Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Хөгжлийн банк “хадны мангаа” биш, эдийн засгийг тэлэх том бүтэц DNN.mn

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Хөгжлийн банк тойрсон шуугиан намжаагүй л байна. Сүүлдээ энэ банкийг татан буулгах хэрэгтэй гэсэн байр суурь ч дуулдаад эхэллээ. Солонгос гэх мэт улсын хөгжсөн түүхийг харахаар хөгжлийн том төслүүдээ санхүүжүүлэх ийм банктай байсан нь амжилтынх нь нууц болжээ гэж харагддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ, бидэнд хөгжлийн банк хэрэгтэй юү?

-Хөгжлийн банк гэдэг бүтэц зөвхөн Монголд байдаг зүйл биш л дээ. Дэлхий нийтийн хөгжлийн хандлагаас олж ирсэн бидний нэг том ололт. Харамсалтай нь дэлхийн сайн туршлага, сайн жишгийг бид бусад бодлого, амлалтуудын нэгэн адил унагачихлаа. Өөрсдийнхөө мууд унагачихаад ард түмэнд “Хөгжлийн банк гэдэг нь бас нэг хэрэггүй зүйл байна” гэсэн ойлголтыг үлдээх өнгө янз анзаарагдаж байна. Энэ маш буруу хандлага. Хөгжлийн банк хадны мангаа биш, харин ч эдийн засгийг тэлэх том бүтэц. Увайгүй улстөрчид л гол буруутан нь болчихоод байна. Хөгжлийн банкны тухайд 1945 оноос хойш олон улсын түвшинд түгээмэл байгуулагдаж ирсэн төрийн өмчийн санхүүгийн байгууллагын хэлбэр. Дэлхийн банкны нэгэн судалгаанд “Зээл, хөрөнгийн захын бус аргаар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын хамгийн гол хэрэгсэл” гэж тодорхойлсон байдаг. Үүнтэй би санал нэг байна. Хөгжлийн банкийг зөв удирдаж чадсан бол одоо ярьж байгаа олон их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үр ашгаа өгчих байсан. Үүнээс гадна холбогдох зээлүүдийг төлөх тал дээр асуудал гарахгүй байсан. Гэтэл бид Хөгжлийн банкаа ямар түвшинд хүргэчихээд байгааг нийтээрээ харж байна л даа, өнөөдөр. Одоогийн түвшинд хүртэл “дампууруулчихаад” татан буулгах тухай асуудал байж болохгүй. Үүнийг зөв болгох, гаргасан алдаагаа засах, тэр олон их наяд төгрөгийг олж авах, ийм буруу нөхцөл байдлыг бий болгосон хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай. Ингэж чадвал жинхэнэ утгаараа Хөгжлийн банк болох суурь тавигдана.

-Хөгжлийн банкийг яг ямар хэлбэрээр ажиллуулбал эдийн засагт эерэгээр нөлөөлөх бол?

-Хөгжлийн банкийг өөрийн үндсэн агуулгаар нь ажиллуулах гол шийдэл бол ерөөсөө л хууль дээдлэх, хуулийн дагуу ажиллуулах. Энэ банкны өнөөгийн байдлын учир шалтгааныг хэд хэдэн өнцгөөс харж болохоор байна. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэсэн шалтгаан бий. За тэгээд үйл ажиллагаан дахь Засгийн газар, улс төрийн хүчтэй нөлөөлөл байна. Удирдах албан тушаалтнуудынх нь хариуцлагагүй байдал ч том шалтгаан болсон. Гэтэл Хөгжлийн банк өөрийн хуультай. Тэр хуулинд нь эдгээр бүх зүйлийг тодорхой заагаад зохицуулчихсан. Тодруулж хэлбэл, улс төрөөс хараат бус байх болон үйл ажиллагааны зарчим, засаглалыг нь тов тодорхой заагаад өгчихсөн. Зээлийг аль төсөлд ямар зарчим баримталж олгох, хэрхэн хянах, ил тод байлгахын тулд яах ёстой гээд олон асуудлыг тусгасан. Гэтэл Хөгжлийн банк үйл ажиллагаандаа эдгээрийг мөрдлөг болгоогүй, хуулийг дээдлээгүй, хуулинд захирагдаагүй. Улстөрчдийн “халаасны” банк болж тэдний эрх ашгийг хэрэгжүүлдэг хөгжлийн эсрэг банк болсон л доо. Үүний гол шалтгаан нь юу вэ гэсэн асуулт тавиад харъя. Зарим улстөрчийн яриад байгаа шиг хууль “буруутан” уу гэвэл үгүй. Үндсэн шалтгаан нь улс төрчид, Хөгжлийн банкны удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахууны доройтол шүү дээ. Тэд улсын эрх ашгийг өөрсдийн эрх ашгаас доогуур үздэг учраас Хөгжлийн банк ингэтлээ доройтсон. Дахиад хэлье, “буруутан” нь хууль биш. Харин ёс суртахуунгүй, боловсрол дорой, үндэстнийхээ эрх ашгийг уландаа гишгэсэн улстөрчид энэ банкинд нөлөөлж, удирдлагыг нь хэрэгжүүлээд яваа учраас хуулийг өөрчлөх, хариуцлагыг чангатгах шаардлага үүсч байна. Өнөөгийн нөхцөлд тэгэхээс өөр арга алга. Түүнээс биш Хөгжлийн банкийг татан буулгаад асуудлыг шийдэхгүй. Харин ч хөгжлөөс ухарсан алхам болж, эцсийн дүндээ улсаараа хохироод дуусна.

-Банкны IPO-г хойшлуулах асуудлыг УИХ хэлэлцэж байна. Таны хувьд ОУВС-гийн өгсөн зөвлөмж, Монголбанкны байр суурийг хэр зөв шийдэл гэж харж байгаа вэ?

-Банкуудын IPO-г хүчээр хуульчлан тулгаж шийдвэрлэх асуудлыг би анхнаас нь эсэргүүцэж байсан. Аливаа аж ахуйн нэгж хэзээ олон нийтийн компани болох, болохгүйг төр шийддэгүй юм. Гэхдээ энэ бол банкуудыг хүчээр IPO хийх хуулийг гаргаж байх үеийн миний байр суурь. Ер нь бид цаашдаа аливаа үнэ, хүү, инфляци зэрэг учир шалтгаанаас бий болдог үзэгдлүүдийг хүчээр зохицуулж болно гэсэн бодлоо орхих хэрэгтэй. Эдийн засаг эрүүлээр өсөж хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг гэсэн тал руугаа явах нь зөв. Харин өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа хэлье. Аль аль талын санаа бодлыг харгалзсан зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгэнт хууль гарсан учраас биелүүлэх ёстой. Энэ итгэл үнэмшлээр олон талууд ажилласан, зах зээлд хүлээлт бий болчихсон. Энэ хүлээлтийг эвдэх нь олон талын хохиролтой. Наад зах нь гэхэд л хуулийг хойшлуулснаар бий болох шинэ нөхцөл байдлаас үүдэн гарах зардлыг хэн хариуцах вэ гэх мэт асуудал бий. Товчхондоо нэг талаас өөрсдөө хууль гаргаж зах зээлд хүлээлт үүсгэчихсэн, нөгөө талаас хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдвэрээ гаргах учраас хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлэхийн зэрэгцээ хажуугаар нь бусад арга хэмжээг аваад явах нь зөв байх.

-Засгийн газар төсөв хэмнэх санал оруулсан ч хүссэн хэмжээний үр дүн гарсангүй. Гэхдээ данхгар төсөв батлах дуртай дарга нар олон хямралын дараа хэмнэлт гэж дуугарч эхэлсэн нь бас ч гэж давуу тал гэж харж байна…?

-Зүй нь аль хэдийнээс л хэмнэлт ярих ёстой байсан юм. Гэхдээ одоо ч болтугай ингээд ярьж байгаа нь олзуурхууштай. Гол нь бид хэмнэлт гэдгээ аль аль талдаа зөв ойлгох нь чухал гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас илүү тод харж байна. Мөн энэ удаагийн төсвийн тодотгол нь төсвийн ерөнхий тоог өөрчлөх бус төсвийн зарлагын бүтцийн өөрчлөлтөд илүү анхаарсан байлаа гэж би хувьдаа бодож байна.

-Төсвийн хэмнэлт дээр гаргасан засгийн саналын тухайд гишүүд өнөө л довны үзлээрээ тойрогтоо хуваарилсан хэрэггүй зардлуудыг тануулах дургүйгээ ил тод илэрхийлнэ лээ. Энэ гажуудлыг яаж засмаар юм бэ дээ?

-Энэ буруу хандлага сүүлдээ бүр байх ёстой юм шиг, жишиг гэмээр болчихлоо л доо. Төсөв бол макро эдийн засгийн хөгжлийн гол бодлогын нэг гэдэг утгаараа улсын макро эдийн засгийн хувьд эерэг үр дүнтэй байх ёстой. Эдийн засаг өсч, ажилгүйдэл ядуурал буурч байх учиртай. Засаглал сайжирч байх хэрэгтэй.

Макро эдийн засгийн зорилгыг биелүүлэхийн тулд үр ашигтай бүтэцтэй, урсгал болон хөрөнгө оруулалтын зардал нь оновчтой, хэмнэлттэй байх ёстой. Түүнээс төсөв бол хэдэн хүний хувааж аваад иддэг мөнгө биш. Тэр агуулгаар нь харвал Монгол Улсын төсөв тэр чигээрээ зөв бодлого байх ёстой. Өнөө бодлогыг нь боловсруулдаг төрийн тогтолцоо нь зөв байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монголын төсөв томорсон. Түүнийгээ дагаад зарлага нь өссөн. Төсвийн зарлага 17, 18 их наядаар яригдаж эхэллээ. Гурав, дөрөвхөн жилийн дотор хоёр дахин өсчихсөн. Зарлагын ийм өндөр өсөлтийг дагаад нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт бий болов, хөрөнгө оруулалтын зардал нь зөв байв уу, урсгал зардал буюу төрийн бүтэц үр ашигтай байж чадав уу, нийтийн мөнгийг зөв зүйлд зарцуулсан болов уу гэсэн асуулт тавиад харахаар хариу нь их эргэлзээтэй. Төсвийн зарлагын өндөр өсөлтөөс гадна өрийн хэмжээ хэцүүхэн байгаа. Гэтэл нөгөө талд нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийн амьжиргааны чанар, ажилгүйдэл, ядуурал буурсан уу гэдэг асуудал тавибал тааруухан хариу гарна. Товчхондоо төсөв бодлогын хувьд үр ашиггүй байгааг олж харах хэрэгтэй.

-Гишүүдийн тойрог тойрог руугаа чирдэг хэрэггүй хөрөнгө оруулалтын зардлууд руу эргээд оръё. Тойрог руу хандсан хэрэггүй хэрнээ том хөрөнгө оруулалтуудыг танах хүсэл зориг УИХ, Засгийн газрын аль аль талд дутаад байх шиг?

-2022 оны төсвийг оруулж ирэхдээ Сангийн яамны зүгээс магтууштай нэг том өөрчлөлт хийх гэж оролдсон. Төсвийг бодлогын төсөв болгох гэж оролдсон л доо. Халамжаас хөдөлмөр рүү гэх мэтээр үр ашигтай төсвийн суурь шинэчлэлийг хийх гэж үзсэн. Харамсалтай нь төсөв олон жил буруу явж ирсэн учраас дурын хүнд үр ашиг муутай гэж харагдахуйц хөрөнгө оруулалтын болон урсгал зардлууд байсаар байна л даа. Төсвийн хэмнэлт дээр УИХ-ын гишүүдийн зүгээс хандаж буй хандлагыг шууд буруутгамаар байна. Хот хөдөө гэлтгүй “Манай тойрогт юу ч алга, чиний тойрогт хуваарилсан хөрөнгө их байна” гэсэн утгатай маргаан өрнөсөөр ирсэн л дээ, УИХ-д. Ийм маргаан хийж байгаа гишүүдийг буруу хандлагатай ажиллаж яваа гэж нийгмээрээ ойлгох хэрэгтэй. Төсвийн ард Монгол Улсын нийт иргэдийн эрх ашиг бий. Улсын язгуур эрх ашиг байгаа. Тэр утгаараа хөгжлийн тулгуур ерөнхий бодлогын хувьд зөв төсөв байх ёстой. Түүнээс биш тойрогт зориулсан төсөв гэж байх учиргүй. УИХ-ын гишүүн бол Үндсэн хуульд зааснаар нийт улсынхаа эрх ашгийн төлөө ажиллах үүрэг, тангарагтай. Товчхондоо төсвийн хэлэлцүүлгийн үеэр “Миний тойрог” гэж дуугарч суугаа гишүүн бүр буруу ярьж байна гэсэн үг. Ийм үзэгдэл далд байснаа сүүлийн жилүүдэд ил тод болж зарим УИХ гишүүн бахархалтайгаар зарлах байдалтай болж байна. Ингэж болохгүй гэдгийг уг нь бүгд мэднэ. Энэ нь дээр Хөгжлийн банктай холбоотой хэлсэн нөгөө ёс суртахуун, эрх ашгийн дарааллын алдаатай бодол зэргээс шалтгаалж байгаа хэрэг.

-Сүүлдээ бүр сонгогдсон бүсээрээ нийлж нэгдээд манай тэр асуудлыг шийдэж өгөхгүй бол хуралд суухгүй шүү гэсэн утгатай мэдэгдэл хийж бойкотолдог болсон. Тойрог руу хандсан гишүүдийн ийм амбицыг дарах тодорхой шийдэл санал болгооч гэвэл?

-Хот, хөдөө аль ч тойргийн хувьд хөрөнгө оруулалтын зардал ганцхан шалгууртай байх ёстой. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй юу, үгүй юү гэсэн шалгуурыг л тавих учиртай. Тэр гишүүний тойрог учраас төсвөөс ийм хөрөнгө оруулалт хийнэ, тэр гишүүний тойрогт бол бага хэмжээний хөрөнгө оруулна гэсэн явцуу шалгуур байж таарахгүй. Энэ асуудлыг Үндсэн хуулийн саяхны өөрчлөлтөөр тодорхой хэмжээнд шийдсэн гэж ярьдаг ч төсвийн дотор өөрчлөлт хийх нөхцөл байдлыг Үндсэн хууль руугаа татчихсан асуудал бий. УИХ-д Засгийн газрын оруулж ирсэн төсвийн орлого, зардлын хэмжээг өөрчлөхгүй, дотор нь өөрчилж болно гэсэн заалт Төсвийн тухай хуульд байсан юм. Харамсалтай нь тэр заалтыг Үндсэн хууль руу аваачаад тавьчихсан. Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд тойрог руугаа хөрөнгө оруулалт татдаг, тойрогтоо тодорхой хөрөнгө оруулалтуудыг тусгуулах гэж Засгийн газрын шахдаг байдал хэтэрхий ил, увайгүй болж даамжирчихлаа л даа. Зарим гишүүн бүр “Тойрогтоо хөрөнгө оруулахын төлөө хөөцөлдөж гүйх ёстой, угаасаа гишүүдээс санал авдаг учиртай, тэр эрхийнхээ дагуу би саналаа өгч ийм тийм хөрөнгө оруулалт тойрогтоо авч чадсан” гэсэн утгатай мэдэгдлийг ил зарлаад эхэлчихсэн. Хуулийн дагуу, зарчмын хувьд бол огт байх ёсгүй зүйл шүү дээ. Төсөвт улс төрийн ийм нөлөөлөл хэт ихсэх нь яаж ч бодсон буруу. УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны бие даасан байдалд зүй бусаар халдаж байгаагийн тод илрэл. УИХ бодлогын түвшинд ажиллах ёстой. Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн төсөв болсон эсэх дээр л шүүн тунгаах процесс л парламентад өрнөх учиртай. Саяхан нэг гишүүн “Бид бусад улсын парламентын гишүүдээс их ажил хийдэг. Учир нь бид тойрогтоо ажиллах хэрэгтэй болдог” гэж ярина лээ. Улс төрийн тогтолцоо, гишүүдийн чиг үүргээ ойлгож байгаа байдал хэт алдагдсаны нэг жишээ л дээ.

-Төсвийн хөрөнгө оруулалтын орчин ер нь ямархуу вэ?

-Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын орчин их сайн. Хөрөнгө оруулалт хийх зарчим, шалгуур нь мундаг. Харамсалтай нь хуулиуд, эрх зүйн орчин дахь дүрэм, журмууд нь сайн ч хэрэгжилтийн түвшиндээ их алддаг. Институцийн чадамж нь муу байна гэсэн үг. Ямар нэг хөрөнгө оруулалтын хэрэгтэй эсэхийг батлах, үндэслэлийг нь нарийн тооцож гаргаж ирэх институци бол УИХ дахь хотоос сонгогдсон гишүүд биш. LRT, сумын соёлын төв нэг л зарчмаар шийдэгдэх ёстой. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн, зайлшгүй шаардлагатай төсөл мөн эсэхийг л батлах хэрэгтэй. Хөгжлийн бодлого гэснээс хөдөөд орон сууц авбал гэх мэт хот, хөдөөгийн төвлөрлийг механикаар сааруулах гэсэн оролдлого төсвийн тодотголын үеэр анзаарагдаж байсан. Засгийн газрын зүгээс хийж буй зоримог оролдлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ хөдөө ажиллаж амьдрах эдийн засгийн хөшүүргийг бий болгож өгөхгүй бол мянгантаа сайн шийдэл шийдвэр гаргаад үр дүнд хүрэх нь юу л бол. Энэ мэт дутуу бодсон үндэслэл муу бодлого шийдвэрүүд бидний сүүлийн жилүүдэд их хойш чангаасан гэдгийг бид мартаж болохгүй.

-Таны ярианаас анзаарахад, эцсийн бүлэгт сонгуулийн тогтолцоогоо өөрчилж байж л төсөв тойрсон асуудлууд шийдэгдэх юм байна даа…?

-Санал нэг байна. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Эсвэл УИХ-ын гишүүдийг сонгуулийн бус үеэр тойрогтоо ажиллах, тойрогтоо төлөөллөө ажиллуулах гэсэн ойлголтоос татгалзах ёстой. Сонгогдохын тулд тойрогтоо өөрийгөө харуулах ёстой, сонгогдсоныхоо дараа нийт улсын эрх ашгийн төлөө ажиллах нөхцөлийг л бүрдүүлэх шаардлагатай. Ёс суртахуунаараа, үнэт зүйлээрээ улсынхаа нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахыг нь хүлээвэл бүтэхгүйг бид өнгөрсөн жилүүдээс хангалттай харлаа. Тэгэхээр түрүүн хэлсэн хязгаарлалтыг хууль эрх зүйн хүрээнд тавьж, хашиж өгөхөөс өөр арга байхгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд, сонгуулийн тогтолцооны тухай асуудал болохоос УИХ-н гишүүдийн тоог нэмэх тухай биш. Сүүлийн үед улс төрийн намуудын зүгээс энэ санааг их цухалзуулж байна. УИХ-н гишүүдийн тоог нэмэх, хасах дээрээ тулбал жинхэнэ нийт ард түмний саналаар шийдэх хэрэгтэй. Харин намууд үүнийг шийднэ гэвэл ард түмний эрхэд хэт халдсан хэрэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *