Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа.
-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарлаа. Энэ дүгнэлтээс улбаалж Рио Тинтотой хийх хэлэлцээ цаашид хэрхэн өрнөх бол?
-Монгол Улсын Засгийн газар анх 2009 онд Рио Тинто компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Ийнхүү гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар 34 хувийнхаа санхүүжилтийг хөрөнгө оруулагч талаас зээлээр, үлдсэн 66 хувийг Туркойз Хилл, Рио Тинто компаниуд эзэмшихээр байгуулсан. Улмаар 2013 онд анхны эл уурхай ашиглалтад орсон. 2015 онд Дубайн гэрээ гэж олон нийтэд нэрлэгддэг Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлагдсан. Гүний уурхайн төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Хөрөнгө оруулагч талууд төлөвлөгөөндөө гүний уурхайн бүтээн байгуулалтыг 5.3 тэрбум ам.доллараар таван жилийн дотор буюу 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орохоор тусгасан байсан. Гэвч далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орох хугацаанаасаа 2 2 сараар хойшилсон . Зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Үүнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байхдаа Оюу толгойн ТУЗ-д далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт болон хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээч томилох саналыг гаргасан. Рио Тинто компани талаас энэ саналыг нэлээн хугацаанд хүлээн авахаас цааргалж, татгалзаж байсан. Ингээд 2021 оны арваннэгдүгээр сард Оюу толгойн хувьцаа эзэмшигчид, ТУЗ-д удаа дараа шаардлага тавьсны эцэст ТУЗ-өөс хөндлөнгийн хараат бус шинжээчдийг томилох шийдвэр гарсан. 2021 оны гуравдугаар сард хөндлөнгийн шинжээчид томилогдож ажилдаа орсон. Хөндлөнгийн шинжээчид энэ сарын 9-ний өдөр албан ёсоор дүгнэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн гүний уурхайн зардлын хэтрэлт болон хугацаа хойшилсон явдал нь Оюу толгойн гүний уурхайн уг техникийн нөхцөл буюу геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. Хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто “Монгол Улсын Засгийн газарт дээрх зардлын хэтрэлт болон хугацаа хойшилсон асуудлыг гүний уурхайн геотехникийн хүндрэлээс шалтгаалж ийм нөхцөл байдал үүслээ” гэсэн тайлбарыг удаа дараа хийж байсан. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн энэ тайлбар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр няцаагдаж байна. Хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнд уул уурхай гүний уурхайн салбарт 20-40 гаруй жил ажиллаж мэргэшсэн, Англи, АНУ, Австралийн гүний уурхайн салбарын найман шинжээч ажилласан. Мөн урьдчилсан дүгнэлттэй Оюу толгой, Рио Тинтод гүний уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хөндлөнгийн шинжээчид “Энэхүү хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг давхар гаргачихаад байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд зардлын хэтрэлтийн талаар хөндлөнгийн АУДИТ оруулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан. Тэгэхээр бид цаашид хөндлөнгийн аудит оруулах ёстой гэж үзэж байгаа.
–Ер нь Оюу толгойн хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой, Рио Тинтотой холбоотой Монгол Улсын Засгийн газар болон жижиг хувьцаа эзэмшигчдээс гаргасан ямар маргаанууд байна вэ?
-Нэгдүгээрт, Оюу толгой Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн Арбитрийн шүүхэд татварын асуудлаар нэхэмжлэх гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2018, 2019 онд тавьсан татварын акт нь үндэслэлгүй юм. Нэг их наяд 24 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан нь Монгол Улсын Татварын тухай хуулиуд, хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан. Улмаар Монгол Улсын Засгийн газар уг нэхэмжлэлийн хариу тайлбарыг өгч, араас нь сөрөг нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ Оюу толгой биш, Рио Тинто өөрөө сөрөг нэхэмжлэгчийн хариуцагчаар оролцох ёстой, мөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахдаа хууль зөрчиж байгуулагдсан. Хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан. Та бүхэн санаж байвал С.Ганбаатар гишүүнийг Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байхад сөрөг нэхэмжлэл гаргасан гэдгээ хэлж байсан. Энэ сард Английн Арбитр сөрөг нэхэмжлэлийг авч хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Арбитрт маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаа тодорхой үе шаттай байдаг. Ингэхдээ эхлээд Рио Тинтог хариуцагчаар татах эсэх асуудлыг шийднэ. Үүнээс цааш маргаанууд үргэлжилнэ. Ойролцоогоор 2023 он хүртэл Арбитрт маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэхээр урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж АНУ-ын King & Spalding гэдэг компани Арбитрт маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах үүргийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд миний ахалж байгаа ажлын хэсгийн үйл ажиллагаа чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын гэрээг засан сайжруулах, Оюу толгойн олборлолтын ашиг орлогыг ашигтай байдлаар шийдэх хэлэлцээрийг хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд хэлэлцээр үргэлжилж байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд дөрөвдүгээр сард Рио Тинтогийн хэлэлцээр хийх хүмүүс Монгол Улсад ирж ажиллаад буцсан. Хэлэлцээрийн уулзалтын явцад УИХ-ын нэр бүхий гишүүд хөрөнгө оруулалтын гэрээний учир дутагдалтай талаар асуулт асууж, тайлбар шаардсан. Рио Тинтогийн талаас “Энэ асуудалд бид газар дээр нь хариулах боломжгүй байна. Хоёрдугаарт, ковидын нөхцөл байдал эрсдэлтэй байна. Бид уулзалтаа түр завсарлаж, Монгол Улсад наймдугаар сард ирж хэлэлцээрийг үргэлжлүүлье” гэсэн зүйлийг хэлсэн. Графикийн дагуу энэ сарын 15-нд хэлэлцээрийг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хүмүүс Монгол Улсад ирэх мэдээтэй байна. Гуравдугаарт, АНУ, Английн үнэт цаасны хороодод жижиг хувьцаа эзэмшигчид гомдол гаргасан. Жижиг хувьцаа эзэмшигчид дээр дурдсан улсуудын үнэт цаасны хууль тогтоомжийг зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийг Рио Тинто хохироосон гэсэн агуулгатай гомдлыг гаргаж, энэ асуудалд дээр дурдсан хоёр улсын хууль хяналтын байгууллага хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд явж байна. Товчхондоо Оюу толгойтой холбоотой ийм маргаан, хэлэлцээрийн зүйл өрнөж байна.
–Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх бол?
-Цаашид бид хөндлөнгийн шинжээчдийн саяны гаргасан дүгнэлттэй холбогдуулж хөндлөнгийн аудит оруулъя гэдэг саналаа Оюу толгойн ТУЗ-д тавина. Оюу толгойн ТУЗ үүнийг нааштай хүлээж авна гэж итгэж, найдаж байна. Хөндлөнгийн адуит гарсны дараа зардалтай холбоотой дэлгэрэнгүй задаргаа, хэтрэлтүүд гарч ирнэ. Бидний урьдчилан таамаглаж байгаагаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт нэг талаас менежмэнтийн, нөгөө талаас худалдан авалтын алдаа гарсан гэсэн ойлголт байна. Энэ нь ч хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд дурдагдсан. Тэгэхээр зардал хэтэрсэн, алдаатай зарцуулсан, менежмэнтийн алдаа гаргасан гэдэг асуудал аудитын дүгнэлтээр дахин тогтоогдсоны дараа бид учирсан хохирлоо менежмэнтийн багаас нэхэмжлэх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, бараг хоёр жилээр хойшилсон нь олж болох бидний боломжит ашиг, Монгол Улсын Засгийн газарт ногдох ногдол татварын орлогын асуудлыг нэхэмжлэх, хэтэрсэн зардлыг менежмэнтийн багаар нөхөн төлүүлэх гэх мэтийн маргаан цаашид үргэлжилнэ. Мөн нөгөө талдаа давхар хэлэлцээр үргэлжлэх ёстой. Маш олон бодлогын баримт бичиг гэрээ хэлэлцээрүүдийг бид харилцан ашигтай буюу win win гэдэг зарчмаар үргэлжилнэ. Одоо Монгол Улсын Засгийн газар Оюу толгойгоос гүний уурхайн олборлолт хийх шийдвэрээ гарга гэж шахаж, шаардаж байна. Нэгдүгээрт, хугацаа хойшилчихоод байна. Үүнийг нөхөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, бүх хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх хэрэгтэй байна. Гуравдугаарт, түүхий эд, зэсийн өнөөгийн үнэ өндөр байгаа энэ боломжийг аль аль нь ашиглах ёстой.
–Рио Тинтогийн талаас манайд ямар шаардлага тавьж байна?
-Биднийг ТЭЗҮ-ээ тодотгож баталж өг, гүний уурхайн бүтээн байгуулалтын бүх үнийн дүнг зөвшөөр гэсэн агуулгатай шаардлага тавьж байгаа. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарчихаад байхад ТЭЗҮ-ээ дахиж тодотгох нь эргээд Дубай хоёр, гурав гэдэг алдаа гарна гэдгийг би Рио Тинтод албан ёсоор хэлсэн. Рио Тинтогийн талд хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар өг. Хоёрдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлэх шийдвэрээ гарга гэсэн. Хэлэлцээр явж байх үед бүтээн байгуулалт олборлолтын үйл ажиллагаа зогсох ёсгүй. Учир нь энд бидний болоод бусад хөрөнгө оруулагчдын өмч явж байгаа. Үүнийг үнэ цэнэгүйдүүлэх, олох боломжит ашгийг бууруулах, хугацааг нь хойшлуулах ёсгүй гэсэн байр суурьтай байна.
–Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн ажлын явц хэр байна?
-Авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Дөрөв дэх хурлаа хийгээд явж байна. Монгол Улсын авлигын индексийг та бүхэн мэдэж байгаа байх. 2020 оны “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагын гаргасан дүгнэлтээр 180 орноос 111 дүгээр байрт байна. Энэ дүгнэлтийг 13 хөндлөнгийн индикаторууд гаргаж улс орнуудын авлигын индексийг тодорхойлдог л доо. Авлигын индексээр манайхыг хойш татаж байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийн асуудал. Хоёрдугаарт, төрөөс субьектив шийдвэр гаргагчдын тоо хэтэрхий олон. Өөрөөр хэлбэл, эрх, зөвшөөрөл олгох шийдвэрийг тухайн даргаас хамааралтай, даргын өөрийн үзэмжээр гаргадаг. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал туйлын муу. Авлигад нэрвэгдсэн тодорхой салбаруудад иргэдийн өгөх үнэлэмж өнөөдрийг хүртэл сайжрахгүй байгаа гэдэг ийм зүйлүүдэд дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа. Зарим хүмүүс манай ажлын хэсгийг “Авлигатай тэмцэх газрын ажлыг хийх гэж байна” гэсэн андуу ташаа бодолтой байгаа. Зарим нь “1937 онд байгуулагдсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн онцгой бүрэн эрхт комисс шиг хэлмэгдүүлэлт хийх гэж байна” хэмээн авлигачид өөрсдөө бичээд байна. Бид авлигын индекс, мөнгө угаах асуудалд онцгой анхаарч сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд нэлээн эрчимтэй ажиллаж байна. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг би ахалдаг. Өнгөрсөн жил ФАТФ буюу мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагад бид тайлангаа хамгаалж саарал жагсаалтаас гарсан. 2022 онд мөнгө угаах үндэсний зөвлөл тайлангаа ФАТФ-т хүргүүлнэ. 2023 онд хамгаална. Хэрвээ хамгаалж чадахгүй бол дахиад хар, саарал жагсаалтад орно. Энэ жагсаалтад орвол Монгол Улсын эдийн засаг царцана, гадны хөрөнгө оруулалт зогсоно. Гадаад мөнгөн гүйлгээ хүндэрнэ. Валютын нөөц шавхагдана гээд эрсдэлтэй олон зүйлүүд байна. Улаанбаатар хотын өнөөдрийн гудамжийг л харъя л даа. Сүүлийн үеийн G class уначихсан хүмүүс энд тэндгүй л явж байна. Жилд 80 гаруй порши зарагдаж байна гэж байгаа шүү дээ. Мөн шинэ Яармаг хороолол ямар мөнгөөр боссон юм бэ. Гадны мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагууд хэлээд “Бид танай улсын мөнгөний бүх орц, гарцыг мэдэж байна. Өнөөдөр танайх энэ байдлаа засаач ээ. Бүх гүйлгээнүүдээ бүртгэлтэй болгооч ээ. Уул уурхайн салбарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг нинжа гэдэг бүхэл бүтэн армитай байна. Ломбард байна. Алт мөнгөний хайлуулдаг, тушаадаг цэгүүд байна. Үнэт эдлэлийн бүртгэлгүй худалдаанууд явагдаж байна. Үүнээс гадна виртуал мөнгөн харилцаагаа зохицуулж чадахгүй байна” гэдэг. Үүнийг бид засах гээд явж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийг өргөн барьсан. Виртуал хөрөнгийн харилцааг зохицуулах хуулийг өргөн барьсан. Одоо энэ хуулиудаа батлуулж, хаврын чуулганаар ашгийн төлөө бус, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулийн төсөл өргөн барьж байж энэ байгууллагад Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж чадаж байгаа гэдгээ нотолж чадна. Нөгөө талд бид авлига, түүнийхээ индексийг бууруулж байж мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд илүү нэгдэж орно гэсэн агуулгаар ажиллаж байна.
–Авлигатай тэмцэх комисс байгуулагдсан. Энэ комиссын ажил юунаас эхлэх вэ?
-Авлига албан тушаал, хүнд суртлын асуудлыг бууруулах чиглэлээр манай ажлын хэсгийн ажиллаж байгаа гурван үндсэн зорилго бий. Нэгдүгээрт, хууль тогтоомжийг яаж шинэчлэх юм бэ. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын эрх зүйн байдлыг хуулиар зохицуулж компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай дагалдуулж ийм хууль өргөн барихаар манай яаманд бичигдэж байна. Араас нь залгаад улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг зохицуулсан хуулийн төсөл бэлтгэхээр үзэл баримтлалын төсөл дээр нь ажиллаж байна. Дээр нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр цахимын дөрвөн хууль өргөн барьсан. Хэлэлцэх эсэхээ шийдчихсэн. Н.Учрал гишүүн ахалж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйл ажиллагааг хамгийн боломжит түвшинд хүргэж цахим руу шилжүүлье гэж зорьж байна. Төрийн шийдвэр гаргалтыг хиймэл оюун ухаан шийдье. Жишээ нь, нэг тусгай зөвшөөрөл авахын тулд заавал хэд хэдэн дарга тойрч өчнөөн юм болдог. Одоо бол шууд онлайнаар компанийн гэрчилгээ гаргаж байгаа. Гадны хөрөнгө оруулалттай компани байгуулах гэж хичнээн мянган ам.доллар төлдөг гэх яриа байсан. Одоо улсын бүртгэлийн вэб сайтад нэвтрээд хүсэлтүүдээ скайнердаж оруулаад минутын дотор компанийнхаа нэрийг ч онлайнаар авна.Компанийн гэрчилгээгээ ч онлайнаар авна. Гэрчилгээ заавал цаасаар байх ёсгүй. QR кодтой, улсын бүртгэлд баталгаажчихсан бол тухайн компани онлайнаар татвараа төлчихнө, тайлангаа хүргүүлнэ. Цахимын дэвшлийг авлигыг бууруулахад ашиглая гэсэн чиглэлээр ажиллаж байгаа. Ер нь олон хуулиудыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай хэд яамны залуучуудын нурууг нь автал ажиллуулж байна. Цаашид Хууль зүй, дотоод хэргийн яам авлигыг бууруулах чиглэлээр хийх хамгийн гол ажил бол хууль тогтоомжуудыг шинэчлэх. Томоохон хуулиудыг шинэчлэхээс гадна жижиг өөрчлөлтүүд ч хэрэгтэй. Сая газрын албаныхныг цуглуулж уулзахад тогтолцооны асуудал иргэдэд газар олголтыг хүндрүүлж байна гэх зүйлийг ярьж байна. Газрын төлбөр авах нь Сангийн яам, газрын гэрчилгээний дугаар авах нь Хууль зүйн яам, газар олголтыг газрын алба, хянан баталгаажуулах нь Байгаль орчны яам гэх мэт ийм олон шат дамжлага байгаа учраас чирэгдэл учраад байна. Чирэгдэл байх тусам тэнд авлигын асуудал илүү их явдаг. Сая хэд хэдэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хүнд суртал үүсээд байгаа газар олгох процессыг хялбаршуулъя гэсэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Араас нь залгаад газрыг олгохдоо цахимаар олгочихъё. Тухайн сум, дүүргийн ИТХ, аймаг нийслэлийн ИТХ дараа жилийнхээ газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг цахимд оруулна. Газар авахыг хүссэн хүн шууд цахим руу тухайн орон нутгийнхаа нэрийг оруулаад хүсэлтээ цахимаар бөглөөд өгчихнө. Дугуй засвар, ресторон зэрэг бизнес хийх газруудыг мөн тусгасан. Газрын дуудлага худалдаа өдөр бүр явж байгаа. Хүний хамааралгүйгээр асуудлыг түргэн шуурхай, хурдан шийдье гэсэн зорилгоор хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байгаа юм. Хоёрдугаарт, төрийн байгууллагууд руу ажлын байрны зураг авалтыг хийхээр наймдугаар сарын 20-доос эхэлж байна. Тухайн хүний хийж гүйцэтгэж байгаа ажлын ачаалал хөнгөн байна уу, их байна уу гэдгийг зураг авалтаараа үзэх юм. Хэдхэн мянган татвар төлөгчтэй хэрнээ 192 мянган төрийн албан хаагчтай. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байна. Зарим нь ажлын байран дээрээ бялуурч байна. Энэ бүхнийг эргэж харъя. 2012 онд төрийн албан хаагч 100 мянга байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед энэ орон тоог нэмсэн. Хуучин намайг орон нутагт ажиллаж байхад нэг хүний хариуцдаг ажлыг одоо дөрвөн хүн хийж байгаа. Иргэдийн хурал гадагшаа чиглэж иргэдэд үйлчилгээ төдийлөн үзүүлдэггүй. Ажлын байрны зураг авалт дотроо субьектив шийдвэр гаргадаг бүх албан тушаалтнуудын шийдвэрийг цахимжуулах талаар судалгааны ажлууд хийгдэж байна. Дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Хандлагаа өөрчилье. Төрийн алба үйлчилгээ үзүүлэх ёстой байгууллага. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хууль тогтоомжоор цомхотгож, төр ямар бизнес хийх ёстойг тодорхой болгоно. Өнөөдөр төр оёдол ч оёж байна, уул уурхай ч хийж байна, бохир ч соруулж байна.
Р.ХИШИГЖАРГАЛ