Categories
мэдээ цаг-үе

Ж.Лхамсүрэн: Геологичдын армийг бэлтгэхэд гар бие оролцож явснаараа бахархдаг

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын ардын багш” цол хүртсэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, профессор Ж.Лхамсүрэнтэй ярилцлаа.


-Геологич мэргэжлийг анх яагаад сонирхох болов. Ажил амьдралын гараагаа эхэлж байсан залуу насаа эргэн дурсаач?

-Би 1953-1959 онд Москвагийн геологи хайгуулын институтэд сурч геологич, инженерийн мэргэжлийг эзэмшсэн. Намайг сургуулиа төгссөний дараахан 1960 онд МУИС-д нутаг ус, газар шорооныхоо геологийн хувьслын түүх, ач тусыг судалдаг өндөр мэргэжлийн геологич, инженерүүдийг бэлтгэх сургууль байгуулах шийдвэр дээд газраас гарч, тулгын чулууг нь тавилцаж явснаараа бахархдаг. Тэр үеэс хойш 55 жил багшилж, үе үеийн 3000 гаруй геологичийг төгсгөсөн. Энэ хугацаанд эрдэмтэн багш нарын хамт геологийн судалгаа явуулах лаборатори, кабинет тохижуулах, хээрийн дадлага хийх суурин байгуулах ажилд гар бие оролцож энэ салбарт нэг насаа зориуллаа.

-Та анхны шавь нар, төгсөгчдийнхөө талаар ярихгүй юу. Тухайн үед геологич мэргэжил их эрэлттэй байсан болов уу?

-Дунд сургуульд байхдаа Ч.Лодойдамбын “Алтайд” романыг уншиж, Намнандорж гуайн яриа лекцийг сонсож геологич мэргэжлийг ч сонирхох болсон оюутнууд их сургуульд элсэн суралцдаг байлаа. 1963 онд анхны 13 геологич, инженер мэргэжилтэнг төгсгөж байсан. Анхны төгсөлтөөс өдгөө ШУТИС-д ажиллаж буй Дашдаваа багш сайн сурдаг, практик ухаан сайтай оюутан байлаа. Тийм ч болохоор төгсөөд л сургуульдаа багшаар үлдэж байв. 1960-1970 оныг хүртэлх хугацаанд элссэн оюутнууд бүгд нэртэй геологичид болсон. Манай төгсөгчид ардын аж ахуйн салбар болон улс орныг үйлдвэржүүлэхэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байснаар нь бахархдаг. Төгсөгчдийн дотор төрийн шагналтнууд, аж үйлдвэрийн гавьяат ажилтнууд, эрдэмтэн профессор 30 гаруй төрсөн. Манай сургууль геологичдын бүхэл бүтэн армийг бий болгож чадсан.

-Чухам тэр үеэс л манай геологичид гадныхантай хамтарч нутаг орноо судалж эхэлсэн шүү дээ?

-Тийм. Үүнээс өмнө манай нутаг орны судалгааг Оросын геологичид хийдэг байсан. Манай геологичид 1950 оноос эхлээд нийт нутаг дэвсгэрийн тойм төрхийг судалж, нэлээн олон ордыг олборлож ашиглаж эхэлсэн. Монгол орны нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар алт, мөнгө, зэс, хайлуур жонш, шохойн чулуу гэх мэт 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 9000 орчим илрэлт орд мэдэгдээд байна. Тэгэхээр аймаг сум бүрт олон төрлийн ашигт малтмалын илрэлт байна гэсэн үг. Эдгээрийг нарийвчлан судлах нь нэлээн төвөгтэй бөгөөд үүнээс нутаг орны геологийн судалгааг орчин үеийн түвшинд улам эрчимтэй явуулах шаардлага урган гарч ирж байна. Энэ бол геологичдын өмнө тулгарч буй том зорилт юм.

-Тэр үеийн шавь нар өнөөгийн оюутнуудын хооронд ялгаа байна уу?

-Олон нийтийн дунд геологич мэргэжлийг өвөл зунгүй хөдөө гадаа явж байдаг, хүнд хэцүү мэргэжил гэсэн ойлголт бий болчихжээ. Сүүлийн үед геологийг чин сэтгэлээсээ сонирхоод геологич болъё гээд орж ирж байгаа хүүхэд, нийт оюутнуудын тал хувийг л эзэлж байна. Ганц нэг оюутан явц дундаа сонирхдог л юм. Дээхнэ үед багш хүн шавь нартайгаа тулж ажилладаг байсан бол өнөөдөр нийт дунд нь нэг лекц орчихоод явдаг болж. Үүнээс болоод ч тэр үү, чанартай боловсон хүчин бэлтгэж чадахгүй байна.

-Геологи хайгуул хөгжлийн хувьд уул уурхайгаас арван жилийн өмнө явах ёстой гэдэг юм билээ?

-Тэгэлгүй яахав. Төр засгаас геологичдыг бодлогоор дэмжиж, геологийн судалгаа түрүүлж явсан бол бид өнөөдөр хавьгүй олон ордыг нээчихсэн байх боломжтой байлаа. Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ гэвэл олон орд дундаас сонголт хийж, ойрын арван жилд аль аль уурхайг ашиглаж, хослуулж эдийн засгаа хөгжүүлэх вэ гэдгээ мэдэхэд тустай байсан. Гэтэл өнөөдөр геологи хайгуулын мэргэжлийн яам байхгүй байна шүү дээ.

-Та энэ салбарт ямар чиглэлээр мэргэшиж, судалгааны ажил хийсэн бэ?

-Би эрдсийг судалж эхлээд арав гаруй жил болж байна. Дэлхий дахинд дэлгэрч буй харьцангуй шинэ судалгааны төрөл юм. Эрдэс байгаль дээр яаж бий болдог юм гэдэг генетикийг судалдаг гэсэн үг. Бүх л төрлийн эрдсүүд байгаль дээр мөнх байгаагүй. Хэзээ нэг цагт, аль нэг газарт газрын гүнд эрдсийн үр хөврөл бий болдог. Ургаж, өсч томроод тэжээгч орчин нь алга болоход өсөлт нь зогсдог юм. Насыг нь тогтооход хэдэн зуун сая жилээс хэдхэн сая жилийн настай байдаг. Улирлын эрдэс гэж бас бий. Хоолны давс, хужир, шүү бүгд эрдэс. Байгалийн шинжлэх ухааны судалгааны ажил гэдэг бүх багаж хэрэгслээ өөрсдөө гаргаж авахаас эхлээд маш их хөдөлмөр шаарддаг. Геологийн судалгааны бүх үр дүн судалгааны тайланд байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр тайлан өөрөө үнэт эрдэнийн зүйл болдог. Тэр тайланг нь барьж сууж байгаад орд газар нээх ч боломжтой.

-Геологи эрдэс баялгийн музейд олон сонирхолтой үзмэр байдаг юм билээ. Монгол орны нутаг дэвсгэрээс урьд хожид үзэгдээгүй эрдэс чулуулаг олдож байсан уу?

– Бид оюутнуудынхаа хамт Монгол орны газар нутгаар жил бүр судалгаа хийж явдаг. Онц сонирхолтой, дэлхий дахинд анх олдож буй өвөрмөц шинж чанартай дээж материалуудыг цуглуулж боловсруулаад “Геологи, эрдэс баялгийн музей”-г байгуулж байлаа. Эхэндээ сургалтын хөтөлбөрт хэрэглэж байгаад 1965 оноос олон нийтэд үзүүлдэг болсон. Дэлхий дээр байж болох бүх төрлийн эрдэс чулуу Монголын газар нутагт байдаг. Үүгээрээ манай орны газар нутаг хосгүй юм. Манай музейд Шишгэд голын сав газраас 1970 онд олдсон том ногоон хаш чулуунаас эхлээд олон сонирхолтой үзмэр бий. Монгол оронд анх удаа олдсон шинэ эрдсүүд ч бий. Өмнөговиос урьд хожид үзэгдээгүй армстронгит, монголит гэж нэршсэн шинэ чулуулаг олдож байсан нь ч бий.

-Таны хувьд геологийн эрэл хайгуул хийж яваад олсон хамгийн содон олдвор юу байв?

– Геологийн судалгаа хийж яваа хүмүүс өдөр бүр шинэ юм үзэж, шинэ юм олж харж явдаг сонирхолтой ажил гэж боддог. Би Москвагийн их сургуулиа төгсөхөөс өмнө Төв аймгийн нутагт байдаг Горхийн ууланд ажиллаж байсан геологи шинжилгээний “Болор” хайгуулын ангид практик дадлага хийж байсан юм. Сургуулиа төгсч ирээд 1961 онд Горхийн нэгэн уурхайн магнаг чулуун судлаас 7.5 тн жинтэй асар том болрын талст олоод маш их баярлаж байлаа. Тэнд болор агуулж болох 1200 шахам судлыг илрүүлсэн. Дэлхий дахины геологи, уул уурхай хөгжиж ирсэн түүхийн баримтуудаас үзэхэд тийм том хэмжээний болор олдож байсан тохиолдол дөрвийн зэрэг л байсан юм билээ. Гэхдээ бодит баримт үлдээгүй гэдэг. Байгалийн ховор үзэгдэл юм даа. Тухайн үедээ “босоо хүний дайтай болор эрдэнэ олдлоо” гэж бичээд “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд өгч байв.

-Тэр болор чулуу одоо хаана хадгалагдаж байгаа вэ?

-Харамсалтай нь одоо байхгүй. Манай экспедицийнхэн ачааны машинаар тээвэрлэж Улаанбаатарт авчраад наадмын талбайд тавьсан. Тэнд хориод жил наадамчдын нүдийг хужирласан боловч нэг мэдэхэд үгүй болсон юм. Төр засгаас ч тэр, бид ч мөн хайрлаж хамгаалж чадаагүй. Туйлын ховор эрдэс шүдэнзний хайрцгийн чинээ байхад л мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг байхад тэр том болорыг харамсалтай нь хамгаалж чадаагүй.

-Геологийн багш хүний хувьд оюутнууддаа юуг голчлон захиж сургадаг вэ?

-Бид өөрийн орны эрдэс чулуулгийн зүйлийг барьж, учир утгыг нь тайлах хэрэгтэй. Манай орны газар нутгийн эрдэс чулуулгууд өөрийн гэсэн онцлогтой, давтагдашгүй байдаг. Дэлхийн бүх улс оронд ийм олон төрлийн эрдэс бодис байдаггүй учраас тэр. Энэ нь Монгол оронд геологийн ухааныг хөгжүүлэх, эх орныхоо эрдэс баялгийг бүрэн дүүрэн оновчтой ашиглахад чухал ач холбогдолтой юм.

-Монгол орны нутаг дэвсгэрээс Оюу толгой, Таван толгой шиг томоохон орд илрэх боломжтой юу?

-Боломжтой. Гэхдээ өнөөдөр төр засаг нь ч тэр, олон нийт ч геологийг ойлгохгүй байна. Геологичдын гаргасан тойм нөөцийг хараад л техникээр ухаж эхэлдэг. Тэдгээр уурхайнууд дээр геологичид ажилладаггүй нь гайхалтай. Уурхайн ажил эхлэхээс хаагдах хүртэл уурхайн геологич ажиллах ёстой юм шүү дээ. Яагаад гэвэл газрын хэвлийг ухах явцад өөрчлөлт гарч болно, шинж чанар нь хувирна, тэр бүхнийг нүд алгасалгүй судалж байх ёстой. Зэс олборлож байтал гүнд нь гэнэт алтны судал гараад ирж ч болно. Үүнээс болж их алддаг.

-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн Геологийн сургууль төгсөж, геологийн төв лабораторид эрдэс судлаачаар гучаад жил ажилласан. Том охин эдийн засагч. Том хүү геологич. Орост сургууль төгсөөд, Японд очиж докторын зэрэг хамгаалсан. Бага хүү энд физикийн анги төгссөн ч Германд эрдэс судлалын хүрээлэнд ажиллаж байна. Туршилт шинжилгээний ажил хийдэг. Хэдэн жилийн өмнө ердийн шохойн чулуунаас алмаз гаргаж авах нээлт хийж, Нобелийн шагналт эрдэмтний нэрэмжит шагналаар шагнуулж байсан.

Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *