Categories
гадаад мэдээ

Казахстан улсын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоор боллоо

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр албан тушаалаасаа огцрохоо албан ёсоор зарлалаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахгүйгээр халаагаа өгөхөөр шийдсэн нь ард түмнийх нь хувьд гэнэтийн мэдээ байсан юм. Үүний зэрэгцээ өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ шилжүүлэн өгөх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Казахстан улсыг гуч гаруй жил халаагүй удирдсан Нурсултан Назарбаев тав дахь бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө халаагаа өгч байгаа юм. Дараагийн Ерөнхийлөгчийг сонгогдтол Казахстаны парламентийн дээд танхимын дарга Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэж ажиллах аж. Учир нь тус улсын хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд эрх үүрэг нь парламент /Сенат/-ын даргад шилжих учиртай. Казахстан улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд болох юм. Касым-Жомарт Токаевын тухай халаагаа өгсөн Ерөнхийлөгч ийн тодорхойлжээ: “Улс орноо, эдийн засгийг нь сайн мэдэх хүн” гэв. Нурсултан Назарбаев гэнэт халаагаа өгөх болсон шалтгаан нь эрүүл мэндийн асуудал байж болзошгүй гэдэг мэдээлэл гарч байгаа юм. Гэхдээ түүнийг тааруухан ажиллаж байна гэх үндэслэлээр огцорч магадгүй гэх яриа сарын өмнөөс л гарч байжээ.

П. САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *