Categories
мэдээ цаг-үе

Ж.Нарангэрэл: Газрын тос, байгалийн хийнээс гаргаж авах боломжгүй химийн түүхий эдийг нүүрснээс гаргадаг

Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын ахлах мэргэжилтэн, доктор Ж.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Нүүрс гэдэг зүйлийг монголчууд ухаж гаргаад шатааж гэрээ дулаацуулах зориулалттай түүхий эд гэж ойлгодог байсан. Шинжлэх ухааны сүүлийн үеийн технологи нэвтэрснээр энэхүү ойлголт өөрчлөгдөж байна?

-Нүүрс нь дээр үеэс л аж үйлдвэрийн хоёр том салбарын түүхий эд болон ашиглагдаж ирсэн. Нэг нь цахилгаан дулааны эрчим хүчний үйлдвэр нөгөө нь химийн аж үйлдвэр. Монгол Улс нүүрсээ зөвхөн эрчим хүчний зориулалтаар дотооддоо ашиглаж байгаа бол экспортоор гаргаж байгаа нүүрс маань үндсэндээ гангийн үйлдвэрийн химийн түүхий эд буюу кокс гарган авахад зориулагдаж байна.

-Нүүрснээс 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч байгаа гэж сонссон. Сүүлийн үед нэвтрээд байгаа технологи гэвэл юу байна вэ?

-Нүүрс химийн үйлдвэрийн маш чухал түүхий эд. Нүүрснээс гарган авч байгаа бүтээгдэхүүний тоо, хэмжээг нарийн хэлэхэд хэцүү. Харин газрын тос болон байгалийн хийнээс гарган авдаг бүхий л бүтээгдэхүүнийг нүүрснээс гарган авч байгаа буюу гарган авах боломжтой гэдгийг дурьдах нь зүйтэй. Үүн дээр нэмэхэд дээрх хоёр түүхий эдээс гарган авах боломжгүй химийн зарим үнэт түүхий эдийг нүүрснээс гаргадаг.

Гадаадын улс орнуудад нүүрсийг байгаль орчинд хор нөлөө багатай ашиглах, чанарыг нь сайжруулах, гүнзгий боловсруулан химийн түүхий эд гаргах технологиуд байнга сайжирч байна. Сүүлийн 10 жилд гэхэд БНХАУ-д нүүрсийг гүнзгий боловсруулах зориулалттай олон үйлдвэр байгуулагдан орчин үеийн өргөн хэрэглээ болсон төрөл бүрийн нийлэг материал үйлдвэрлэж байна. Түүнчлэн ӨАБНУ-д “Сасол”, Герман улсад “Ромонто” гэдэг үйлдвэрүүд нүүрс гүнзгий боловсруулж байгаа бол БНАСАУ-д виналон нэртэй нийлэг мяндасыг олон жил нүүрснээс үйлдвэрлэж байна. Техник технологийн хувьд энэ төрлийн үйлдвэрүүд орчин үеийн өндөр түвшинд хүрсэн гэж үздэг.

-Энэ салбарын судалгаа Монголд хаана хийгдэж байдаг юм бол?

-Нүүрсний судалгаа Монгол Улсад хөгжөөд олон жил болж байгаа. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд ажиллаж байгаа гурван баг хатуу түлш, нүүрсний судалгааны төслүүд хэрэгжүүлж байна. Харин нүүрсний шинжилгээ гүйцэтгэдэг лабораториуд бол олон бий. Судалгааны гол чиглэлүүд нь гэвэл Монголын нүүрсний бүтэц, найрлага, шинж чанарын онцлог, боловсруулах технологийн үндэслэл.

-Нүүрс боловсруулах үйлдвэртэй болох талаар манайхан олон жил ярьж байгаа ч хүссэн үр өгөөжөө өгөхгүй байна. Нүүрсийг угаах, боловсруулах, гүн боловсруулах, баяжуулах, коксжуулах зэрэг олон үйлдвэр байгуулах боломж бий юу?

-Нүүрсний чанарыг нь дээшлүүлэх зориулалттай баяжуулах буюу угаах үйлдвэр нь технологийн хувьд харьцангуй энгийн байдаг бол нүүрсийг гүнзгий боловсруулах үйлдвэр буюу хийжүүлэх, коксжуулах, шингэрүүлэх үйлдвэрүүдийн технологи нарийн. Нүүрс гүнзгий боловсруулах үйлдвэр нь гадаадын өндөр технологи, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, Засгийн газрын бодлого, дэмжлэг шаарддаг. Эдийн засаг бол энэ төрлийн үйлдвэр бий болох, оршин тогтнох гол хүчин зүйл. Дотоодын компаниуд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах боломж тааруу байгаагийн зэрэгцээ эдийн засгийн эрсдэлд орохоос болгоомжилж байгаа болов уу. Нүүрснээс гаргасан бензин, дизель түлшний үнэ нь импортын шингэн түлштэй өрсөлдөх чадвар хэр байх, улсын бодлого, дэмжлэг хэр тогтвортой байх гэх мэт хүчин зүйлс байна. Гэхдээ улс орны аюулгүй байдал, эрчим хүчний түүхий эдийн хамаарлыг бууруулах асуудал хурцаар тавигдах тохиолдолд энэ үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж ирсэн нэлээд тохиолдол гадаад улсуудад байдаг.

-Нэгэн үе нүүрс шиг хэрэггүй юм байхгүй. Хортой, утаа ихтэй гэдэг байсан. Гэвч бидний түших гол түүхий эд маань нүүрс хэвээрээ л байгаа?

-Нүүрс нь эрт дээр үеэс л түлш ба химийн түүхий эд болон ашиглагдаж ирсэн бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншил, нийгэм, эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилд маш их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Дэлхийн эдийн засагт үзүүлэх нүүрсний ач холбогдол ирээдүйд улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Нүүрс бол нөөцийн хувьд ч, эдийн засгийн ач холбогдлын хувьд ч Монгол Улсад өнөөдөр хамгийн тэргүүлэх ашигт малтмал. Гэтэл өнөөг хүртэл байгуулагдсан олон Засгийн газар нүүрсний салбарыг хөгжүүлэх тууштай бодлого, хөтөлбөргүй ажилласаар ирлээ.

-Ихэнх хүмүүс нүүрсний хэрэглээг бүрэн халснаар агаарын бохирдлоос сална гэж боддог. Гэтэл манай нөхцөлд тэгэх боломж одоогоор алга. Та үүнд судлаач хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдолд олон хүчин зүйлс нөлөөлсөн, нөлөөлсөөр ч байна. Эдгээрээс гол хүчин зүйлсүүд нь хүн амын хэт төвлөрөл, ард түмний ядуурал, Засгийн газрын туйлбаргүй бодлого, эдийн засгийн хүндрэл гэж бодож байна. Нүүрсийг шууд орлуулах түлш одоогоор байхгүй учир ойрын жилүүдэд нүүрсээ түлсээр байх болно. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон гэр хорооллын дулааны асуудлыг орон сууцжуулахаас гадна цахилгаан, шатдаг хийгээр шийдэх нь зөв зүйтэй. Гэхдээ эдгээр эх үүсвэрийг бий болгоход мөн цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Утаа багатай нүүрс буюу антрацит, сайн чанарын чулуун нүүрс хэрэглэх, хүрэн нүүрснээс хагас кокс гарган авч утаагүй шахмал түлш үйлдвэрлэн ашиглах нь чанаргүй түүхий хүрэн нүүрс ашиглахтай харьцуулбал агаарын бохирдлыг ихээхэн хэмжээгээр бууруулах эхний үе шат байх боломжтой гэж боддог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *