Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Төсвийн байгууллагууд Монголдоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өнөөдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр,төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр хэлсэн юм. Хөдөө аж ахуйн салбарынхантай ганцхан удаа уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Махны салбарын тухайд:

Монголын махны холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн. Махны салбарын экспортыг нэмэгдүүлэх тухай тогтмол ярьдаг боловч бодит байдалд ажил хэрэг болох нь тааруухан байгааг тэд шүүмжилж байв. Тиймээс махны экспортыг уул уурхайгаас дутуугүй дэмжиж ажиллахыг сануулсан юм. Үүний тулд малын эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байгааг тус холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар хэлэв. ОХУ, БНХАУ-тай мах экспортох чиглэлээр хамтарч ажиллахад хамгийн түрүүнд малын махны чанар, эрүүл, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг гэсэн юм. Тиймээс энэ хуулийг яаралтай УИХ-д оруулж өгөхийг хүслээ.

Ойн салбарын тухайд:

Ойн салбарыг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэдэг саналыг мэргэжлийн холбоодын зүгээс гаргаж байлаа. Өмнө нь Ойн газар гэж байсан ч татан буугдсан. Үүнээс хойш тус салбарынхан Засгийн газар солигдох бүрт өөр өөр төрийн байгууллагад харъяалагдаж ирснийг хэлж байв. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайн уршгаар ой мод устах аюулд ойрхон байгааг энэ үеэр сануулж байсан юм. Төр засгийн зүгээс ойн менежментийн урт хугацааны бодлого хэрэгжүүлж,мэргэжлийн холбоодтойгоо уялдаа холбоотой ажиллахыг хүссэн.

Барилгын салбарын тухайд:

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныхон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад Засгийн газрыг анхаарч ажиллахыг хүслээ. Барилгын материалын үйлдвэрлэл барилгын салбарын тулгын гурван чулууны нэг. Өнгөрсөн хугацаанд салбарууд хоорондоо уялдаатай ажилласны дүнд ноосон эдлэлээр дулаалгын материал хийж, Япон Улсад экспортод гаргасан байна. Ой мод, хуванцрын хаягдлаар шинэ төрлийн бүтээгдэхүүн хийхээр туршилт явагдаж байгааг хэлж байв. Барилгын материалын үйлдвэрлэлийн олонхи нь нийслэлд төвлөрч байгаа. Тиймээс орон нутагт барилгын салбарыг хөгжүүлэхийн тулд үйлдвэрүүдийг хөдөө, орон нутагт байгуулах шаардлагатайг онцоллоо.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *