Импортын татвар ногдуулах замаар худалдаанд саад тотгор учруулж буй Канад болон Европын Холбоог /ЕХ/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ээлжит удаагаа шүүмжлэн буруутгалаа.
“Олон жилийн туршид АНУ-ын эсрэг их хэмжээний худалдааны татвар ногдуулж, мөнгөн бус хэлбэрээр худалдаанд саад тотгор учруулж байснаа ЕХ, Канад хоёр яагаад олон нийтэд мэдээлэхгүй байна вэ? Манай фермерүүд болон компаниудад маш шударга бусаар хандаж байна” гэж тэрбээр бичсэн байна.
АНУ-ын эрх баригчид гуравдугаар сарын 23-наас эхлэн ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд 25 хувь болон 10 хувийн татвар тус тус ногдуулсан билээ. Энэ татвар нь АНУ-д ийм төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх улс оронд хамаатай, гэхдээ ЕХ-ны орнууд, түүнчлэн Аргентин, Бразил, Канад, Мексик, Өмнөд Солонгосын хувьд дээрх татвар үйлчилж эхлэх хугацааг хойшлуулж, зургадугаар сарын нэгэн болгосон байна. Лхагва гарагт ЕХ мэдэгдэл гаргаж, долоодугаар сарын нэгнээс хариу арга хэмжээ авна гэжээ.