Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Наранжаргал: Сэтгүүлчидтэй холбоотой хэргийг шүүхдээ олон улсын хэмжээнд нийцсэн шийдвэр гаргасан эсэхийг задлан шинжлэнэ

Өдрийн сониныАсуух эрхийн танхимд “Глоб интернэшнл” төв, Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх талаар хэвлэлийн хурал хийлээ.

Глоб интернэшнл төвөөс жил болгон бэлтгэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний тайлангаар 2017 оны тавдугаар сараас хойших нэг жилийн хугацаанд нийт 140 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах 182 удаагийн сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол бүртгэгджээ.

2006 оноос хойш тооцвол Монголын сэтгүүлчдийн эрхэд халдсан 701 удаагийн тохиолдыг бүртгэсэн ба 2009 оноос хойш энэ тоо тогтмол нэмэгдсээр байгаа нь сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсаар буйн илрэл болж байна.

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд энэхүү судалгааг хийж байгаа юм байна.

Энэ талаар Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргалаас тодрууллаа.

-Судалгаан дээр үндэслээд хууль эрхзүйн таатай орчин бүрдэх боломж хэр байгаа вэ?

Эрхзүйн таатай орчин бүрдүүлэхийн тулд энэ судалгааг хийж байгаа гэж ойлгож болно. Манай байгууллагын 2005 оноос хойш хийж байсан сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийн мониторингоос чанарын хувьд том ялгаатай. Хуучин сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг шүүх дээр хэдэн хэрэг шийдвэрлэгдсэн болох талаар мэдээлэл гаргадаг байсан. Харин одоо энэ хэргийг шүүгчид яаж шийдвэрлэсэн байна вэ? Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан дотоодын хууль тогтоомжийг яаж ашигласан байна, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын 19 дүгээр зүйлийг ашигласан байна уу, олон улсын хэм хэмжээнд нийцсэн шийдвэр гаргасан байна уу гэдэг дээр нарийвчилсан задлан шинжилгээ хийх гэж байгаагаараа онцлог судалгаа болно.

Яагаад гэвэл манай Үндсэн хуулиар Монгол Улс нь нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцийг дотоодынхоо хууль адил мөрдөж ашиглана. Энэ хооронд хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдаад 20 жил өнгөрсөн ч гэсэн сэтгүүлчдэд мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний саад бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд тухайн сэтгүүлчийн аюлгүй байдалд халдсан, амь насанд нь заналхийлсэн, багаж хэрэгслийг нь эвдэлдэг тохиолдол цөөнгүй. Үүнийг чанарын түвшинд нарийвчилж гарган ирж дүн шинжилгээ хийлгэх гэж байгаагаараа чухал ач холбогдолтой.

Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтарч, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана.НҮБ-ын сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гэж байдаг. Тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монголд юу шаардлагатай байгаа вэ?Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл юу хийх шаардлагатай байгаа юм гэдгийг анхаарах хэрэгтэй.

Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр таван сэтгүүлч толгойндоо хүнд гэмтэл авсан. Тэгэхэд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сэтгүүлч өөрийгөө яаж хамгаалах вэ гэдэг дүрэм журам байхгүй байсан.

Түүнчлэн эмэгтэй сэтгүүлчдэд тохиолдож байгаа онцгой бэрхшээлүүд байдаг. Үүнийг бодит амьдрал дээр ямар байна вэ гэдгийг илрүүлж гаргаж ирнэ гэлээ.

Сэтгүүлчдийг нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон гэх зүйл заалтаар шүүдэг. Сэтгүүлч өөрөө хууль зөрчөөд байна уу, эсвэл тухайн сэтгүүлчийн эсрэг гомдол гаргагч энэ зүйл заалтыг ашиглаж худлаа гүтгэж байна уу гэдэг асуултад Монголын хуульдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан хариулахдаа “Сэтгүүлчид хүний эрхийн талаарх мэдлэг дутмагаас болоод гутаан доромжлох категори руу гулгаж ороод байх шиг байна. Энэ тал дээр сэтгүүлчдийг сургах, мэдээлэл өгөх тал дээр анхаарч ажиллах бодолтой байна” гэв.

Яагаад сэтгүүлчдийн аюулгүй байдал чухал вэ?

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдаагүй, тэд хамгаалагдаагүй бол олон нийтэд мэдээлэл хүргэх, мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.
  • Аллага, хүчирхийлэл үйлдэгчид шийтгэл хүлээгээгүй бол сэтгүүлчөөрийгөө цензурдэж, тодорхой сэдвийг сурвалжлах нь хэтэрхий аюултай гэж итгэхэд хүрнэ.
  • Сэтгүүлчид олны өмнө ил байдаг. Сэтгүүлчид халдлагад өртсөнийг, ялангуяа буруутан нь ял шийтгэлгүй үлдэж буйг нийгмийн гишүүд харж айдаст автана. Учир нь бид үгээ хэлбэл аюулгүй байж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Аюулгүй гэх мэдрэмж үгүй болно гэсэн үг.

Сэтгүүлч хүн бол ард түмний дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гүүр нь байдаг билээ. Тиймээс сэтгүүлч ажил үүргээ биелүүлж явахад бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санааны дарамтанд орох ёсгүй.

GSP+гэж юу вэ?

GSP+ гэдэг нь хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GENERALIZED Scheme of Preferences (GSP) нь Европын холбооноос санаачилсан нэг төрлийн худалдааны хэлэлцээр юм. Энэ системийн хүрээнд хөгжиж буй орнууд Европын зах зээлд бараа, түүхий эдээ экспортлохдоо тарифаа тэглүүлэх эсвэл тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх эрх үүсдэг. Хөнгөлөлтийн ерөнхий систем нь эмзэг эдийн засагтай орнуудад ядуурлыг бууруулах, засаглалыг сайжруулах, тогтвортой хөгжлийн үйл явцыг дэмжихэд зориулсан Европын холбооны хөтөлбөр юм. Харин GSP+ буюу Generalized Scheme of Preferences Plus-ийн тухайд GSP хөтөлбөрт аль хэдийнээ хамрагдсан хөгжиж буй орнуудад нэмэлт урамшуулал олгодог тусгай хэсэг гэж ойлгож болно. Энэ нь GSP хөтөлбөрийг бодвол илүү өргөн хүрээний зах зээлийг хамрах бөгөөд хөтөлбөрт хамрагдсан орнууд нь 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татваргүйгээр экспортлох боломж олгодгоороо давуу талтай байна.

Европын холбооны санхүүжилттэй “GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих төсөл нь Армени, Болив, Дабо, Верде, Киргиз, Парагвай, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Монгол Улсад хэрэгжиж байгаа аж. GSP+ буюу Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд нэгдэн орсон дээрх орнууд нь хүний эрхийн суурь конвенцуудаа даган биелүүлж байх, тухайн орнуудын иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдлэг мэдээллээр хангах замаар хүчтэй нөлөөлөгч, өөрчлөгч хүчин байлгахад оршино.

Мөн энэ төсөл нь хүний эрхийн шинэ ойлголтыг илүү эерэг, бүтээлч байдлаар олон талын оролцогч талуудад танилцуулах боломжийг нээх юм.

Энэ хүрээнд хүний эрхийн суурь 27 конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Глоб интернэшнл төв нь1974 онд Монгол Улсын соёрхон баталсан иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтэд түлхүү анхаарч ажиллаж байгаа юм. Энэ ч утгаараа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн Монгол Улсын үүргийн хүрээнд НҮБ, ЮНЕСКО-гоос сэтгүүлчдийн аюулүй байдал, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад чиглэсэн хэд хэдэн удаагийн зөвлөмж ирүүлжээ.

Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжүүд:

НҮБ-ийн хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж:

Эрх мэдэлтнүүдийн зүгээс хэвлэл мэдээлэл, тэр дундаа интернэтэд суурилсан хэвлэл мэдээлэлд хуулиар өргөн хүрээнд хязгаарлалт тавьж буй, мөн нууцлалтай холбоотой зүйл заалтыг хэт өргөн хүрээнд тайлбарлаж байгаагаас мэдээлэл авах эрх хязгаарлагдаж байгаад Хороо санаа зовниж байна. Мөн хорооны зүгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сүрдүүлсэн, тэдэнд халдсан явдлуудадэмзэглэж байна.

Нэр хүнд гутаан доромжлох нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах шалтгаан болохгүй бөгөөд Иргэний болон Эрүүгийн хуулийн нэр төрд халдах, гүтгэлэг доромжлолтой холбоотой зүйл заалтууд нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилох ёсгүй. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудыг аливаа сүрдүүлэг, заналхийлэл, халдлагаас хамгаалах, эдгээр төрлийн халдлагыг нэн даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулж байх нь зүйтэй гэж зөвлөжээ. Манай Улс нь 2017 оны нийт зургаа дахь удаагийн тайлангаар 23 зөвлөмж хүлээн авсан юм.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *