Categories
гадаад мэдээ

Жим Керри: “Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай”

 

“Маск”, ”Эйс Вентура”, “Бүхнийг чадагч Брюс”, “Худалч худалч” зэрэг киногоороо үзэгчдийн нүднээс нулимс гартал инээлгэж чаддаг жүжигчин Жэймс Жим Керри 1979 оноос эхлэн урлагт хүчин зүтгэх болсон. Тэрбээр анх 17 настайдаа эцэг эхээ тэжээх гэж “Юк Юк” хэмээх театрт хошин шогийн жүжигчнээр ажиллаж, урлагийн гараагаа эхэлсэн гэдэг. Холливүдийн одод түүнийг “солиот” ч гэж хочлох нь бий. Үнэхээр ч өвөрмөц дүр төрх, нүүрний хувирал болон хачирхалтай хэрнээ үнэмшилтэй элэглэл нь түүнийг од болох замд нь хөтөлсөн гэмээр. Жим дэлгэцийн бүтээлд оролцох сонирхолтой байсан ч 1990 он хүртэл түүнд боломж олдоогүй аж. Түүнийг Лос-Анжелесийн инээдмийн киноны дэлгүүрт ажиллаж байхад нь инээдмийн жүжигчин Родни Дэнжирфилд инээдмийн тв шоунд оролцох санал тавьсан аж. Ингээд 1994 онд түүнд алдар нэрийг авчирсан анхны кино буюу “Эйс Вентура” үзэгчдийн хүртээл болоход тэрбээр хэдийнэ 11 кинонд тоглоод амжсан байв. Ингээд гижиг хүргэм инээдмийн жүжигчин Жим Керритэй blunt.com-ийнхон ярилцсаныг сонирхуулъя. 

– Таны бүтээсэн дүрийн олонхи нь инээдмийнх байдаг. Та инээдмийн төрөлд илүү дуртай юм аа даа?

– Мэдээж хүнийг инээлгэж, зовлонг нь түр ч гэсэн мартуулна гэдэг агуу үйл. Хүн инээлгэх дургүй хүн гэж байдаггүй болов уу. Найз нөхөд, гэр бүлтэйгээ байхдаа ч хошигнож, инээд хөөр бэлэглэх дуртай. Харин жүжигчин хүнийхээ хувьд бол инээдмийн төрлөөс илүүтэй уянгын буюу сэтгэлийн утас хөндсөн талдаа сонирхолтой шүү. Би уран бүтээлч хүн учраас бүтээлч байхыг чармайдаг. Хамгийн бүтээлч жүжиглэлт инээдмийнхнээс шаардагддаг юм. Ганц удаа инээлгэхийн тулд олон зүйл бодож, толины өмнө өч төчнөөн янзаар нүүр амаа мурийлгаж, сарийлгана шүү дээ /нүүрээ мурийлгав/.

– Та үргэлж за гэж хэлдэг залуугийн дүр бүтээсэн. Өнгөрсөн амьдралаа эргээд нэг харахад та за гэдэг үү, эсвэл үгүй гэдэг хүн үү?

-Би за гэж хэлдэг хүн нь байсан юм байна. Заримдаа үгүй гэж хэлсэн ч зөвшөөрөх тохиолдол байдаг шүү дээ. Тэр бүхнийг тооцвол би ч бүр гараад өгөх юм байна л даа.

– “Yes Man” кинонд тоглоход тань хүндрэл тулгарч байв уу? Ер нь тэр кинон дээрх Жим Керри амьдрал дээрхтэй хэр адил вэ?

-Би бусдаас илүү эрч хүчтэй, бүтээлч амьдрахыг хүсдэг. Үргэлж шинэ санаа сэдэж, түүнийгээ биелүүлж, үр дүнг нь харж байж санаа минь амардаг хүн. Кинонд тоглоход огт хүндрэл гарсан удаа байгаагүй. Тэр киног чинь нэг шөнийн дотор хийчихсэн юм шүү дээ /инээв/. Тоглосон юм шүү. Миний бодлоор “Yes Man” надаас тэс ондоо хүн биш, би тэр дүрдээ өөрийн зан чанарын өчүүхэн ч гэсэн хэсгийг шингээсэн. Жүжигчин болохоороо олон янзын ааш зантай шүү дээ бид чинь. 

– Таны за гэж хэлсэндээ хамгийн их харамссан үе байдаг уу?

– Одоо хүртэл харамсдаг зүйл байхгүй дээ. Харин харамсдаг байсан гэвэл 11 настайдаа залуу усан цэргийн дугуйланд явахуу гэхэд нь за гэж хэлсэндээ аягүй харамсдаг. Энэ дугуйлан нь цэрэгжүүлсэн байдалтай скаут л гэсэн үг. Тэнд миний үсийг хусч, хүн бүр над руу дайрч, надаар даажигнадаг байсан. Яагаад харамсахаа больсон бэ гэхээр хэрэв би тэр дугуйланд яваагүй бол өдийд ганц ч шүүмжилсэн үг сонсож чадахгүй нялзрай амьтан болох байсан болов уу гэж бодсон юм. Тэгэхээр за гэж хэлэх үргэлж сайн зүйл рүү хөтөлдөг байгаа биз. 

– Тэр кинонд та “банжи” үсрэлт хийдэг шүү дээ. Таны анхных биз дээ?

– Ээ бурхан минь, битгий тэр тухай ярь. Одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Үсэрч байхад надад юу бодогдсон гээч үхэл, үхэл бас дахиад үхэл. Ингээд л үхдэг юм байж дээ л гэж бодож байсан. Золтой л өмдөндөө дусаачихаагүй шүү. За жоохон дусаачихсан ч бил үү /инээв/. Би үсрэхээсээ өмнө “Хүмүүс үсрээд л байдаг шүү дээ. Юу нь хэцүү байх аж дээ. Асуудал байхгүй” энэ тэр гэж бодож байсан. Яг унаж байхдаа ёстой “за” гэж хэлсэндээ харамсч байлаа шүү дээ. “Ээ бурхан минь, намайг амьд л үлдээгээрэй. Би ер нь юугаа бодож, ийм зүйл хийж явдаг байна аа” гээд л үй түмэн зүйл бодогддог юм билээ. 

– Та дахиж үсрэх үү?

– Хэзээ ч үгүй. Наад асуултад чинь “үгүй” гээд хариулчихъя /инээв/. Би амьдралдаа нэг удаа үсэрсэн. Амьддаа амжиж хийх ёстой зүйлийн нэг гэдэг зүйлийг хийж үзлээ. Дахиж шаардлага гарсан ч үсрэхгүй байх бүх арга хэмжээг авах болно. Миний “банжи” үсрэлт хийснийг дэлхий даяар мэднэ. Тэд цэнхэр дэлгэцээр харсан. Энэ л байхад хангалттай. Хойд төрөлдөө л үсэрч болох юм. 

-Таныг дэлхийн хамгийн сонирхолтой, хөгжилтэй хүн гэдэг. Үүнтэй санал нийлдэг үү?

-Би хөгжилтэй хүн гэдэгтээ санал нийлнэ. Харин сонирхолтой гэдэг бол харьцангуй ойлголт. Жишээ нь би 2000 хүний дундаас хамгийн сонирхолтой хүн байж болно харин дэлхийд хоёрхон мянган хүн амьдардаггүй шүү дээ. 

– Таныг буддист гэх хүн олон байх юм. Та ямар шашинд сүжиглэдэг вэ? 

-Гэгээн Есүс минь. Би будда, лал, католик шашинд сүжиглэдэг. Хүмүүс намайг ямар шашин шүтээсэй гэж хүснэ би тэр шашинг дагахад бэлэн. Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай шүү дээ /инээв/. Үнэндээ би энэ шашин буруу тэр шашин зөв энэ тэр гэх дургүй. Шашин бол шашин бүгд ижил. Тэнд нэг бурхан гэж бий, түүнийг Есүс, Будда, Аллах гэж бид өөрсдөө хувааж нэрлээд байгаад л гол учир нь байгаа гэж боддог хүн. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *