“Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-аас шувууд өндөр хүчдэлд цохиулж үхэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад жилд 4000 орчим идлэг шонхор цахилгаанд цохиулж үхдэг ба энэхүү үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог байна. Тус төвөөс Сүхбаатар аймгийн Уулбаян-Мөнххаан сумыг холбосон 56 км урт, 15 кв-ийн түгээх шугамын ойролцоо судалгаа хийсэн бөгөөд жилийн хугацаанд 520 идлэг шонхор болон шилийн сар, начин шонхор, ойн сар зэрэг шувууд үхсэн байхыг олжээ. Идлэг шонхор болон бусад шувуудыг хамгаалахын тулд төвийн бүсийн 20 сумын нутагт нийт 5000 хиймэл үүрийг байрлуулан, шувуудыг цахилгаанаас хамгаалах арга хэмжээ авч байгаа ч шувууд үхсээр байгаа аж. Тиймээс ТББ-ынхан төр хоёр тэрбум төгрөг гаргаж шувуудыг аюулгүй болговол 64 тэрбумыг хэмнэх боломжтой гэв.