Зүүн өмнөд Азийн Камбожи улсад ковид-19 халдварын омикрон хувилбарын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед 3-5 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ гэж тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ.
Тодруулбал, олон нийтэд цацсан аудио мессеждээ ерөнхий сайд өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур омикрон хувилбар тус улсад нэвтэрснээс хойш халдвар авсан хүмүүсийн 20 гаруй хувь нь тав ба түүнээс доош насны хүүхдүүд байсан гэжээ. “Тиймээс 3-5 хүртэлх насны хүүхдийг омикрон хувилбараас хамгаалахын тулд вакцинд хамруулах шаардлагатай” гэж мэдэгдсэн байна. Улс даяар ойролцоогоор 700 мянган хүүхэд энэ насны бүлэгт хамрагдаж байгаа бөгөөд вакцин нь халдвар авах магадлалыг бууруулаад зогсохгүй хүн халдвар авсан тохиолдолд өвчний хүнд явцыг хөнгөвчлөхөд тусалдаг гэж мөн мэдэгдэлд дурджээ.
Камбожийн ерөнхий сайд Хун Сен улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдүүдэд вакциныг аль болох хурдан өгч, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдаас хүүхдүүдээ хамгийн ойрын вакцинжуулалтын цэгт авчрахыг зөвлөжээ.
Тус вант улсад пүрэв гарагт гэхэд 444 шинэ ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэний 14 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд бүгд омикрон хувилбар болох нь батлагджээ. Тус вант улсын вакцинжуулалтын кампанит ажилд ашигласан вакцины ихэнх нь Хятадын Синовак болон Синофарм байна.