Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэцгээ: Намайг шагнал авахад хүүгийн маань сэтгэл надаас илүү хөдөлсөн

Ситидээд сургуулийн дуурийн дуулаачийн багш Ж.Цэцгээ Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо авч гарч ирээд, гараа тэнгэр рүү алдалж, бурханд одсон ээж, аавдаа бахархалт мэдээгээ хамгийн түрүүнд дуулгажээ. Дуурийн театрын гургалдай хоолойт дуучин бүсгүйг алдарт хуурч Г.Жамъяангийн охин, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын ээж гэдгийг хүмүүс мэднэ. Биднийг ярилцаж суухад дуучин Д.Болд ээж рүүгээ утасдаж, өглөө телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ямар хувцастай байсан, гавьяатын тэмдгээ зүүж очсон эсэхийг нь лавлаж байна лээ. Ж.Цэцгээ багш 1974 оноос 2000 он хүртэл дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад одоо багшилж байгаа гэнэ.

Гавьяат цол авсанд баяр хүргэе. Нэлээд хожуу ирсэн гавьяат уу?

– Яах вэ, “Лучше позже чем никогда” гэгчээр авсандаа баяртай байна. Ажил хийсэн, дуулсан нь үнэн л юм чинь.

Таны мөрөөдөл биелсэн болов уу, дуурийн дуучны оргил үе, мөрөөдлийн дүрүүдийнхээ тухай хуучлаач?

– Би Римский Корсаковын нэрэмжит Ленинградын консерваторыг 1974 онд төгссөн. Ленинградын хөгжмийн дээд сургууль гэдэг урлагийн том сүм шүү дээ. Тийм сайхан сургуульд сурсандаа баярлаж явдаг юм. Төгсч ирээд, Улсын Дуурь Бүжгийн академик театрт ажилд орж билээ. Тэр үед манай театр дэлхийн сонгодгуудаас тавьчихсан, Азидаа тэргүүлж байлаа. Би төгсч ирээд Дж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттад, нөгөө нь Риголтеттогийн Жильдад гээд мөрөөдөж явсан Вердийн хоёр ч дуурийн дүрдээ дуулсандаа баярлаж байдаг. В.Мураделийн “Октябрь” дуурийн Ленагийн дүрд ч дуулж байлаа. Жижиг, том гуч гаруй дүрд дуулсан. Д.Лувсаншарав гуайн “Шивээ хиагт” дуурийн Гэрэлд дуулсан, миний хайртай дүр байгаа юм.

Зарим дуурийн дуучид нийтийн дуу дуулаад олны танил болсон байдаг. Харин та зохиолын дуу дуулдаг уу?

-Цаг цагаараа байдаг. Бидний үед “Монгол дуу битгий дуул, хоолой эвдэрнэ” гэдэг байлаа. Ю.Цэдэнбал даргын сонгодог урлагийг Монголд сурталчлах тушаал гараад, тэр битгий хэл хөдөө бригадаар явахдаа ари, романс, жүжгийн хэсгээс дуулдаг байлаа. Би бол “Алтан гургалдай”-г дуулдаг байсан. Сайхан хүлээж авна. Өвлийн хүйтэнд галлагаатай клубт онгорхой даашинзтай, гял цал амьтан сонгодог урлаг сурталчилж явлаа. Шувуу шиг жиргэдэг, эмэгтэй хүний хамгийн нарийн хоолойг бурханаас надад заяаж дээ.

Та Г.Жамъяан хуурчийн охин. Мэргэжлээ сонгоход аав, ээжийн нөлөө байсан уу?

-Аав, ээжийн нөлөө байлгүй яахав. Бид эхээс тавуулаа. Том нь би, Батсайхан “Соёл эрдэнэ” хамтлагаар овоглодог, Баярсайхан хийл хөгжимчин, манай дүү Жаргалсайхан, Цогтсайхан хоёр өөр мэргэжилтэй, нэг нь хэлний хүн, нөгөө нь эдийн засагч. Харин би яалт ч үгүй урлагийн хүн болох дуртай байв. Аав ээжийгээ дагаад театрт очно, урлагийн тогоонд явна. Манай ээж хөгжимчин, хийл, хуучир эзэмшсэн хүн. Гэртээ шавь нартаа хичээл заана. Аав бас морин хуураа дарна. Манай аав зөөлөн, биднийг огт загнадаггүй, өглөө зургаан цагт явж, радиогоор төрийн сүлд дууллаа амьд хөгжмөөр тоглодог. Тэгээд театр дээрээ ажиллана. Киноны дуу бичнэ гээд шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл явна. Тийм хүн байлаа.

Таны хүү Д.Болд Төрийн соёрхол хүртсэн. Хүү нь ээжээсээ өмнө өндөр цол хүртэхээр юу бодогдох юм бэ?

-Би их бахархаж явдаг, би авсантай л адил шүү дээ. Манай хүүгийн хийлийн багш нь миний дүү Баярсайхан, эстрад талаасаа манай Батсайхан бас тэгж дуул гээд багад нь зааж өгдөг. Хүү маань гурав, дөрөвтэй байхдаа микрофон бариад дуулж үзүүлдэг, намайг дагаад дуурийн театрт ирнэ. Хүүхдийн дүрд тоглодог. “Чио чио сан”-д гэхэд л Х.Уртнасантай ээж хүү болж дуулсан. Чоно долоон ишигт туулай болсон. “Үнэн” дуурьт хүүхэд нь болоод дагаж явсан. Д.Болд миний отгон хүү. Том охин маань бас СУИС төгссөн шүү дээ. Дараа нь спортоор яваад, буудлагын спортын мастер болчихсон. Одоо Солонгост байгаа. Дараагийн хүү маань бас хөгжимчин виолончель (морин хийл) тоглодог байлаа. Зуурдаар өөд болсон, түүний хүү нь бас виолончель тоглодог.

Танай үеийнхэн бараг монголоос илүү оросоор ярьдаг байх шүү?

-Би чинь долдугаар ангиасаа Орост сурсан, 1959 он байлаа. Удирдаач Жамсранжав, Ерөө, Эрдэнэчимэг бид хэд шүү дээ. Тэр үед манайх Соёлын яамтай, Ч.Лодойдамба гуай сайд, урлагийн бодлогыг мундаг хийдэг байсан. Биднийг Москвад дунд сургуульд сургасан. Би чинь хормейстерээр төгссөн. Ирж гурван жил ажиллаад, тэр хугацаандаа Дуурийн театрт аав, ээжийг дагаж очоод дуучин болох юмсан гэж боддог болсон. Дараа нь дээд сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр сурсан даа.

Нөхөр тань таны шүтэн бишрэгч үү, яаж олж харсан бэ?

-Биширнэ ээ, манай нөхөр чинь архитектор. Эрдэнэтийн ерөнхий архитектор С.Доржсүрэн гэж залуу байлаа. Би Эрдэнэтэд тоглолтоор явж байгаад танилцсан юм. Эрдэнэтийн хүнийг хот руу авчирсан. Би чинь Дуурийн театраа хаяхгүй ш дээ.

Хүүхдүүдэд чинь ч урлагийн тал нь давамгайлжээ?

-Тийм. Нөхөр маань Д.Болдыг архитектор болгоно гэдэг байсан. Тэр үед нэг их барилга босдоггүй байсан. Тэгээд л Хөгжим бүжигт өгсөн.

Шагнал авсны дараа баяр хүргэсэн дуудлага тасрахгүй байна уу?

-Баяр хүргээд, ёстой л авах ёстой хүн авлаа гэх шиг янз бүрийн л юм ярих юм. Гоё юм аа.

Д.Болд хүү тань шагналыг чинь яаж хүлээж авав?

-Өө бүр нулимс дуслуулсан. Надтай хамт л Засгийн газрын ордонд гүйгээд байсан ш дээ. Надаас илүү сэтгэл нь хөдөлсөн. Ер нь сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн.

Таныг дуулж байхад аав тань ямар нэг зөвлөгөө өгдөг байв уу?

-Аав маань “Сайн л дуулах хэрэгтэй. Үнэн зүтгэх хэрэгтэй гэдэг байсан. Бид нар сонгодог тал руугаа болохоор эхэн үедээ ардын дуу дуулж чадахгүй. Анх төгсч ирчихээд “Үлэмжийн чанар”-ыг дуулсан чинь аав “Яг л орос хүн дуулж байгаа юм шиг байна, больж үз” гэж билээ. Аав өөрөө гоё дуулна. Тенор хоолойтой. Ардын дуу бас хэцүү шүү. Сүүлд нас ахиад ирэхээр ардын дууг ингэж дуулах ёстой юм байна гэж ойлгосон л доо.

Урлагийнхны атаа хорсол мөнхийн сэдэв шиг байгаа юм?

-Тийм юмгүй урлаг гэж байхгүй шүү дээ. Багш маань биднийг төгсөхөд хэлж байсан юм. “Тайзны арын атаа жөтөө байдаг, тэрийг тэвчиж өнгөрөх хэрэгтэй, сөгдөж болохгүй” гэсэн. Тийм юм байдаг л юм байх даа гэж бодож байлаа. Байдаг л юм билээ.

Таныг зарим хүн хэлмэгдсэн, атаа хорслоос болоод дарагдсан гэх яриа явдаг?

-Дарагдсан ч юу байх вэ. Тэвчээртэй явсны хүчинд зах зээлийн давалгаанд улсууд наймаанд явахад бид үнэнчээр театртаа байсаар байгаад л 2000 онд тэтгэвэртээ гарсан. Багшилж яваад ямар ч байсан гавьяатаа авлаа. Урлагт үнэнч явсан маань л боллоо. Бусад юманд анхаарч санаагаар унаж, тэрнээс болж театраа хаяж явсангүй.

Бүсгүй хүний хувьд хүссэнээрээ амьдарч чадсан болов уу?

-Чадсан гэж боддог. Хүүхдийнхээ ачаар сайхан амьдарч байна, тайван ажлаа хийж байна. Хүүхэд харж суусангүй. Харин миний муу ээж хүүхдүүдийг маань өсгөсөн дөө. Би бол тэгээгүй.

Дуулаачийн хувьд тайзан дээр гарч байгаа юу?

-Заримдаа дуулах юм байвал дуулна. Жар гарсан улсууд хүнд том дуурьт дуулахгүй ш дээ. Одоо харин монголжчихоод байгаа. Ардын дууны манер сурчихаад байгаа. Хөдөө их явдаг байлаа. 16 аймгаар явсан. Театрын орлого төлөвлөгөө биелүүлнэ. Тэр үеийн улсууд сонгодог урлагийг харин ч сайн хүлээж авдаг байсан. Бид хөдөө сум фермээр явдаг байсан. Хүүхдэд, том хүнд тоглоно. Манай урлаг хөдөөд хангалттай хүрдэг байсан. Гурван жилд хувцасны мөнгө өгнө, улсаас. Якут, Улаан Үдэд ч “Кармен”, “Учиртай гурван толгой тоглож байлаа. Сайхан хүлээж авдаг, биднийг. Анх бидний үед Монголдоо сонгодог урлагийг сурталчлах, ард түмэндээ ойлгуулахын тулд орчуулж дуулдаг байсан. “Травиата”-г монгол хэлээр дуулахад зарим хүн уйлж байсан.

Урлагийнхан хүүхэд төрүүлэх ч хориотой байсан гэдэг, үнэн үү?

-Дуурьт дуулж байгаад хүүхэд гаргаад чөлөө авбал цалин хасна. Тэр битгий хэл хэзээ сарын тэмдэг ирсэн гээд туслах найруулагч тэмдэглэл хөтөлдөг байсан. Манай бүжигчид бол бүр ганц нэг л хүүхэдтэй байгаа. Үсээ ч тайрах эрх байхгүй. Наадах чинь төрийн юм, зөвшөөрөлгүй үсээ тайрлаа, таргаллаа л гэнэ. Хожимдвол арга хэмжээ авдаг байлаа. Хатуу байлаа. Ю.Цэдэнбал даргын гэргий удирдаад, хөгжим бүжиг бүх юмыг анхаардаг байсан. Жүжиг тавилаа гэхэд эхлээд театрын уран сайхны зөвлөл үзнэ. Дараа нь Соёлын яамны уран бүтээлийн хэсэг, Улс төрийн товчооныхон үзнэ. Гурван шатаар дамждаг байсан.

Таны ид дуулж байх үеийн бичлэг үлдсэн үү?

-Радиод бий. Саяхан залуу авьяаслаг сэтгүүлч архивын бичлэг ашиглаад миний тухай нэвтрүүлэг хийсэн байна лээ.

Та ямар дуунд дуртай вэ?

-Дууриа л сонсоно шүү дээ. Хүүгийнхээ шинэ дуу, клип гарлаа гэвэл заавал сонсоно. Хүү маань яруу найраг сонирхоно. Багадаа “Болор цом”-ын яруу найрагчдыг дуурайж шүлэг уншдаг байлаа.

Дуулахаас өөр хобби байсан уу?

-Бодоод байхад үгүй л юм байна. Нэг хэсэг бараа ховор байхад бие биенээсээ асуугаад наполеон торт, вафли хийдэг байлаа. Хоолны сонирхол бас байсан.

Зах зээлийн үеийг яаж тэсч өнгөрөв?

-Урлагийн улсууд цалингаас цалингийн хооронд амьдарна. Өөр юм хийж чадахгүй юм чинь. Цагаар энд тэнд багшилдаг байлаа. Мөнгө ч сайн тоолж чаддаггүй улсууд шүү дээ, бид чинь. Мөнгө тоолохоор ямар хачин барьж тоолдог юм гээд намайг шоолдог ш дээ.

Та ямар зүүлт чимэгт дуртай вэ?

-Чулуун зүүлт их сонирхоно доо. Анар бугуйндаа зүүчихсэн явж байна. Нэг сард төрсөн хүмүүст тохиромжтой гэдэг юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *