Ерээд оны эхээр Камеруны хоёр хар Монголд ирж манай хүүхнүүдэд ДОХ гээчийг тараан, аюулын харанга дэлдэж байлаа. Өнөө хоёр этгээдэд хууль хяналтынхан хүртэл ойртож чадахгүй сүржигнэж байхад халдвартын эмч нар шинжилгээ хийсэн байдаг. Гэтэл тэднээс тэмбүү, заг хүйтэн, трихомониаз гээд бэлгийн замын бүхий л өвчин илэрсэн нь бий. Тэдэнтэй хавьтсан байх магадлалтай хүүхнүүдийг эмч мэргэжилтнүүд цагдаагийнхантай хамтарч шалгахад нэг хүн ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдсон. Ийм л дуулиан ерээд оны эхээр мандаж байлаа. Тэгтэл бас нэг “Камеруны азарга” монгол гүүнд ДОХ тараачихжээ.
Тодруулбал, Араб, Оросоос оруулж ирж буй хурдан удмын гэх цэвэр цусны адуунаас нийлүүлгийн өвчин буюу энгийнээр хэлбэл адууны ДОХ Монголын нутаг дэвсгэрт хэдийнэ тархсан байна. Улаанбаатар хот болоод төв, зүүн аймгуудын адуун сүрэг адууны ДОХ-ын халдвараар өвчлөөд байгаа аж. Хөдөө аж ахуйн эрдэмтдийн тооцоолж буйгаар адууны ДОХ Монголын гурван сая адуун сүргийн хорь орчим хувьд нь тархсан гэх судалгаа гарчээ. Адууны нийлүүлгийн өвчний үүсгэгч нь азарганы төмсөг, гүүний үтрээний салст бүрхүүлийн хялгасан судсанд шимэгчлэн амьдардаг.
Мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар энэхүү өвчин нь хүний биед халдварладаг бэлгийн замын өвчний шинж тэмдэгтэй ижил гэнэ. Бүр ойртуулж хэлбэл, бэлгийн замаар дамжин халдварлаж, шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг трихомониаз өвчинтэй ижил юм байна. Нийлүүлэг өвчний шинж тэмдэг нь хэд хэдэн зүйлээр онцгой илэрдэг. Азарганы сэлдээ төмсөг нэлэнхүйдээ яр шархаар дүүрч, хүйтэн хавдар гүйнэ. Үндсэндээ азарганы сэлдээ, төмсөг салтаандаа багтахааргүй цэлдийтэл хавдаад эхэлбэл хурцадмал үедээ орсных. Халдвар авсан адуу тарга хүчээ маш хурдан алдаж, ямар ч дархлаагүй болж, гүү тэр дороо хээл хаядаг байна. Ер нь нийлүүлгийн өвчнөөр хээл хаясан гүү дахиж хээл авдаггүй гэсэн судалгаа олон улсад байдаг ажээ.
Өөр нэг шинж тэмдэг илэрдэг нь мэдрэлийн саажилттай холбоотой. Өвчний үүсгэгчийн трипаносмоген гэдэг мэдрэлийн хор их хэмжээгээр ялгарснаас адууны нэг талын үе мөч нүүрний мэдрэл хэсэгчлэн сааждаг. Нүүрний мэдрэл саажсанаас нүүр тэр чигтээ мурийлт өгөх, аль нэг тийшээ уруул нь сул унжих, мэдрэл саажсан талын өрөөсөн чих хөдөлгөөнгүй болох, дүлийрэх, улмаар нүд нь харахаа болино. Мөн гуя хондлой хэсэг шуугдан хатингаршиж, бөгсөө чирэх шинж тэмдэг илэрдэг байна. Адууны ДОХ-ыг эмчлэх эм тариа Монголд мэдээж байхгүй. Францаас оруулж ирдэг адууны эмээс цаашгүй гэнэ. Харин сүүлийн үед ХААИС-ийн эрдэмтэн багш нар уг өвчнийг анагаах талаар гадны эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.
Мөнгөө багтааж ядсан, нэр төр хөөсөн бүхэн хурдан морь сонирхож, гаднаас цэвэр үүлдрийн адуу өндөр үнээр оруулж ирэх болсон. Түүнээ дагаад мөнгө угаах маш том сүлжээ бий болж, төрийн түшээд, сайд дарга нараасаа аваад алдарт, манлай болох гэсэн монголчуудын хийрхэл ийнхүү зуун зууны түүхтэй монгол адууныхаа удмын санг устгахад хүргээд байна.
Японы мал эмнэлгийн эрдэмтэд монгол адуунд ургийн бичиг гэж байхгүйд гайхшралаа барж байсан. Адууны соёл, морь уралдуулах дэг жаяг, олон жилийн түүхтэй энээ тэрээ хэмээн хэн хүнгүй сүрхий ярьдаг ч удмын бичигтэй нэг ч адгуус Монголд байхгүй. Энэ бол соёлт хүн төрөлхтөнд эмгэнэл юм. Алгын чинээхэн гөлөг удам угсаагаа хөтөлсөн дөрвөн хуруу зузаан номтой байдаг. Дэлхийн хүн төрөлхтөн амьтдынхаа удам гарлыг тэгж хөтөлдөг. Гэвч удмын бичиггүй монгол адуу эмчлэгдэхэд хамгийн хүнд гэгдэж буй адууны ДОХ-оор өвчилсөн нь удмын сангаа үгүй хийх аюул нүүрлэсний нэгэн илрэл боллоо. Одоо бид адуу бүрийн удмын бичгийг хөтөлж, хурдан хурц, өвчин тусч байсан эсэх гээд бүхий л мэдээллүүдийг нь гаргахгүй бол талын нүүдэлчин Монгол хийрхсэн хэдэн баячуудын зугааг гаргах нэрээр адууныхаа удмын санг үгүй хийх аюулд тулж ирлээ.
Ө.Манлай