Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө “Газрын харилцааны ажилтны өдөр” болж өнгөрлөө. Энэ жил Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Газар зохион байгуулалтын алба үүсч хөгжсөний 66 жилийн ой тохиож байна. Энэхүү салбарын эрх зүйн орчин, үйл ажиллагааг боловсронгуй болгоход хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Газрын харилцааны салбар бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалт, орон зайн мэдээллийн менежмэнтийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар.
Барилга, хот байгуулалтын яам “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д салбарын чиглэлээр тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Газрын тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл, мөн Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.
-Олны анхаарлыг таатаад байгаа Аэро сити, Майдар хотын төслийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Дагуул хот байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?
-Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л хичээн ажиллаж байгаа.
Социализмаас ардчилсан нийгэмд, нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралд, төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд гээд л. Үүнтэй зэрэгцээд бидний амьдралын хэв маяг асар хурдтай өөрчлөгдөж, хүн амын тоо ихэсч, хотод амьдрах иргэдийн тоо нэмэгдсэн. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жил хот сууринг шинээр бий болгож байгаагүй юм байна. Нэгэнт энэ цагийн иргэдийн эрэлт, шаардлагад нийцсэн орчин цагийн хотыг барьж байгуулах нийгмийн шаардлага, хэрэгцээ үүсээд удаж байгаа болохоор нэн тэргүүнд Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд томоохон алхам болох үүднээс дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд явж байна. Цаашдаа алслагдсан хөдөө орон нутгуудаа хөгжүүлэх бодлогыг ч бид хажуугаар нь боловсруулаад явж байгаа.
-Дагуул хот байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Хотуудын тухайд гэвэл шинээр баригдсан Хөшгийн хөндийн олон улсын онгоцны буудал, төмөр зам, хурдны зам болон Улаанбаатар хоттой ойрхон тул байршлын давуу талтай. Энэ нь ирээдүйд оршин суух иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулахад нь логистикийн асуудлаа шийдэхэд дөхөм мөн эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах гол хүчин зүйл болж байгаа. Хүний амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх хот гэдэг зөвхөн хэдэн айлын орон сууц барих төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Хамгийн гол нь иргэдийн амьжиргаа, орлогыг бүрдүүлэх тал дээр эхлээд анхаарах ёстой. Дараагийн нэг хүчин зүйл бол боловсрол, соёлын байгууламж мөн эмнэлэг, түргэн тусламж гэх мэт нийгмийн дэд бүтцийн асуудлууд байдаг. Эдгээрийг бүрэн дүүрэн шийдсэн цагт хэн ч гэсэн эрүүл орчинд амьдрахыг хүсэх болно. Мөн Улаанбаатар хотоос 50 км зайтай тул бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх боловсон хүчин, хүний нөөцийн асуудлууд бага тулгарна. Үүнтэй зэрэгцээд ажлын байрууд тэнд бий болохын хэрээр Улаанбаатар хотын ачаалал хөнгөрөх нийгэм эдийн засгийн давуу талууд байгаа.
-Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн баригдсан. Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй. Уг хуультай холбоотой СӨХ болон нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн асуудал гэх мэт олон асуудлууд байна?
-Орон сууцын дундын өмчлөлийн асуудал ихээхэн шүүмжлэл дагуулдаг. ШӨХТГ-ын мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн гомдлын 1/4 нь дээрх асуудалтай холбоотой байна. Холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, амьдралд нийцүүлэх санал хүсэлтүүд яаманд ч байнга ирж байдаг. Ажлын хэсэг, зөвлөх баг гарган холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлага, энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байгааг судлуулсан. Гарсан санал дүгнэлтийн дагуу Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн. Энэхүү өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмэнтийг аймаг, нийслэлийн Засаг даргад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, инженерийн хангамжийн үйлчилгээг мэргэжлийн нэг байгууллагад гэрээгээр хариуцуулах, орон сууцын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулж оршин суугчаас болон тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төвлөрүүлэх хураамжийн хэмжээг тогтоох аргачлал, орон сууцанд хийх засвар, үйлчилгээний жишиг тариф, үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцох ажлыг журмаар зохицуулж байх, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын фонд (сан) бүрдүүлэх, түүнийг эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан заалтууд тусгагдсан байгаа. Шинээр байгуулсан орон сууцын хорооллууд СӨХ байгуулан иргэдээс хураамж төлбөр авч бизнес хийн, ашиг олж байна. СӨХ харуул хамгаалалт, тохижилт цэвэрлэгээг гэрээгээр гүйцэтгэнэ. Одоо ажиллаж байгаа ажилчид нь цалин хөлсөө аваад хэвээрээ ажиллана. Сууц өмчлөгчдийн төлбөрийг зохицуулах зөвлөлийн тарифаар авах учир төлбөрийн хэмжээ багасна. Удирдлагын болон үргүй зардал буурна. Манай орон сууцын тухай хууль дээр тооцоо судалгаа хийж, иргэдээс санал авч, олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын туршлагыг судалж, хоёр жилийн хугацаанд нягтлан боловсруулж, хуулийн төслийг бэлтгэсэн.
-Энэ онд салбар яаманд улсын төсвийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бэ?
-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт нийт 691 төсөл арга хэмжээнд 1,459,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.