Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын ямагт анхаарлын төвд байх болно

Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Улс тунхагласны баярын өдрийн хүрээнд Иргэний андгай өргөх ёслолыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр хэлсэн үгэндээ, “Залуус та бүхэн зорьсноо биелүүлэх эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан чин шударгаар хөдөлмөрлөж, түүх соёлоороо бахархах, эх орноо хөгжүүлэх үйлст гар бие оролцох хариуцлагатай цаг мөчид тулж иржээ. Та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм үүрэг хүлээж, ирээдүйдээ итгэлтэй өөрөө өөрийнхөө удирдагч байж, тодорхой зорилго тэмүүлэлтэйгээр сурч ажиллаж, улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд эргэлзэхгүй байна.

Монгол Улсын хүн амын олонх болсон хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын ямагт анхаарлын төвд байж, цаашид энэ бодлогоо үргэлжлүүлэх чиглэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулж, 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт залуучууд та бүхэн рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгасан. Залуус та бүхэн өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн өв тэгш хүмүүжил, эх оронч сэтгэлгээ, мэдлэг боловсрол, өрсөлдөх чадвар, Монгол Улсын баталгаа, түүчээ байх болно гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр “Аль ч цаг үед нөр их хөдөлмөр, хүчин чармайлтгүйгээр амжилтад хүрэхэд хэцүү. Тиймээс зорилготой, тэмүүлэлтэй, мэдлэгийг эрж хайдаг, их уншдаг байгаарай” хэмээн захив.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хувьд эх орны ирээдүй болсон хүүхэд залуусынхаа хөгжлийн үүд хаалгыг нээж өгөх үүднээс Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулсан ба ирэх 7 хоног Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Мөн Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг энэ сарын 2-ноос эхлүүлсэн. Үүний цаад утга нь залуус их дээд сургуульд элссэн тохиолдолд сургалтын төлбөрөө төрөөс зээл хэлбэрээр авч, улмаар ажлын байран дээр гарсан цагтаа зээлээ барагдуулдаг байх боломжийг нээж өгсөн. Цаашид сангийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа.

Үүний дараа оролцогчид эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараг өргөсний зэрэгцээ тэдгээрээс 20 сурагч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авсан юм. Удаад нь “Буган сүлд” ТББ-ын тэргүүн Ө. Баяраа “Эх орон”, МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья” сэдвээр лекц уншив.

Иргэний андгай өргөх энэхүү ёслолыг Монголын Залуучуудын холбооны орон нутаг дахь салбар зөвлөлүүд тухайн аймагтаа тэмдэглэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *