УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-Төр түшилцэх хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэе.Уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, Баянгол дүүргийн унаган хүүхэд. Тухайн үеийн Зөвлөлтийн Есдүгээр сургуульд сурч байгаад Монгол-Оросын гуравдугаар сургуулийн ахлах ангийг дүүргэсэн. Улмаар Монгол Улсын их сургуульд Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Дараа нь Харвардын Бизнесийн сургуулийн захирлуудад зориулсан бизнес удирдага, ерөнхий менежерийн ангийг төгссөн. Одоо Харвардын уулын сургуульд суралцаж байгаа. Уулын гэдэг нь байгалийн баялгийн засаглалын чиглэлээр судалгаа хийдэг гэсэн үг юм.
-Бизнесийн салбарт хэдийнээс хөл тавив?
-2003 онд Хера группээ үүсгэн байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан. Манай компани эдийн засгийн байдлаасаа хамаараад 700-1000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
-Хера групп ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Уул уурхай, үйлчилгээ, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийтийн тээврийн үйлчилгээ ч бий. Гэхдээ энэ нь ашиг олох гэхээсээ нийтэд үйлчлэх зориулалттай илүү нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг ажил юм.
-Яагаад улс төрд орохоор шийдэв. Ямар нэгэн шалтаг шалтгаан байв уу?
-Эдийн засагч хүний хувьд би жил бүр Монголын эдийн засгийн форумыг зохион зохион байгуулахад оролцдог байлаа. Эдийн засагт үүсч буй асуудлуудыг форумаар авч үзэж, төр, хувийн хэвшилтэй хамтран ажилладаг байсан. 2014 оноос хойш эдийн засаг асар хурдтайгаар унаж эхэлхэд ч бид энэ талаар форум дээрээ хөндөн ярилцаж байв. Зээлийн зарцуулалт буруу байна, үүнээс болж зээлийн эргэн төлөлтийн асуудал их хүнд байна. Орж ирж байгаа мөнгийг цөөн хэдэн банкнуудаар дамжуулж тэдэнд санхүүжилт хийж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр ард иргэдэд бус цөөн хэдэн компанид санхүүжилт болоод байна гэх зэргээр хөндсөн.
2016 онд Төв банк нийгмийн даатгал дээр хуримтлагдсан мөнгийг менежмэнт хийх хууль батлуулангуутаа барилгын компаниудад ипотек, дахин санхүүжилт нэртэйгээр хуваагаад өгчихсөн. Энэ талаар ч эдийн засгийн форум дээр ярьдаг байв. Харамсалтай нь сонсдог хүн байгаагүй. Уг нь эдийн засгийн форум бол улстөрчид, шийдвэр гаргагчдад хүрч чадахуйц платформ шүү дээ. Ийнхүү яг санаснаар болоогүй учраас иргэдийн төлөөлөл болж гаднаас бус дотроос дуугаръя гэж шийдсэн юм. Миний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан.
-Одоо тэгвэл юунаас эхлэх вэ?
-Өмнөх эдийн засгийн хямрал 2012-2016 оны хооронд болсон. 2012 онд эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан бол 2016 онд нэг хувьд хүрсэн л дээ. Тэр их мөнгө ард иргэдийн халаасанд, эдийн засагт ордоггүй байсан шалтгаан нь авлига. Авлигын үндсэн шалтгаан нь олон. Гэхдээ хамгийн онцгойлж үзэх ёстой нь намын санхүүжилттэй холбоотой, намаар дамжсан авлига юм. Тийм учраас миний хамгийн түрүүнд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулна. Сонгуульд нэр дэвшигчдийн компаниудаас хандив авдаг байдлыг зогсооно. Компаниуд яагаад хандив өгөөд байна вэ гэдгийг одоо бодох цаг болсон. Тухайн нэр дэвшигчийг төрд гарсны дараа тэрхүү компани өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд л хандив өгч байгаа. Сонгогч төлөөллөө сонгох ёстой болохоос биш компани төлөөллөө сонгох ёсгүй. Энэ ч утгаараа би Ардчилсан намын 100 сая төгрөгийн хандивыг хөндөж ярьсан. Мөн сонгуулиар сурталчилгааныхаа туршид хандивын аян явуулсан.Монгол Улсын хэмжээнд хамгийн олон тооны хандивлагч бүртгэгдэж, иргэдээс 80 гаруй сая төгрөгийн хандив цугларсан.
-Яг энэ цаг үед зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд эдийн засаг хүнд байна. Энэ нөхцөл байдлыг бид хохирол багатай хэрхэн даван туулах вэ?
-Улс төрд байгаа авлигын эх үүсвэр нь улс төрийн намаас эхтэй. Улс төрийн нам цэвэр байж гэмээнэ төр өөрөө цэвэр байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилт, авлигалын асуудлыг шийдэж байж энэ асуултад хариулт өгөх боломжтой болно гэж харж байна. Энгийн жишээ хэлье л дээ. 2008-2016 оны хооронд утааг арилгахад зарцуулсан мөнгө нь 800 тэрбум төгрөг байдаг. Бодитоор утааг багасгаж чадсан зарцуулалт нь 80 тэрбум буюу 10 дахин бага байх жишээтэй. Оновчтой эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд авлигаа л багасгах нь чухал.
-Гэхдээ улс төрийн намууд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байсаар л ирсэн шүү дээ?
-Дээр хэлсэнчлэн компаниудыг хандив өгдгийг нь зогсоох хэрэгтэй. Улс төрийн сонгуульд оролцож байгаа хүмүүсээс гарах зардлыг багасгах ёстой.Санхүүгийн дарамтыг бага байлгахын тулд зорьж эхлэх ёстой юм. Хамгийн том тойрогт дээд тал нь 700 сая төгрөгийн тааз тавьчихсан байдаг.Үүнийг цаашдаа аль болох бага болгох шаардлагатай юм. Хэн нэгэн багш, эмч, энгийн иргэн байсан ч хамаагүй УИХ-ын сонгуульд, эсвэл дүүргийн Иргэдийн төлөөлөлд өөрийнхөө бодлогоо дэвшүүлээд оролцох боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Ингэж байж Монголд шударга ёс тогтнож, ардчилал баталгаажина.
Сонгуульд зарцуулсан мөнгийг УИХ-д авсан суудлын тоогоор нь улсын төсвөөс тодорхой хэмжээнд өгдөг. Гэхдээ энэ нь хангалттай бус учраас санхүүжилтийг нь багахан ч гэсэн нэмэх нь зөв. Энэ нь нам, эвслийг хувийн хэвшил, компаниуд, мөнгөтэй бүлэглэлүүдийн барьцаанд оруулахгүй байх шийдэл юм. Жишээ нь, БНСУ-д нэр дэвшигчийг тухайн тойргоосоо 23 хувиас дээш хэмжээний санал авч чадвал зарцуулсан санхүүжилтийнх нь 50 хувийг нь төсвөөс даадаг. Манай улсад энэ тал дээр намуудын ойлголцол чухал байна.
-Энэ чиглэлийн хүн учир бизнесийн орчныг сайжруулах тал дээр ч дуу хоолой болох байх. Ер нь ямар өөрчлөлт гараасай гэж хүсч байна вэ?
-Манай улсад улс төр, бизнесийн бүлэглэлүүд хамтарч, өөрсдийнхөө эрх ашгийг хангадаг эдийн засгийн өвчин бий болчихоод байна. Энэ нь улс төрийн санхүүжилт, авлигын асуудлыг хөндөхөд хүргэж байгаа хэрэг. Энэ байдлыг засаж байж л манайд эдийн засаг, бизнесийн орчин эрүүл болно. Бизнес эрхлэгчид шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ.Өөрчлөхгүй бол улстөрчид авлига, хандив өгсөн хүндээ үйлчилсэн хэвээр л байна. Үүнийг л засах гэж би энд байгаа.
-Баянголчууд танд ямар захиас даалгавар хэлсэн бол?
-Иргэдтэй уулзахад хамгийн түрүүнд шударга ёстой холбоотой асуудлыг хөндсөн. Шударга ёс гэдэг шүүхийн өмнө, бизнес эрхлэхэд нь, төсвөөс гаргаж байгаа хуваарилалт дээр эрх тэгш байх гэсэн үндсэн зарчмуудтай байгаа юм.
Мэдээж боловсрол, эрүүл мэндийн асуудал ч үүнд хамаатай. Төрийн, хувийн гэлтгүй боловсролыг хүртээх чанар нь яг адилхан байх ёстой юм. Иймд Баянгол болоод бусад дүүрэгт Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлагатай. Аль болох олон сургуульд энэ хөтөлбөрийг нэвтрүүлэхийг хичээнэ. Дэлхийн боловсролыг хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалаад авдаг болохгүй бол боловсролоор дамжаад баян хоосны ялгаа их гарна. Манай намын мөрийн хөтөлбөрт ЭЕШ-ын шалгалтын дүнд босго тавиад, тэр босгыг давсан хүүхдүүдийг 100 хувийн тэтгэлэгт хамруулах асуудал тусгагдсан. Энэ хоёр ажлыг чухалчилж хийхээс өөр арга байхгүй.