Categories
мэдээ нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулна

Related image

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ-2018” үндэсний чуулган, “Хүрээ авардс-2017” худалдааны салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа арван хоёрдугаар сарын 25-ны өдөр болох юм байна. Чуулганыг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, “GS1 Mongolia” ТББ-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Гадаад харилцааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулах ажээ.

Тусгаар тогтнолын ордонд болох “Их хүрээ-2018” чуулганд хот, хөдөөгийн жижиглэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 800 гаруй хүн оролцох бөгөөд худалдааны салбарт дэлхийн орчин үеийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологи инновацийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ямар боломжууд байгааг жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн стандартыг дэлхийд нэвтрүүлсэн Японы улсын туршлагыг тус улсын “Глобаль финанс” компанийн захирал Hidatako Ito танилцуулах гэнэ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил болсон ч худалдааны бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцааг зохицуулах бие даасан хуульгүйгээр өнөөг хүрчээ. Гэтэл энэ салбарт маш олон стандарт шалгуур тавьж, хяналт шалгалтын тогтолцоо газар авснаар торгуулийн систем эрчимтэй ажилладаг нь дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд дарамт болдгийг тэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Иймд худалдааны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйлчилгээний стандарт тогтоох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, торгууль, урамшууллын системийг ижил түвшинд ажиллуулахыг бизнес эрхлэгчид салбарын яамдаараа дамжуулан дуу хоолойгоо төр засагт хүргэх гэж байгаа юм.

Мөн хурлаар худалдааны салбарын стандарт, норм норматив болон инноваци техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх өргөн боломжуудын талаар ажил хэрэгч ярилцлагуудыг өрнүүлнэ. Бизнесээ өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, яаж хөнгөлөлттэй зээл авах талаар Японы хөрөнгө оруулагчид үнэтэй зөвлөмжүүдийг өгч, ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулна хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцлов. Мөн өдрийн 18.00 цагт “Мишээл экспо” төвд эхлэх “Хүрээ авардс-2017” худалдааны бизнес эрхлэгчдийн нэгдсэн шинэ жилийн баярын арга хэмжээний үед салбарынхаа шилдэг бизнес эрхлэгчдийг “ГРАН ПРИ”, “Худалдааны ирээдүйн санаачилга”,”Цахим шийдэл”, “Тохижилттой дэлгүүр”, “Залуу худалдаачин”,”Интерпренер” зэрэг 11 номинациар шалгаруулна. Мөн үеэр 15 азтаныг шалгаруулж, гурван супер азтаныг Япон улсаддолоо хоногийн бизнес аялал хийх эрхийн бичгээр шагнах юм. Иймд салбарынхантайгаа танилцаж харилцан туршлагаа хуваалцах боломж, тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэх чухал уулзалт, баяр ёслолын арга хэмжээ гэж чуулганыг зохион байгуулагчид хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *