Categories
мэдээ нийгэм спорт

Жүдоч Л.Энхрийлэнд Парисын их дуулгын хүрэл медаль хүртээхээр шийдвэрлэв

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос алдаагаа хүлээн зөвшөөрч Их дуулгын хүрэл медалийг Францын жүдоч Прискилла Гнето /Priscilla Gneto/-гоос эргүүлэн авч Монголын жүдоч ОУХМ Л.Энхрийлэнд олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, Парисын их дуулгын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хэсгийн аваргын төлөөх барилдаан Японы Tamaoki Momo болон Францын Priscilla Gneto нар барилдаж байх явцад Gneto-гийн гар утас дэвжээнд унаснаар /барилдааны бичлэгээс 2:22 секундийг хараарай/ Hansoku Make-ээр дэвжээнээс хөөгдсөн юм. Дүрмийн дагуу Hansoku Make-ээр хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй.

Харин хүрэл медалийн төлөө тэрбээр Л.Энхрийлэнтэй дэвжээнд гарч барилдан эргэлзээтэй үнэлгээгээр нэмэлт цагт монгол жүдочийг ялж хүрэл медаль хүртсэн юм. Улмаар ОУЖМХ /IJF/ энэхүү дүрэм зөрчсөн алдаагаа залруулж ОУХМ Л.Энхрийлэнд “Парис-2022” их дуулгын хүрэл медалийг дараагийн IJF-гийн цуврал тэмцээний үеэр гардуулан өгөх шийдвэр гаргажээ.

Энэ жилийн Парисын Их дуулгад оролцсон Монгол Улсаас 13 залуу мастер хүчээ сорин барилдсанаас Их дуулгын 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар оролцогч 52 орны шилдгүүд өрсөлдсөн тус тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан юм.

Ташрамд сонирхуулахад, энэ удаагийн Их дуулгад 5 улс алтан медалийн тавцанд гарч, төрийн далбаагаа хамгийн өндөрт өргүүлж, төрийн дууллаа Парисын тэнгэрт эгшиглүүлсэн бөгөөд 15 улс медаль хүртэж, 37 улс медальгүй хоцорсон юм. Үүнээс үзэхэд, “Парис-2022” их дуулга ямар өндөр чансаатай тэмцээн байсныг харуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *