Categories
мэдээ цаг-үе

Жа лам Дамбийжанцангийн суурингаас эхэлсэн 70 жилийн нөхөрлөл

Өвөр эгнээ, зүүн гар талаас М.Баяжаргал, З.Нямаа, Б.Насанжаргал. Арын эгнээнээс Т.Гун-Аажав, Э.Бямбажав, Б.Надмид.

Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн дөнгөж эхэлж байсан 40-өөд оны сүүлч, 50-иад оны эхэн үе. Бичиг соёлын хувьсгал бас л нэгдэлжих хөдөлгөөнтэй зэрэгцэн алс хөдөөгийн ард түмний хаалгыг тогшиж эхэлсэн цаг. Хүүхэд багачуудаа малын зах татуулж, гар хөлдөө түшиг хийдэг малчин ард тэр үед нийтээрээ байв. Сургуулийн насны хүүхдүүдтэй айлыг багш нар хөтөлгөө морьтой зорин очиж, гэрийн эзнийг ятгаж, гуйж, уурлаж, сүрдүүлэн байж хүүхдийг нь булаах шахуу аваад сумыг зорино. Зарим айл нь хүүхдээ нууна, насыг нь дарна. Боловсрол гэдэг хэтийн амьдралыг нь хэрхэн өөрчлөх тухай төсөөлөлгүй нийгмийн хүмүүс өөр яах ч билээ.

Тийм л цаг үед бусдын шаардлагаар бичиг соёлын мөр хөөж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн 70 жилийн амьд гэрч болсон нэгэн ангийнхан энэ удаагийн дугаарын зочин болов. Дашрамд дурдахад, тэдний дундаас БНМАУ-ын Ардын их хурлын депутат, Сангийн сайд, гадаадад суух Элчин сайд, гавьяат багш, доктор профессорууд төрснийг тэмдэглэх учиртай.

Увс аймгийн Ховд сум нь одоогийн Өмнөговь сумын Баянгол багийн нутаг болох Мунживын уул хадны хажууханд Жа лам гэдгээр танигдсан Дамбийжанцангийн байгуулсан суурингийн хойно байрлана. Жа лам Дамбийжанцан ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн хуудсанд өөрийн ул мөрөө тодхон үлдээсэн харь улсын гаралтай нэлээд хүмүүс байдгаас Хаант Орос улсын харьяат Жа лам хэмээн олноо алдаршсан халимаг үндэстэн юм. Жа лам нь Манжийн дарлалыг эсэргүүцэгч, Баруун Монголд дөрвөн ойрадын улсыг байгуулахын төлөө дэврүүн үзэлт, Ховдыг чөлөөлөх байлдааны нэг гол удирдагч, Монголын баруун хязгаарт зэвсэгт дээрэм хийж байсан Хасагийн дээрэмчдийг бут цохин устгасан цэргийн чадварлаг удирдагч байсныг зурвас дурдах нь зүйтэй.

Ховд сумын дөрвөн жилийн бага сургуульд 1948 онд сум болон багийн хүүхдүүдийг элсүүлж хоёр бүлэгт хуваажээ. Тус бүр нь 30 гаруй хүүхэдтэй 1-А, Б бүлгийнхэн хоёр гэрт хичээллэнэ. Сургууль нь тэр. Сургуулийн дотуур байр гэгдэх бас нэгэн гэрт 50-иас цөөн толгой малтай айлын хүүхдүүд сууна. Бусад нь хамаатан садан, сургуулийн багш, тогооч нарын гэрт хоёр, гурваар амьдрах болжээ. 1-А бүлгийн багш Сайндаа, Б бүлгийг Жигзмаа багш даан авчээ. Хичээлийн эрхлэгч Чадраабал, сургуулийг Жав гэх эрхэм удирдаж байж.

Баянбатын Балган, Баянзулын Бал, Монтгорын Баянжаргал, Эрдэнийн Бямбажав, Түвдэний Гун-Аажав, Батхишигийн Надмид, Бугын Насанжаргал, Осорын Ноосонхөх, Замбын Нямаа, Сайндаан Цагаан, Лхүндэвийн Цэвээндулам, Гэцэгийн Шийтэв, Осорын Хөххүүхэн, сахилгагүй Тарав, өндөр нуруутай Тоодой, дарсгар Онкуудай, унтдаг Ширнэн, шагширдаг Янжив, амтлагч Нохойжав, жижиг Жаргал, Дарьжав, Ядамцоо, Дорж, Сүрэнжав нарын 60 гаруй хүүхэд тэртээ 1948 онд алс баруун хязгаарын буйдхан суманд хоёр гэрт хуваагдан сурч эхэлжээ. Эдүгээ тэдгээр сурагчдаас 10 гаруй нь амьд сэрүүн байж сурагч үе, нэг анги, төгсөлтийнхөө хамт олон, сургууль, багш нараа дурсаж, улиран одсон бүхэл бүтэн 70 жилийн түүхийн хуудсаа сөхөж баяртай, гунигтай, сургамжтай түүхийг хойч үедээ хэлж үлдээхийг чухалд үзэж буйгаа илэрхийлсэн.

Ангийн анд Т.Гун-Аажавын II ангидаа шагнуулсан сайшаалын үнэмлэх

Тэд хамгийн анх босоо монгол бичиг заалгаж эхэлжээ. Сурагчид зөвхөн үсгээ нүдлэхтэй зэрэгцээд орон даяар кирилл бичигт нэвтэрч, 35 үсгээ сурч эхэлсэн гэнэ. Аав ээж, ар гэрээсээ хол суурин газарт суусан хүүхдүүд байсхийгээд л оргодог байсныг ангийнхан хуучилж байна. Хичээлд суугаад удаагүй Чацарганат багийн Т.Дэрмээ, Т.Гун-Аажав, Д.Ганжуур гурав оргоод 60-70 км газар явган гүйж харьжээ. Орой нар шингэх дөхөж байхад сумын төвөөс оргоод шөнө Хөх хөтөл гэдэг газарт түр унтаад маргааш нь бага үдийн хэрд гэртээ очиж байжээ. Тэднээс гадна Бямбажав, Шийтэв хоёр гэхэд сургуулиасаа оргож яваад чөтгөртэй таарсан паянтай гэнэ. Гэрээ зүглэн алхах замд нь харуй бүрий болоход чөтгөрөөс айж хадны хажууд бээрэгнэн шөнийг баржээ. Үүр цайнгуут харахад айлын хажууханд ирсэн байж. Нөгөө чөтгөр гээд айгаад байсан нь айлын хүн морио чөдөрлөж идээшлүүлээд хазаараа хангинуулан дуу чимээ гаргасныг нь андууран боджээ. Сургуулиас оргосон сурагчдыг багш нь морьтой хөөсөөр барьж аван буцаадаг байсныг хуучиллаа.

Нэгдэлжих үеийн нийгэм тэр чигээр шинэчлэгдсэн тухай хөгшчүүд ярих нь бий. Хүүхэд багачуудын хувьд тэр нь бүр сонин содон байж. Зочин ангийнхны хувьд сумын төвдөө анх удаа машин гэгч газар дээгүүр өөрөө явдаг төмөр эд ангийг ирэхийг харж, мэл гайхаж цэл хөхөрч байжээ. Аймгийн төвөөс шуудан хүргэж ирсэн машиныг харсан сурагчид сониучирхан нууцаар ачаан дээр нь сууж, зүүгдэж яваад жолоочид нь тас загнуулжээ. Морь мал бол машины дуунаар л үргээд хэдэн зуун метрт давхиад явчихдаг байж.

Сурагчдын нийгмийн байдал бас л өнөө үеэс ондоо. Соёлын довтолгоо эхлээгүй байсан үе. Оо, сойз хэрэглэх битгий хэл дотуур өмд ч өмсч мэдэхгүй. Угаасаа дотуур өмд тэнд байгаагүй хэрэг. Зуны улиралд даавуун өмд, өвөл нэхий өмдийг шууд углана, бөөстөнө. Идэх хоол гэвэл хивэгтэй гурилыг махтай хольсон лапша л иднэ.

Ховд сумын бага сургууль дөрвөн жилтэй. Дөрөвдүгээр ангиа төгссөн олонх хүүхэд хөдөө мал дээрээ гарчээ. Нэг жилийн дараа сум дунд сургууль нээж, дөрөвдүгээр анги төгсөгчдөө дахин цуглуулж суулгасан гэдэг. Тэдний дундаас Монгол Улсад хариуцлагатай, өндөр алба хашиж явсан олон эрхэм төрөн гарчээ. Эрдэнийн Бямбажав гэж Монголын анхны таван яамны нэг Сангийн яамыг хоёр төрийн үед удирдаж явсан, Казахстан улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан эрхэм бий. Тэрээр 70 жилийн тэртээ бор гэрт бичиг үсэг сурсныхаа ачаар яам тамгын газрыг удирдаад зогсохгүй Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Ардын их хурлын депутат, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв шалган байцаах комиссын дарга, Монголын парламентын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Оросын хамтарсан Эрдэнэт, Монросцветмет, Улаанбаатар төмөр замын ТУЗ-ийн гишүүн зэрэг нэр хүндтэй албыг хашиж явсан гавьяат эдийн засагч, судлаач, профессор юм. Одоо тэрээр “Их тусч” ХХК-ийг удирдан ажиллуулж байна. Сурагчид битгий хэл ижий аав нь тухайн үеийн нийгэмдээ бат итгэн үнэмшсэн байсан олон дурсамжит явдлыг хуучилсны нэг нь Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч Э.Бямбажав гуайн яриа. Тэрээр “Би аравдугаар ангиа төгсөөд ЗХУ руу сургуульд явсан юм. Эрхүүд очоод нэгдүгээр ангиа төгсөөд амралтаараа гэртээ иртэл аавыг маань их л шоолох янзтай байв. Юу болов гэтэл нэг айлын найран дээр аав согтоод ингэж хэлсэн байгаа юм. “Дайны үед адуугаа Орост өгч байлаа. Одоо нэг хүүгээ Орост өглөө” гээд уйлж байсан гэнэ лээ. Хүүгээ буцаж ирнэ гэж бодоогүй хэрэг л дээ. Тийм л нийгэм байсан. Бүдүүлэг гэж хэлж болох ч Монгол Монголоороо л байсан үе юм шүү” хэмээсэн билээ.

Эдний төгсөлтийн онц сурлагатны нэг Т.Гун-Аажав. Бага сургуульд орохдоо шинэ үсэгт тайлагдсан үнэмлэхтэй, дөрвөн аргын тоо боддог байсан тул онц сурлагатан тэргүүний сурагч байж.Түүний бага сургуулийн II ангид суралцаж байхдаа шагнуусан сайшаалын үнэмлэхийг одоо харахад их сонин юм. Т.Гун-Аажав гуай 1974 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд Физик-математикийн ухааны дэд докторын зэргийг хамгаалсан. 1979 оноос МУИС-д Биофизикийн тэнхим байгуулан эрхлэгчээр нь 20 гаруй жил ажиллаж, 300 гаруй шавь бэлтгэснээс 30 гаруй нь эрдэмтэн доктор, төрийн шагналтан төрөн гарсныг бахархан ярилаа. Тэрээр 1999 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын зэргийг биофизикийн мэргэжлээр хамгаалж, 200 гаруй ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл тууриван гадаад, дотоодын хэвлэлүүдэд нийтлүүлээд байгаа аж. Түүнийг физик-математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж 2005 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртээжээ. Дотоод, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүүхдүүд энэ ангид олон юм. Увс, Архангай, Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуйн материаллаг баазыг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, эмийн ургамлаар эмчилгээний бэлдмэл хийх цех байгуулж, усалгаатай газар тариалан хөгжүүлэх, мал бордооны ферм байгуулах санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн хүн зочин ангийн хамт олны нэг Б.Балган юмсанж. Тэрээр ЗХУ-ын Коммунист намын дээд сургуулийг хөдөө аж ахуйн чиглэлээр дүүргэж ирээд олон аймагт ажил мэргэжлийнхээ үрийг тарьжээ. Хөдөө аж ахуйн салбарт нэрээ дуурсган үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн цуваа тасардаггүй юм байна. Б.Насанжаргал малын бага эмч мэргэжил эзэмшин Ховд, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймагт мэргэжлээрээ ажиллаж явжээ. Тэрээр бас Ардын их хурлын үе үеийн депутат бөгөөд 1981 онд Ховд аймагт ажиллаж байхдаа Алтайн уулархаг бүс нутгийн их нууруудын сав газар орчмын бэлчээрийн аж ахуйг бэхжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Төгсөлтийнхнөөс сургууль соёлын мөр хөөсөн хүмүүс байсан бол бичиг үсэг тайлагдаад мал дээр гарсан нь ч цөөнгүй аж. Батхишигийн Надмид тэдгээр хүүхдүүдийн нэг. Тэрээр ангийнхан дундаа шог хөгжилтэй ярьдгаараа гаргуун нэгэн байж. “1948 оны намар Ховд сумын Улиастай бригадын бага сургуулийн I ангийг төгссөнөөс хойш олон жил улирчээ. Тэд ангийн нөхэдтэйгөө уулзаж үүх түүхээ ярилцах юмсан гэж их бодогдох юм. Одоо ч сэрүүн тунгалаг нь цөөхөн болоо биз дээ. Биднийг бага сургуульд суралцаж байхад сумын дарга нь Магнайн Ойдов, сургуулийн захирал Баатар, Алтан гадас одонт, настай эмэгтэй багш Сайндаа, залуу багш одоогийн Батсуурь аваргын ээж Пүрэв, намын дарга Буянжаргал, хоршооны дарга Сунгарав, артелийг Равдан, дэлгүүрийн худалдагч Үрчээн, хүний эмч Нортууз, малын эмч Каниад, багш Мундуу, Дамбын Лхам, Гомбожав нарыг санаж байна. Олон жил өнгөрсөн болохоор ихэнхийг нь мартжээ. Хүүхэд нас гэдэг хүний амьдралын алтан үе юм даа” хэмээн хуучилж байна. Ангийнхан дотроос гэр бүл болсон нь Б.Нямжав, О.Хөххүүхэн хоёр аж. Тэд гэр бүлээрээ нутагтаа малаа маллаж YII, YIII таван жилийн гавшгайч болж байсан сайн малчид ажээ.

Бага сургуулиа төгсөөд шууд аймгийн дунд сургуульд элсэн суралцсан цөөхөн хүүхдийн нэг бол З.Нямаа гэнэ. Урлагийн авьяастай, хичээлдээ ч сайн тэрээр ангидаа мисс гэгдэж байж. З.Нямаа хожим Улаанбаатарт Анагаах ухааны дээд сургуульд элсэж хүний их эмч мэргэжлээр төгссөн байна. Тэрээр ард олны эрүүл энхийн манаанд 56 жил тасралтгүй ажилласан буянтан ажээ. З.Нямаа гуай МХЗЭ, МҮЭ, МАХН, Ахмадын хорооны сонгуульт ажлуудыг хариуцлагатай хийж ирсэн аж. Ингэж нэрлэх арвин баялаг амьдрал, түүхтэй хүмүүс эдний дунд олон байна.

Эрдэм боловсрол гэдэг хүрээлэн байгаа орчин, нийгмээсээ үл хамаарч үнэлж баршгүй боломжийг олгож, амьдралыг өөрчилдөг болохыг Жа лам Дамбийжанцангийн суурингийн дэргэд хэдэн бор гэрт бичиг үсэг тайлж суусан бортгор жаалуудын 70 жилийн түүхээс цухас дурдахад ийм байна. Энэ дашрамд Увс аймгийн Ховд сумын бага сургуулийг 1948-1952 онд төгссөн 1А, Б ангийн хамт олон, тэдний үр хүүхэд, ач зээ нарт сайн сайхныг хүсч буйгаа нийслэлд суугаа ангийн нөхөд уламжилсан билээ.

Б.ЭНХЗАЯА

Б.АМИНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *