Categories
мэдээ нийгэм

​Казахстан улс ардчилал ба хөгжил цэцэглэлтийн замд || DNN.mn


Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстаны ард түмэнд хандаж Илгээлт гаргахдаа тус улсын улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг танилцуулжээ.

Ерөнхийлөгч К.Токаев ард түмэндээ хандсан тус Илгээлтдээ улс төрийн шинэчлэлийн шинэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлсэн байна.

Тэрээр Казахстаны Төрийн тэргүүн улс орныхоо улс төрийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх арга хэмжээг санал болгосон ба энэ нь улс төрийн хэд хэдэн чухал шинэчлэл, шинэ санаачилга тухайлбал, Парламентын үүрэг оролцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Түүнчлэн улс төрийн санаачилгыг хэрэгжүүлэх нь бусад улс орнуудын дэргэд шударга Казахстан Улсыг байгуулахад чухал алхам болох ёстой хэмээн үзжээ.

Касым-Жомарт Токаев “Amanat” намын даргын албан тушаалаа орхиж, намын эгнээнээс гарна гэдгээ ч мэдэгдсэн билээ. «Энэхүү хэм хэмжээ нь улс төрийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, бүх намуудын хөгжилд тэгш нөхцөлийг бүрдүүлнэ» гэж Токаев Илгээлтдээ дурджээ. Цаашлаад Сонгуулийн төв хороо, Дансны хороо болон Үндсэн хуулийн зөвлөлийн дарга, гишүүдийг “Amanat” намын гишүүнчлэлээс зайлшгүй гаргах тухай заалт оруулахыг санал болгов. Бүс нутгийн Засаг дарга нар мөн адил намын салбарыг удирдахгүй. “Засаг дарга болон түүний орлогч нарыг намын салбар нэгжүүдэд албан тушаал хашихыг хуулиар хориглох хэрэгтэй. Энэхүү шийдвэр нь олон туйлт намын тогтолцоог бий болгох боломжийг бүрдүүлнэ” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.

Тэрбээр намын тогтолцоог хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх, сонгуулийн үйл явцыг шинэчлэх, хууль сахиулах байгууллагыг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн институцийн үүргийг бэхжүүлэх, улс орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төвлөрлийг сааруулах, мөн хямралын эсрэг нэн тэргүүний цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгасан нь энэ удаагийн Илгээлтийн гол онцлог байлаа.

Ийнхүү олон эерэг өөрчлөлтүүд хийгдэхийн зэрэгцээ тус улсад гурван шинэ муж бий болохоор болсон байна. Дээрх шинэчлэлүүд нь Казахстан Улсын эдийн засаг, дотоод гадаад бодлого, үзэл баримтлал, тогтвортой байдал, эрчимтэй хөгжил зэрэгт эерэг нөлөө үзүүлэх юм.

Касым-Жомарт Токаев ардчилсан хандлагаа харуулж, тус улсын улс төрийн үйл явцад нөлөөлөх хэд хэдэн хөшүүргийг өөрөөсөө буюу Казахстаны Ерөнхийлөгчөөс түдгэлзүүлэхийг санал болгож, энэ нь ирээдүйд ард түмний эрх ашгийн төлөөх ардчилалд хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Д.БАТБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *