Categories
гадаад мэдээ

Жо.Байден, В.Путин нар цахим уулзалтаар юу ярив

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын цахим уулзалт АНУ-ын зүүн эргийн цагаар 10:07, Москвагийн цагаар 18:07 цагт эхлэв. Цахим уулзалтын эхэнд Байден Украины хилийн ойролцоо ОХУ цэргийн хүчээ төвлөрүүлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлэн, хариу эдийн засгийн болон бусад хүчтэй арга хэмжээнүүд авна хэмээн сүрдүүлсэн байна. Энэ нь АНУ Оросын эрчим хүчний том төсөл болох Хойд урсгал-2 байгалийн хийн хоолойг зогсоож, дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийгддэг SWIFT системээс ОХУ-ыг хасах зэрэг эдийн засагт хүчтэй нөлөөлөх арга хэмжээнүүд авна гэж сүрдүүлсэн гэсэн үг аж. Үүний хариуд Владимир Путин “ОХУ Украинд довтлохгүй” гээд Украинаас удаа дараа зэвсэгт болон бусад аргаар өдөөн хатгалга хийж, Минскийн гэрээний хэрэгжилтийг “Шилжилтийн үеийн төрийн бодлогын тухай” хуулийн төслөөр санаатай тасалдуулж байгааг буруутган, Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) зүүн зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хилд тулган цохилтын зэвсэг байрлуулахгүй байх найдвартай, хуулиар баталгаажсан баталгааг Жо Байденаас шаардсан байна.

Оросын “Тасс” агентлаг төрийн тэргүүнүүдийн цахим уулзалт нь хакерын дайралтаас сэргийлэн өмнөх захиргааны үед өндөр хамгаалалттайгаар бүтээгдсэн ч ашиглаж чадаагүй байсан тусгай сүлжээг анх удаа ашиглан төрийн тэргүүнүүд цахим уулзалт хийж буйг цохон тэмдэглэсэн байна. Мөн Кремлийн хэвлэлийн алба хоёр удирдагч Вашингтон, Москва хоорондын харилцаа хангалтгүй, ялангуяа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хязгаарласан нь хүндрэл учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Америкийн эрх баригчдын бодлогын үр дагавар гэдгийг В.Путин дурдаад, хуримтлагдсан хязгаарлалтыг хүчингүй болгохыг санал болгосон гэж мэдээлжээ.

Цахим уулзалтын нээлтийн үеийн бичлэг Жо.Байден, В.Путин нарын найрсаг мэндчилгээгээр эхэлсэн ч улмаар хаалттай горимд шилжиж, хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Путин Оросын өмнөд хэсгийн Сочи хот дахь сууцнаасаа цахим уулзалтад оролцжээ. Энэхүү цахим уулзалтын дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан сэтгүүлчдэд ерөнхийлөгч Жо Байден “Бид өмнө нь 2014 онд хийх ёстой байсан ч хийж чадаагүй зүйлээ одоо хийхээр бэлтгэсэн” гэж В.Путинд шууд хэлсэн болохыг онцолжээ. Энэ нь 2014 онд Крымын хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн үйл явдлын дараа ОХУ-ын эсрэг авах гэж байсан арга хэмжээг хэлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, олон улсын банк хоорондын мөнгөн гуйвуулга болох SWIFT системээс ОХУ-ыг хасвал хойд хөршийн хөрөнгө чинээтэй хувь хүн, байгууллагын бүх гадаад данс, хөрөнгө шууд царцан, нефть, хий болон бусад экспортын орлого тодорхойгүй хугацаагаар зогсож эдийн засгийн сүйрэл болно гэсэн үг. Өнөөдөр ОХУ-ын 175 мянган цэрэг,офицер болон армийн техник хэрэгслээ Украины хилийн дагуу байршуулан хэзээ мөдгүй дайралт хийхэд бэлэн болсныг АНУ-ын тагнуулын албаныхан мэдээлсэн. “Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд асуудалд өгөө аваатай байсан ч Жо.Байден ерөнхийлөгч АНУ-ын байр суурийг бүх асуудалд тодорхой илэрхийлсэн” гэж Жейк Сулливан онцолжээ. Тухайлбал, АНУ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах амлалтдаа бат зогсохоо илэрхийлсэн аж. ОХУ-аас Украин руу дайрсан нөхцөлд АНУ-ын улстөрчид болон Европын холбоотнууд нь Москвагийн эсрэг эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авахыг Жо.Байденд анхааруулаад байгаа юм байна. Түүнчлэн Украины батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-аас нэмэлт зэвсэг, техник хэрэгсэл нийлүүлэхээс гадна NATO-гийн зүүн хэсгийн холбоотнууд байлдааны бэлэн байдалд байгааг ч Жейк Сулливан мэдэгдэв.Тэрбээр “АНУ болон Европын холбоотнуудын зүгээс үүссэн зөрчлийг намжаахын тулд өргөн хүрээнд ОХУ болон Москвагийн стратегичдийн санааг зовоож буй асуудлуудыг хэлэлцэнэ. Бид хүйтэн дайны эгзэгтэй үед ч амжилттай хэлэлцээ хийж ирсэн туршлагатай” гэж нэмж хэлсэн аж. Уулзалтын үеэр хоёр тал ОХУ-АНУ-ын стратегийн аюулгүй байдлын хэлэлцээг хөндөн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг бүс нутгийн асуудлуудыг ч авч хэлэлцжээ. Жо.Байден, В.Путин нар өнгөрсөн зургадугаар сард Женевт болсон чуулга уулзалтын үеэр биечлэн уулзсан бол өнгөрсөн долдугаар сард утсаар яриад байсан юм.

Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтын дараа Ерөнхийлөгч Жо.Байден үдээс хойш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Марио Драгхи болон Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нартай уулзжээ. Энэ уулзалт нь Германы канцлер Ангела Меркельтэй хийсэн холбоотнуудын сүүлчийн уулзалт юм. Учир нь энэ уулзалтаас хойш Ангела Меркелийн оронд Олаф Шольц Германы канцлерийн албыг залгамжлах юм. Мөн Ерөнхийлөгч Жо.Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихаар төлөвлөсөн байна.

Энэхүү уулзалтын дараа ОХУ-ын хэвлэл, мэдээлэл хоёр улсын төрийн тэргүүн яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлж, өөрсдийн төлөөлөгч нартаа “хөндөгдсөн эмзэг асуудлын талаар бодитой зөвлөлдөх уулзалт” эхлүүлэхийг даалгахаар тохиролцсон гэж байгаа бол ОХУ Украинд халдахаас сэрэмжилж АНУ “хүчтэй арга хэмжээ” авахаар бэлтгэж байна гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *