Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат:Бүх нийтийн санал асуулгыг 1-2 тэрбум төгрөгт багтаана

МАН-ын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонгуулиа ямар системээр хийхийг бүх ард түмний саналаар шийдэх ёстой гэж мэдэгдээд байсан. Мөн тус намынхан сонгуулийн хуулиар бүх ард түмний санал авах тухай тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Сүүлийн хэд хоног хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр “МАН байр суурьнаасаа ухарлаа”, “МАН ард түмний нэрийг барьж шоудлаа” гэх мэт “мессеж”-ийг олон түмэнд хүргээд байна. Манай намын зүгээс сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан байгаа. Уг шийдвэрийг гаргахаас өмнө бид хөдөө орон нутгийн иргэд, сонгогч түмэнтэй уулзалт хийсэн. Уулзсан, ярилцсан иргэн бүхэн намын жагсаалтаар сонгогддог асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Бид энэ асуудалд судалгааны байгууллагаар судалгаа хийлгэхэд, иргэдийн 93 хувь нь “намын нэрийн жагсаалтаар сонгогддог системийг тохирохгүй байна” гэсэн. Тиймээс иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнээс биш бид ямар нэг байдлаар сонгуулийн шоу хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Тус нам сонгуулийн тогтолцооны асуудалд ард түмний санал асуулгыг авах хэрэгтэй гэдэг байр сууриндаа байгаа гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн бүх нийтийн санал асуулга явуулахдаа хамгийн бага зардлаар буюу 1-2 тэрбум төгрөгөөр хийх боломжтой. Санал асуулга явуулах асуудлыг УИХ-ын дарга ганцаараа шийддэг юм биш. Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдэх ёстой гэв. УИХ-ын дарга ганцаараа дур мэдэн энэ асуудлаар ярих нь ч ёс зүйн хувьд ч тохиромжгүй гэсэн юм.

Эдийн засаг хямарсан энэ үед МАН бүх нийтийн санал асуулгад 1-2 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа нь бага дүн биш гэдгийг шүүмжлэгчид ч цөөнгүй бий. Нөгөөтэйгүүр энэ нь дараагийн сонгуулиас өмнө яаравчлан батлагдах ёстой Сонгуулийн нэгдсэн хуульд багтах боломжгүй гэдгийг улстөрчид харж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *