Categories
мэдээ нийгэм

Ж.Тогтохсүрэн: 100 гаруй ботго зэллэчихээд, дотор нь явж байх сайхан

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн тэмээчин, Хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэнтэй ярилцлаа.



-Таныг утасны сүлжээ барьдаггүй газар яваа гэх юм. Хаагуур нутаглаж байгаа вэ?

-Ханбогд сумаас зүүн урагшаа Өмнөговь, Дорноговийн хилийн зааг дээр нутаглаж байна л даа.

-Мянга гаруй тэмээтэй гэсэн үү?

-1167 тэмээтэй.

-Галбын улаан үүлдрийн тэмээтэй гэж сонссон?

-Галбын улаан үүлдрийн тэмээтэй. Би 1988 онд илгээлт аваад, 33 жил мал аж ахуй дээр байгаа. Ээж маань малч удамтай хүн байсан. Удам дамжсан малчин гэж болно.

-Галбын улаан тэмээний ашиг, шим нь хэр байдаг вэ?

-Галбын улаан маань бие бялдар, мах сүү сайтай тэмээ. Ноосны гарц сайтай л даа. Жилд дөрвөн тонн гаруй ноос гардаг. Сүүлийн үед манай говьд цаг агаар муудаад, сүүг нэг их сааж чадахгүй байна. Ойр зуурын гуч гаруй ингэ сааж, сум орон нутгийнхандаа нийлүүлээд явж байгаа.

-Мянга гаруй тэмээтэй хүнд ямар асуудал тулгардаг вэ?

-Манай Ханбогд суманд Оюу толгойн уурхай ажилладаг. Уурхайн зам тоосжилт ихтэй. Уурхайг ажиллуулахын тулд говиос их хэмжээний ус татдаг болохоор ч тэр юм уу сүүлийн арав гаруй жилд цаг агаар хуурайшилтай, тааруухан байгаад байна. Бороо хур муутай учраас бид тэмээгээ худгаас усалдаг. Хангайнхан шиг булаг шанднаас задгай ус ууна гэж байдаггүй. Зохицуулаад л маллаж байна даа. Тэмээгээ усандаа хуваарилна. Усаа нөөцөлж, хуримтлуулж байж тэмээгээ усалдаг. Тийм хүндрэл бэрхшээлийг даваад явж байгаа л даа.

– Тэмээ их ус уудаг, олон тэмээ услах хэцүү байх даа?

-Урин дулаан цагт нэг тэмээ дунджаар 60-70 литр ус уудаг. Тэгээд бодоход 100 тэмээ, мянган тэмээ хэдэн литр ус уух билээ. Ус гаргаж, малаа услах тал дээр арга ухаан гаргаж зохицуулна даа.

-Хүн хүч их шаарддаг уу?

-Хүн хүч шаардагдана. Хавар ингэ ботголох үеэр туслах малчин авч үзсэн. Одоохондоо бол туслах малчингүй, үр хүүхдүүдтэйгээ хамтраад явж байна даа.

-Хөдөлмөрийн баатар хүний хувьд тэмээчин болохыг хүсч байгаа залуу хүмүүст юу зөвлөх вэ. Тэмээ маллахад гол нь юуг анхаарах ёстой вэ?

-Ус, бэлчээрийг нь сонгож чадвал тэмээг өсгөхөд боломжийн амьтан л даа. Бусад малаа бодвол тэсвэр хатуужил сайтай шүү дээ. Олон хоног усгүй явж чадна. Хүйтний улиралд уруудахгүй. Жил өнжиж ботголдог учраас аажуу өснө. Залуу малчдад хэлэхэд ус, бэлчээр сонгох хамгийн гол нь. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд шантрахгүй л ажиллах хэрэгтэй гэж хэлдэг хүн дээ. Одоо хаана ч ялгаагүй бэлчээрийн даац хэтэрсэн. Ялангуяа манай говьд ус дутагдалтай байдаг учраас залуу малчид шантрах тохиолдол их гардаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ, өглөө та хэдэн цагт боссон бэ?

-Би өглөө эрт босдог хүн. Нар гарахад л босч байдаг. Одоо бол дөрөв өнгөрөөд, тав дөхүүлээд гэгээ орчихож байгаа. Дөрөв, тав гэж босоод малаа услаад эхэлнэ шүү дээ. Одоогийн байдлаар говьд гантай байна. Өглөө малаа услаад, эртхэн усаа нөөцлөөд, бүтэн өдөржингөө шахуу л тэмээгээ усалж байгаа юм. Дараа нь малаа бэлчээрлүүлнэ. Бусад мал шиг хоньчилж маллана гэж байхгүй. Олон тэмээг бөөнд нь туухад хэцүү. Хэсэг хэсгээр нь услах шаардлагатай болдог. Өглөө тэмээ маань усандаа цуваад ирнэ. Тэмээгээ услаад, ингэ ботго, сувай тэмээг ангилж бэлчээрт зүг чигийг нь гаргаж явуулна. Ботготой ингээ тусад нь явуулахгүй бол өдийд ботго төөрдөг асуудал гардаг. Малчдын амьдрал хаа сайгүй л адилхан. Ус л их шаарддаг болохоос биш тэмээг өглөө, оройгүй дагаад хариулаад явна гэж байхгүй. Гэхдээ цаагуур наагуур нь явна л даа.

-Малчдын амьдралд технологи хэр нэвтэрсэн бэ. Таны аав, ээжийн үеийнхээс одоо ямар өөрчлөлт гарав?

-Манай аав, ээжийн үед нүүдэллэж явдаг байсан. Ухаандаа хөсгөөр нүүдэг, бэлчээр хөөдөг байсан. Одоо бид малаа нутагшуулсан. Ийм учраас тэмээгээ мянга гартал нь өсгөж байгаа юм. Нэгдэл нийгмийн үед ч адилхан л тэмээ маллаж байсан. Орчин цагт усалгааг хөнгөвчлөөд, хятад усны насос, мотор ашиглах болсон. Дээр үед ховоогоор ус татдаг байхад мянган тэмээ усална гэж байхгүй. Одоогоор гар худаг дээрээ насос мотор тавьж, ус нөөцлөх сав байршуулсан байгаа. 10-20 тонноор нь усаа нөөцөлж байгаад тэмээгээ усалдаг юм. Худаг маань ерөнхийдөө нэг удаа арван тонн ус гардаг. Нэгдлийн үед нэг хүнд 120 тэмээний нормтой, гэр бүлийн хоёр 200 гаруй тэмээ малладаг. Өсч үржээд 300 гаруй тэмээтэй л байсан даа. Түүнээс хэтэрдэггүй байсан. Гар аргаар тэмээгээ усалдаг түүгээрээ л онцлогтой байсан.

– Таны эхнэр цагаан идээ хэр их боловсруулдаг вэ?

-Цагаан идээ боловсруулна. Зуны цагт ааруул тавина. Өвөл хоормогоо хураагаад, зах зээлд гаргана. Нэг их ихээр зах зээлд гаргадаггүй юм аа.

-Хөдөлмөрийн баатар боллоо. Мянга гаруй тэмээтэй боллоо. Та цаашдаа ямар зорилго тавьж байна?

-2015 онд Улсын сайн малчин болохдоо тэмээгээ мянга хүргэх зорилготой л явсан. 2018 онд тэмээ маань мянга хүрсэн. Мянган тэмээний баяраа орон нутгийн ард түмэн, ахан дүүс, зэргэлдээ аймаг, сумын малчидтайгаа хамтарч хийсэн. Би Ханбогд сумын Баян багийн хүн. Баян баг маань 10 мянган тэмээтэй. Амласандаа хүрч тэмээ маань мянга хүрсэн. Төр засаг маань миний 33 жилийн хөдөлмөрийг үнэлж, Хөдөлмөрийн баатрын энэ сайхан цолыг өгсөн. Одоо бол тоо гол биш, чанарт анхааръя. Тэмээнийхээ үүлдэр угсааг сайжруулъя. Галбын улаан тэмээний чанарыг барья гэж бодож байгаа. Малжуулах ажилд оролцож, тэмээ мал сонирхож байгаа залуу малчдыг малжуулах, тэмээтэй болгох зорилготой байна.

.-Мянган тэмээ хэр газар нутгийг хамарч бэлчдэг вэ?

-Дорноговийн нутагт миний ихэнх тэмээ явж байгаа л даа. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн заагт яваа. Дорноговь нутаг дэвсгэр томтой. Эзэнгүй, айл амьтан цөөтэй газар байгаа юм. Тэмээ маань 40-50 км бэлчээрт чөлөөтэй явж байгаа л даа.

-Тэмээний нутаг юм байна даа?

-Тийм. Яг тэмээний нутаг. Агь бударгана, бутлаг ургамал ихтэй, бэлчээр сайтай. Ингэж байж л мянган тэмээг явуулна уу гэхээс биш 5-10 км газарт бэлчээртэй айлууд руу тэмээгээ аваад ороод ирвэл ёстой нүд нь бүлтийнэ шүү дээ. Нутаг дэвсгэр томтой газарт л тэмээгээ өсгөөд байгаа юм л даа.

-Танай баг 10 мянган тэмээтэй гэсэн. Тэмээ өсгөхөд юу чухал вэ. Орон нутгийн удирдлага, төр засгийн зүгээс тэмээ өсгөхөд юугаар дэмжээсэй гэж хүсдэг вэ?

-Манай говьд дутагдаж байгаа юм нь ерөөсөө л ус. Говийг усжуулах бодлого хэрэгтэй байна. Хангайгаас говь руу ус татах төслүүд яригддаг. Энэ төслүүд нь хэрэгжиж, говь руугаа ус татаад ороод ирдэг бол мөн ч сайхан болох юм. Улстөрчдийн амласан том төслүүд хэрэгжиж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавигдаж байна. Таван толгойгоос Гашуунсухайт руу төмөр зам тавигдаж байна. Ийм том төслүүд хэрэгжээд байгаа юм чинь говь руу ус татчих боломж байгаа. Манай энд гүний худгаас л ус гарна уу гэхээс биш энгийн худаг гаргах боломж тун муутай болсон. Ус нь их доошилсон. Оюу толгой компани том хоолой тавиад ус татсан. Үүнээс болоод энгийн худгуудын ус багасах, доошлох асуудал гарсан. Уул уурхай улс, орон нутагтаа их нэмэр болдог ч гэсэн малчин бидэнд бас сөрөг нөлөөтэй байна. Малчдын ганц хүсдэг юм ус л байна. Ус нь байгаад бэлчээр нь байхад мал маллах боломжтой.

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэж яригдаад байна. Малчин хүнд энэ бүхэн хэр мэдрэгддэг вэ?

-Бороо хур улам л оройтож, зун гэж бараг байхгүй болчихсон. Өдөр нь халах мөртлөө шөнө хүйтэн хонодог. Бороо орлоо гэхэд шөнө дулаахан байж ногоо гарна. Жаахан бороо чийг говьд ирлээ гэхэд хэд хоног хүйтрээд халдаг газар халахаа байчихдаг. Ногооны гарц багассан. Тийм бага сага тохиолдлууд бий.

-Ээж тань тэмээчин хүн байсан гэсэн. Ээжийнхээ ямар үгийг санаж явдаг вэ?

-Би ч айлын бага нь. Нэгдэл тарахад ээж маань тэмээгээ хувийн болгож аваад, би үргэлжлүүлээд тэмээгээ малласан. Ээж маань “Тэмээгээ өсгөөрэй, тэмээгээ л хайрлаж яваарай” гэж захисан. Намайг тэмээгээ өсгөнө гэдгийг мэдэж л байсан байх.

-Тэмээ маллахаас өөр сонирхдог зүйл байдаг уу?

-Өөр юу байх вэ. Яг л тэмээгээ маллаж өдий хүрсэн хүн. Малчин авлаа гэхэд хамжаад л явна уу гэхээс биш өөрөө тэмээгээ хаяж явж байгаагүй. Цэргийн алба хаасан. Бусад үед тэмээтэйгээ л яваа хүн.

-Нэг хэсэг ботгоны мөнгө гэж өгөөд байсан билүү, тэр үргэлжилж байгаа юу?

-Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гуай ботгоны урамшуулал санаачилж, өгсөн шүү дээ. Манай Ханбогд сум, дамаан Баян багийн тэмээ түм болоход ботгоны мөнгө маш их дэмжлэг болсон. Д.Бат-Эрдэнэ гишүүнд галбачуудынхаа болон ханбогдчуудынхаа өмнөөс талархаж байгаагаа “Өдрийн сонин”-оор уламжилъя. Ботгоны урамшуулал одоо ч үргэлжилж байгаа. Миний хөдөлмөрийг үнэлсэн орон нутгийн удирдлагууд, түшээд, тусалж дэмжсэн нутгийн түмэндээ талархаж явдгаа илэрхийлье.

-Тэмээчин хүний жаргал юу вэ?

-Цаг сайхан, тэмээ маань тарга хүчээ авчихсан, өвлийн цагт өнгө зүсээ олоод цасан дээгүүр тэмээгээ бэлчээрлүүлээд явж байхад сайхан санагддаг даа. Хаврын цагт ботго 200-гаар нь уяж байгаа. 100 гаруй ботго зэллэчихээд, дотор нь явж байх бас их сайхан. Ингэж зэллэхэд ботгоны ногт чагт уяанаас авахуулаад ямар их хүч хөдөлмөр ордог билээ. Миний хань надтай хамт зүтгэж байдаг. 100 гаруй ботгоны ногт томно шүү дээ. Өнөөг хүртэл дэмжиж тусалсан ханьдаа талархаж явдаг. Энэ их хөдөлмөрийг зөвхөн би ганцаараа хийгээгүй, хань, үр хүүхдүүд, нутгийн ах дүүсийн тус дэмээр л амжилтад хүрсэн дээ.

-Та дуу аяладаг уу, ямар дуунд дуртай вэ?

-Би ёстой нэг дуу дуулдаггүй хүн дээ. Янз бүрийн телевизийн бичлэгт ороход “Та нэг сайхан дуу аялаач” гэдэг. Хэцүү юм тэр л байдаг. “Сайхан тэмээний тухай дуулчих” гэхээр байхгүй. Ёстой гөлийж байгаа юм аа. Нутгийнхаа сайхан дуучнаар дуу дуулуулах юм уу өөр арга ухаан сэднэ. Тэгсхийгээд өнгөрүүлэхийг бодно шүү дээ (инээв)

-Унших дуртай ном, үзэх дуртай кино юу байна?

-Малтай холбоотой юм л харна даа. Эрдэмтэн, судлаачдын судалгаа, зөвлөгөө, малчдын арга туршлагууд бичигдсэн ном унших дуртай байдаг юм. Орон нутгийн мэдээ харна. Дандаа монгол кино үздэг. Хүүхдүүд солонгос кино үзэх юм. Манай монгол кино үйлдвэрийн кинонууд сайхан шүү дээ, дахин дахин үзээд уйддаггүй. Байнга гарч байдаг, заримыг нь цээжлэх шахуу болж байгаа. Гэхдээ хэд хоногийн дараа гарсан ч үзээд байхаар шүү дээ. Солонгос кинотой адилгүй. Солонгос кино чинь ер нь хэрүүлийн чанартай юм л гарч байдаг шүү дээ.

-Таны хүүхдүүдээс тэмээчин болсон уу?

-Том хүү маань ноднин Биеийн тамирын дээд сургууль төгссөн, багш мэргэжилтэй. Одоогоор малчин болсон хүүхэд байхгүй. Харин ковидоос болоод хоёр том маань ирж туслаад, бараг хоёр жил боллоо. Тэгээгүй бол эд чинь сургууль, соёл дагаад явчихна. Би дөрвөн хүүхэдтэй. Бага хүү маань зургаан настай. Тэмээнд их дуртай. Намайг дагаад л явдаг. “Одоо миний хүү сургуульд орно” гэхээр тэмээгээ яриад л явж байдаг юм. “Миний хүү чинь сургуульд явахгүй бол тэмээгээ тоолж чадахаа байчихна шүү” гэхээр “Би арав хорь гээд тоолчихно шүү дээ” гэдэг юм. Малд нүдтэй. Агаа, эгээгээс илүү мал танина. Багыгаа л малчин болох байх гэж найдаж байгаа. (инээв)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *