Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Каннын кино наадамд дараахь бүтээлүүд өрсөлдөнө

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөрт тооцогддог Каннын кино наадам энэ жил тавдугаар сарын 14-25-ны хооронд зохион байгуулагдана. 72 дахь удаагийн Каннын кино наадамд дэлхийн шилдэг арт найруулагчид чуулж буй нь кино сонирхогчдын анхаарлыг татаад байгаа. Энэ жилийн нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн “Үхдэлүүд үхдэггүй” (The Dead Don’t Die) кино шалгарчээ.

Наадмын өрсөлдөөнт хэсгийн ерөнхий шүүгчээр Мексикийн алдарт кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту ажиллах юм байна. Энэ төрөлд олон орны нийт 18 кино сонгогдсон. Найруулагч Бон Жүн О- “Шимэгч” (Parasite), Терренс Малик- Нуугдмал амьдрал (A Hidden Life), Педро Альмодовар- Өвдөлт ба бахдал (Pain & Glory), Жим Жармуш- Үхдэлүүд үхдэггүй (The Dead Don’t Die) зэрэг кинонууд сонгогджээ.

Энэ жилийн тухайд найруулагч Бон Жүн О үзэгч, өрсөлдөгчдийн анхаарлын төвд байгаа юм. Тэр бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай триллер киноны мастер билээ. Түүний “Эх” (Mother), “Аллагын дурсамж” (Memories of Murder) кинонууд хамгийн алдартайд тооцогддог.

Мөн сонирхуулахад, Францын шинэ давалгааны үеийн гол найруулагч, дэлхийн кино урлагийн нэгэн тод эмэгтэй найруулагч Аньес Варда таалал төгсөөд удаагүй байгаа билээ. Эрхэм найруулагч эмэгтэйд хүндэтгэл үзүүлэн 27 насандаа түүний хийсэн “La Pointe-Courte” киноны зураг авалтын үеийн гэрэл зургийг 2019 оны Каннын наадмын постер зургаа болгон сонгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *