Categories
мэдээ цаг-үе

Х.Баделхан: Төр аж ахуйтай зууралдаад хэрэггүй

Х.Баделхан: зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Х.Баделхантай ярилцлаа.

-Улсын төсөв батлагдчихлаа. Уг төсөвт гялайж, гялтайх зүйл алга гэж шүүмжлэх хүмүүс байна. Таны харж байгаагаар бид ирэх онд төсвийнхөө юун дээр илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

-Ирэх оны төсөв бол хүнд шүү. Засгийн газраас өргөн барьсан төсөлд төсвийн алдагдлыг 9.9 хувьтай гэж тооцсон. УИХ, Төсвийн байнгын хороо, ажлын хэсэг хуралдаад төсвийн алдагдлыг 9.1 хувь хүртэл бууруулсан. Зарим нэг тэвчиж болох зардлуудыг хассан. Урьд өмнө нь УИХ-аар хэлэлцэхдээ гишүүдийн саналын дагуу тойрогтоо ажиллах зарим нэг зүйлийг нэмдэг байсан. Энэ удаад ямар ч тийм боломж гараагүй. Шинээр хөрөнгө оруулалт оруулаагүй. Ер нь аль болох төсвийг хасах байдлаар ажиллаад төсвийн алдагдлыг 9.1 хувь болгосон юм. Энэ бол хамгийн дээд боломж нь л байсан. 9.1 гэдэг бол өндөр тоо. Ирэх жил төлөх өрийн хэмжээ ч их байгаа. Яг энэ төсвөөр ирэх жил ер нь сайн боломжийн ажиллана гэж хэлэхэд хэцүү байна. Тэр их өрөө ямар шугамаар яаж хаах вэ, ОУВС-тай ямар тохиролцоогоор тохирох вэ, өөр ямар хөнгөлөлттэй зээл авах боломж байна гэсэн тодорхой бус асуудлууд байна л даа. Ингэхээр ирэх жил төсөв нэлээд хүндхэн байна гэсэн хувийн бодолтой байна.

-Ямар хувилбараар ажиллавал эдийн засгийн тэр их хүнд байдлаас хохирол багатай гарч ирж болох вэ?

-Би өмнө нь төсвийн захирагч байсан. Сүүлийн жилүүдэд манай улсад төсвийн сахилга бат маш их суларсан. Төсөв хяналтгүй болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гурав, дөрвөн төсөвтэй явж ирсэн гэж байгаа шүү дээ. Улсын төсөв, концессоор маш их барилга бариулж тараасан, цаана вексел гэж Засгийн газраас төлөх өрийг банкнаас өндөр хүүтэй зээл авч хаасан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд төсвийн гадуур маш их замбараагүй байдал үүссэн л дээ. Энэ Засгийн газар гарч ирснээс хойших гавьяа нь бол саяхан төсвийн тодотголыг ярихдаа улсын төсвийг базаад нэг төсөвтэй болгосон. Энэ бол том гавьяа. Гэхдээ төсөв дотроо анхаарч ажиллах юм байна. Төсвийн сахилга бат алдагдахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг нь гаднаас дамжуулан зээлсэн зээл. Мөн төсвөөс авсан зээлүүд. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авсан хүмүүс зээлээ хугацаанд нь төлдөггүй байхгүй юу. Тэгсэн хэрнээ банкнаас авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөд байдаг. Манайханд нэг их буруу ойлголт тогтчихсон. Төсвөөс болон гаднаас дамжуулан зээлсэн зээлүүдийг зээл гэж тооцохгүй, эргэн төлөлтийг нь цаг хугацаанд нь хийдэггүй. Тийм дутагдал байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 2.8 их наяд төгрөгийн дамжуулан зээлдсэн зээл байна шүү дээ. Энэ нь манай улсын жилийн орлогын бараг 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний. Эдгээр зээлүүдийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь авч байсан бол боломжтой байсан. Ирэх жил үүний дөнгөж 10 хувийг барагдуулна гэж төсөвт тусгаж байгаа шүү дээ. Төсвөөс гадуур маш их хэмжээний хөрөнгө цацагдсаны нэг жишээ бол төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниуд. Эдгээр компаниуд өнгөрсөн гурван жилд маш их замбараагүй ажилласан.

УИХ-аас төсөвт байгууллагуудын орлого, зарлагыг нь хянаж байгаа. Гэтэл тэр компаниудын энэ хяналтаас гадуур явж, ТУЗ-өөрөө хуралдаж, өөрсдөдөө маш өндөр цалин тогтоогоод зарлага орлогоо батал гэвэл алдагдалтай байвал хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм тогтолцоо тогтчихсон байсан юм билээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрийн өмчит компаниудын өр гурав дахин өссөн юм байна. Өнөөдрийн байдлаар 10.8 их наяд төгрөг юм байна. Энийг хэн хариуцах юм, хариуцах эзэн алга. Энэ чинь эцсийн эцэст төрийн толгой дээр л ирнэ. Ийм хариуцлагагүй байдал их байгаа л даа.

-Ирэх онд нэлээд хэдэн төрийн компанийг хувьчлах асуудал яригдаад байгаа?

-Хувьчлах нь зөв. Төр аж ахуйтай зууралдаад хэрэггүй. Тэр ажлаа өгчихсөн байхад буруудах юм байхгүй. Ер нь төр оролцсон компаниуд дандаа алдагдалтай ажилладаг. Төр бол хамгийн муу менежер. Төр оролцчихвол төрийн мөнгийг саахыг л боддог. Төрийн юм гэхээр л эзэнгүй юм шиг ойлгодог учраас төрийн өмчит компаниудыг эрчимтэй хувьчлах нь зүйтэй гэдэг хувийн бодолтой байна.

-Эдийн засгийн хямралын үед томоохон бизнесмэн, үндэсний компаниудаа дэмжээд түшээд явах нь хамгийн зөв гарц гэж ярих боллоо?

-Ажлын байр бий болгож, хүмүүсийг ажил хөдөлмөртэй болгохын тулд жижиг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж дэмжих хууль батлагдах гээд байгаа. Тэр бол ажлын байрыг бий болгох, амьжиргааг дэмжсэн шийдвэр. Энэ бол зөв. Төсвийн орлогоо бүрдүүлэх бодлого бол тэрүүгээр хэрэгжихгүй л дээ. Тэд бол төсөвт олигтой орлого оруулж чадахгүй. Төсвийн орлогыг тэр том том компаниудаасаа л олно. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийн үйлдвэр байна. Тэр том төслүүдээ л үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Оюу толгойн анх байгуулсан гэрээ, Таван толгойн гэрээ зэрэгт төр зохих хэмжээгээр оролцож, хянах хэрэгтэй. Үнэндээ энэ хоёр том төслийг л хөдөлгөчихөд манай улсыг хямралаас гаргах мөнгө ороод ирнэ шүү. Тийм боломж байгаа юм. Миний хувьд эдгээр төслүүд дээрээ маш сайн ажиллах хэрэгтэй гэж боддог юм. Оюу толгой бол манай төсвийн зарлагын зургаан хувийг эзэлж байгаа. 2009 онд би УИХ-ын гишүүн байхдаа тэр үед энэ гэрээг батлахад Оюу толгой ажиллаж эхэлбэл Монгол Улс хөгжин бадарна гэж ярьж байсан юм. Тэгтэл өнөөдөр эсрэгээрээ зарлага гаргаад явж байна.

-Ирэх онд томоохон төслүүдийг хөдөлгөнө, эрчимжүүлнэ гээд байгаа нь хүмүүст хүлээлт үүсгээд байна л даа?

-Засгийн газар үүнийг тодорхой болгох хэрэгтэй юм байна. Тодорхой бус байгаа л даа. Яг Оюу толгойд юу хийх юм бэ, гүний уурхайг ажиллуулна гээд байгаа. Тэрнээс ямар үр дүн гарах вэ. Хичнээн хүн ажилтай болох юм. Таван толгой дээр юу хийх юм. Оюу толгой дээр эцсийн боловсруулах үйлдвэр ч гэж тодорхой юм ярихгүй байна шүү дээ. Таван толгой дээр ч гэсэн. Энэ бүгдийг яг ийм ийм зүйл хийнэ, ийм хэмжээний ажлын байртай болж, ийм хэмжээний ашиг олно гэдгийг тодорхой зарлах нь зүйтэй, Засгийн газраас. Одоо бол ерөнхий л ойлгоод явж байгаа. Заримыг нь гишүүд бид ч сайн ойлгохгүй байгаа, ний нуугүй хэлэхэд.

-ААН-үүдийг дэмжих зорилгоор санаачилсан татварын хөнгөлөлтийн хуулийг санаачлагчид анхны санаа нь гажуудаад байна. Хүмүүс лоббидоод янз бүрийн салбаруудыг оруулаад ирлээ гэж халаглаж байна билээ?

-Сонгуулийн үеэр бидний хувьд ярьж байсан зүйл бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ажлын байр бий болгож байгаа иргэдээ татварын бодлогоор дэмжинэ гэсэн ойлголттой л явсан байхгүй юу. Хуулийг өргөн барихдаа дөрөвхөн салбар гээд өргөн барьчихсан. Ойлгомжгүй байсан. Нэг талаар татварыг нь хөнгөлж байгаа юм шиг, нөгөө талдаа дөрөвхөн салбарыг дэмжиж байгаа юм шиг. Хоёрдмол ойлголттой байсан. Тэгээд үүнийг гишүүд эсэргүүцээд Засгийн газар буцаан татсан. Үүний гол санаа бол ерөөсөө л өнөөдрийн хямралтай нөхцөлд жижиг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж, тэднийг дэмжсэнийхээ хариуд ажлын байр бий болгож хүмүүсийг ажилтай болгох. Ийм л зорилготой байсан ч үүнээс гажуудсан учир эргээд татчихлаа.

-Уг хуулиар татварын хөнгөлөлтөд зайлшгүй хамрагдах ёстой нэг салбар бол хэвлэл мэдээллийн салбар гээд байгаа. Зарим гишүүд үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон?

-Хамруулах нь зүйтэй л дээ. Миний бодлоор аж ахуйн төрөл ялгахгүйгээр хэвлэл мэдээллийн компани, хивсний үйлдвэр ч байж болно, ноосны үйлдвэр ч байж болно. Бүртгэлтэй аж ахуйн нэгж тодорхой тооны ажлын байр бий болгоод хүмүүсийг ажилтай байлгаж байгаа тэр компанийн үйл ажиллагааг л дэмжиж байгаа хэрэг шүү дээ. Нэг ёсондоо татварыг нь хөнгөлж өгч тусалж байгаа бодлого. Эдийн засаг хямралтай ийм үед энэ хөнгөлөлт маш их хэрэгтэй. Тийм болохоор энэ хөнгөлөлтөд хэвлэл мэдээллийнхэн ч хамрагдах ёстой гэж дэмжиж байна.

-Улс төр маань тогтвортой боллоо, мега төслүүдээ хөдөлгөж эхэлнэ, төсвийн сахилга баттай болж байна гэсэн эдгээр эерэг үйлдлүүд маань гадны хөрөнгө оруулагчдыг татах үндэслэл болно гэдгийг Гадаад хэргийн сайд онцолж байсан?

-Хамгийн гол нь манай улс асар их газрын баялагтай шүү дээ. Гэхдээ бид тэр баялгаа ашиглаж чадахгүй байгаа. Өөрсдөө дангаараа ашиглах боломж бага. Хөрөнгө, техник технологи, мэргэжлийн хүн байхгүй. Ашиглахад хүнд шүү дээ. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад хамгийн түрүүнд хууль тогтвортой болох хэрэгтэй. Жишээ нь, гаднаас нэг хүн орж ирлээ, гэрээ хийлээ. Тэр гэрээ нь өдөр болгон л өөрчлөгдөөд байвал хэцүү. Гадны хөрөнгө оруулагчид бидэн дээр ирэхгүй. Тийм болохоор нэгдүгээрт, хууль тогтвортой байх хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа тэдгээр хөрөнгө оруулагчид бол бүгд бизнесийнхэн. Бизнесийн байгууллага ашгийн төлөө л явна. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулаад оруулсан хөрөнгөнөөсөө ашиг олохын тулд л аж ахуй эрхэлдэг. Тиймээс хууль эрхзүйн орчин тогтвортой болох хэрэгтэй. Төр нь солигдохын хэрээр түүнийг дагаж хууль нь солигдоод байвал гадныхан хэзээ ч ирэхгүй. Хөрөнгө оруулалтын хуулиар тэдний ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлж хангасан байх ёстой л доо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *