Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Намсрай: Эрдэмтэн, жүжигчин хоёрыг ялгаатай хүлээж авдаг нь зөвхөн Монголынх биш, бүх ертөнцийн зүй тогтол

Шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Чингис хааны одонт академич
Х.Намсрайтай хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. Түрүүчийг нь http://admin.dnn.mn/%D1%85-%D0%BD%D0%B0%D0%BC%D1%81%D1%8… линк дээр дарж уншина уу.

-Бид
улстөржимтгий учир түүн дээр нь тоглолт хийх үзэгдэл их байна. Ерөнхийдөө манай
орон улс төрөөр л амьсгалж байна?

-Энэ байна шүү
дээ, хүний үйл ажиллагаатай холбоотой. Хүн нэг юманд шамдаад махраад машинаа
бүтээх нь бүтээгээд ширээгээ хийх нь хийгээд хүн болгон өөрийн гэсэн ажилтай,
өөрийн гэсэн ажлын шуналтай байхад төр засаг ямар байна вэ, хэн нь сайд байна,
хэн нь ерөнхийлөгч байна, хэн нь депутат болж байна гэдэг чинь тэр хүнд нэг их
ач холбогдолгүй. Одоо бол бид яаж байна вэ гэхээр тодорхой ажил төрөл, цаг
нөхцөөх зүйлгүй болохоор бүгдээрээ цуглаад ярьдаг. Их завтай улсууд гэсэн үг
(инээв).

Лабораторидоо
ирээд нэг юм шагайгаад суудаг, тэр нь болохгүй бол тэндээ хонодог хүнд юун улс
төр, тархинд нь улс төр энэ тэр бага тусна. Ажил төрөлгүй, ерөнхийдөө манай
залуучууд сул маягтай байна шүү дээ. Манай залууст ажилдаа шамдаад улайраад
хийх гоё нөхцөл боломж байхгүй учраас ерөнхийдөө улстөржиж байна. Нам, олон
нийтийн байгууллага байгуулаад явбал би мөнгөжөөд байх юм байна гэсэн хандлага
суваг гарч ирж байгаа юм. Мэрийгээд машин бүтээхийнхээ оронд иймэрхүү маягаар
явбал нэлээд хөрөнгөжөөд амьдрал дээшлэх нь байна шүү гэсэн ашиг давамгайлж
байна. Цагаан захтнууд, цагаан цамцтанууд гэдэг ойлголт чинь эндээс л гарч
ирдэг. Нөгөө талаас бид яасан бэ гэхээр, монгол хүний амьжиргаа уужуу тайван.
Их баялагтай, малтай орон чинь юманд үхтлээ зүтгэж юмыг бүтээх юман дээр бага
хөдөлнө. Арлын орон болох Сингапур, Японыг хар л даа. Тэнд юу байна. Чулуу, ус
л байгаа биз дээ. Алт, мөнгө байна уу, байхгүй. Нүүрс байна уу, байхгүй. Бүх
юмыг оюуны чадлаараа зүтгэж байж, магнайгаараа зүтгэж байж юм бүтээж байгаа
байхгүй юу. Манайд бол юм бүхэн байгаа юм чинь. Тийм учраас тэгтлээ зүтгэх ач
холбогдол бага гэсэн үг. Ерөнхийдөө ингээд л амьдраад болоод байна. Өнөөдөр
манайх хоолгүй байна. Дүүгийндээ очоод л хоол идчихнэ гээд больчихдог. Тэр
барууны орон, Герман мерманд тэгж хоол идэх боломж байхгүй. Тооцоотой. Би хоол
идлээ. Энэ 20 еврогоо өглөө шүү гэж хэлнэ.

-Чингис
хаантай уулздаг гэх мэт содон хүмүүс гарч ирж байгаа нь юутай холбоотой юм?

-(Инээв).
Хөгжлийн үеийн шидтэнгүүд биш. Ямар ч шидтэн тийм юм байх ёсгүй. Физикийн
хөдөлгөөнгүй хууль ёсоор тийм юм байхгүй. Хэрвээ тийм ид шидтэй ертөнц байсан
бол бид яах гэж зүтгэж, юуны төлөө хичээгээд байгаа юм. Хүний уураг тархины
онцлог бий л дээ. Тааварлаад юмны голыг олдог. Сэтгэлгээний хувьд янз бүрийн
яриагаар хүнийг татдаг онцлог бий. Жишээ нь, Орост Аркадий Райкин гэж мундаг
еврей хүн байсан. Гоё цэцэн ярина. Түүний яриаг сонсох гэж хүмүүс заалыг
дүүргэнэ. Үг бүрийг нь сонсоод алга ташиж, шуугилдаж инээлдэнэ. Хүнийг яриагаар
татдаг, лекц энэ тэр чинь нэг талын авьяас шүү дээ. Дуржигнатал ярина. Юу ч
харахгүйгээр өөрийнхөө бүх юмыг яриад, тэр нь хүмүүст таалагддаг. Энэ чинь
авьяасын илрэл. Тэр буруу, худлаа юм чинь хөгжлөөс хоцрогдоод арчигдаад алга
болно.

-Монголчууд
урлаг, спорт, оюуны спорт, шинжлэх ухаан, технологи гээд бүхий л салбарт олон
улсын тавцанд гарч ирж гайхуулж байна?

-Монгол хүн хэдэн
жилийн өмнө үүссэн бол гэдэг зүйл холбогддог. Бусад орны хүмүүс ойд явж байхад
малаа хариулаад явж байсан. Хүний ген ингээд л нэмэгддэг. израилчууд яагаад тоо
физиктээ гайхамшигтай юм, яаж их баяжаад байдаг овсгоо самбаатай байдаг юм
гэхээр хөгжлийн нэг уг сурвалж нь холоос эхтэй зүй тогтолтой байх нь бий.
Монголчуудын ерөнхий уураг тархины хөгжил, бүтэц нь цаанаасаа удамшиж, олон
мянган жилийн түүхтэй учраас тодорхой хэмжээгээр саяхан бүрэлдэж тогтносон
үндэстний дэргэд бол олон мянган жилийн туршлага, уураг тархины нейронууд тоо
нь ихэсч томорсон байдаг. Тийм учраас манай энэ гайхамшигтай дуучин, шатарчин
авьяастай хүмүүс гараад байна гэдэг ерөнхийдөө монгол хүний хөгжил Төв Азидаа
олон жил үргэлжилж хөгжсөн юм байна, потенциалын их нөөцтэй юм байна гэдгийг
илэрхийлж байгаа юм. Тэр нөөцөө ашиглалгүй нэг хэсэг явсан байна шүү дээ. Өдөр
тутмын амьдралд хонь мал хариулаад л дал, ная наслаад л бурхан болно. Өөр юм
сэтгэж санах юм байхгүй. Гэтэл одоо техникжсэн нийгэмд ороод номыг нь үзээд
яваад ирэхээр потенциал байсан уураг тархины нейронууд чинь хөдөлгөөнд ороод,
хөгжил нь тэлээд бусад орныхонтой өрсөлдөх чадвартай болж эхэлсэн. Бусад оронд
хөгжим, дуугаар шалгараад гараад ирнэ гэдэг чинь уг потенциал нь байжээ гэсэн
үг. Гайхамшигтай тэр дуурийн дуучныг хар л даа. Нүднээс нулимс гармаар. Манай
уртын дууны өв уламжлал тархинд нь байсан болохоор тэр нь тэлэгдээд хэрэгтэй
цагтаа гарч ирж байгаа юм. Ийм юм байдаг. Хөгжил гэдэг цоо шинээр арван жилийн
дотор бий болоод гараад ирж байгаа юм биш. Уг сурвалж нь цаанаа байсан байгаа
юм.

-Монголыг
дэлхийн энергийн төв гэж ярьдаг. Хамарын хийд, Төвхөний хийд зэрэг газрыг
энергитэй гэдэг. Энэ нь үнэн юм уу. Үүнийг физикийн шинжлэх ухааны талаас нь
тайлбарлавал?

-Байгальд дөрвөн
хүч байгаа юм. Хүндийн, цахилгаан соронзон, сул харилцан үйлчлэлийн, хүчтэй
харилцан үйлчлэлийн хүч гэсэн орчлонг бүтээсэн дөрвөн хүч бий. Магадгүй хүний
оюун тархитай холбоотой, бидний бүртгэж авч чадаагүй тийм хүч байж болзошгүй
гэж физикчид үзэж байгаа. Тав дахь хүч ч юм уу, зургаа дахь хүч гэж. Нэг ийм
гоё юм байдаг юм. Хоёрдугаарт, бид гурван хэмжээст огторгуйд амьдарч байна шүү
дээ, харахад өндөр, нам, өргөн гээд. Аягүй бол энэ хэмжээс нь тав ч байдаг юм уу,
зургаа ч байдаг юм уу. Сонин бүтэцтэй. Тэрэнд бидний сэтгэлгээ, бид хүрч
чадахгүй. Тэгсэн мөртлөө өөр маягийн оюун ухаантай байдаг ч юм уу. Бидний
ярьдгаар бурхад байдаг орон ч юм уу. Бурхад таван хэмжээст оронд байдаг учраас
тэрийг бид харж мэдэрч чадахгүй. Хүч хүрэхгүй. Тиймэрхүү фантас маягийн юмнууд
физикт байдаг юм л даа.

Энергийн төв
гэдэг чинь хүний сэтгэлгээ байхгүй юу. Би өөрөө энергийн төвтэй газарт очлоо
гэхэд миний уураг тархи тэрэнд бэлдчихсэн байдаг. Очоод л мөргөж залбирахаар
нээрээ ч нүд нээгдээд сайхан болоод ирэх шиг. Тэрийг бид юутай холбох вэ гэхээр
дотоод сэтгэлээ хичнээн их бэлтгэлтэй, хэр их ухуулгатай тэнд очно вэ. Үнэхээр
тэр сэтгэлийг чинь дагаад бие чинь хөнгөрч, сэтгэл чинь сайхан болоод хүрээд
ирнэ. Тэнд үнэхээр тийм энерги байхгүй ч гэсэн уураг тархины сэтгэлгээгээр
очсон учраас энергийн төвд очоод ирж байгаа юм шиг нөхцөл байдал дотоод
ертөнцөд чинь бий болдог. Энэ газар шороонд нэг сонин юм байгаа юм, эндээс би
эрч хүч авч гоё болох ёстой, их сайхан болно гэдэг сэтгэлгээ нь тэр хүнд
сэтгэлийн дэм болно. Түүнээс биш нэг энерги урсаад, биднийг ивээгээд байгаа юм
байхгүй. Тийм юмыг одоогоор физикийн шинжлэх ухаанд нээгээгүй байгаа.

-Математик,
физикийн салбарыг хүмүүс уйтгартай, хүнд гэж хүлээж авдаг. Гэтэл та энэ салбарт
дөч гаруй жил ажиллаж яваа эрдэмтэн?

-Би энэ салбарт
45 дахь жилдээ ажиллаж байна. Дур сонирхол гэдэг юм нэгдүгээрт, Стив Жобс аав
ээжийнхээ гараашид компьютер гэдэг нэг юм оролдоод л хийгээд байсан тэр дур
сонирхол нь гайхамшигтай юманд хүргэсэн. Хэрвээ дуртай юмаа бариад түүндээ
бүхий л цаг заваа зориулбал өөр юм тэр хүнд ямар ч ач холбогдолгүй. Өөр юм руу
хошуу дүрэх цаг хугацаа ч байхгүй, сонирхол ч үгүй. Хажуу талд юу болж байгаа
нь падгүй, дуртай юмаа л хийнэ. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ нэг л юманд дур сонирхолтой
болгох хэрэгтэй. Хүүхэд шатар тоглодог бол шатраа л тоглоод бай. Гарри Каспаров
шиг. Дуу дуулдаг бол тэрийгээ оролд. Компьютерт сонирхолтой бол түүнийхээ
программуудыг сонирхон судал. Тэгээд л тэр чинь амжилтын үндэс. Гүнзгий ороод
юмны амтыг үзэхээр тэндээ суучихдаг. Эрдэмтдийн амьдралаас харахад тийм байдаг.
Нэг газартаа, нэг хүрээлэндээ.

-Та энэ
тасалгаа, энэ хүрээлэндээ хэр удаан ажиллаж байгаа юм?

-1968 оноос хойш
л энэ хүрээлэндээ ажиллаж байна. Гэр, хүрээлэн гэсэн л маршруттай. Би ажлаасаа
дотоод сэтгэлийн их хүч авна. Баяр баясгалан авна. Жаал жаалхан бүтээл гаргана.
Хуанли гаргаад би өнөөдөр юу хийж вэ гэхээр ерөөсөө юм хийгээгүй байдаг байхгүй
юу. Олигтой юм хийгээгүй байна. Долоо хоног, сар, жил болоод харахаар үгүй ээ
яах вэ нэг юм бүтээчихэж дээ гэж бодно. Хүн амьдралдаа өдөр болгон цаг бүрт
гайхамшигтай юм бүтээгээд байдаггүй юм байна л даа. Хулгана шиг мэрээд нэг сар
юмгүй юм шиг хэрнээ жилийн дараа харахад овоо гайгүй нүх ухчихсан байдаг ч юм
уу. Тэр бол тэр хүний амьдралын гол утга санаа.

-Физикт дуртай
болгох, дуртай болгосон үндэс суурь нь юу байсан бэ. Хүүхэд насны тань чухам
ямар зүйл үүнд хөтлөв?

-Яагаад ч юм
бурхан юм уу, ямар нэг юм дур сонирхлыг
оруулж өгсөн байгаа байхгүй юу. Энийгээ л нухахад боллоо гэж. Манай алдартай,
гайхамшигтай багш Цэрэн, гарамгай зохион байгуулагч Содном нар Перышкиний сурах
бичгийг орчуулж бидэнд заадаг байлаа.

Эхлээд яадаг юм гэхээр бүх юм хөгжил хөдөлгөөнтэй. Голын усанд нэг удаа
л орно уу гэхээс хоёр удаа орохгүй гэсэн санаа надад их гоё санагддаг байлаа.
Хүний амьдралын ажил хөдөлмөр эхлэхэд нийгэм, дэлхийн хөгжил хөдөлгөөн ямар
байж вэ гэдэг нь нөлөөтэй. Тэр үед тийрэлтэт онгоц гарч, хүн сансарт нисээд,
атом цөмийн хүчийг ашигладаг, барьдаг гээд л хачин сонин үлгэр домог шиг
хөгжлийн үе байсан. Энэ бүхэн зөвхөн надад биш тухайн үеийн бүх залуучуудад
нөлөөтэй байсан.

-Та “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн
суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлээрээ 2012 онд салбарын шилдгээр тодорч, 100 сая
төгрөгөөр шагнуулж байсан. Уг бүтээлийнхээ агуулгыг энгийн үгээр тайлбарлахгүй
юу?

-Хамгийн энгийн үгээр ярихад, урьд өмнө юу гэж байсан бэ гэхээр бодисын
бүтцийн харилцан үйлчлэлийг яг нэг цэг дээр болно гэж үзэж байсан. Бидний
судалгаа бол цэг арай биш юм аа. Ямар нэг тодорхой тархалттай мужид үйл явдал,
хөгжил хөдөлгөөн явагдах юм байна гэсэн ийм л юм байгаа юм, гол санаа нь.
Ямарваа нэг цэг гэдэг хийсвэр ойлголт юм байна. Цэг гэдэг тодорхой
бодитой, бүтэцтэй, тархалттай зүй
тогтлоор хөгжил хөдөлгөөн явах юм. Бид хоёрын яриа Улаанбаатарын хэмжээнд цэгэн
үйл явдал мэт байгаа биз. Тэгэхдээ бүгдийг ерөнхийд нь харахад бүх юм биенээсээ
хамаарсан байдаг.

-Олны нүдэнд ил байдаг урлаг соёл, спортынхны амжилт, амьдралын өдөр бүр
хүмүүст сонин, сонирхолтой санагддаг. Гэтэл та бүхэн шиг чимээгүйхэн ажиллаж,
амьдраад улс эх орондоо хувь нэмрээ оруулж явдаг хүн олон. Энэ хоёрын хооронд
үнэлэмжийн ялгаа их байдаг?

-Зөвхөн Монголын биш бүх ертөнцийн, бүх улсуудын зүй тогтол. Миний
мэддэг гайхамшигтай Нобелийн шагналтай эрдэмтэд яг л нэг иймэрхүү чимээгүй.
Гэтэл нөгөө талд нь гайхамшигтай кино жүжигчин хүмүүс улаан хивсэн дээр
цоройгоод л. Тэдний цалин хөлс нь гэхэд 10, 20 мянган ам.доллар. Бид нар шиг
юмаа нухаад сууж байгаа хүмүүсийн цалин 10 мянган доллар байдаг ч юм уу. Энэ
бол ерөөсөө байж болох зүйл тогтол гээд л ойлгочих. Тэрнээс биш би гайхалтай
мундаг юм нээсэн, физик гайхамшигтай гэвэл тэрийг хүмүүс хүлээж авахгүй, тэр
хүн ч тэгж алга ташуулж дээшээ гарч ирж чадахгүй. Энэ бол бидний нийгмийн байх
ёстой хэв маяг.

-Гэтэл та Намсрайн дөхөлт, Намсрайн онол, Намсрайн арга, Намсрайн схем
гэж физикийн шинжлэх ухаанд нэрээ томъёолол болгон үлдээсэн хүн?

-Дуурийн гайхалтай дуучин, олимпийн аваргуудыг чинь хүн болгон хүлээн
авч ойлгож байгаа юм. Тэгтэл тэр нэг эрдэмтний арга барил гэдэг юм чинь
номондоо үлдээд манай нийгмийн дараагийн хөгжлийн үндэс нь болоод явдаг.

Тийм учраас чимээгүй шургаж ордог. Хүн болгон тэрийг сэтгэлдээ ургуулж
баясч болохгүй, мэдэх ч үгүй. Тэгээд л үлдчихдэг. Тэгсэн хэрнээ эрдэмтдийн
хурал дээр тэр чинь гайхамшигтайгаар гараад ирнэ ш дээ. Европын Цөмийн
шинжилгээний төв Женев хотод байдаг. Тэнд 2012 онд гайхамшигтай нээлт гарсан.
Бодитой бүх юмны амин сүнсийг нь олсон байгаа байхгүй юу. Эхлээд бүх ертөнц
ганцхан халуун хайлмаг нар байсан. Тэр нарны туяанаас яагаад бидний биеийг жигнэдэг,
бидний бие махбод гэдэг объектод яагаад жин татдаг бодис үүсэв гэдгийн нууцыг
олсон. Тэрний нууцыг эрдэмтдийн толгой дахь санаа бодлыг ургуулж гаргаж ирсэн
учраас хүн болгон тэрний гол утга учрыг ойлгохгүй, тэгээд л өнгөрнө. Хэрэв
Женевт нэг мундаг кино жүжигчин хүн гараад ирвэл бүх нийтдээ ойлгомжтой учраас
түүний тухай дэлхий нийтээр тардаг. Ийм л нарийн шүтэлцээтэй хуулиар явна.

Үүнд гомдоллоод байх шаардлагагүй. Харин чимээгүй байхдаа л сайн. Ньютон
чухал хуулиудыг нээхдээ яг л үүн шиг чимээгүй нам гүм байсан.

-Та хэдэн сургууль дүүргэсэн юм бэ?

-Би Москвагийн их сургууль л төгссөн. 23 дугаар дунд сургуулийг төгсөөд
л Москва руу явсан. Тэгээд л бол оо. Англи хэлийг хар практикаар сурсан. Тэгээд
л гүйцээ өөр юу ч байхгүй.

-Та энгийнээрээ ажиллаж, чимээгүйхэн аж төрж яваад хийсэн бүтээлээрээ
нэг л өдөр төр засгаасаа шагнал хүртэж их хэмжээний мөнгөн шагнал хүртсэн.
Энгийн нэг өвгөн эрдэмтэн гэнэт олны хараанд өртөхөөр түүнийг дагаад хүмүүсийн
тантай харьцах харьцаа өөрчлөгдөж байв уу?

-100 сая төгрөгөөр шагнуулсан ш дээ. Их сайхан. Хүмүүсийн хандлага
өөрчлөгдөөд цагаан хэл амаар зарим нь хараана шүү дээ. Бусад нь яагаад
байдаггүй юм, Намсрай гэж энэ нөхөр яагаад явдаг юм, ямар ухаантай юм, хэний
найз юм гэдэг хүн гарч ирнэ ш дээ, за юу (инээв). Энэ чинь их нарийн юм. Гэхдээ
ёсоороо номоороо яах аргагүй л шалгарч гарсан байгаа байхгүй юу. Зүгээр, юм
хийгээгүй хүнд өгөхгүй.

Хуучин бол физик мизик гэхээр аав ээж нь ч нэг их тоохгүй. Хүүхдүүд ч
нэг их сонирхолгүй, сонин байсан ш дээ. Физикчийг шагнаад ирэхээр нийгэм өөр
болоод ирж байгаа юм. Бид мэддэггүй ч шинжлэх ухааны ийм гоё салбар байдаг юм
байна, нийгэм, төрдөө үнэлэгддэг юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн. Үүнийг
дагаад тоо, физикт элсдэг хүүхдийн тоо зургаагаас 23 хувь болж өссөн. Физикийн
шалгалт өгдөг хүүхдийн тоо 300-400 байсан бол 1500-3000 болсон. Энэ чинь маш
чухал байгаа байхгүй юу. Физикт хандах хандлага огт өөр болсон. Тэр бол маш
чухал. Тухайн шагналын хамгийн гол нь л энэ байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *