Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Монгол наадам бол Монгол түмний цэнгэлийн манлай өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлийн цогц юм

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хааж, үг хэллээ.

“Наадамчин олон Монголчуудаа,

Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа

Өвөг дээдэс минь Тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан, нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье. Монгол наадам бол Монгол түмний цэнгэлийн манлай өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлийн цогц юм. Наадам Монголчуудын эв нэгдлийн бататгаж, үндэсний бахархалыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн агуу их соёлоо үеэс үед уламлжлан, төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган, хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ. Энэ жилийн онцлог байдлыг харгалзан талын монголчууд маань тал нутагтаа сайхан наадаж 21 аймаг 330 сумандаа монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан, ард олноороо нэгэн зэрэг наадлаа. Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт Монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо. Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх өв соёлоороо үндэсний бахархлаараа хэмжигдлээ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэсний их эв нэгдэл юунаас илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухалыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа. Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа, сайхан наадаарай, Мөнх тэнгэрийн хүчин дор мянга мянган жил үргэлжлэх монгол наадам маань ийнхүү жаргаж байна” гэлээ.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *