Categories
мэдээ цаг-үе

Ж.Лхамсүрэн: Бадмаараг эрдэнийн чулууг орчин үед лазерийн эмчилгээнд ашиглаж байна

Монгол Улсын ардын багш, ШУТИС-ийн профессор, Геологи, эрдэс баялагийн музейг үндэслэн байгуулагч Ж.Лхамсүрэнтэй Үнэт чулууны талаар ярилцлаа.


-Танай музейд хичнээн чулуу байна вэ?

-Манай музейд Монгол орны эрдэсийн өв соёл, сан байгуулагдсан гэж хэлж болно.Үүнд манай улсын нийт аймгийн газар дэвсгэр, хязгаар нутаг бүрээс сүүлийн 60 гаруй жилийн туршид цуглуулсан бүх төрлийн эрдэс, хүдэр, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулуу, ус , тос гээд бидний мэддэг байгалийн баялаг тансаг чулуунуудыг биет байдлаар нь харуулсан байгаа. Энд нийт 5000 гаруй нэр төрлийн эрдэс чулуулгийн зүйлүүд тавигдсан. Эдгээр чулуулгууд манай орны газрын гадаргуу дээр, уул хадан дээр мөн газрын гүнд буюу газрын хэвлийн байгаа бүх төрлийн эрдэс баялагууд юм. Чулуулаг бүрхүүл гэж ярьдаг дэлхийн чулуун мандал нь тэр чигээрээ ашигт малтмал болон эрдэнэсийн зүйл болж болно. Бид чулууны далд шидийг илрүүлж хүний нүдэнд харуулж, бариулж болох хэлбэрт оруулан төлөөлөх охь дээжүүдээ музейн үзмэрт тавьсан.

-Чулуу хэрхэн үүсч бий болдог юм бэ?

-Усан болорын том багшраа ургалттай чулуу байдаг. Энэ чулуу Ховд аймгийн Булган сумын нутагт бий. Энэ нь газрын гүний халуун уусмалаас ургадаг. Газрын гүнд ямагт бүх төрлийн чулуулаг дундуур халуун усан уусмал нэвчиж хөөрч газрын гадаргуу тийш явж байдаг. Жирийн ард иргэд сайн мэдэх халуун булаг рашаанууд, галт уулын дэлбэрэлтээс гарч ирдэг асар их хэмжээний уур, мөн хэдэн км зай эзлэх халуун усан хий оргилж гарч ирж байдаг. Үүний үрд дүнд газрын гүний халуун усан уусмал, хайлмаг магми зэрэг нь газрын гадаргуу дээр дөхөж ирээд царцаж тогтоход олон янзын эрдэсүүд бий болж байгаа юм. Энэ бүгдийг эрдэс чулуулаг гэдэг.

-Үнэт чулуу гэж ямар чулууг хэлдэг вэ?

-Чулуунуудын онцлог шинжүүдээс хамаарч эрт үеэс эрдэнийн чулуу, өнгөт чулуу, ашигт малтмал зэргээр нэрлэдэг байсан. Манай ард түмэн аливаа нэг эрдэс чулууны эрдэм чадлыг эртнээс үнэлж эрдэнийн чулуу гэж нэрлэж шүтэж биширсээр ирсэн. Үнэ өртөгөөр илүү чулууг үнэт эрдэнийн чулуу гээд байдаг. Үнэ өртөг арай багыг нь хагас үнэт эрдэнийн чулуу гэж нэрлэх гээд байдаг. Энэ бол зохицолгүй нэршил юм. Юм бүхэн тодорхой үнэтэй. Үүнийг манайхны мэргэжлийн бус улсууд орчуулахдаа буруу орчуулчихсан байна. Энэ бол цэвэр хэлний зүйн асуудал.

Үнэт чулууг дотор нь дээд зэрэглэлийнх, хоёрдугаар зэрэглэлийнх, гуравдугаар зэрэглэлийнх гэж хуваадаг. Орос тэргүүтэй бусад улс оронд эрдэнийн чулууг бүр 10 зэрэглэлд оруулаад жагсаачихсан байдаг юм байна лээ. Манайд бол гурав хувааж үзэж байгаа. Гэхдээ энэ нь тогтвортой байх нь ховор. Өөрөөр хэлбэл хоёрдугаар зэрэглэлийн чулуу нэгдүгээр зэрэглэлийн чулуу болох боломжтой. Сүүлийн үед жил ирэх тусам эрдэнийн чулууны хэрэглээ нэмэгдэж байна. Тухайн эрдэнийн чулууны шинж чанараас гадна ашигтай талуудыг нь судалж мэдсэнээр үнэлэгдэх байдал нь өөрчлөгддөг гэж ойлгож болно. Монголд 20 гаруй төрлийн эрдэнийн чулуу бий. Үүнд болор, молор, алмааз, биндэръяа, бадмаараг, индранил, маргад-эрдэнэ, болорын төрөл зүйлүүд, анар гэх мэтчилэн үнэт чулуу бий. Болор гэхэд л янз бүрийн нөхцөл байдалд үүссэн болохоор усан тунгалаг болор, утаат болор, хар өнгийн болор, шаргал өнгийн болорууд бий. Уул хаданд байгаа чулуунуудыг сайтар үзэж газрын гүн рүү ухаж судалбал олон янзын бөөрөнхий анар гээд таслтууд байдаг. Энэ нь 12, 24, 36 талтай улаан ягаан өнгөтэй янзын янзын чулуу байна.

-Үнэт чулуунуудыг нэрлэвэл?

-Алмааз буюу доржпалам, молор, бадмаараг, биндэръяа, нэрэлт чимэд, хаш, сувд, шүр, гартаам зэрэг чулуунууд ордог. Эдгээр үнэт чулууны онцлог нь өнгө үзэмж сайтай, эдэлгээ даах чанартай байдаг. Тийм учраас гоёл чимэглэл хийхэд өргөн ашигладаг. Нэгдүгээр зэрэглэлд алмааз, бадмаараг ордог. Үлдсэн чулуунууд нь хоёр л гуравдугаар зэрэглэлд хамаарна. Яагаад үнэт чулууг дотор нь зэрэглэлд хамруулж үзээд байна гэхээр тухайн чулууны хатуулаг чанар, өнгө, ховор байдлаас шалтгаалдаг.


-Үнэт чулуунууд хичнээн төгрөгийн үнэ хүрдэг вэ?

-Үнэ өртөгийг тодорхой хэлэх ямар ч боломжгүй. Мэдээж алмааз тэргүүтэй эрдэнийн чулуунууд хэдэн сая доллараар үнэлэгддэг. Зарим тохиолдолд үнэлж ч чаддаггүй. Эрдэнийн чулуунуудыг гаргаж аваад орчин цагийн техник ашиглан зүсэж, өнгөлж олон тал гарган маш олон ажлын дарааллаар гоёл чимэглэлд ашиглах боломжтой шигтгээг гаргаж авдаг.

-Бадмаараг, болор зэрэг эрдэнийн чулуунуудад ямар эрдэс агуулагддаг вэ. Бусад эрдэнийн чулуунуудаасаа яагаад ийм өндөр үнэтэй байна вэ?

-Болор бол цахиур, хүчилтөрөгч хоёрын нэгдэл юм. Судлаачид болорыг судалж эхэлснээс хойш 100 жилийн дараа эрдэм чадлыг нь мэдэж авсан. Хамгийн анхны мэдэж авсан гол зүйл бол болорын даралтаар цахилгаанждаг шинж чанар байсан. Үүний үр дүнд дэлхий дээр утсан харилцаа үүссэн. Энэ чулууны ачаар хүмүүс хоорондоо хичнээн хол байсан ч утсаар ярих боломжтой болсон гэсэн үг. Хэрвээ энэ чулууны эрдэм чадлыг мэдээгүй байсан бол одоо хүртэл утсаар ярьж чадахгүй байх байсан. Мөн болорыг маш нимгэхэн ялтас болгож зүсээд хоёр талаас нь шахвал цахилгаанждаг. Үүнийг цахилгаан оронд оруулбал хэлбэлзэлд орж долгион үүсгэдэг. Энэ долгионыг л ашиглаж телефоныг бүтээсэн.

Үнэ өртөгийн тухайд зарим газарт үнэгүй ч байдаг. Эртний Египетэд алт уснаас хямдхан байсан. Алт өнөөгийн нийгэмд үнэтэй гэдэг ч тийм ч үнэтэй биш шүү дээ. Ердийн эрдэнийн үнэт чулуунууд алтнаас 20 дахин илүү үнэтэй байдаг. Эрдэнийн чулууны үнэ цэнэ нь хүний ур чадал орж гарснаараа үнэлэгдэж гарч ирдэг. Алмааз эрдэнийн чулууны нэг шигтгээ хэдэн сая долларт ч хүрч болно. Үйлдвэрийн бүтээгдэхүүн шиг тогтсон үнэ байхгүй. Цаг үеэсээ хамаараад өөр өөр байсаар ирсэн. XIX зууны үе, XX зууны эхэн үед улс орон бүрт өөр өөр байсан. Болорын эрдэм чадлын хувьд сэрүүн чанартай, эрүүл мэндийн салбарт ашиглах боломжтой гэдгийг аль эрт мэдсэн. Түүнчлэн болорын найрлагыг ашиглаж нэг секундэд 300 мянган км хурдтай буюу гэрлийн хурдаар дуу хоолой мэдээ мэдээллийг дамжуулахад хэрэглэх болсон. Энэ мэтчилэнгээр үнэт эрдэнийн чулууны эрдэм чадлыг судалснаар үнэ ханш, үнэлэгдэх байдал нь өөрчлөгдөж байдаг. Харин алмааз нүүрстөрөгчөөс тогтсон үнэт чулуу. Бадмаараг бол хөнгөн цагаан, хүчилтөрөгч хоёрын нэгдэл юм.

Одоогоос нэг жилийн өмнө германд шохойн чулуунаас алмаз гаргаж авсан. Шнжлэх ухаан бүхнийг хийж байгаа өнөө үед хүний оюун ухаан бүхнийг бүтээнэ. Чулууг бол байгаль эх өөрөө бүтээчихэж байгаа. Харин үүнийг байгаль яаж бүтээсэн байна, яагаад бий болчихов гэдгийг геологичид судлаад 200 гаруй сая жилийн өмнө хоёр км газрын гүнд үүссэн гэдгийг тогтоосон. Харин өнөө үед болорыг яаж үүссэнийг тогтоосныхоо хүчинд лабораторийн аргаар ургуулж байна. Ганц болорыг ч бус алмаазыг ч жил хүрэхгүй хугацаанд ургуулж байгаа. Алмааз бол олддоггүй ховор эрдэнэ. Алмаазын ганцхан орд газар нь Африкт байдаг. Мөн Оросын Якутад байгаа. Алмаазыг олж ашиглахад асар их үнэтэй. Тийм учраас лабораторид ургуулах аргаар үйлдвэрүүдийг хангаж амьдралд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, байгалийн том лаборатори байгуулчихаад ажиллаж байна.

-Ганц элементээс тогтсон үнэт чулуунуудад ямар чулуу орох вэ?

-Алт, мөнгө, хүхэр, бал чулуу, зэс орно.

-Үнэт эрдэнийн чулууны онцлог юу вэ?

-Жил ирэх тусам үнэт чулууны хэрэгцээ өсч байна. Үнэт чулууг өөрөөр гоёл чимэглэлийн чулуу гэж хэлж болно. Үнэт эрдэнийн чулууны ачаар цоо шинэ техник бий болж хүн төрөлхтний түүхэнд хувьсгал хийж байна. Үүний тод жишээ бол бадмаараг эрдэнийн чулуу. Үүнийг лазерийн эмчилгээнд ашиглаж байна. Эрдэнийн чулууны гол онцлог шинж нь тунгалаг гоё өнгөтэй, зарим нь улаан, ягаан, цэнхэр гэх мэт төрөл бүрийн өнгөтэй. Энэ нь хүний анхаарал, сонирхлыг их татаж байдаг онцлогтой.

-Монгол оронд түгээмэл байдаг ямар чулуу байна?

-Монголын нутаг дэвсгэрт боржин чулуу түгээмэл тархацтай. Чулуу бол чулуулгуудаас бүрддэг. Богд уул, Хангай, Хэнтий нуруунуудын ихэнх хэсэг нь боржин чулуунуудаас бүрддэг. боржин чулуу хээрийн жонш, болор, бага зэрэг хар гялтгануур эрдэсийг агуулдаг.

-Хүмүүс эрүүл мэнддээ чулууг ашиглах болсон. Энэ талаар?

-Хүмүүс турманил гэдэг гялалзсан хар соронзтой чулууг эрүүл мэнддээ их ашиглаж харагддаг. Ямар ч чулуу хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байдаг. Гэхдээ хүмүүс мэдэгдэхүйц нөлөөтэй чулуунуудыг их сонирхдог. Үүнд байгалийн барагшунаас эхлээд жонш, турманилыг нунтаглаад пиоро цахилгаан гаргаж эрүүл мэнддээ ашигладаг. Хавдар болон шүдний өвчнийг дарахад жамц давны уусмалыг хэрэглэдэг. Жамц давс бол эрт галавын үед далайн ёроолд үүссэн.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *