Categories
гадаад мэдээ

Жүжигчин Шон Пенн Украин дахь Оросын түрэмгийллийн тухай баримтат кино хийж байна|| DNN.mn

Жүжигчин Шон Пенн Украин дахь Оросын түрэмгийллийн тухай баримтат кино хийж байна

Жүжигчин Шон Пенн VICE студитэй хамтран Орос, Украины талаарх баримтат кинонд ажиллаж байна хэмээн тус студийн төлөөлөгч мэдэгджээ.

61 настай жүжигчин эр өдгөө Украинд байгаа бөгөөд бүс нутагт бий болсон хурцадмал байдал, Оросын түрэмгийллийг баримтжуулж байгаа аж. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч NBC News-т уг төслийн талаар нэмэлт тайлбар, мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргүүддээ Украин руу довтлох тушаал өгснөөс хойш хэдэн цагийн дараа Пенн Украинд ирсэн гэжээ. Оросууд өчигдөр /24-ий пүрэв гарагт/ Украиныг агаараас, хуурай газарт бөмбөгдөж, олон зуун цэрэг, энгийн иргэд амь үрэгдсэн.

Оскарын шагналт жүжигчин Киев дэх ерөнхийлөгчийн тамгын газарт өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр байсан зургийг нь Украины нэгдсэн хүчний хэвлэлийн алба нийтэлжээ. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн инстаграмын сторид жүжигчин Пенн хальт харагдаад өнгөрчээ.

Энэ удаад Пенн Украинд анх удаа очоогүй юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Пенн Донецк дахь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай фронтын шугамын ойролцоох цэргийнхэнтэй уулзахаар тус улсад очсон гэж “Deadline” мэдээллээ. Украйны нэгдсэн хүчний ажиллагааны хэвлэлийн алба тухайн үед жүжигчин Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй ярьж буйг харуулсан зургийг нь хуваалцжээ. Жүжигчин Шон Пенн өөрийгөө дэлхийн хямралын төвд орууллаа хэмээн олон нийт түүнийг багагүй шүүмжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *