Categories
мэдээ цаг-үе

Казахстаны алтан гургалдай Димаш Кудайбергенов

Казахстаны залуу дуучин Димаш Кудайбергеновын од болох зам 2015 онд Беларусийн “Славянский базар” олон улсын наадмаас эхэлсэн бөгөөд 2017 онд Хятадын “I’m a Singer” шоугаар дэлхий дахинаа танигдаж эхэлсэн юм. Тэрбээр “Азийн Грэмми” шагнал хүртэж, Азийн хамгийн алдартай дуучин болж, сүүлийн хоёр жил “Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу” жагсаалтад багтаж байна. Түүний гайхамшигтай хоолойг шүтэн биширдгээ Лара Фабиан, Жеки Чан, Ева Лонгория зэрэг одод илэрхийлээд байгаа билээ.

Казахстаны залуу дуучин, хөгжимчин, дуу зохиогч Димаш Кудайбергенов нь 1994 оны тавдугаар сарын 24-нд тус улсын Актобе хотод төржээ. Аав Канат Кудайбергенули Айтбаев нь Актобе хотын Соёл урлагийн газрын дарга, ээж Светлана Айтбаева нь Актобе хотын Филармоний дуучин, “SAZ” хүүхдийн студийг үүсгэн байгуулагч, өвөө эмээ нь мөн урлагийн авьяастай хүмүүс байдаг аж. Урлагийн гэр бүлээс гаралтай Димаш анх хоёр настайдаа тайзан дээр гарч, таван наснаасаа эхлэн төгөлдөр хуур, дуулаачийн дугуйланд явах болсон байна. Урлаг төдийгүй спортоор хичээллэх сонирхолтой тэрбээр усан сэлэлт, таэквондогоор хичээллэдэг. Дээд, доод бүх өнгөөр түвэггүйхэн дуулдаг тэрбээр төрөлх Казах хэлнээсээ гадна англи, орос, хятад хэлээр чөлөөтэй ярьж, дэлхийн 12 орны хэлээр дуулдаг. Дуулахаас гадна төрөл бүрийн хөгжим тоглож, дуугаа өөрөө зохиодог авьяаслаг залуу. Дэлхийн хэмжээний дуучин болоход аав нь хамгийн их дэмжиж тусалсан бөгөөд одоо продюсероор нь ажилладаг байна. Мөн түүний дүү Раушан нь дуулдаг аж.

Димаш 2014 онд А.Жубановын нэрэмжит хөгжмийн коллеж төгссөн. Дараа нь Астана хотын Казахстаны Үндэсний их сургуульд элсчээ.

Тэрээр TC Candler-ийн “Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу” чансаанд 2017, 2018 онд дараалан багтсан. Мөн “Men’s Health”, “South­ern Metropolis Daily”, “Chic Teen” сэтгүүлүүдийн нүүрэнд зураг авахуулж байв. 2017 онд Хятадын нисэхийн нэгэн компани онгоцоо түүний зургаар чимсэн байлаа. Энэ онгоц Шанхай – Бээжингийн чиглэлд ниссэн юм.

Өргөн цар хүрээтэй, зургаан октавтай хоолой нь баритон хоолойны хамгийн доод цэг хүрч, тэгснээ дээд сопранд хүрдэг болохоор Казахстаны дуурийн томчууд Димашт дуурийн театртаа дуулахыг санал болгоход орчин үеийн хөгжмөөр карьераа өсгөнө хэмээн сонгодог урлагаас татгалзжээ. Димаш “Би Казахстаныг дэлхийд танилцуулахыг хүсч байна” гэсэн нь нутаг нэгтнүүдээс нь маш их хүндэтгэл авчирсан байна.

Димаш Кудайбергенов нэгэн ярилцлагадаа Майкл Жексон, Ермек Серкебаев, Селин Дион, Лара Фабиан, Лучано Паваротти нарыг шүтдэг гэж хэлж байв.

Тэр алдарт хит дуу дуулахаас гадна өөрөө ч дуу зохиодог. “Өкiнiш”, “Война и мир”, “Сөз соны”, “Теттi елес”, “Селем”, “Үмытылмас күн”, “Көркемiм” гэсэн долоон дуутай.

Димаш гадаад, дотоодын олон уралдааны шагналыг хүртэж байлаа. Анхны шагналаа 2000 онд хүүхдийн “Айналайын” уралдаанаас авч байсан юм. 2010 онд олон улсын “Звонкие голоса Байконура” уралдаанд түрүүлж, 2012 онд Казахстаны залуу дуучдын “Жас канат” тэмцээний Гран При хүртсэн. Тэр жилээ телевизийн “Восточный базар” уралдаанд тэргүүлж, жилийн дараа Кыргызстаны “Мейкин Азия”-д түрүүлжээ. 2015 онд Беларусийн “Славянский базар” олон улсын наадамд түрүүлснээр Орос орон даяар танигдсан юм. Тэрээр тус наадмын Гран При шагналыг авах мөчид Димаш “Энэ шагнал олон залуусыг зоригжуулж, өсөн дэвшихэд нь маш их урам хайрласан гэж бодож байна. Учир нь ямар нэг дэмжлэггүйгээр, дан ганц авьяасаар хүн зорьсондоо хүрч чадахгүй” хэмээн хэлсэн байдаг.

Мөн Димаш 2017 онд Хятадын “I am a singer” уралдаанд хоёрдугаар байр эзэлснээр Хятад төдийгүй дэлхий нийт түүний авьяас, чадварыг гайхан бишрэх болсон юм. Түүний дуулахыг сонссон хүмүүс нулимс унагах нь энгийн үзэгдэл байдаг билээ.

“Top Chinese Music Awards”-ийн “Азийн хамгийн алдартай дуучин”, MTV Glob­al Chinese Music Awards-ийн “Гадаадын оны шилдэг дуучин” шагнал хүртэж байв. Тэрээр хамгийн сүүлд “The World’s Best” уралдаанд оролцож байв.

Димаш Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэртэй хамтран Өвөр Монголын ардын дуу “Хун галуу” дууг монгол, хятад, казах хэлээр Хятадын шинэ жилийн гала тоглолт дээр дуулсан нь монголчуудад ихэд таалагджээ.

2019 онд Димаш Хятад, Их Британи, ОХУ, Казахстанд тоглолтоо хийнэ. Дэлхийн олон оронд түүний фэн бий. Димаш фэнүүдээ “Dears” гэж нэрлэдэг. Түүний фэн клуб Казахстан, ОХУ, Беларусь, Их Британид байдаг бөгөөд 18-65 насны янз бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг аж. Нийт таван сая фэн энэ клубүүдэд харьялагддаг гэсэн тоо гарчээ. Түүний “Грешная страсть” дууны бичлэг “Россия 1” сувгийн 2018 оны хамгийн их үзсэн клип болсон юм. Сар гаруйн өмнө Димаш Испанид “Любовь уставших лебедей” дууныхаа клипийг хийсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *