүүд нь хэр чадварлаг болоод тогтвортой ажилладаг вэ гэдгээр хэмжигддэг. Дан парламентын гишүүдэд найдаж улс орны хөгжлийг харна гэдэг бол бүх боломжийнхоо 50 хувийг алдаж байна гэсэн үг. Парламентад галзуу солиотой хүн ч сонгогдоод ороод ирж болно. Галзуу солиотой хүн сонгогдоод ороод ирэхэд тэр галзуурал нь хууль болж гардаггүй хууль хэлэлцдэг журамтай л байх ёстой. Бас ямар ч популист үсрээд ороод ирж болно. Тэр популистын үг, үсэг улс орныг самраад байхааргүй судалгаа тооцоотой хууль боловсруулагддаг дүрэмтэй л байх ёстой. Энийг л хийж чадах юм бол парламентын мэргэшсэн байдал, үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл хангагдана шүү дээ. Манайд тэр нь сул байгаа. Үүнийг шийдэхийн тулд арга ядаад бид Зүүн Европын туршлагыг харж байгаад Хуулийн тухай хуулийг боловсруулж батлуулсан. Бас үйлчлэхийг нь хойшлуулаад бужигнаж л байгаа. Тэр хуулиар шөнө нь зүүдэлчихээд өглөө нь тэр зүүдээ хууль болгох гэж оролдож болохгүй, судалгаа үндэслэлтэй байх ёстой, эдийн засгийн тооцоог нь гарга, хэрэгжилтийн үнэлгээнүүдийг нь тооц, хуулиа ингэж боловсруул, ингэж хий, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг болон мэргэжилтнүүд судлаачдын санаа бодлыг ингэж ав гэхчилэн шаардлага болон процессыг нь нарийн хуульчилсан.

Тэмүүжин зурган илэрцүүд-Одоогийн Засгийн газрыг Мэргэжлийн Засгийн газар гээд байгаа шүү дээ?

-Үгүй байх аа. Хүмүүс гадуур өөр л юм яриад байх шиг байна билээ (инээв). Мэргэжлийн Засгийн газар гэхээр ямар хүн байхаар мэргэжлийнх болдгийг ярилцах ёстой байх аа. Анх Мэргэжлийн Засгийн газар гэдэг үгийг гаргаж ирээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад тийм засагтай болчих мэт ам бардам ярьж бичсэн хүмүүс байсансан. Тэдний үгээр ч болсонгүй. Дараагийн Засгийн газар нь юун мэргэжлийн Засгийн газар болох сайд болж үзээгүй хүмүүс нь сайд болъё, манай фракцийн тэр тэр сайд болох ёстой, зарим нэг хүний амин найз нь эрх мэдэлд очих учиртай гэхчлэн нэг нэгнээ шантаажилсан сайн дурын уран сайханчдын бөөгнөрөл төдий юм болж хувирсан. Сая сонгуулийн дараа МАН-ынхан бас Мэргэжлийн Засгийн газар гэдэг үгийг их дурдсан. Бодит байдал дээрээ намдаа хэн их мөнгө төлсөн, хандив өгөв гэдгээр санхүүжүүлэгчдийнхээ Засгийн газрыг байгуулчихлаа. Мэргэжлийн Засгийн газар гэдэг энэ үг хэлсэн хийсэн нь хэрхэн зөрдөг вэ гэдгийг харуулсан, зарим талаар хийх алхмаа нуухад зориулагдсан халхавч үг төдий боллоо. Ер нь дэлхий нийтээр Мэргэжлийн Засгийн газар гэх сүртэй энэ үгийг хэрэглээд байдаггүй. Засгийн газар мэргэжлийн гэхээсээ илүүтэй бодлогын байх ёстой. Харин яам агентлагууд нь мэргэжлийн байх ёстой л гэдэг.

-Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтын асуудал ч анхаарал татдаг?

-Эрх мэдлийн хуваарилалт, заагийн асуудал манайд их эмзэг сэдэв. Дээр байгаа гурван хүний хувийн хэрүүл болчих гээд байдаг юм. 2004 онд Хамтарсан Засгийн газар анх байгуулагдахад кабинетын зарчмаар ажилладаг Засгийн газраа эвдчихсэн. Тэрнээс болоод Ерөнхий сайд нь өөрийн кабинетаа байгуулж, ажиллах тухай биш УИХ дахь фракц, бүлгүүд Засгийн газарт төлөөллөө суулгадаг болгоод хувиргачихсан. Энэ үнэхээр хорон. Үндсэн хуульд заасан Засгийн газрын кабинетын тогтолцоо одоо байхгүй. Харин Засгийн газрын яамд, сайдуудыг УИХ дахь бүлэг, фракцууд болоод Ерөнхийлөгч хувааж авдаг систем тогтсон. Энэ бүхнийг бодитой харах ёстой. УИХ, Ерөнхийлөгч сайн дураараа гүйцэтгэх эрх мэдлийн ажлыг булааж авч хийдгээ одоо болих хэрэгтэй. Тэгэхгүйгээр Монгол Улсын Засгийн газар ажлаа хийж чадахгүй. Өнөөдөр ч МАН үндсэндээ утсан хүүхэлдэй хэлбэрийн Засгийн газартай байна. Энэ бол Монгол Улсад л хортой. Бас нэг асуудал нь УИХ нь хууль тогтоох ажлаа л хий. Тогтоосон хууль тогтоомжоо үр дүнтэй хянах чадвараа дээшлүүл. Битгий Засгийн газрын, гүйцэтгэх эрх мэдлийн ажилд хутгалдаж ороод бай гэх асуудал. Өнгөрсөн хэдэн жилд энэ хутгалдах ажлыг манай нам маш сайн өөгшүүлсэн, МАН түүнийг нь маш сайн уламжилж байна. Намын дарга нь УИХ-ын дарга байх юм бол Засгийн газар зүгээр л хүүхэлдэй. УИХ-ын даргын албан тушаалаар Засгийн газрыг юу ч биш болгож болдгийг манай нам хангалттай харуулсан. Ерөнхий сайд нь эдийн засгийнхаа хөгжлийг хараад Таван толгойг урагшлуулна гэхэд нь УИХ-ын дарга нь намын даргын давхар сүрээр “Чи хэн ч биш шүү” гээд тас цохиод л улс орныг ийм хэмжээнд авчирчихаж байгаа юм. Энэ муу туршлага цааш үргэлжилсээр байвал аюул. Дээр нь Засгийн газраас гадна байгаа шүүх, прокурор, АТГ-ыг нэг гарт төвлөрүүлснээс гадна цэргийн Ерөнхий командлагч гэдэг ойлголтыг өргөсгөж мөрдэс зүүсэн хүн бүрийн командлагч аятай гажуудуулж Засгийн газар дотор байгаа хууль, хүчний бүх байгууллагыг Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тойрогт оруулснаар гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэдэн талаас булаацалдахад хүргэсэн. Энэ нь сүүлдээ хэн хэнийг юугаар айлгаж чадах вэ гэдэг рүүгээ очсон.

-Монгол Улсын иргэдийн хувьд татвар гэж юу байдгийг мартчихсан байсан. Гадны улс орнууд 20, 30 хувийн татвартай. Эдийн засгийн хямралаас гарахад татвар л хамгийн зөв шийдэл гэдгийг энэ Засгийн газар мэдэгдсэн?

-Хамгийн аюултай, буруу яриа л даа. Монгол шиг бизнес нь жижигхэн, дэлхий рүү гарч өрсөлдөх чадваргүй, тэгээд хүн бүхэн баялаг бүтээх, өөрсдөө мөнгө олох гэхээс илүүтэйгээр төрийн төсөв дээр хувалз адил шимж амьдарна гэж боддог социалист арга, хандлагаасаа салаагүй ийм нөхцөлд яаж илүү олон бизнесийг бий болгож, яаж ажлын байрыг нэмэгдүүлж, аль болох олон хүнийг төрөөс хамааралгүй орлоготой болгох вэ гэж бодох ёстой шүү дээ. Татвар өндөрсөх тусам Монголын уул уурхайгаас олж байгаа орлого оффшор бүс рүү нүүнэ. Татвар өндөрсөх тутам ажлын байр хумигдаж, авлигын орлого нэмэгдэнэ. Энэ чинь урвуу хамааралтай. Магадгүй намынхаа сонгуулийн тэрбум, тэрбум төгрөгийг босгохын тулд төрийн албан тушаалыг таваар болгож, албан тушаал болгоныг үнэлж зарим гишүүдээсээ мөнгө авчихаад албан тушаалд очсон хүн болгоноо наад албан тушаалаа ашиглаад намдаа өгсөн мөнгөө олоорой гэх шахуу схем бодож олсон хүмүүсийн хувьд татвар нэмэхгүйгээр эрх мэдлийг ашигтай болгож чадахгүй байгаа байх. Түүнээс өөр хүмүүсийн хувьд энэ бол маш харалган, буруу шийдэл.

-Нийгмийн баян хэсгээс татвар аваад ядуу хэсгээ анхаарна. Нийгэм тэгш байх ёстой. Ядуусаа баячууд нь чирч явах учиртай болохоор татвар авах замаар тэгш байдлыг бий болгоно гэж ярих юм?

-Социализм яг л ингэж эхэлдэг. Эцэстээ авьяастай, хөдөлмөрч, хуримтлалтай хүмүүсээ үзэн ядаад дуусдаг. Уул нь шударга татвар, компаниудын нийгмийн хариуцлагын чөлөөт тогтолцоо баялаг бүтээгчид нь галт тэргээр бол толгой нь болж нийгмээ хөгжил дэвшил рүү чирэх боломжийг олгодог. Толгойгоо тонож дээрэмдэх, тэрийгээ шударга гэж зарлах байдлаар урагшлахгүй ээ. Үүнийхээ ялгааг ойлгох ёстой. Монгол Улсад баян хүн гэж хэн байгаа юм бэ. Цөөн тооны, уул уурхайг түшиглэсэн эсхүл томоохон банкуудыг эзэмшсэн хэсэг хүмүүс их баян харагдаж байгаа байх. 150 метр квадрат талбайтай орон сууц гэдэг чинь манай дундаж ангийн амьдрах гэж зорьж байгаа мөрөөдөл нь шүү дээ. 150 метр квадрат байна уу, 100 метр квадрат байна уу байранд амьдарч байгаа төрд ажилладаггүй иргэд чинь ипотекийн зээлд хамрагдахгүй, банкны өндөр хүүтэй арилжааны зээлээр мөнгөө хүүлүүлээд амьдарч байгаа. Зарим нэг нь байраа банкинд барьцаанд тавьчихаад бизнесийн зээл аваад хэдэн хүнийг ажилтай, цалинтай болгоод төрд татвараа төлөөд өөртөө алдаг оног ашиг хийгээд явж байгаа. Миний эргэн тойронд байгаа жижиг сажиг бизнес хийдэг хүмүүсийг харахаар амьдарч байгаа байшин, унаж байгаа машин нь банкны барьцаанд л байх. Татварыг нь нэмнэ гэхээр тэр хүмүүс бизнес, машин, байраа банкинд алдаад л дуусна. Банк нь яахав, тэр хүмүүсийн юмыг хурааж аваад тэрнээсээ олсон ашгаа шийдвэр гаргаж өгсөн улстөрчдөд хувь болгож өгөөд л дуусна. Ер нь Монголд өөдтэй, өнгөтэй бүх бизнесийг банкууд худалдаж авч байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл хамгийн ашигтай бизнес нь мөнгө хүүлэх болчихсон, нөгөө талдаа бизнес хийх гэж оролдсон хүн бүхэн банкны өндөр хүүнд ашгаа өгөөд сүүлдээ бизнесээ алдаад дампуурч байна. Энэ эрүүл тогтолцоо биш.

Би боддог юм заримдаа. Монголд байгаа банкууд монгол нэртэй байгаа болохоос биш банк мэддэггүй, мөнгөтэй, гадны эздийн Монголд мөнгө хүүлдэг систем болоод хувирчихлаа даа гэж. Тэгээд бага хүүтэй, урт хугацаатай мөнгө Монголд орж ирэхийг бүгдээрээ жадлан эсэргүүцээд хариуд нь богино хугацаатай, өндөр хүүтэй мөнгөөрөө Монголын бизнес, иргэдийг боомилон унагана. “Эрдэнэт”-ийг байна уу, Багануурыг байна уу, Улаанбаатар хотод байгаа хамгийн ашигтай газар, бизнесийн боломжийг хэн худалдаж авч байна. Банк л худалдаж авч байна. Тэнд бизнесээ хийх гэж оролдож байсан хүмүүс бүх юмаа алдаад дундаж ангиасаа ядуу анги руу шилжиж унаж байна. Ийм нөхцөлд баячуудын татварыг нэмнэ гэдэг гоё популист үгтэйгээр дундаж ангиа сүйрүүлэх бодлого хэрэгжүүлж болохгүй.

Энэ бодлого нөгөө талдаа том байртай төрийн алба хаагчдын нэхдэг авлигын дүнг л өсгөнө.

-Урьд нь хэн нэгэн дарга өөрийн гэр бүлийн хэн нэгнийг дэргэдээ авахаас зайлсхийдэг байсан бол одоо эсрэгээр болжээ. Улс төр дэх ураг садны холбоо ил цагаан болж байна?

-Үүн дээр хоёр зүйлийг ялгаж зааглах ёстой юм болов уу гэж хардаг. Хувь хүнийхээ хувьд чадвартай, боловсролтой хүмүүс хэн нэгний хүүхэд, хамаатан байгаагийнхаа төлөө өөрийнхөө авьяас, хүч боломжоор үнэлэгдэхгүй ялгаварлагдаж гадуурхагдах харамсалтай л даа. Гэхдээ ямар ч чадвар, боловсрол, туршлагагүй нэгэн зөвхөн аав ээж, ах дүү, хамаатан садан нь эрх мэдэлтэй, албан тушаалтан байгаагийн хувьд лифтээр гарч ажил, албан тушаалд очих нь шударга биш. Тэгэхээр асуудлыг бодитойгоор харах ёстой. Бодитоор хараад хэн нь хэн бэ, үнэхээр энэ салбарт ямар ч түүхгүй, туршлагагүй, хийх гэж байгаа ажлынхаа түвшинд хүрэх боловсролгүй мөртлөө зөвхөн тэрний тэр, энэний энэ гэж очиж байгаа бол боль оо гэхээс өөр аргагүй. Энэ бол авлигын нэг хэлбэр. Хахууль авах нь дан ганц авлигыг илэрхийлдэггүй. Танил тал, хамаатан саднаараа нийгмийн боломжийг хүртэх гэдэг бол непотизм гээд авлигын бас нэг хэлбэр. Ийм авлигыг өөгшүүлж болохгүй байх аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *