Categories
мэдээ цаг-үе

Ж.Дулмаа: Мянган төгрөгийн хандиваар цэцэрлэг барих санаачилга минь Монгол орон даяар түгээсэй

“Хонгор нутгийн үрс-нийгмийн үйлчилгээ” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Дулмаатай холбогдож хөөрөлдлөө.

-Таныг төрийн бус байгууллага байгуулж, мянган төгрөгийн хандиваар хүүхдийн цэцэрлэг бариулж байгаа гэж сонслоо. Улсын төсөвт хүртэл цэцэрлэг, сургуулийн зардал суулгахад бэрх болчихсон үед ийм сайхан сэтгэл гаргах болсон нь сонирхол татаж байна л даа?

-Баярлалаа. Би Баян­хонгор аймгийн Нэгдсэн эмнэл­гийн дотрын их эмчээр ажилладаг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч жирийн л нэг монгол эх. Монголчууд “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” гэдэг бэлгэшээлтэй ард түмэн. Манай Баянхонгор аймгийн төвд 2-5 насны 7705 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас зөвхөн 4337 хүүхэд хамрагдаж, 3368 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чадахгүй байсаар зургаан настайдаа сургуульд орж байгаа юм. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйн улмаас олон эцэг эхчүүд, ялангуяа залуу эмэгтэйчүүд, ээжүүд ажил хийх боломжгүй болж, энэ нь өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, амьжиргааны түвшин доогуур байх нэг шалтгаан болж байгаа юм. Нөгөө талаас хүүхдүүд бие биеэ харж гэртээ цоожлогдон үлдсээр ахуйн осол гэмтэлд өртөх, хүчирхийллийн бай болох явдал эмэгтэйчүүд бидний санааг маш их зовоох болсон. Иймээс нутаг орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулах зорилгоор улсын төсөв харахгүйгээр хандив цуглуулан 100 хүүхэд хүлээж авах хүүхдийн цэцэрлэг бариулах санаачилгыг 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан л даа.

-Зуун хүүхдийн цэцэрлэг барихад багагүй төсөв шаардагдах байх. Та тийм баян хүн үү?

-Цэцэрлэгийн нийт төсөв 470 сая төгрөг л дөө. Мэдээж над шиг төсвийн байгууллагад ажилладаг жирийн нэг эмч хүний тухайд зүүдэнд ч орохгүй мөнгө л дөө. Гэхдээ багтаж ядсан хөрөнгөлөг хүмүүсийн нэг үдэш казиногийн мөрийд алдаж, бөх, морь байлдаг, аймаг сумын ойгоор ямар ч үр ашиггүй цацдаг тэр их мөнгөний дэргэд үдийн будаа л гэсэн үг шүү дээ. Энэ санал маань маш их бэрхшээлийг туулж явсаар өнөөдрийг хүрч санасандаа хүрч хараахан амжаагүй ч боломжийн хэмжээнд явж байгаа. Тохиолдсон бэрхшээл гэвэл аймгийн Ардчилсан намын хорооны хурал дээр анх танилцуулж ярихад зарим нэг нь шоолж, зарим нь бүтэхгүй сонин зүйл санаачиллаа, хаанаас 500 сая төгрөг босгоно гэж гээд л олон өнцгөөр хүлээж авсан. Намын хорооны наян гишүүний хурал дээр би бүр хоолой зангираад уйлах шахсан. “Би ямар өөртөө гэр орон бариулах гэж байгаа биш дээ. Та нар тэр байтугай гарт баригдаж, нүдэнд харагдахгүй зүйлд мөнгө гаргадаг биз дээ. Яагаад бид хүүхдүүдийн төлөө ийм буяны ажил хийж болдоггүй юм бэ” гэж хэрдээ их бухимдаж байлаа. Харин аймгийн удирдлагууд маань их дэмжсэн болохоор цөхрөлтгүй үргэлжлүүлсэн. Баянхонгор сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа хүртэл “Та нарын өмнөөс ийм ажил санаачилж байхад яагаад дэмжихгүй байгаа юм бэ” гэж тулж олон удаа ятгаж учирлаж явсаар хэсэг дэмжигч нөхдийнхөө хамтаар бас биднийг хамгийн их үгүйсгэж байсан эрэгтэй төлөөлөгчдийг хүртэл үүсгэн санаачилсан ТББ-даа оруулан 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр есөн хүний бүрэлдэхүүнтэй “Хонгор нутгийн үрс” ТББ байгуулан албан ёсоор улсын бүртгэлтэй болсон.

-Хандивын үйл ажилла­гаагаа яаж эхлэв?

-Хандивын анхны нээлт дээр гудамжинд явж байсан хүүхдүүд хүртэл 100 төгрөгийн хандив өргөж, биднийг дэмжсэн. Аймгийн төвд байршилтай төрийн байгууллагуудад хандан 32 байгууллагын төрийн албан хаагчид зарим нь нэг өдрийн цалингаа, олонхи нь 5000-10000 төгрөгийн хандив өргөж 26 сая төгрөг цугларсан. Эндээс бид “Олны хүч оломгүй далай” гэх ардынхаа үгэнд урамшин зоригжсон гэх үү дээ. Иймээс нийгэмд нөлөө бүхий хүмүүст хандан уриалснаар УИХ-ын гишүүн Х.Баттулга 10 сая төгрөг, “Эпидот” компани 10 сая төгрөг, УИХ-ын гишүүн Д.Ганбат нэг сая төгрөг, Засаг дарга Д.Жаргалсайхан нэг сая төгрөг, ИТХ-ын төлөөлөгч Дашцэрэн хоёр сая төгрөг, төлөөлөгч Ч.Сайнбилэг нэг сая төгрөг гэхчилэнгээр хандивын үйл ажиллагаа маань бодитой ажил болон өргөжиж эхэлсэн. И.Бум-Эрдэнэ, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, “Эрчим хүч” компанийн дарга М.Батбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Оюутболд гээд нэр тоочихын аргагүй олон хүн хандив өргөсөн. Хандив цуглуулах, мэдээлэл түгээхэд орон нутгийн сайхан сэтгэлт хүмүүс төдийгүй бүхий л иргэд өөрсдийн боломжийн хэрээр дэмжиж байсанд үнэхээр баярласан. Цэцэрлэг барихад шаардлагатай газар, барилгын техникийн зөвшөөрлүүдийг холбогдох газруудаас авахад биднийг дэмжиж ажилласан байгууллагуудад ч талархаад баршгүй.

-Нийт хандив хэр цугларч, цэцэрлэг барих ажил ямар шатандаа явна?

-Зураг төсвөө 12 сая төгрөгөөр хийлгэж, барилгын суурийн ажлыг 44 сая төгрөгөөр хийлгэж дууслаа. Аймгийн ИТХ-ын “2015 онд аймаг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Орон нутгийн хөгжлийн санд 100 сая төгрөг тавиулсан. Үүний тулд эмэгтэй төлөөлөгчдийн бүлэг хамтран бусад эрэгтэй төлөөлөгчдийн “тархийг угаах” ажлыг бараг найман хурал дамжин үглэсээр батлуулсандаа баяртай байгаа. (инээв) Гэвч одоогоор мөнгө нь орж ирээгүй хүлээгдсээр байна. БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймагт Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд ажлын айлчлал хийхдээ “МАО” банкны захирал Мао Дун Хэ гуайд хүсэлт тавьж хандсаны үр дүнд тэрээр энэ оны тавдугаар сард Баянхонгор аймагт айлчлал хийхдээ 45 сая төгрөгийн хандив өргөсөн. Одоогоор бид “Нүнжигт инженеринг” компанитай гэрээ хийн барилгын зургийн дагуу 200 сая төгрөгийн барилгын бүтээц хэв материалыг БНХАУ-д захиалсан. Захиалгын дагуу материал гарсан гэсэн боловч бид Орон нутаг хөгжүүлэх сангийн 100 сая төгрөгөө хүлээгээд авч чадалгүй гацаанд орчихоод байгаа. Нийт 470 сая төгрөгийнхөө 200 сая орчмыг нь олчихоод ажлаа гүйцэтгэж байгаа гэхэд болох юм.

-Өөрт ямар ч ашиггүй цэцэрлэг босгох хандив цуглуулах ч амаргүй, “тамын” ажил байх шүү?

-Нэгэнт эхэлсэн ажлаа дуусган, төрөлх аймгийн минь гэр хорооллын хүүхдүүд цэцэрлэгтээ баяртайгаар инээгээд ирж яваа дүр зураг, аав ээжийнх нь аль нэг нь ажил хийгээд гэр дүүрэн инээмсэглэлтэй байх тэр үеийг дүрслэн харж, цэцэрлэгийн барилгын үүдэн дээр тууз хайчлаад зогсож байх тэр мөчийг төсөөлөн өөрийгөө сэргээж явна даа. Ер нь энэ “Нутгийн зөвлөл” гэдэг сүрхий байгууллагын хандлагыг өөрчлөх, нутгаа гэсэн сэтгэлтэй олон түмнийг сайн үйлст уриалан дуудах үйлс болоосой гэж хүсч явдгаа энэ дашрамд хэлэхэд илүүдэхгүй байх. Бид бөхөө шагнах, хөшөө дурсгал барих, сүм суварга бүтээхэд олон сая төгрөгийг хандивлаж чаддаг. Хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа нэгдэж чадна гэж боддог шүү. Хандивын юм гээд чанаргүй байж болохгүй. Ямартай ч бид цэцэрлэгээ үнэхээр сайхан барьж ашиглалтад оруулна. Цэцэрлэгээ барьж дуусуут ирэх оны хичээлийн жилд багтаан улсад хүлээлгэн өгнө дөө. Мянган төгрөгөөр цэцэрлэг барих санаачилга маань Монгол орон даяар түгж, олон олон цэцэрлэг байгуулагдаасай билээ.

-Энэ сайхан үйлс тань сэтгэлчлэн бүтэж, Монголын түм түмэн хүүхдүүд өргөө цагаан цэцэрлэгтэй болохын ерөөл дэвшүүлье. Хандив өргөхийг хүссэн сайхан сэтгэлтнүүд ямар банкинд хандвал зохилтой бол?

-Төрийн банкны 232100479323, “Хаан” банкны 5225507123, “Хас” банкны 5001206186, “Голомт” банкны 6105100242 тоот данснуудад сэтгэлийн хандиваа өргөж болно. Манай ТББ-ын талаарх мэдээллийг “Хүүхэд бүхний төлөө нэгдэцгээе” хуудсаас харна биз дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *