Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болж, 55 кг-д зодоглосон ОУХМ Х.Даваачимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Шин Хе Лийг ялж, монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлэв.
60 кг-д Б.Шоовдор эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч Японы Рисако Каваид ялагдан хүрлийн төлөө барилдахаар болоод байсан юм. Манай бөх медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жан Тин Жоуд ялагдан шагналт V байрт орлоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д Э.Гантуяа барилдана. Манай бүсгүйчдээс Гавьяат тамирчин С.Батцэцэг Ази тивийн аварга болсон бол Х.Даваачимэг хүрэл медаль хүртээд байна. Өнөөдрөөс эрэгтэй бөхчүүд дэвжээнд гарна.
Өнөөдрийн барилдааны Улаанбаатарын цагаар 12.30-с эхлэх бөгөөд финалын барилдаан 20.00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-р шууд дамжуулан үзүүлж байна.