Categories
гадаад мэдээ

Жон Керри Орост айлчилна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх долоо хоногт Орост айлчлах гэж байна. Тэрбээр ирэх Мягмар гаригт Кубаас буцаж ирснийхээ дараа Москвад айлчлах гэнэ. ОХУ Сири улсаас цэргийн гол хүчээ эргүүлэн татах болсны дараа Жон Керри Москвад айлчлахаар болжээ. Тэрбээр ОХУ-ын талтай Сирийн зөрчил хямралын асуудлыг хэлэлцэх гэнэ. Жон Керри “НҮБ-ын зуучлалаар Сирийн энхийн яриа хэлэлцээ Женевт эхлэхтэй зэрэгцэн ОХУ цэргээ татсан нь зөрчлийг зогсоох алтан боломж” хэмээн сайшаажээ. Сирид таван жил үргэлжилж буй иргэний дайныг зогсоох энхийн яриа хэлэлцээ энэ долоо хоногийн эхээр Женевт дахин эхэлсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сири улсаас цэргээ татахыг тушааснаар мягмар гаригт /III.15/ Су-24, 25, 34 онгоц, нисдэг тэрэгнүүд нутаг буцсан байна. Сирид Оросын хэчнээн цэрэг байгаа нь тодорхойгүй боловч АНУ-ын тооцоолсноор 3000-6000 хүрэх гэнэ. Гэхдээ Сирийн Латика дахь Оросын агаарын бааз болон Газар дундын тэнгис дэх усан флот нь үлдэж ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. Хэдийгээр ОХУ Сири улсаас цэргийн гол хүчээ гаргаж эхэлсэн ч агаарын цохилтоо үргэлжлүүлж байна. Тухайлбал, Оросын байлдааны онгоцнууд өчигдөр хэт даврагчдад эзлэгдсэн Палмира хотын ойролцоо “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгчээ. “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн тавдугаар сард Палмира хотод хяналтаа тогтоосноор “UNESCO”-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн түүх соёлын газруудыг эвдэлж сүйтгэсэн юм.

ОХУ нь өнгөрсөн оны есдүгээр сард “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаарын цохилт өгч эхэлжээ. Их Британид төвтэй хүний эрхийг ажиглах байгууллагаас энэ гуравдугаар сарын эхээр мэдээлснээр Оросын агаарын цохилтод 1733 энгийн иргэн амь үрэгдсэний 429 нь хүүхэд гэнэ. Түүнчлэн ОХУ-ын агаарын цохилтоор Сирийн босогчид болон аль-Нусра хүчний 1492 хүн, “Исламын улс” бүлэглэлийн 1183 зэвсэгт дайчинг устгасан гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *