Categories
мэдээ нийгэм

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи -2018” үзэсгэлэн гарлаа

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Нийслэлээс “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан МҮХАҮТ, ХХААХҮЯ, НЗДТГ, Нийслэлийн үйлдвэрлэл, Инновацийн газар хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн худалдааг жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор 5 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд 21 дэх жилдээ “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцон шинэлэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгууллаа.

Түүнчлэн БНСУ, БНУнгар Улсын худалдааны төлөөлөгчийн газар, Пакистан, Тайвань болон Хонконг зэрэг гадаадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын комиссоос нийт 13 төрлийн номинацаар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн шилдэгүүдийг тодруулж, шагналыг гардууллаа. Үүнд :

  • Үзэсгэлэнгийн Гран-При шагналыг Хөгжил Трейд ХХК “Ариун” брэнд
  • Үзэсгэлэнгийн онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн- Жагаасанрайс ХХК “Чап Чап” нэрийн бүтээгдэхүүн
  • Онцлох шинэ бүтээгдэхүүн – Монкрем ХХК “Маалай Моолой” органик сет
  • Шилдэг экспортын бүтээгдэхүүн Спирит оф натур ХХК “Эко гоо сайхны” бүтээгдэхүүн
  • Үзэсгэлэнгийн онцлох бүтээл – “Хайнаг толгой” хоршоо “Хүнсний бутлуур”
  • Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн- “Ирвэс интертрейд” ХХК “Тамир” эм био бэлдмэл
  • Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд – Энхжин сувинер ХХК “Арьсан цүнх”
  • Үзэсгэлэнгийн үлгэр жишээ оролцогч- Мажаар трейд хаус ХХК
  • Шилдэг сав баглаа боодол – Жагаасанрайс ХХК
  • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн – Монгол цар ХХК “Зэс эдлэл”
  • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн – Талын эзэн ХХК “Наад бренд”
  • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн -Э.Болорчимэг “Үнэгхэн брэнд”
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- Дэнд ХХК “Еdi брэнд” эрэгтэй хослол
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- Саржин арт ХХК “Хүүхдийн эсгий бяцхан ном”
  • Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн – Тинц ХХК “Ногоодой брэнд”
  • Импортын онцлох бүтээгдэхүүн – Ухаасар ХХК “Yato” бренд шалгаралаа.

Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын даргын нэрэмжит “Инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр гарааны бизнес эрхлэгч Aquila ХХК , Monco Latte” ХХК компаниуд шалгаран хүндэт өргөмжлөл, инновацийн төвд үнэ төлбөргүй бойжих эрхээр шагнуулав гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи -2018” олон улсын үзэсгэлэн болж байна

Image may contain: one or more people and people on stage

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар яригдаж байна. Үүнтэй зэрэгцэн Мишээл экспо төвд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи -2018” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Ирэх Ням гарагийг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд 100 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүрэлцэн иржээ. Эдэн дунд хэд хэдэн гадаад үйлдвэрлэгчдийн бүүт харагдаж байв. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав “БНСУ, Пакистан улсын нийт 14 компани, 20 бүүт бий” гэв.

Үзэсгэлэнгийн бүүтүүдээр гар урлал, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, гоо сайхан, өргөн хэрэглээний бараа гэх мэт зүйлс байв. Хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг амталж явахад салбарын хүмүүсийн хэлсэн “Дотоодын хүнсний салбар хурдацтай шинэ түвшинд гарж байгаа” гэсэн үг санаанд орлоо.

Энэ үеэр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав “Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, менежмент, шинэ технологийн асуудлыг харъя танхим, яамдууд хангаж өгөх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэгчид нийт аж ахуй нэгжийн 90-ээд хувийг эзэлж байгаач дундаж түвшинд очиход хэцүү байна. Ойр ойрхон болж буй хямралууд тэднийг сөхрөөж байна. Уйгагүй ард нь гарч ирж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн 20 хувийн зээл гэдэг ойлголт байж болохгүй. Арилжааны банкууд бусад санхүүгийн байгууллагууд хамтран өөр санхүүжилтийг бий болгохгүй бол жижиг дунд үйлдвэрлэгчид туйлдаж ядарч байна” гэв.

Мангар хүмүүсийг энд байлгахгүй гээд хөөдөг. Гэсэн ч бид энд зогсож байна

Эсгийгээр гар урлал хийдэг байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд ноосны үнэ тэнгэрт хадсанаар санхүүгийн эргэлт нь муудсан байна. Гэвч бууж өгөлгүй группын мөнгөө цуглуулж дахин бизнес хийх болсон аж. Тэд өөрсдийн гараар хувцас оёж үндэсний бүтээгдэхүүн хийж байна. Улирал бүрт тааруулж бүтээгдэхүүнүүдээ хийдэг гэв. “Төгсжаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн тэргүүн Э.Долгорсүрэн “Бид зургуулаа. Дулаан цагт өмсөх биед эвтэйхэн хямд үнэтэй хувцаснууд хийж байна. Санхүүгийн дэмжлэг авахаар төсөл бичиж өгөхөөр биднийг хүлээж авдаггүй. Таньдаг мэддэг хүмүүстээ л өгдөг юм шиг байна лээ. Тийм болохоор бид хэд группын мөнгөө бага багаар цуглуулаад үйлдвэрлэлээ эрхэлдэг. Гайгүй ч зарагдаж байна. Эргэлтийн хөрөнгөтэй болохоор л зорьж байна.

Ажлын байр маш хэрэгтэй байна. Байрнуудын подвол түрээслэхээр СӨХ-ийн даргад загнуулна. Мангар хүмүүсийг энд байлгахгүй гээд л. Түрээсийн үнэ нь ч өндөр, элдвээр ч доромжилно. Өвлийн хүйтэнд хүртэл хөөдөг. Энэ асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Гэсэн ч бид үйлдвэрлэлээ зогсоогоогүй. Энэхүү үзэсгэлэнд орж байна” гэв.

Юм мэддэг хүмүүс үнэ цэнийг нь ойлгодог

1989 онд арьсан жижиг эдлэл, цүнх, бүс, түлхүүрийн оосор хийж гараагаа эхэлж байсан Т.Энхжаргалын бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Тэрээр 30 гаран жил арьсан эдлэл хийж байгаа аж. Яг л гадаадад үйлдвэрлэсэн юм шиг өөгүй хийцтэй хийсэн цүнхнүүд нь аргагүй миний харааг булааж хэсэг саатуулсан юм. Тэрээр “Юм мэддэг хүмүүс миний цүнхнүүдийг хараад үнэ цэнийг нь ойлгодог юм. Цэвэр үхрийн ширээр чанарын өндөр түвшинд хийж сурах гэж өдий хүрлээ. Хамгийн гол нь хүмүүсийн хэрэгцээнд тохируулж хийх нь чухал. Нурууны хамгаалалттай бүс, Тэлээнд зүүж ашигладаг түлхүүрний оосор гэх мэт.

Одоогоор “Агсарган” гэх брэнд үүсгээд ажиллаж байна. Өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчидтэй болсон. Гэхдээ борлуулалтын асуудал хүнд хэвээр л байна. Олон жил сурсан юм болохоор арьсан эдлэлээ хийчихэж байгаа юм. Хүмүүсийн захиалгаар ямар ч хийцээр асуудалгүй хийж байна” гэлээ.

Дэлхийн брэндүүдээс чанар нь ялгаагүй шүү дээ

Монголын эрт үеийн хатдын зурагтай түрүүвч, цүнх гэх мэт эдлэл хэрэглэл нүдэнд туслаа. Тэд бол 13 жилийн өмнө чанарыг эрхэмлэн үйлдвэрлэлээ эхэлсэн “Энхжин сувинер” ХХК юм. Үхрийн арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид аж. Тэд арьсан дээр зураг хэвлэх технологийг 2008 онд Монголд анх нэвтрүүлсэн байна. 30 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд бүгд collect-оор гардаг аж. Хамгийн анх “Монголын нэг өдөр” collect-оо гаргаж байсан байна. Энэ талаар “Энхжин сувинер” ХХК-гийн борлуулагч А.Амарзаяа “Монголчуудын эртний өв уламжлал, соёлыг бараанууддаа зургаар шингээж өгсөн. Үүгээрээ гадаадын жуулчид, хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах зорилготой. Мэргэжлийн зураачид ажилладаг.

Манай борлуулалт маш сайн. Үнээ барьж чаддаг. Худалдан авагчид үргэлж буцаж ирдэг. Америк Улсын Чикаго хотод дэлгүүртэй. Гадаад бүтээгдэхүүнээс үнээрээ ялгарна. Гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд маш үнэтэй байдаг. Чанар нь ялгаагүй шүү дээ. Манай компани гадаад хэрэглэгчид ихтэй. Хүндрэлтэй тал нь тоног төхөөрөмж дутмаг байдаг. Гадаад орнуудад арьсан дээр хэвлэх машин улам л хөгжөөд томроод байдаг. Үүнийг оруулж ирж чаддаггүй” гэв.

Б.АМАРТҮВШИН

Жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна Arslan.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *