Categories
мэдээ цаг-үе

Жагдалын Лхагва зохиолчийн охин Нарандулам: Аавынхаа “Толгодын цаана ингэ буйлна” эхний ботийг хэвлүүллээ

Ж.Лхагва охин Нарандуламын хамт. 1982 он

Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, богино өгүүллэгийн мастер, МЗЭ-ийн шагналт зохиолч Жагдалын Лхагвын охин Нарандуламтай хөөрөлдлөө.


-Таны аав Жагдалын Лхагвааг Монголын богино өгүүллэгийн мастер гэдгээр уншигчид сайн мэднэ. Аав тань говийн бор толгодын дундаас өсөж өндийсөн их л өндөр сүмбэр байж дээ?

-Би хүүхэд байхдаа аавыгаа зохиолч, орчуулагч хүн гэдгээс өөрөөр хардаггүй байжээ. Он цаг өнгөрсөн ч улам тод болдог үнэт зүйлсийн нэг бол миний аавын цөөхөн хэдэн богино өгүүллэгүүд нь юм байна. Бас бусдын сэтгэлээс гардаггүй, мартагддаггүй тийм харахад намхан атлаа давахад барагддаггүй өндөр толгод юм даа гэж би одоо бахархаж сууна даа. Аав маань говь нутагтаа хайртай, тэр дундаа өссөн нутаг усаа маш их бичдэг говийн л хүн байсан.

-Хүн бүхэнд ойр дотныхных нь тухай сайхан дурсамж байдаг. Аавынхаа тухай их л олон дурсамж хадгалж яваа даа?

-Мэдээж аав, ээжийнхээ тухай дурсаж бодох шиг сайхан юм хаана байх вэ. Аав маань их л олонтой, нийтэч манайх гэдэг айл байнга л зочинтой, хөл хөдөлгөөн тасрахгүй, нэртэй том зохиолчид, жүжигчид, дарга, цэрэг, гудамжны архичин ч манайд ирдэг л байсан. Хүнийг их бага, дээр доор гэж ялгадаггүй аав ээж хоёрын минь хаана ч байхгүй чанар гайхалтай. Ээж тэр бүгдэд төвөгшөөхгүй хоол цай хийгээд л байж байна. Өдөр болгон л тогоо дүүрэн мах чанаастай. Хүн дайлаастай. Манай галын өрөөний цонх шиг зузаан цан тогтсон цонхтой айл манай байранд лав байгаагүй санагддаг юм. Аав маань сайхан хоол хийнэ, говийнхны унд гэж нэрлэдэг өтгөн хийцтэй цай чанана. Гэхдээ ер нь иддэг юм нь мах, гурил. Хүмүүс намайг аавтайгаа адилхныг гайхна. Аавыг томилолтоор явсан хойгуур “Үнэн” сонин дээр цалинг нь авахаар очтол нягтлан нь “Энэ чинь харин бичиг баримт шаардахааргүй хүүхэд байна” гээд шууд л өгч билээ. Аав М.Горькийн нэрэмжит сургуульд сурч байх үедээ надад Москваг үзүүлж билээ. Москвад очоод цирк, амьтны хүрээлэн үзэж паркт тоглож, Москва голоор усан онгоцоор зугаалж, амталж үзээгүй жимс зайрмагаар дайлсан гээд хүүхэд насны минь мөн ч сайхан олон дурсамж бий дээ. Аав зусланд дандаа гадаа эвхдэг ороо засаад унтана. Ойд явах дуртай, говийн хүн байж жимс түүхдээ маш хурдан түүдэг байлаа. Шороотой гутал, хиртэй цамцанд үнэхээр дургүй. Дургүй нь хүрвэл духаараа хараад л суучихна, олон юм ярихгүй. Их уян зөөлөн сэтгэлтэй өндөр мэдрэмжтэй хүн байсан даа.

Л.Нарандулам ардын уран зохиолч Б.Баастын хамт

-Аав тань бага насныхаа тухай аль хэр их хуучилдаг хүн байв?

-Говийн жирийн малчин айлын хүү. Ижий ааваасаа наймуулаа. Дээрээ ганц эгчтэй, дороо зургаан дүүтэй байж. “Би аргалчин билээ” өгүүллэг бол ерөөсөө л аавын анхны намтар шүү дээ. Анх сургуульд орсон түүх нь тэр. Адуунд өшиглүүлээд мэдрэл нь муудсан гээд сургуульд явуулаагүй гэдэг. Сурагч болоод харин ч сурлага сайтай байсан гэсэн. Дээд ангийнхаа хүүхдийн тоог бодоод өгчихдөг, бие дааж орос хэл сонирхон сурсан гэж ярьдаг байж билээ. Наймдугаар ангид байхдаа Дорноговь аймгийнхаа “Ялалт” сонинд анх шүлгээ хэвлүүлж байсан байгаа юм. Бас хүүхэд байхдаа нойрондоо их босч зүүдэлдэг байж, тэгэхээр нь эмээ нь их л айж сандардаг байсан гэдэг. Эмээтэйгээ их дотно ойр байсан болов уу. Энэ тухай “Эмээгүй зуны эхэн” өгүүллэгт нь гардаг юм. Аливаа юмыг их л хөгжилтэй хөхиүн байдлаар ярина даа. Ер нь гуниг гутрал ярьж байсныг нь би санадаггүй юм.

-Уран бүтээлээ хэдийд голдуу хийхэв?

-Аав ажлаасаа ирээд хоолоо идчихээд өрөөндөө ороод ихэвчлэн унтаад өгнө. Ах эгчийн хүүхдүүд бага, манайхан олуулаа шуугиж өгнө шүү дээ. Тэр их шуугианд юм хийснээс унтсан нь дээр гэж боддог байсан шиг байгаа юм. Харин шөнө сууж ажлаа хийнэ. Сэрээд харахад аавын өрөөний гэрэл асаалттай, юмаа бичээд суугааг харахад сэтгэлд нэг тийм сайхан тайвшрал өгдөг байсан шиг санагддаг. Өнгөрсний нь дараа би яг тийм гэрлийг их үгүйлж шөнө их сэрдэг байж билээ.

-Та аавынхаа ер нь ямар зохиол бүтээлд нь их дуртай байв?

-Аавын хэдэн сайхан богино өгүүллэг үнэндээ тансаг. Олон сайхан зохиол бүтээлүүд байдаг л даа. Гэхдээ би аавын өгүүллэгүүд шиг тийм сайхан зүйрлэлтэй, жижигхэн атлаа томоос том зангилаатай өгүүллэг ховор уншсан. Уншсан ч яг л аавыг минь дуурайсан мэт санагддаг. Би уран зохиолыг мэргэжлийн түвшинд мэдэхгүй л дээ. Гэхдээ миний өссөн орчин надад жаахан мэдрэмж өгсөн байх. “Би аргалчин билээ” их хөөрхөн, мөн “Зүрхний зүүд”, “Эвэр” зэрэг өгүүллэгүүд хүнд их зүйл бодогдуулна. “Анхны хайрын дууль” киног нь үзэх дуртай, “Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй” гээд эхэлдэг “Хайрын зурвас”-ыг уншаад их л дурламтгай хүүхэд байж дээ гэж бодно. “Уулзалт” өгүүллэгийг гавьяат жүжигчин Гомбын Равдан ах шар үс бостол уншдаг нь энгийн хэрнээ маш сайхан. “Уулзалт”, “Дарцаг чамайг үүрд дурсана” гэдэг өгүүллэгүүдээр нь баяжуулж кино болгохсон гэж мөрөөддөг.

-“Толгодын цаана ингэ буйлна” гэж аавын чинь өгүүллэгийн нэр Монголын утга зохиол, яруу найргийнхны дуртай эшлэл болсон байдаг. “Атга чулуу”, “Алаг чулуу” номууд нь ч гайхалтай. Аавын чинь уран бүтээлийн өв аль хэр зүйл байна?

-“Толгодын цаана ингэ буйлна” гэдэг бяцхан шар ном бол тэртээ 1972 онд хэвлэгдэж Монголын их уран зохиолд Жагдалын Лхагваа гэдэг зохиолч байдгийг таниулсан ном юм. Нэр нь хүртэл уянгалаг содон байж дээ. Ямар сайндаа л “Жижигхэн уулын цаана эмэгтэй тэмээ орилно” гэж орчуулагдаж байна гэж хошигнож байх вэ. “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” гээд богинохон дурсамж, ухаарал, хошигнолууд нь одоо дурын сонин хэвлэл дээр, цахим ертөнцөөр дүүрэн, зохиогчийн нэр усгүй яваад байгаад маш их эмзэглэдэг. “Сарны шороо”, “Шөнө ногоо ургадаг”, “Саарал даага” гэх мэт арваад жижиг номыг нь нэгтгэж, мөн номонд хэвлэгдэж амжаагүй хэдэн өгүүллэгийг нь нэгтгэн хэвлэж байгаа. Орчуулгын нилээд ном материал байна. Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр их. Найруулал, тэмдэглэл, ярилцлага, нийтлэл гээд овоо их юм байгаа .

-Аав, ээж хоёр чинь хэрхэн танилцаж байснаа үр хүүхдүүддээ мэдээж ярьж л байсан байж таараа даа…

-Аав 1966 онд Киевын Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Дулааны цахилгаан станцад дулааны инженерээр хуваарилагдаж очиход ээж маань Сэлэнгэ аймгийн захиргаанд зааварлагч, мэргэжилтнээр ажиллаж байгаад танилцсан юм билээ. Аав маань ээжийг орос хүүхэн байна л гэж анх бодсон гэсэн. Ээж минь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүн. Сэлэнгэ аймагт гал голомтоо асааж 1970 онд хотод шилжиж ирцгээсэн юм.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Би нэг ах, нэг эгчтэй айлын бага охин. Ах эгчээсээ нэлээд хол зайтай төрсөн хүн. Ах эгч хоёрынхоо хүүхдүүдийг харахдаа хараад тоглохдоо тоглоод зэрэгцээд өссөн. Аав ээж хоёр танилцахад ах долоон настай, эгч маань гурван настай байж. Би 1976 онд төрсөн л дөө.

-Их уулын нөмөр нөөлөгтэй тэр сайхан хүнээ буцах үед орчлон хорвоо ч хөмөрчих шиг л санагдах нь хэцүү. Найз нөхөд нь ямаршуухан хандаж байв. Догмид зохиолч л лав “Би Лхагваадаа Алтан-Өлгий дэх өөрийн газраа өгсөн” гэж ярих юм билээ?

-Аав сүүлийн үед их өндөр даралттай явдаг байлаа. Талбайн сааданд харвачихаад байхад нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай таарч эмнэлэгт хүргэж өгсөн байдаг юм. Тэр үед бидэнд маш хүнд байсан. Ах эгч мэдээж тусдаа гараад явсан, ээж бид хоёр их л өнчирч хоцорч билээ. 1997 онд би СЭЗДС-ийн оюутан, ээж тэтгэвэрт, хөлөө явганаас гэмтээгээд суугаа болсон байсан даа. Аав уран бүтээл болон үндсэн ажил болох “Үнэн” сонины ажлынхаа хажуугаар хувийн “Мөрч” сонинг эрхлэн гаргадаг байлаа. Аавыг өнгөрсний дараа сэтгүүлч, зохиолч Гүрсэд гуайн тусламжаар нэг хэсэг сониноо эрхлэн гаргаж амьдарч үзсэн. Мэдээж өнөөх тасрахгүй орж гардаг хөл хөс эрс багассан, зарим нэг хүнийг ороод ирээсэй гэж ээж бид хоёр их л харсан даа. Алтан-Өлгий дэх газрыг Б.Догмид ах авч өгсөн нь үнэн байх аа, тийм яриа байдаг юм. Догмид ах аавын минь найз, нутгийнх нь дүү, уран бүтээлийнх нь анд юм. Догмид ах бол миний ухаан орох цагаас манайд байж л байдаг, ээжээр минь цамцаа угаалгаад, шараа тайлуулаад, бусдыг шоолж инээлгээд, халамцахаараа “Хөх торгон дээл”, “Гоолингоо”-гоо дуулаад, аавтай говио ярьж инээж уйлаад манайд л байдаг байсан даа.

-Монголын утга зохиолын “Дөмөн” нэгдлийнхэн гэж нэгэн гарын таван хуруу шиг нөхөд байсан гэдэг дээ. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Урианхай, Л.Дашням, Дарма.Батбаяр, танай аав тав байх аа?

-Энэ эрхэм буурлууд бол аавын минь уран бүтээлийн анд нөхөд, мөн гэр бүлийн халуун найз нөхөд байлаа. “Дөмөн” нэгдлийн талаар миний мэдэх юм гэж юу байх вэ. Гэхдээ ийм өөр өөрийн өнгө аястай, Монголын уран зохиолыг нэгэн үеийн өнгө төрхийг тодорхойлсон томоохон зохиолчид байсан гэхээр “Дөмөн” нэгдэл хэр их даацтай нэгдэл байсан нь тодорхой байх аа. Харин гэр бүлийн хүрээнд тэд байнга уулзалдаж, нэг нэгнийдээ ээлжлэн цуглаж уран бүтээлээ ярьж, маргаж мэтгэлцэж, уйлж дуулж нэг нэгэндээ дэм өгч байсан юм аа. Миний хүүхэд нас ийм гайхалтай хүмүүсийн хажууд өнгөрсөнд би бахархаж явдаг. Аав ээжүүд уулзалдаж хүүхдүүд бид наана нь тоглож байдаг сан. Б.Лхагвасүрэн ахын Хасар “Цаг хугацаа хурдан юм аа, Нараа минь. Одоо бид тэдний насан дээр оччихлоо” гэж билээ. Д.Урианхай ахтай бол байнга холбоотой байдаг юм. Учир нь манай худ, ахын хадам аав юм. Б.Лхагвасүрэн ах, Баасан эгч, Л.Дашням ах, Золзаяа эгч, Д.Батбаяр ах, Мөнхтөмөр эгч эд нартай холбоотой байж цагаан сараар очиж золгодог доо. Аав маань тэнгэрийн орныг зориод яг хорин жил өнгөрчээ. Аавд минь тэр үед ширхэг ч цагаан үс байгаагүй. Өөрийгөө ч, бид ч тийм амархан явчихна гэж зүүдлээ ч үгүй байсан даа. Энэ хэдийг харахаар аав минь байсан бол ийм нэгэн сайхан намбатай буурал болсон байх байж дээ гэж өөрийн эрхгүй боддог юм.


-Аав чинь уран бүтээлч найз нөхдийнхөө дунд хүний хайлан болсон хүн байсан гэдэг дээ?

-Аавыгаа дурсах бүрийд миний санаанд олон сайхан хүмүүс дурсагддаг юм. Бага байхад С.Дашдооров ах манайхаар байнга ирнэ. Намайг “Нарны дурмаа” гэж дууддаг байлаа. Хамгийн сүүлд 1997 оны өвөл аавтайгаа соёлын төв өргөөнд “Болор цом” үзэж яваад Дооров ахтай таарсан билээ. Бие нь бас нилээн ядруу байсан. Саяхан хүүтэй нь танилцахад Дооров ах тал цус харвасан бие нь тааруу байхдаа нэг өглөө сонин харж байгаад гэнэт маш муухай орилоод уйлсан гэнэ. Гэрийнхэн нь сандралдаад гүйж очиход сониноос аавын минь эмгэнэл гарсныг харсан байж. Энэ яриаг сонсоод би ч тэсэхгүй уйлж билээ. За тэгээд П.Бадарч гуай, Ц.Доржготов, И. Цэрэнжамц ах гээд л манайд орж гарах хүн их. Шил архи хувааж ууна гэдэг уран бүтээлч хүмүүст байдаг л юм. Эмэгтэй зохиолчдоос С.Оюун эгчийгээ дурсахгүй байх аргагүй ээ. Замын-Үүдэд ажлаар ирэхдээ намайг сурсаар яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хамт эргэж ирж билээ. Москвад амьдардаг яруу найрагч Ж.Оюунцэцэг эгч байна. Бас аавтай минь их л дотно байсан . “Үнэн” сонинд аав соёл урлаг хариуцсан редактор байсан тэр үед болж байгаа томхон тоглолт, концерт юу л байна би аавтай явж үздэг байлаа. Б.Лхагвасүрэн ахын “Нарны домог” бүжгэн жүжгийг хэд ч үзэв. Аав маань Л.Түдэв гуайг маш их хүндэлдэг, эмээдэг байсан санагддаг юм.

Д.Намсрай ах байна тэр хоёр М.Горькийн сургуульд байхдаа их л дотно болсон юм. Аавыг өнгөрсний хавар Д.Намсрай ах нилээн халамцуу талбайн урд талын сааданд байдаг том хонхны өмнө аавтай минь цуг авахуулсан зургаа хадчихсан уйлаад сууж байсан гэдгийн. Аав маань Б.Лхагвасүрэн ахын найз, бас Л.Саранхөхөө ахын ч найз байлаа. Энэ тухай Саранхөхөө ах хөгжилтэй юм их ярьдаг юм.

-Зохиолынх нь бүрэн түүврийг гаргаж байгаа гэл үү?

-Тийм ээ, энэ жил аавын минь мэндэлсэний 75 насны ой тохиож байгаа юм. Тэнгэрт халиад 20 жил болжээ. Тийм болохоор үр хүүхэд бидний хувьд заавал хийх ажил юм даа. Яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой хамт эмхэтгэн, редакторлож “Толгодын цаана ингэ буйлна” нэртэйгээр уран бүтээлийн нэг боть болгон хэвлүүлж байгаа. Удахгүй уншигчдын хүртээл болно. Мөн “Толгодын цаана ингэ буйлна”, “Яргуйн эрэлчин” нэртэй 22 өгүүллэг орсон хоёр цомог “сонсдог ном” бэлэн болж байгаа. Аавын маань зохиол бүтээлүүд уншигчдын дунд маш их хүлээлттэй байдаг юм байна гэж ойлгосон. Энэ хоёр цомогт нь сэтгэл маш өндөр байгаа. Өгүүлэхүйн урлагийн мастеруудтай зөвлөлдөж тэднээр уншуулж, мэргэжлийн студид бичүүлсэн. Одоо чинь ном бариад суух завтай хүмүүс бага болж. За тэгээд машиндаа ихэнх цагаа өнгөрөөж байгаа хүмүүст хань болох байх, их ухаарал өгөх байх гэж найдаж энэ сонсдог номуудыг хийсэн. Дараагийн ээлжинд хоёр дахь ботийг нь орчуулгуудаар нь хийх юм. Хосе Мартийн “Янагийн өвөр, хүүгийн өлгий”, “Японы яруу найраг”, Р.Фраерман “Зэрлэг нохой Динго” гэх мэт олон орчуулгын бүтээлээс нь дээжлэн гаргана. Аав маань орос, украйн, испани хэлнээс орчуулга хийдэг байлаа. Одоо санахад их л түүртэхгүй орчуулга хийдэг байжээ. Ямар сайндаа “Чишш чимээгүй, Лхагва ах чинь ажлаа хийж байна” гэхэд аавын дүүгийн хүүхэд “Ажил гэнэ шүү, зүгээр л орос ном хуулаад сууж байна шүү дээ” гэж билээ. Гурав дахь ботийг сэтгүүлзүйн чиглэлийн бүтээлүүдээр нь хийнэ. Үүнд харин ажил их орох шинжтэй. Бид архив шүүж байгаа. Ганц хоёр жилийн өмнөх зүйл биш, хорь гучин жилийн өмнөх юмыг шүүнэ гэдэг амаргүй байдаг юм байна. Олон сайхан нийтлэл, ярилцлага байдаг.

Дөрөв дэх ботийг дурсамж дурдатгалаар бүтээнэ. Аавын минь тухай ямар олон хүн дурсаж бичдэг юм бэ. Миний хараагүй, уншаагүй олон дурсамж байдаг шиг байгаа юм. Тэр бүгдийг олж нэг ном болгоно. Энэ завшааныг ашиглаж аавтай минь холбоотой захидал, дурсамж, зураг хөрөг байдаг бол надтай холбогдож өгөөрэй гэж найз нөхөд, сайн санаат хүмүүст дуулгая. Би дуртайяа хүлээн авч номонд оруулна аа.

-Номын баярыг хэзээ, хаана хийх гэж байна?

-Гуравдугаар сарын 18-нд аавын төрсөн өдөр байдаг юм. 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар мэндэлсэн гэдэг. Номын баяраа гуравдугаар сарын 18-ны үед Монгол Улсын Үндэсний номын санд хийх бодолтой байна даа.

-Та одоо хаана аж төрж байна?

-Би одоогоор Дархан дахь Гаалийн газар гаалийн улсын байцаагч хийдэг. Дарханд ирээд хоёр жил гаруй болжээ. Нөхөр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр бага маань Дарханд сургууль, цэцэрлэгт явдаг. Том охин энэ жил оюутан болох юм. Нөхрийн минь өвөө ардын уран зохиолч Бөхийн Бааст юм. Цагаан сараар зуу насалж байгаа өвөөдөө очиж золгоно доо, бид.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *