Эртний Түрэгийн үед холбогдох дөрвөн хүн чулуун хөшөө.
Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс 8 км зайд байх Живхээстэйн амны эхэнд хоёр хиргисүүр, эртний Түрэгийн тахилгын онгон бүхий тус дурсгалт газар бий. Энд урдаас хойш чигтэй 6 ширхэг эртний Түрэгийн үеийн тахилгын онгон байх бөгөөд эдгээрийн тав нь зүүн талдаа, зүүн тийш харуулан зоосон хөшөө чулуутайгийн дөрөв нь хүн чулуун хөшөө юм.
Хүн чулуудыг бараан өнгийн хүрмэн чулуугаар зөвхөн хүний нүүрийн дүрс сийлж хийсэн бөгөөд болхи хийцтэй, ямарваа эд хэрэглэл, хувцас өмсгөл байхгүй учир он цагийг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй. Гагцхүү эдгээрийн хамт байгаа чулуун хавтант хашлага, зүүн талдаа хүн чулуу байрласан зэргээс үндэслэн тухайн дурсгалыг Түрэгийн үед холбогдуулж, энэ нь Монгол улсын нутагт буй Түрэгийн дурсгалын хамгийн зүүн хойд хязгаар гэж үзсэн зүйл бий. Эдгээр тахилгын хашлага болон хүн чулуудыг урдаас хойш дугаарлав.
№1. Хүн чулуу: 41×37×19 см. Хашлага: баруунаас зүүн тийш 246 см, урдаас хойш 269 см. 1-р хүн чулуу 2-р хүн чулууны хооронд 224 см зайтай.
№2. Хүн чулуу: 43×32×20 см. Хашлага: баруунаас зүүн тийш 308 см, урдаас хойш 213 см. 2-р хүн чулуунаас 3-р хүн чулууны хооронд 168 см зайтай юм.
№3. Хүн чулуу: 30×20×18 см. Хашлага: баруунаас зүүн тийш 190 см, урдаас хойш 185 см.
№4. Хүн чулуу: 30×20×16 см. Хашлага: баруунаас зүүн тийш 180 см, урдаас хойш 160 см.
№5. Хөшөө чулуу: 44×34×18 см. Хашлага: баруунаас зүүн тийш 222 см, урдаас хойш 178 см.
№6. Хашлагын хэмжээ: баруунаас зүүн тийш 185 см, урдаас хойш 155 см.
Эртний Түрэгийн буюу НТ-ын VI-VIII зууны үед хамарна
Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн