Categories
гадаад мэдээ

Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эрх мэдлийнхээ хэсгийг шилжүүлэхээ мэдэгджээ

Бүгд Найрамдах Казакстан Улсын улс төрийн тогтолцоог ардчилсан системд шилжүүлэх төлөвлөгөөг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ оны нэгдүгээр сарын 25-нд гаргасан байна.

Ерөнхийлөгчийн одоогийн эрх мэдлийн тодорхой хэсгийг Засгийн газар болон Парламентад шилжүүлэх аж. Энэ нь гүйцэтгэх, хууль тогтоох байгууллагын хариуцлага, чадавхийг дээшлүүлнэ хэмээн үзэж байгаа юм байна.

Тэрбээр, “Засгийн газар, парламентад Ерөнхийлөгчийн 40 гаруй эрх мэдэл шилжинэ. Тухайлбал, парламент Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн батлах, орон нутгийн удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд шууд хяналт тавих эрхтэй болох юм.

Энэ хүрээнд Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Одоогоор Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг, нийтлэл нэвтрүүлгүүд явж байгаа бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл ард түмэндээ танилцуулж, саналыг нь авах юм. Энэхүү шинчлэлийг хийснээр хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт сайжирч, улс төрийн тогтолцооны тогтвортой байдал бэхжинэ” гэлээ.

Мөн тэрбээр өнгөрсөн сарын 31-нд БНКазУ-ын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хүргүүлсэн эдийн засгийн шинэчлэлийн гурав дахь үеийн талаарх илгээлтийг танилцуулав. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Казахстан улс эдийн засгийн хоёр томоохон шинэчлэл хийсэн. Эхнийх нь ЗХУ-аас тусгаарлаж, төлөвлөгөөт зах зээлийн эдийн засагт шилжих алхам байсан. Хоёр дахь нь «Казахстан-2030» стратеги болон шинэ нийслэл болох Астана хот байгуулагдсан явдал юм. Эдгээр шинэчлэлин үр дүнд Казахстан дэлхийд өрсөлдөх чадвараар эхний 50 орны эгнээнд орсныг мэдээлэлдээ дурьдав.

Харин гурав дахь илгээлтэд эдийн засгийн хөгжлийн шинэ технологийн загвар бий болгох зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд Засгийн газарт «Дижитал Казахстан» тусгай хөтөлбөр боловсруулахыг үүрэг болгожээ. Мөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн цогцолбор, тээвэр, барилгын салбарыг хөгжүүлэх, Евразийн логистикийн дэд бүтцийг хөгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн 2020 он гэхэд транзит тээврийн орлогыг 5.5 дахин буюу жилд 4 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх, барилгын зах зээлийг хөгжүүлэх замаар 15 жилийн хугацаанд 1.5 сая гэр бүлийг орон сууцтай болгох, дунд хугацаанд инфляцийн түвшинг 3-4 хувь бууруулах ажлыг хийх юм. Боловсролыг гурван хэл (Казах, Анли, Орос) хэлээр олгох, иргэдийг мэргэжил, техникийн боловсрол олгох сургалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг ажил гурав дахь эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөнд багтжээ. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр 2050 он гэхэд дэлхийн хөгжингүй 30 орны эгнээнд орох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *