Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Эдийн засгийн хүндрэлтэй үед 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт семинар өнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд Төрийн ордонд боллоо.

Семинарт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагуутай уулзаж Засгийн газраас бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлого, чиглэл болон бусад асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, нийслэл хот болон аймгийн төвүүдэд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний талаар, 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлэх талаар, Эдийн засгийн хүндрэлтэй үед 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байгаа талаар мэдээлсэн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах гол албан тушаалтан нь аймаг, орон нутгийн удирдлагууд билээ. Иймд төв орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах, орон нутгийн түвшинд ИТХ-ын дарга, Засаг даргын гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа чухал” гэлээ.

Мөн тэрбээр “Жил бүрийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг үнэлж дүгнэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын амжилт, үр дүн гаргасан аймаг, нийслэлийн удирдлагуудыг урамшуулж, ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцож ажиллана. Аймгийн удирдлагуудтай сар бүр тодорхой сэдвээр болон цаг үеийн ажлаар цахим хурал хийж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллана” гэв.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллана. Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем нэвтрүүлж, үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн захиргааны албан тушаалтны иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг хоёр дахин багасгаж, шуурхай болгох арга хэмжээ авна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *