Categories
мэдээ цаг-үе

Ж.Үйлст: Хүмүүс дутуугийн мэдрэмжээ нөхөхийн тулд мөнгөө хий дэмий зүйлд зарцуулдаг

Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.


-Дэлхий дахинд цар тахлын өвчин гарсан энэ үед хүмүүс ямар сэтгэл зүйтэй байх нь зөв бэ. Энэ талаар яриагаа эхэлье.

-Энэ үеийг гамшгийн үеийн сэтгэл зүй талаас тайлбарлах нь зүйтэй байх. Коронавирус гарсантай холбоотой хүмүүсийн амьдралын хэв маяг, ажил төрөл, санхүүгийн байдал нь өөрчлөгдсөн. Гэхдээ боломжтой бол яг энэ цаг үед амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх, сэтгэл санаагаа ч мөн тайван байлгах нь зүйтэй. сэтгэлийн түгшүүр бидний амьдралд сөргөөр нөлөөлнө гэсэн үг.

Мөн эдийн засгийн хувьд харахад энэ цаг үе хүмүүсийг санхүүгийн хувьд илүү зөв зохицуулалтад оруулж сургаж байх шиг. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан хамаагүй мөнгө үрэхгүй гээд хэрэглээгээ хэт хумьж хязгаарлах нь буруу. Энэ нь эргээд хүний сэтгэл зүйд улам их дарамт болж хувирах магадлалтай.

-Улс орны эдийн засаг ямар байгаагаас шалтгаалан хүмүүсийн худалдан авах чадвар өөр өөр байдаг шүү дээ. Ер нь монголчууд хэрэггүй зүйлд их мөнгө үрдэг?

-Улс орны эдийн засаг хямралтай байх тусмаа хүмүүсийн худалдан авах чанар нь өөр өөр байдаг л даа. Харьцуулаад харахад хөгжингүй орны хүмүүс маркетинг, менежмэнт болоод маш олон сонголтон дунд байдаг ч хэрэглээ нь их энгийн. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хөгжил буурай орнуудын хүмүүсийн сэтгэл зүйн хандлагыг харуулж байна. Нэг үгээр хэлбэл, энэ бол дутуугийн мэдрэмж. Энэ мэдрэмжийг нөхөхийн тулд ямар нэгэн материаллаг зүйлээр орлуулах сэтгэл зүй бий болдог. Ер нь хүмүүс санхүүгийн бололцоо муу байх тусмаа илүү гадаад үзэмжиндээ анхаарч гэр орноо өнгөлөг гялгар, гялтгар, сувинер ихтэй байлгадаг. Энэ бол сэтгэл зүй хамгаалах механизмтай холбоотой л доо.

Хүн дутуу байгаа гэдгээ хүмүүст мэдрүүлэхгүй, харуулахгүй гэсэн далд ухамсар нь ийм зүйлүүд дээр халхавч хийх арга болдог байна. Энэ нь нэгдүгээрт өөрийнхөө сэтгэл зүйд би болж байгаа шүү гэсэн бодлоор өөрийгөө аргадаж байгаа хэрэг. Хоёрдугаарт, бусдад дутуугаа үзүүүлэхгүй шүү гэсэн сэтгэлийн тэмүүлэл.

-Коронавирусийн үед эдийн засгаа хэрхэн тооцоолох вэ. Сэтгэл зүйн хувьд ямар зүйл дээр илүү анхаарууштай вэ?

-Сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд ажиглахад Монголд сувинерийн дэлгүүрүүд ихээр бий болсон. Үүнээс гадна брэндийг сурталчлах байдлаар брэндийн дэлгүүрүүд ч олон болсон. Энэ өөрөө улс орны эдийн засаг тиймч сайн биш байгаатай холбоотой л доо. Үүнийг магадгүй эдийн засгийн хүн илүү сайн дэлгэрүүлэх байх. Ер нь бусдад таалагдахын төлөө амьдраад байна аа гэдэг чинь өөрөө тэр хүнд дутуугийн мэдрэмж, комплекс аль хэдийнэ бий болчихсон байна аа гэсэн үг. Гадаад харагдах байдлаараа ч тэр зарим тохиолдолд зан төлөвийн хувьд хүртэл илэрдэг. Жишээ нь, Америкт найзуудаараа уулзаад нэг нь би явахаар боллоо гэхэд “Чи явах гэж байна уу за баяртай, хамтдаа байхад сайхан байлаа” гэж хэлдэг. Гэтэл Монголд явуулахгүй талаас нь шахаж шаарддаг. Ингээд нөгөө хүн нь үгэнд нь автаад дургүй газраа үлдэх гэх мэт жишээ олон. Цаашлаад нийгмийн харилцаа, ажил хэрэг, гэр бүлийн тал дээр хүртэл байгаагаараа байж чаддаггүй байдал их ажиглагддаг.

-Энэ дутуугийн мэдрэмж чухам юунаас бий болдог юм бэ?

-Хүний сэтгэл зүйд үндсэн суурь хэрэгцээ байдаг. Хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, халамжлуулах гэх зэрэг. Энэ суурь хэрэгцээнүүд нь хангагдахгүй байхаар тэр хэрэгцэээгээ ямар нэгэн байдлаар нөхөж авахыг хичээдэг. 1940-1950 оны үеийнхэн олон хүүхэдтэй байдаг. Олон хүүхдүүдийн дунд хайрлагдах хэрэгцээ нөхөгдөхгүй байх тохиолдол олон. Тэр хайр энэрлийг өөртөө мэдрэхийн тулд ямар нэгэн байдлаар бусдын анхаарлыг татахыг хичээнэ. Ингээд зарим нь гадаад үзэмжиндээ анхаарч эхэлнэ. Зарим нь муухай ааштай болох, муу зүйл хийж анхаарлыг өөр дээрээ авдаг. Цаашлаад худлаа хэлэх, хулгай хийх гэдэг ч юм уу. Тэр нь нас биед хүрэх тусам илүү том асуудал болж гэмт хэрэг үйлдэх зэрэг асуудал далуулдаг.

-Дутуугийн мэдрэмж ямар хэлбэрээр илэрдэг вэ?

-Эмэгтэйчүүдэд дэлгүүр хэсэх байдлаар илэрдэг гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр уурлах, гуниглах, сөрөг сэтгэл хөдлөл тухайн хүнд бий болоход ямар нэгэн зүйлийг худалдаж авахад тайтгарлыг авдаг. Гэхдээ дутуугийн мэдрэмжийг ингээд л арилгачихаж байгаа гэсэн үг биш. Хоёр гурван хоногийн дараа дахиад л нөгөө мэдрэмж төрнө. Энэ бүх зүйл бол ердөө хүмүүс сэтгэл зүйн мэдээлэл дутуу байгаатай холбоотой. Коронавирусийн үед мэдээж хүн болгон түгшиж зарим нь айж байгаа. Энэ айдас түгшүүрийг гадагшлуулахын тулд ямар нэгэн үйлдэл хийхийг тархинд сануулж байлаг. Яг хаалга тогшиж байгаа мэт. Үүнийгээ зөв хэлбэрээр гадагшлуулахгүй бол та буруу зүйлрүү явж ямар нэгэн зүйлд хамааралтай болно гэсэн үг. Архины хамааралтай болох, мөнгөө дэмий зүйлд үрэх зэрэг.

– Энэ дутуугийн мэдрэмжийг хэрхэн арилгах вэ?

-Дутуугийн комплексийг сэтгэл зүйчтэй уулзаж асуудлаа задалж, гадагшлуулж эмчлэх шаарлдлагатай. Хэрвээ бидний зүрх өвдөх юм бол зүрхний эмчид үзүүлнэ. Бие махбодын өвдөлтүүд мэдэгддэг учраас шууд арга хэмжээ авдаг. Харин сэтгэл өвдөхөд хүмүүс тэр болгон тоодоггүй. “Өө чи иймхэн асуудлыг давж гарч чадахгүй байгаа юмуу надад ч гэсэн ийм асуудал байгаа цаг хугацааны явцаар гайгүй болчихдог юм аа” гэсэн байдалтай байдаг. Үр хүүхдүүддээ ч гэсэн “эр хүн хатуу чанга байх хэрэгтэй”, “Монгол хүний хайр нь дотроо хал нь гаднаа байдаг” гээд үр хүүхдэдээ анхаарал хандуулах цаг гаргахгүй байгаагаа тэдэнд ингэж ойлгуулдаг. Тэгэхээр дутуугийн мэдрэмж эмчлэгдэхгүй удаан явбал эргээд бие хүний олон зөрчилдөөн, амьдралынх нь чанарт нөлөөлөх сөрөг асуудлуудыг бий болгодог.

-Хэн хүнд гайхуулах гэсэн гялгар сэтгэлгээнээсээ салж бодит хөрсөн дээрээ буух шаардлага байна гэсэн үг үү?

-Яг тийм. Энэ байдлаасаа гарахаас гадна эрүүл амьдралын хэв маяг руу шилжих том боломж гэж харж байгаа шүү дээ. Энэ стресс, бухимдал, айдас чинь хүний бие махбодын бүх булчинг чангалдаг. Тэгэхээр энэ стрессийн гармоныг гадагшлуулах хамгийн зөв үйлдэл бол бүжиг, спортоор хичээллэвэл үүнийг задалдаг. Санхүүгийн асуудал ярьж байхад юун спорт яриад байна аа гэж зарим хүн бодож магадгүй. Спорт болоод эрүүл мэнддээ гаргасан цаг зав эргээгээд таны эдийн засгийн асуудлыг шийдэх хөшүүрэг ч болох боломжтой. Гэхдээ олон зорилтуудыг тавихгүйгээр нэг нэгээр нь хийж эхлэх нь чухал. Амьдралын хэв маяг илүү зөв болоод байх тусмаа нөгөө мөнгө зарцуулалт маань илүү зөв зүйл рүү төвлөрдөг. Хэрвээ энэ үеийг зөв ашиглаж чадах юм бол өөрсдийгөө эрүүл амьдралын хэв маягт оруулж болох боломж бүрдэж байна.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *