Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Х.Дамдин: Михайл Горбачев надаас хоёр ангийн дүү байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Монгол Улсын Дээд шүүхийн даргаар арав гаруй жил ажилласан, гавьяат хуульч Хорлоогийн Дамдин гуайтай ярилцаж байна. Нэгэн үе шүүгчдийг “Дамдин шиг шударга бай!” гэж шаарддаг байсан юм гэнэ лээ.


-Улаан номертой хар тэрэг унасан, Улс төрийн товчоо хавиар орж гардаг ажилтай таны барааг харж явлаа. Тэр үед сэтгүүлч бид, сайдаас дээш албаны хүмүүсээс ярилцлага авдаг ч үгүй, та нар өгдөг ч үгүй байсан байх. Сонгууль болоход товч намтар нь нэг үзэгдээд л алга болно. Олон удаа депутат байсан, Дээд шүүхийн даргыгаа хаанахын хэн бэ гэдгийг мэдэхгүй л явж?

-Би чинь Дорнод аймаг, Матадын хүн шүү дээ. Багадаа гэрээрээ бичиг үсэг, тоо бодлого заалгаад овоо мэдлэгтэй болчихсон. Ийм хүнийг аймаг сумдад заавал алба хашуулдаг байлаа. Арван хэдхэн настайдаа Дорнод аймгийн эвлэлийн хороонд зохиолын хэлтсийн дарга болчихдог байгаа. “Өндөр” цалинтай залгаж байгаа нь энэ.

-Дээр үеийн дарга нар эвлэлийн байгууллагаар голдуу л дамжсан байдаг. Та тэнд удав уу?

-Удаагүй шүү. Сонин хувь заяа тохиосон. 1942 онд ямаа самнаж их ноолуур авах тухай Засгийн газрын тогтоол гарч бүх нийтийн ажил болж өрнөлөө. Тэгсэн чинь ямааны сам байхгүй. Ямааны сам оруулж ирж тараагаад, аймаг болгонд ямаа самналтыг зохион байгуулах төлөөлөгчид гарч. Дорнод аймагт Цэдэнбал дарга өөрөө очлоо. Нам эвлэлийн баахан гишүүдэд ямаа самнах хичээл зааж шалгалт авлаа. Би сайн сурч, их хурдан сайн самнаж гэнэ. Цэдэнбал дарга маань аймгийн дарга бид хоёрыг дагуулаад сумдаар явж ямаа самнахыг заалаа. Би ямаа самнагч багш боллоо шүү. Нэгэнт хувь ерөөл ингэж таарсан хойно, би чинь Цэдэнбал даргад “хамаг сайн”- аа үзүүлэх хэрэгтэй биз дээ. Сайхан бичигтэй л гэнэ. Тоонд их сайн л гэнэ. Их ажилч, үлгэрлэн манлайлагч л гэнэ.

-Даргад ингэж тоогдсон хүн үү?

-Тэгэлгүй яахав. Дарга буцахынхаа урьд өдөр намайг дуудаад сургууль соёлд явах санаатай юу гэж байна. “Тийм ээ” гэсэн чинь “Чамайг өнөө жил шинэ хүчний дээд сургуульд оруулна” гэж байна шүү. Дотроо баярласан ч “За даа, дарга нарын цээжний банга биз дээ” гээд нэг ч их итгэсэнгүй. Дарга тэгээд л яваад өгсөн. Би ч үеийнхэндээ “Ямаа самнагч багш”, “Ямаа Дамдин”, “Ухнан Дамдин” баахан нэртэй хоцрох нь тэр.

-Дарга тэгээд эргэж мэдэгдсэн үү?

-Мэдэгдэхээр барах уу, тэр зун “Эвлэлийн хорооны Дамдинг намын шинэ хүчний дээд сургуульд ирүүл” гэсэн бичиг аймгийн удирдлагад очоод намайг чинь хаалтгүй явууллаа шүү дээ. Энд би нэг зүйл хэлмээр байна. Тийм том дарга хөдөөгийн нэг шальдар бульдар бандид нэг үг хэлчихээд тийм сайхан хариу өгч байна гэдэг сайхан байгаа биз. Дарга хүн, тийм үнэн үгтэй, үйл хэрэгч байх ёстой юм гэдгийг л тэндээс яс махандаа шингэтэл ойлгосон доо. Одоо тэгэхэд зарим дарга, сайд нар нэг хүүхдэд амласнаа байтугай нэг тойргийнхондоо амласнаа эргээд л мартаж байх юм. Харамсмаар байгаа биз.

-Намын шинэ хүчний дээд сургууль гэж их нэр хүндтэй сургууль байсан. Тэр сургуулийн оюутан болов уу?

-Даргынхаа хайр хишгийг гулгичихсаан.Шинэ хүчний дээд сургуульд зохиолч Ж.Пүрэв нарын олон нөхөдтэй овоо сайн сурч байсан юмсан. Нэг өдөр ангийнхаа Чулуунбаатарынхыг дайраад очсон чинь тэнд ялихгүй маргаан болж Чулуунбаатарын маань авгайг нэг хужаа зодож байна шүү. Би Чулуунбаатарынхнаа өмөөрч хятадад хэдэн хатуухан үг хэлж гал дээр тос нэмчихдэг байгаа. Энэ маргаан Намын Төв Хороо хүртэл өндөр авч, тэр үед Монгол, Хятадын харилцаа сайн байсан болохоор намайг “Үндэсний үзэлтэн” хэмээн буруутгаж сургуулиас хөөчихлөө.

-Одоогийнхноор бол лааз өшиглөх нь тэр үү?

-Тийм дээ. Нэг ч их уруу дорой явсангүй. Хотод овоо идээшсэн. Шинэ хүчний дээд сургуулийн төгсөх курсийн оюутан, овоо танилуудтай. Нутгийнхан дэмжинэ. Ингээд байж байтал Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажиллуулах боллоо. Тэнд гайгүй ажилласан юм байлгүй, хэлтсийн дарга хүртэл дэвшсэн. Нэг өдөр Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга сайн танил Нянтайширын Лхамсүрэн утасдаж байна. “Хэрэггүй л юм болсон юм даа. Ганц онц сурлагатнаа ялихгүй зүйлээр буруутгаж сургуулиас хөөнө гэдэг чинь. Чи энэ жилийн төгсөх ангийнхантай нэг сар хичээллэж шалгалт өгөөд төгсчих. Би тийшээ хэлчихьё гэж байна. Тэгээд сайн хүний буянаар сургуулиа төгсчихдөг байгаа. Хэдэн жил ажиллаад, гадаадад сургуульд явуулж аль гэсэн өргөдөл өгдөг байлаа. 1952 онд гэнэт шийдвэр гаргаад намайг Москвагийн Их сургуульд явуулсан. Хуулийн факультетэд нь орж таван жил суралцсан даа. Михайл Горбач ёв надаас хоёр дүү ангид суралцаж байж билээ.

-Найз, дотно холбоо байв уу?

-Үгүй дээ. Тэр хөл алдсан их айлд оросуудтай байтугай Монголыгоо олж уулзах хэцүү шүү дээ. 1957 онд хуульч мэргэжлээр төгсөж ирсэн.

-Хаана ажиллав?

-Намын Төв Хорооны нэгд үгээр нарийн бичгийн дарга Дамба гуай байлаа. Хууль, хүчний байгууллагуудыг өөрөө хариуцна. Намын Төв Хороонд хуулийн байгууллагуудын ажил хариуцсан зааварлагч болгож билээ. 1959 онд Шүүх яам татан буугдаж Сайд нарын зөвлөлийн харъяа Хууль цаазын хороо болсон юм. Энэ шинэчлэлтээр намайг Хууль цаазын хорооны дарга бөгөөд Улсын дээд шүүхийн нэгдүгээр орлогч дарга гэдэг албанд томилсон юм. Хорооноосоо цалинжина. Дээд шүүхийн нэгдүгээр орлогчийн 40 хувийн цалин авна. Энэ албанд удаагүй ээ. 1960 оны дөрөвдүгээр сард Чойжамц гуай сургуульд явж, намайг Улсын дээд шүүхийн дарга болгосон. Энэ албыг арав гаруй жил хашаад, ажлаа өөрчилье гэж өргөдөл өгсөн дөө.

-Шүүн таслах хуралд суух байтугай, шүүхийн хаалга татаж ч үзээгүй хүн Улсын дээд шүүхийн дарга болчих нь энэ үү ?

-Арай ч үгүй юм аа. Шүүхийн номыг таван жил үзсэн практик дадлага зөндөө хийсэн, олон улсын хуульчидтай хамт суралцаж байсан, хууль цаазын улсын хороонд хэд хэдэн чухал хууль боловсруулалцсан, улсын дээд шүүхийн нэгдүгээр орлогч гэдэг албыг цаг наргүй хашиж байсан гээд овоо туршлага суусан дарга очиж байгаа.

-Таныг очиж байх үед шүүх засаглал гэдэг маань ямар байв даа. Одоогоос тавь гаруй жилийн өмнө байна шүү дээ?

-Одоотой зүйрлэх юм юу байхав дээ. Урьдах дарга нар маань их зүтгэж. Гэхдээ л хөрөнгө мөнгөний бололцоо, боловсон хүчин, тухайн үеийн нөхцөл байдал зэргээс хамааран шүүх маань болоог үй байсан даа. Үзсэн ном, олон улсын хуульчдаас авсан мэдлэгээрээ шүүх засаглалыг шинэчилье гэж бодсон доо.

-Яаж шинэчлэх хэрэгтэй байв?

-Улсын дээд шүүх гэдэг чинь бүх зүйл төвлөрсөн газар байлаа. 13 гишүүн, гучаад орон тоотой, жижигхээн байшинд. Хэдэн өрөөний шалан дээгүүр хүртэл хавтаст хэрэг нь хөглөрсөн , даан ч яав даа гэмээр газар.

-Яагаад тийм их хавтаст хэрэг хөглөрдөг билээ?

-Хэсгийн шүүх гэдэг нэртэйгээр хэдэн шүүгчдээ сумдад тараагаад хаячихсан. Аймаг хотууд шүүхтэй. Тэгсэн хэрнээ анхан шатны шүүхээс дээд шүүхэд л давна. Өөрөөр хэлбэл бараг бүх хэрэг Улсын дээд шүүхэд ирж шийдэгддэг байлаа. Үүнийг өөрчилж аймаг хотын шүүхийг давж заалдах шатны шүүх болгож, Дээд шүүхийг хяналтын шатны шүүх болгосон. Шүүхүүдийн ачаалал жигдэрч, аймаг хотын шүүхүүдийн эрх хэмжээг өргөтгөн хэрэг шийдэх явдал түргэн шуурхай болсон. Бас нэг шинэчилсэн зүйл бол хэсгийн шүүхүүдийг татан буулгаж аймагт нүүдлийн шүүхтэй болголоо. Гурван сум хариуцсан хэсгийн шүүгч, унааг үй учраас нэг хэрэг шийдэхийн тулд шуудангаар аймаг хүрч ирээд, мөн шуудангаар нөгөө сум руу явдаг нүсэр хүнд ажиллагааг болиулсан. Аймгийн төвөөс шууд л суманд очин хэргээ шийдчихдэг хялбар дөхөм үйл ажиллагаатай болсон. Дээд мэргэжлийн тав зургаахан шүүгч байлаа. Ихэнхи нь курсийн шүүгчид. Шүүгчдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар их зүйл хийсэн дээ. Энэ бүхэн, өнөөгийн шүүхийн үйл ажиллагаанд ч мөрдөгдөж л байгаа.

-Таны үед хүнд ноцтой хэргүүд хэр зэрэг гарч байв? Цааз ял байсан юм болов уу?

-Эвдрээгүй, сайхан ард түмэн байж. Аймшигтай хэрэг хааяа нэг гарна. Хуулийн нэлээд хэдэн зүйлд цааз ялтай ч миний хувьд цааз ялаас их л татгалздаг байлаа. Тун болохгүй оноосон ганц хоёр цааз ял бий л дээ.

-Заримыг нь сонирхуулахг үй юу?

-Увсын Зүүнговь суманд нэг аймшигтай хэрэг гарсан. “Хар” Дарамынх гэж овоо юмтай айл байсан юм. Хуучин хэрэг түвэгт холбогдож байсан Володя гэж этгээд хоёр нөхөртэйг өө үгсэн хуйвалдаж тэднийд очоод гэрийн эзнийг эхнэр, охинтой нь хөнөөгөөд түймэрдсэн явдал. Хэргийн эзэд зугтааж зайлсан ч баригдаад, харин Володя оргоод алга болчихсон. Сайн унаатай, бүрэн зэвсэгтэй яваа. Увсын сэргийлэхийнхэн дангаараа хүч хүрэхгүй, хотоос нэмэгдэл хүч авч, их удаан хөөцөлдс өн л дөө. Нутгийнхан нэгдүгээрт айдаг, хоёрдугаарт нуудаг, хоол унд залгуулдаг байснаас хугацаа их алдсан. Хотын цагдаагийн газрын орлогч болж байсан хурандаа Шагдар нарын хэсэг хүн Володяг голын дундах битүү модтой аралд нуугдаж байгаа мэдээ аваад сэм бүсэлсэн гэдэг юм. Шагдар хурандаа “Та нар хэрэггүй, би ганцаараа очъё” гээд нөгөө нуувч руу нь ганцаараа очжээ. Нуувчинд ороод хэсэг баахан алга болж. Тэгж байснаа хоёул гарч ирээд ярилцаад зогсоод байж. Тэгээд бүрэн зэвсэгтэй алуурчин, ямар ч эсэргүүцэлгүй баригдсан. Хотод авчирч таслаад цааз ял өгсөн. Хэтэрхий харгис, хүмүүс яс махандаа шингэтэл өширчихс өн тийм хэргийг яаж ч болохгүй цааз ял оноосон. Ардын их хурлын тэргүүлэгчид амийг нь уучлах үндэслэлг үй гэж үзсэн.

-Өөр ямар хэрэг байдаг билээ?

-Хамгийн их ээдрээтэй, шуугиан тарьсан хэрэг чинь Баян-Өлгий аймгийн УлаанХус сумын Тайпийн хэргийг тэр үед сонсоогүй хүн байхг үй байхаа.

-Энэ чинь юу билээ? Нөгөө нэг их талцдаг уу?

-Тиймээ. Улаан-Хус сумын намын үүрийн дарга Тайп, сум нэгдлийн даргатайгаа цагаан сараар шинэлж яваад нэгдлийн дарга нь мориноос унаад нас барсан юм. Энэ хэргийг Тайп үйлдсэн болж омог хоорондын их маргаан үүсэж билээ. Тайп нь “Төлек” омгийнх, нэгдлийн дарга нь “Хурман” омгийнх. Анхан шатны шүүх Тайпад цааз ял өгсөн. Давж заалдаад, хяналтын шатанд хэлэлцээд цааз ялыг 25 жилийн хорих ял болгосон. Би хувьдаа хавтаст хэрэгтэй танилцаад, хэргийн ул мөрийг нягталж үзэхээр, хэрэг биш болоод байдаг. Гарцаагүй нотлох баримт байдаггүй. Нэгдлийн дарга нь морьтой согтуу явж байгаад мориноосоо унаж, дөрөөндөө чирэгдээд нас барчихсан байдаг. Дөрөөндөө чирэгдсэн хүн толгой тархи нь хагарах, урагдах алийг тэр гэх билээ. Тайп зодоод алчихсан гэх гарцаагүй дүгнэлт гаргаж болдоггүй юм. Энэ хэрэг удаан хугацаагаар, янз бүрийн түвшинд яригдаж байгаад хэрэг биш болсон л доо. Ийм ээдрээтэй хэрэг олныг шийдсэн дээ. Миний барьдаг гол зарчим бол, аливаа хэрэг явдлыг хуулийн хүрээнд, хараат биш байдлаар, шударга шийдэх явдал байсан. Энэ зарчимдаа үнэнч явсан гэж боддог.

-Таны үед, хамгийн их дуулиан тарьсан зүйл бол яах аргагүй “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлгийн хэрэг” байх. 1964 оны МАХН-ын бүгд хурлаар энэ бүлэг гэгчийг дарж олон зуун хүнийг хоморголон шийтгэснийг санаж байна. Тэр үед та МАХН-ын Төв хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн дарга байсан байхаа. Чухам юу болсон бэ?

-Би, 1964 оны Бүгд хурлын өмнө Улаанбаатар рашаан сувилалд амарч байлаа. Намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравдан ч тэнд амарч байсан. Миний хувьд Бүгд хурлын талаар ямар ч ойлголт байгаагүй. Ярьдаг л юмаа ярина биз гэж бодож байсан. Ер нь нам төрийн удирдлагыг шүүмжилсэн аястай яриа хөөрөө байнга гардаг, хэдэн найз нар цуглаж цай уухаараа ч “Энэ дээгүүрээ болохгүй байна. Цэдэнбал юм хийхгүй байна” гэж ярьдаг л байсан. Түүнээс биш Бүгд хурал дээр тэгнэ ингэнэ гэсэн мэдээлэл байгаагүй. Өглөө нь Бүгд хуралд очиход л харин харуул хамгаалалтыг чангатгаад нэг л ер бишийн байж билээ.

-Урьдчилаад мэдчихсэн хэрэг үү?

-Хоёр хоногийн өмнө Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав, С.Жалан-Аажав нарын хэсэг хүн С.Лувсанчоймболынд нууцаар цуглаж зөвлөлдсөн юм билээ. Бүгд хурлын уур амьсгалыг, хоцрогдсон удирдлагын эсрэг чиглүүлж Ю.Цэдэнбал тэрг үүтэй Улс төрийн товчоог халъя гэж ярилцсан юм гэдэг.

-Тэгээд яагаад буруудчихав?

-Тэр дунд байсан ганц нэг хүн Ю.Цэдэнбалд мэдээ хүргэсэн гэдэг юм. Зарим нь хурал дээр хэлэх хоёр янзын үгтэй орсон гэдэг яриа ч бий. Ю.Цэдэнбалынхан ялмаар бол түүнийг дэмжих, нөгөө тал нь ялмаар бол түүнийг дэмжих хоёр янзын үгтэй орсон хүн бий гэдэг юм. Бүгд хурал хэлэлцэх асуудлаа хэвийн эхэлсэн л дээ. Бүгд хурлын гишүүд санал шүүмжлэл гаргах болоход эхлээд Б.Сурмаажав үгээ хэлсэн. Тэр, улс орны хөгжил удаашралтай, гадны хараат байдлаар явж байна. Үүнийг өнөөгийн удирдлага Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчоо бодит байдлаар харах чадварг үй болсон байна гээд шүүмжилтэл танхимаас хашгиралдаж эхэлсэн. “Суу. Чи юу юм. Улс төрийн товчоог шүүмжлэх эрхтэй хэн юм чи” гээд л загнаж, үгийг нь хэлүүлэлгүй зогсоосон. Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Рагчаа, Намын Төв хорооны хэлтсийн эрхлэгч С.Батаа, Эвлэлийн Төв хорооны нэгд үгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав, Бүгд хурлын гишүүн Д.Балжинням нарын олон хүн хашгиралдаж, загнаж, Ю.Цэдэнбалыг ёстой нүцгэн цээжээрээ хамгаалж билээ. Дараа нь Б.Нямбуу босоод “Нам төрийн удирдлага дэндүү хоцрогдож, улс орныг өнөөгийн нөхцөлд удирдах чадваргүй хэсэг бүлэг хүний цуглуулга болж” гээд шүүмжилтэл бас л хашгиралдаад, золтой л барьж зодоогүй. Гурав дахь хүн нь Ц.Лоохууз. Маш хурц шүүмжилсэн дээ. Өнөөх хүмүүс хичнээн хориг тавьсан ч Ц.Лоохууз үгээ бүрэн хэлж дуусгасан. Үүний дараа “Энэ гурван эсэргүүний асуудлыг авч хэлэлцье” гэсэн санал гараад дал орчим хүн үг хэлсэн. Бүгд Ц.Лоохууз Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг буруутгаж “Намын эсрэг бүлгийг тас цохьё” гэсэн дүгнэлтэд нэгдэж билээ.

-Бүгд хурлын гишүүдээс нэр ч өгөөгүй, үг ч хэлээгүй хоёр хүний нэг нь таныг гэх юм билээ?

-Тиймээ. Гадаад явдлын яамны сайд Мангалын Дүгэрс үрэн бид хоёр нэрээ ч өгөөгүй, үг ч хэлээгүй. Дотроо бол дургүй хүрээд л суугаа. Үндсэн хуулиндаа “Үг хэлэх эрхтэй” гээд заачихсан байдаг. Хурал дээрээ үнэн үг хэлж байгаа Бүгд хурлын гишүү- дийг яагаад ингэж хавчин дээрэлхэж байгаа юм гэж дотроо бухимдаад л суусан. Дүгэрсүрэн сайд ч бас тэгж л бодож байсан байх.

-Бүгд хурлын дараа том баривчилгаа эхэлж, нөгөө гурав төдийгүй хэдэн зуун хүнийг “намын эсрэг” хэмээн хоморголон шийтгэж, Ю.Цэдэнбалыг хамгаалагчид тушаал дэвшиж, өндөр шан харамжид хүрсэн гэдэг. Та хоёрт ямар байдлаар хандав?

-Сайд М.Дүгэрсүрэн бид хоёрыг Намын хянан шалгах хороонд дуудаж асуугаад Ю.Цэдэнбал даргатай уулз гэсэн. Цэдэнбал дарга Бүгд хурал дээр яагаад үг хэлээгүй вэ гэж тулгасан. Би “Дээд шүүхийн дарга хүн улс төрийн хурал дээр хамгаалсан үг хэлбэл хүмүүс надаар асуудлаа шийдүүлэхгүй болно шүү дээ” гэсэн. Дарга жаахан бодсоноо “Тийм нь ч тийм шүү” гээд явуулсан. М.Дүгэрс үрэн сайдтай юу ярилцсаныг мэдэхгүй.

-Тэр олон хүнийг цөлөхийг нь цөлж, өвлийн тэр тэсгим хүйтэнд гэр бүлээр нь тамалсан даа. Та болон танай шүүгчид л тэгж шийтгээд байсан уу?

-Зарим хүн тэгж ойлгодог юм. Энд шүүх, прокурор, НАХЯ-ны ямар ч шийдвэр гараагүй юм шүү. Улсын ерөнхий прокурор Д.Ёндонд үйчир, НАХЯ-ны сайд Л.Жамбалсүрэн бид гурав “Эрүүгийн хуулиар ял өгөхгүй шүү” гэж тохирсон. Яагаад гэвэл эд хурал дээрээ эрхийнхээ дагуу үг л хэлсэн хүмүүс. Хуулинд үг хэлэх эрхийг зөвшөөрсөн байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй гэдэг зарчим дээр хатуу тохирсон байсан. Манай гурван байгууллага хэнийг ч шийтгээгүй.

-Тэгээд хаанаас шийтгэчих нь энэ вэ?

-Хууль хүчний байгууллагуудын дээр Намын хянан шалгах хороо гэж бүрэн эрхтэй байгууллага байсан. Тэр байгууллага намын гишүүддээ дүрмийнхээ дагуу арга хэмжээ авах ёстой атал эрх хэмжээгээ хэтрүүлээд халдаг, цөлдөг, шалгадаг, тагнадаг байгууллага болчихсон. Бүгдийг тэр гараар үйлдсэн дээ.

Х.Дамдин: Хэргийг Тайп үйлдсэн болж омог хоорондын маргаан үүсэж билээ

-Хууль гажуудуулсан энэ үйлдлийг ярьсан хэлсэн хүн, асуудал тавьсан гадна дотны байгууллага байгаагүй юу?

-Энэ халсан, цөлсөн, хүнд хүчир ажилд нухлуулж тамласныгаа “Намын томилгоо” гэдэг байсан юм.


-Та өнөөгийн шүүхийг тавин жилийн өмнөхтэй харьцуулж хараад сууж байгаа. Юу гэж хэлмээр байна?

-Нүүр царай талаасаа сайхан болжээ. Байр орон сууц тохилог, боловсон хүчин сайтай хөрөнгө мөнгө элбэг, тоног төхөөрөмж хангалуун, сайхан болжээ. Би дотор нь орох биш, үйл ажиллагаа нь бодвол сайн явдаг биз.

-Хүмүүс шүүхийг, шүүгчдийг шүүмжлэх нь их болж. Мэргэжлийн хүний хувьд танд ажиглагдах юм байна уу?

-Зөвхөн хуульчийн нүдээр биш, иргэн хүний нүдээр харахад ч гарцаагүй хууль зөрчсөн, нэг талд үйлчилсэн, нам эвслийн нөлөөнд автсан зүйл харагдаад л байна. -Тухайлбал? -Хадгаламж зээлийн хоршооны хэрэг, түүнийг шийдсэн асуудал бол 1937-1938 оны хэлмэгдлийн сүнс босч ирсэн шиг харагдаж байгаа. Энэ хэрэг эхнээсээ хуулийг буруу хэрэглэсэн. Хуулийн жинхэнэ зүйл ангиараа бол тодорхой эздийг эрүүгийн хуулийн “Бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн” гэдэг зүйл ангиар гарцааг үй нотлох баримтад тулгуурлан шийтгэх байсан. Гэтэл хавтгайруулж, хүндрүүлээд Эрүүгийн хуулийн 148- ын “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэдэг зүйл ангиар шийтгэчихэж байгаа юм. Ямар ч залилангийн санаа агуулаагүй, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийг шүү дээ. Тэр хүмүүс “Бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлье. Зээлээ хурааж барагдуулъя. Хадгаламжаа төлье” гээд байхад бүх зүйлийг нь битүүмжлээд шоронд хорьчихсон. Битүүмжилсэн тэр их хөрөнгө хаана хэний гар дээр байна? Төрийн мөнгөөр төлс өн 50 хувийг хэн, хэзээ, яаж барагдуулав? Эдийн засгийн хямралын ноцтой хүнд үед одоо л энэ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж баймаар шүү дээ. Ийм “сул” гараар орчихсон хөрөнгө мөнгөний асуудлаа ярихгүй, цалин тэтгэвэр, хүүхдийн хоолны мөнг ө хасах л юм яриад байх юм. Тэр, ХЗХ-ны эздийг нь барьж шоронд хийчихээд, эзэнгүй хөрөнгөн дээр ялаа шиг шавж байхад шүүх, прокурор, цагдаа, тагнуул хаана явна гэж өөрийн эрхгүй бодогдож байсан шүү.

-Долдугаар сарын 1-ний үйл явдлыг манайхан хэрхэн шийдчихэв дээ. Мөн ч их үг хэл дагуулж байна даа.Та бол дотроо нарийн дүгнэлт хийж байгаа даа?

-Би, долдугаар сарын 1- ний үйл явдлын улстөрийн агуулга, үр дагаврын талаар яримааргүй байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хангалттай ярьж байна. Харин би асуудлыг шийдэж байгаа, хуулийн талаас нь бүр тодруулж шүүхийн талаас ганц хоёр зүйл хэлмээр байна. Арай дэндэж байна даа. Би таньдаг шүүгчээс асууж байгаа юм л даа. ХЗХ, Долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар. “Дээрээс заавал тэг гээд байхад чинь би яах юм” гэж байгаа юм. Хэдэн зуун хүнийг эрүүгийн хуулийн ганц зүйл ангиар шийтгэчихэж болохгүй шүү дээ. Үзэл бодлоо хамгаалаад жагсаал цуглаан хийхийг хориглосон заалт “Үндсэн хууль”-нд байхгүй. Тэр олон хүн хашгирч чулуу шидэж, тагнуулын дуранд өртс өнөөрөө шоронд суух ёсгүй. Харин тэр тэмцлийг далимдуулаад компьютер хулгайлаад явж байсан бол буруутай. Эрүүгийн хуулийн хулгай гэсэн заалтаар шийтгэгдэнэ. Цагдааг зодоод, цусыг нь урсгаад газар дээрээ баригдсан юмуу, гарцаагүй нотлох баримтаар тогтоогдсон этгээд, төрийн цагдаад халдсан, гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар шийтгэгдэх нь зүйн хэрэг. Түүнээс биш нэг зүйл ангиар хоморголон шийтгэх нь буруу.

-Жагсаал цуглаан зохион байгуулсан, үг хэлсэн, дэвэргэсэн турхирсан гээд баахан хүнийг шийтгэж байх шиг байна. Энэ нь хууль эрх зүйн талаасаа хэр зэрэг үндэслэлтэй зүйл вэ?

-Шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэж болдоггүй нэг зарчим бий. Энэ бол “Овоо босгоогүй бол шувуу хаанаас суух вэ” гэдэг зарчим. Энэ зарчмыг баривал алдаа гаргаж болно. Жишээ нь, айлын найран дээр хоёр хүн зодолдоод нэгийгээ алчихдаг. Энэ бол тэр хоёр хүний л асуудал. “Овоо босгоог үй бол шувуу хаанаас суух вэ” гээд найр хийж байгаа гэрийн эзнийг шийтгэж болохгүй биз дээ. Утга санаа адил ийм тохиолдлуудад болгоомжтой хандах хэрэгтэй юм.

-Шүүн таслах үйл ажиллагаанд хууль, эрх зүйн талаас нөлөөлөөд байгаа зүйл байна уу. Хүмүүс хуулийн цоорхой л гэж их ярих юм?

-Байна аа, байна. Эрүү, иргэний хуулиудад заавал засмаар зүйл олон тохиолдож байна. Өнөөдрийн гэмт хэрэгтэн гэдэг чинь хуулийг шүүгч, прокуроруудаас нь илүү уншиж судалчихсан, хаана нь ямар цоорхой байгааг андахг үй болчихсон хүмүүс байна. Цоорхой болгоныг ашиглан ял завшиж байна. Зарим зүйл дээр шүүгчид, яах ч аргагүй гар мухардах тал ч ажиглагддаг. Хуулийн ийм хоцрогдлоос болж 1300 төгрөг хулгайлсан хүн 10 жилийн ял авч байхад, олон тэрбумаар нь завшсан хүмүүс огт зүгээр л явж байгаа. Иймээс хуулиудыг дав даруй өөрчлөж, шинэчлэх хэрэгтэй гэж боддог.

-Академич С.Нарангэрэлийн боловсруулж, УИХын гишүүн Ш.Сайхансамбуугийн өргөн бариад байгаа Эрүүгийн хуулийн шинэ төслийн сураг гараад байх юм?

-Энэ чинь л чухал төсөл байж болох юм. Академич, шинжлэх ухааны гавъяат ажилтан С.Нарангэрэл бол хуулийн талаар асар өндөр мэдлэгтэй, олон улсын хуулиудыг их уншиж судалсан хүн. Сайн төсөл боловсруулсан байх гэж бодож байна.

-Гол нь ямар төсөл байгаасай гэж та бодож байна?

-Гол нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэрэнгүй, шударга ёсонд нийцсэн хууль байгаасай гэж бодож байна. Ялангуяа цаазлах ялаас татгалзаасай, эрүүдэн шүүхийн эсрэг бодьтой хувь нэмэр оруулах хууль байгаасай гэж бодож байна.

-Хууль зөөлөн бол гэмт этгээдүүд толгой дээр гарна л гэх юм байна шүү дээ?

-Тийм биш шүү дээ. Цаазлаад л, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгээд л, хатуу чанд нөхцөлд хориод л байвал гэмт хэргийг бууруулчих юм шиг, хашраачих юм шиг бодол зарим хүний толгойд байдаг юм. Шүүх засаглалын хувьд асар өндөр хөгжилтэй улс орнууд хуулиндаа цааз ялгүй, насаар нь хорих, заримдаа 100 гаруй жилээр хорих ял хүртэл оноож байгаа. Энэ чинь нэг талаас хүний амьд явах эрхийг хүндэтгэж байгаа, нөгөө талаас олон жилийн гяндан гэдэг чинь хүнийг шууд буудчихсанаас илүү хүнд ял байхгүй юу. Гянданд хэдэн жил суугаад амиа хорлочихсон тохиолдлууд бий шүү дээ.

-Би таныг мэдэхээс илүү, эдийн засгийн ухааны хүндэт доктор Зандан багшийг сайн мэднэ. Яагаад манай нутгийн ганц сор хүүхнийг аваад суучихав аа?

-Энэ тухай яривал бас түүх болно. Танай нутгийн охинтой 1952 онд ахындаа хуримлаж орхичихоод Орост сургуульд явж байлаа. 57 жил хамт амьдарч, их замыг тууллаа даа.

Г.ЖАМЬЯН(МУСГЗ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *