Казахстан улсын нийслэл Нур-Султаны нэрийг Астана болгон буцааж өөрчлөх саналыг тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэмжжээ.
Ерөнхийлөгч уг саналыг дэмжсэн ба одоо үндсэн хуульд оруулахаар бэлдэж буй өөрчлөлтөд нийслэлийн шинэ нэрийг тусгах төлөвлөгөөтэй байгааг Токаевын хэвлэлийн төлөөлөгч Руслан Желдибай өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Есдүгээр сарын 2-нд тус улсын парламент дахь Шинэ Казахстан бүлгийн гишүүд Нур-Султан нэрийг Астана болгон өөрчлөх саналыг анх гаргаж байв.
Астана нэртэй байсан нийслэл 2019 оноос хойш Казахстаны анхны ерөнхийлөгчийн нэрээр Нур-Султан гэж нэрлэгдсэн юм.
Казахстаныг тусгаар тогтносноос нь хойш 30 орчим жил захирсан ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 онд албан тушаалаасаа сайн дураар огцорч, Токаевыг залгамжлагчаараа зарлаж байв.
Гэхдээ тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлсэн хэвээр үлдэж, өөртөө үндэстний эцэг “елбасы” цол өгсөн юм.
Касым-Жомарт Токаев энэ оны эхээр Казахстанд гарсан үймээний дараа Назарбаевын эрх мэдлийг хязгаарлаж, улс төрийн шинэчлэлтийг эхлүүлсэн нь одоо үргэлжилж байна.
Эх сурвалж: Radio Free Europe