Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Капитализм байгуулж буй социалистууд

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийн “Посткоммунист синдром” хэмээх төгсгөлхэсгийн “Капитализм байгуулж буй социалистууд” бүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Сонины газар

ӨӨРИЙГӨӨ ХАРИУЦАХЫН ХЯМРАЛ

Социалист дэглэм хүний хөгжил боломжийг хаахын хэрээр өөрийгөө авч явах үүргээс нь чөлөөлдөг. Ийм учраас зөвхөн тушаасан зааварласан зүйлийг нь гүйцэтгэдэг, зөвшөөрснөөр өөр үйлдэл хийдэггүй гишүүдээс бүрдсэн нийгэм байлаа. Бүх хувь заяа нам засгийн гарт байгаа учраас маргаашийн төлөө санаа зовох шаардлагагүй, тэжээвэр сүргийн хувь заяанд олноороо дасахаас өөр сонголт байсангүй.

Эрх чөлөөний мэдрэхүйтэй, авьяас билигтэй, өөрчлөн шинэтгэх эрчимтэй хүний хувьд там болж хувирдаг энэ тогтоц идэвхгүй, санаачилгагүй, урсгалаар явах сонирхолтой, залхуу этгээдийн хувьд аятайханоромж болж байж. Нөгөө талаас хүний аз жаргалын мэдрэмж нь өөрт байгааг бусдынхтай харьцуулж,илүү гарсан хэсгээр нь тэжээгдэж явдаг учрааснийгмийн дээд давхаргад гарсан, тусгай хангамжтай золгосон хэсгийн тухай ярих ч хэрэг алга.

Ардчилал өөрийгөө хөгжүүлэх боломж хайж байсан, өсөн дэвжих сэжим бүрийг олж харах сортоотой хүмүүсийн хувьд өргөн зам нээсэн. Харин өрсөлдөөний орчинд амьдрах туршлагагүй, энэ талын чадвараар сул гэдгээ мэдэрсэн хэсэг нь өөрийгөө авч явах хариуцлагаас айн сүрдэх байдалтайгаар ардчиллын босгоор алхсан билээ.

Төрийн хамаарлаас зугтах процесстой зэрэгцэн, төрийн хамаарлыг эргүүлэн нэхэх үзэгдэл газар авсан ба гол лоозон нь “…. энд төрийн бодлого үгүйлэгдэж байна”, “…тэгэхэд төрийн оролцоо дутагдаж байна” гэсэн уриатай.

Иргэд өөрийн ур чадвараа ашиглан баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэлтэйгээ зэрэгцүүлэн, бүх бизнес дампуурахын цагт үгэнд нь ороод аятайхан байвал тэжээгээд өгөх социалист тогтолцоогоо нөөцөнд хадгалах хүсэл монголчуудад байсаар байна.

СОЦИАЛИСТ

КАПИТАЛИЗМ

Монголын ардчиллын хамгийн өвөрмөц байдал чухам энэ өв уламжлалд байна. Ардчилсан сонгуультай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, харин эдийн засгийн бүтцэд, ялангуяа нийгмийн салбарт социалист өмч давамгайлсан, олон нийтийн сэтгэл зүй нь хуучин системээ шинэ агуулгаар баяжуулах эрмэлзэлтэй тогтоц болов.

Нийгмийн баялгаас хүртэх, ахиж дэвших боломж нь намын үзэл сурталд хэр үнэнч байдлаас хамааралтай, хөдөлмөр, авьяас билгээ үнэлүүлэх систем нь яам тамгын хүнд суртлын аппаратаас шалтгаалаастай.

Эмнэлэг сургуулийн тогтоц нь хэний ч биш социалист маягийн өмч дээр тулгуурлана. Нийгмийн өмч байгаа атлаа түүнийг хамгаалдаг ардын хянан шалгах нь байхгүй, социалист өмчийг идэж ашиглавал цаазлах хүртэл ялтай чанга хууль халагдсан тул орлого, олзын сайхан үүсвэр болох боломжтой. Аливаа нам ялалт байгуулах бүртээ хамгийн үнэнч сайн гишүүнээ иймэрхүү социалист үйлдвэрийн газрын удирдагчаар “капиталист бологтун, нөхөр минь” хэмээн урамшуулан томилно. Арай бага зиндааны үнэнч гишүүд нь социалист өмчийг капиталист аргаар захиран зарцуулах эрхгүй ч гэсэн баталгаатай ажлын байртай болоод авна.

Монголын нийгэм чөлөөт зах зээлийн замд орсон сүүлийн 25 жилдээ гурван том хямралтай тулгарсан юм. Эхний хямрал нь системийнзадралтайхолбоотой зайлшгүй үзэгдэл байсан. Харин сүүлийн хоёр хямрал нь дөнгөж соёолж буй капитализмын ургац, мөхлөгийг социалист арга барилаараа хянгардсан хэрэг байлаа.

Эрх чөлөөнийх нь оронд өгч байсан төрийн баталгааг эрх чөлөөгөө эдлэнгээ хамтад нь хүртэж завших сонирхол нийгэмд хэвээрээ үлдэв. Өөрөөр хэлбэр юу дуртайгаа хийхийн зэрэгцээ “юу дуртайгаа хийхгүй байсны төлөө”авдаг шан харамжийг үргэлжлүүлж болно гэдэг итгэлтэй массын сэтгэл зүйлд тохируулан “хүний хөгжил”, “хүүхдийн мөнгө”, “баялгийн хишиг”, “оюутнууд автобусаар үнэгүй зорчих мөнгө” гэхчлэнгийн төрийн халамжийг бодож олон хөгжүүлсэн. Энэ нь нийгэмд хуримтлагдаж байсан жаахан баялгийг амархаан дуусгаж байлаа.

Коммунист нийгмийн иргэн нь чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд илүү дутуу өө юм нэхэхгүй ярихгүй, бодохгүй, зөвшөөрснөөс хальсан үйлдэл хийхгүй үүрэг хүлээх ба төр хариуд нь хэрэгцээтэй юм болгоныг нь хэрэгцээнийх нь хэрээр өгнө гэсэн зарчимтай. Тэгш бариа амлаад түүнийхээ төлөө хувийн эрх ашгаа золиослохыг тулгадаг үзэл санаа.

Харин ардчилал тэгш боломж, тэгш эрх чөлөөг хангахын зэрэгцээ өөр өөрийн өндөрлөгт гарах хэний ч замд садаа хийхгүй гэдгээ батална.

Гэвч Монголын онцлогтой капитализм нь тэгш эрх, боломж олгохын зэрэгцээ нийгмийн халамжаараа тэгшитгэсэн коммунизмын тэгш бариа амласан онцлогтой хөгжиж байна. Харин коммунизмын туган дээрх “Хүн бүр чадлын хэрээр, хүн бүрт хэрэгцээний хэрээр” гэдэг мөрөөдлийн зарчим “Хүн хүссэнийхээ хэрээр ажиллаад, харин хэрэгцээний хэрээр авах” болон хувирсан харагдана. Ийнхүү Монгол оронд “ижил гараа бас ижил бариа”-тай, шилжилтийн үеийн социалист чиг баримжаатай капитализм хөгжиж байна. Бидний төдийгүй, хүний түүхийн шинэ үзэгдэл бөлгөө.

КАПИТАЛИСТ ГАРАА СОЦИАЛИСТ БАРИА

Социалист тогтоц бол тэгшитгэлийн нийгэм. Хэнийг ч хоцроохгүй бүгд өв тэгш болгохболомжгүй учраас хэнийг ч түрүүлүүлэлгүй арагш нь тэгшлэх арга хэрэглэнэ. Өмчийг хураах замаар жигд ядууруулан зэрэгцүүлснээр энэ гараа эхэлсэн бөгөөд 1959 онд бүх малыг хурааж дууссан үйл явдлыг “БНМАУ-д социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” явдал гэж хувьсгалт түүхнээ үздэг билээ. Амьдралын дундаж хаагуур байхаас үл хамааран нийтээрээ амьмиргааны ижил түвшинд байх нь нийгэмд тогтвортой уур амьсгал авчирдаг.

Ийм учраас социалист Монголын иргэдийн дунд дарга цэрэг, боловсролын ялгаа байсан нь жигд ядуувтар амьдрал, цалингаас цалинд арайхийн залгасан жигд эмзэг амьжиргаа, социалист худалдааны төрх ба барааны хомсдлын тусгал болсон жигд даржин хувцас, үзэл суртал, үг хэлний алдаанд орж амьдралаа баллахаас болгоомжилсон жигд айдас гэхчлэнгийн олон тэгшитгэл дунд оршиж байсан. Зовлон нийтлэг учраас “ганцхан би ингэж байгаа юм биш” хэмээн хатамжилна.

Гэтэл ардчилал зах зээлийн тогтоцын маргаашаас эхлэн энэхүү олон олон жигд байдал алдагдаж эхэлсэн. Ердөө л өчигдөрхөн ав адилхан хоолны давс, ороох тамхи, өдрийн гуанзны мөнгө харилцан зээлдэлцэж явсан хүмүүсийн дунд баян хоосны ялгаа гарсан. Уламжлалт зах зээлийн нийгэмдажил олгогч, ажилчин хоёрын хооронд хамтын ажиллагаа л байхаас үзэн ядалт гомдол байхгүй.

Өчигдрийн тэгш байдал, өнөөдрийн ялгаа нь нийгэмд эмзэг туссан. Капиталист ертөнцийн Билл Гэйтсийн ангийн хүүхэд түүнийг зүгээр хамт байснаараа л дурсана. Харин монгол Гейтсийн ангийн анд түүнийг “Над шиг л байсан ш дээ” хэмээн ядуу байсныг онцлон санана. Түүний өсөн дэвжсэнийг бахдахаасаа өмнө, өөрөө тийм болж чадаагүйнхээ буруутныг хайна. Монголын эдийн засаг удаа дараа хямарч байгаа боловчялгаанаас үүдсэн зовлон нийгмийн сэтгэл дундуур байдлын гол шалтгаан болж байна. Энэ зовлон эдийн засгийн өсөлтийн жилүүдэд ч өөрчлөгддөггүйгээрээ онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *