Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Шинжлэх ухаан хорт хавдрыг ялахад их ойрхон байна

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, тэр дундаа хавдрын шинжлэх ухаанд ямар дэвшилтэт технологи нэвтрээд байна вэ. Монголчууд хавдрын шинжлэх ухаан, технологиороо дэлхийтэй зэрэгцэж эхэлсэн гэх боллоо?

-Яг эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан гэж авч үзвэл хамгийн эрчтэй, хүчтэй явж байгаа нь хавдар судлалын шинжлэх ухаан. Үүнийг онкологи гэж нэрлэдэг. Энэ салбар яагаад хүчтэй хөгжиж байна вэ гэхээр хүн төрөлхтөн эрүүл мэндийн салбарт дийлэхгүй байгаа нэг айхавтар өвчин байгаа нь хорт хавдар. 2018 онд Нобелийн шагналыг хорт хавдрын чиглэлээр Америк, Японы хоёр эрдэмтэн авлаа. Бид бүгд хавдрыг ялдаг болоход манай шинжлэх ухаан их ойрхон байна. Нөгөө талаасаа хорт хавдрыг ялах цаг хугацаа их ойртож байгаа гэдэгт би их итгэл үнэмшилтэй байдаг. Тухайлбал, хамгийн энгийн жишээ ярихад хорт хавдрын хожуу үе шатандаа орчихсон, эмчлэгдэхгүй гэж байгаа хүмүүс зөвхөн ганцхан ширхэг эм уугаад жил, хоёр жил хүртэлх хугацаагаар бариад байлгаж байдаг ийм эмнүүд гарчихсан явж байна. Хавдрын эмийн шинжлэх ухаан нь өөрөө бас их хүчтэй хөгжиж байна. Хавдар судлал, анагаах ухааны чиглэл маш их эрчтэй хөгжиж байна гэдгийн нотолгоо бол энэ.

-Тэгвэл яагаад хорт хавдрыг устгачихаж чадахгүй байгаа юм бэ?

-Яагаад бид өнөөдөр хорт хавдрыг ялж чадахгүй байна вэ гэхээр хүний дархлааны систем хавдрын эсийг гадны биет гэж таньж чадахгүй байгаадаа л асуудал байгаа юм. Хорт хавдар хүний эрхтэн дотор гадны биет болон ургахдаа гадуураа бамбай зүүчихээд “Би чиний тал шүү. Би өөрийн чинь биеийн нэг хэсэг шүү” гээд дархлааны системийг хуураад байгаа байхгүй юу. Тэр хуураад байгаа бамбай буюу тэр уургийг хүн төрөлхтөн нээчихсэн байхгүй юу, бүтцийг нь. Бүтцийг нь нээчихсэн юм чинь одоо тэрийг устгах аргыг олоход амархан. Тэр бүтэц, тэр бамбайг хуулж хаях технологи нэвтэрчихвэл дархлааны эсүүд хавдрын эсийг дорхноо хайлуулаад залгиад байхгүй болгочихно. Тийм учраас хорт хавдрыг ялах цаг хугацаа ойрхон гэдэг чинь энийг хэлээд байгаа юм. Одоо хорт хавдрын эмчилгээний практикт ийм төрлийн эмнүүд аль хэдийнэ нэвтэрчихсэн. Үүнийг бай эмчилгээ гэж нэрлээд байгаа байхгүй юу. Тэгтэл Монголын хавдар судлалын түвшин хаана явж байгаа вэ гэдэг чинь их чухал. Өнөөдөр бид Шинжлэх ухаан технологийн сан (ШУТ сан)-тай хамтраад 2014 оноос хойш нийтдээ зургаан төсөл хэрэгжүүлж байна. Үүний ачаар өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг тавьж, молекул генетикийн шинжилгээг хийдэг болсон. Тухайлбал, энэ хорт хавдар ямар бүтэцтэй юм бэ. Зөвхөн хорт хавдар гэж таних биш. Хорт хавдар гэж таньсны дараагаар тэр дотроо ямар бүтэцтэй юм, ямар эмэнд илүү дарагдах юм. Хими эмчилгээний мэдрэг чанар гэж нэрлэдэг. Би дэлгэрэнгүй ярьж байна шүү. Нуршиж байна гэж битгий бодоорой.

-Маш ойлгомжтой байна. Баярлалаа.

-Тухайн том хавдар нь генетикийн бүтцийн хувьд мутаци буюу генийн гаж хөгжил нь ямар гаж хөгжилтэй байгааг мэдээд тэр гаж хөгжлийнх нь эсрэг өгдөг эмийг бай эмчилгээ гээд байгаа юм. Тийм оношилгоог хийж өгдөг болсон. Энэ эмчилгээ, практикт нэвтэрчихсэн явж байна. Хөхний хорт хавдар гэхэд гадаргууг нь мэдрэх рецептер гэж бий. Тийм рецептертэй байвал эмчилгээ нь нэг янз. Байхгүй бол тэс хөндлөн өөр эмчилгээтэй. Тэгэхээр ганцхан хими эмчилгээ байдаг гэж ойлгохгүй нь байна шүү. Хими эмчилгээ дотроо бай эмчилгээ. Хими эмчилгээ нь хүртэл ямар эмэнд илүү мэдрэг байх вэ гэдгийг шинжилдэг. Энэ технологио суурьшуулаад авчихлаа. Одоо бид хорт хавдар туссан хүмүүсийн цусанд генийн шинжилгээ хийж үздэг. Эмчилгээнийх нь төлөвлөгөөнд энэ ашиглагддаг болчихсон. Хамгийн энгийнээр хэлэхэд энэ хамгийн ашигтай байрлал. Ийм байхгүй байсансан бол яах вэ. Гадаадад очиж шинжилгээ өгнө, ийм хавдартай хүнд ийм эмчилгээ хийгээд байхдаа яадаг байна гэж дооглох байсан. Асар их алдаатай эмчилгээ явчих аюул байсан. Нөгөө талаасаа гадагшаа явж тэр их үнэтэй оношилгоог хийлгэхэд иргэдээс хичнээн их төгрөг гарах вэ. Бидний тооцоогоор гадагшаа явж 2.3 тэрбум төгрөгөөр тэр оношилгоог хийлгэх хүмүүс байсан. Гэтэл бид 400 сая төгрөгийн төслөөр Монголоос гарах байсан 2.3 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Энэ бол бодитой, ажил хэрэг болсон төсөл гэж би гайхуулах дуртай. Үүгээрээ бас бахархдаг. Тэгэхээр одоо Хавдар судлалын үндэсний төв Молекул генетикийн оношилгоотой болчихсон байна.

Хоёр дахь төсөл нь “Нойр булчирхайн хорт хавдрын мэс засал, эмчилгээг Монголдоо нутагшуулах төсөл” байсан. 230 сая төгрөгийн өртөгтэй төсөл. Энэ төсөл бас амжилттай хэрэгжсэнээр бид гадаадад эмчлэгдэх байсан нойр булчирхайн хавдартай 60 хүнийг Монголдоо эмчилж “Монголын эмч нар эмчилж чаддаг юм аа” гэдгийг харуулсан. Энэ нь өөрөө маш чухал. Нойр булчирхайн толгойн байрлалын хавдрын мэс засал, эмчилгээ хэвлийн хөндийн хамгийн хүнд хагалгаанд тооцогддог. Хүндрэл ихтэй, эрсдэл өндөртэй. Бид энэ төслийг хэрэгжүүлээд 30 хоног доторх нас баралтыг тэг болгосон. Бид хийж чаддаг юм байна гэдгээ харуулсан. Нөгөө талаасаа иргэд итгэдэг болж, эндээ эмчлүүлдэг болж эхэллээ. Энэ бол бидний давуу тал. Үр өгөөжийг нь тооцвол 60 хүний хагалгааг энэ төслийн хүрээнд хийсэн. Хэрвээ зөвхөн энэ 60 хүн гадаадад очиж эмчлүүлсэн бол, ойрын жишээ болгож ярихад БНСУ-д очиж хагалгаа хийлгэсэн бол нэг хагалгаа нь 40 мянган долларын үнэтэй шүү дээ. Энийг 60-д үржүүлэхээр 2.4 сая доллар гадагшаа урсах байсныг бид зогсоосон байна гэсэн үг мөн үү.

-Мөн, мөн.

-Энэ чинь амжилт байгаа биз дээ. Одоо тэгээд гадаадад явж эмчлүүлэх өвчний жагсаалтаас нойр булчирхайн толгойн хавдрын мэс засал эмчилгээ хасагдчихаж байгаа юм. Мөн нойр булчирхайн сүүл хэсгийн хагалгааг дурангаар хийдэг. Энэ төслийн хүрээнд бид энэ хагалгааг дурангаар хийж чадна гэдгээ бас харуулсан. Гэх мэтчилэнгээр энэ төслүүд амьдралд нэвтэрсэн. Бидний зориод байгаа зүйл бол үнэндээ бид дэлхийн анагаах ухаанаас нэлээд хоцорчихсон байсан. Тэгвэл ядаж одоо байгаа түвшинд нь очъё гэж үзээд байна. Яахаараа монгол хүн дэлхийн анагаах ухааны том ололтуудыг эх орондоо санхүүгийн дарамтгүй эдэлж болохгүй гэж. Яг энэ утгаараа гурав дахь төсөл явсан. Тэр нь “Элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих төсөл”. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээг нутагшуулах. Үүнд 400 сая төгрөгийг ШУТ сангаас санхүүжилтээр авч, “Элэг нэгт монголчууд” сангийнхан тэрбум төгрөг босгож өгч, ард түмэн бидэнд 64 сая төгрөг хандивлаж, тэгж байж бид Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлсэн. 2018 оны нэгдүгээр сарын 28-нд эхний хагалгааг хийсэн. Одоо 15 хүнд хагалгаа хийчихсэн байж байна. Энэ бол том дэвшил, амжилт. Тэр 400 сая төгрөгөөр асар их чухал хэрэгтэй зүйлээ гүйцээж авч чадсан. Үүний хүрээнд монгол хүн гадагшаа явж элгээ солиулах гэж орон гэрээ зарж, баахан өр шир тавих

шаардлагагүй болж байна. Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр 81, 82 дахь хагалгаагаа хийчихлээ гэж ярьж байна. Хавдар судлалын төв дээр 15 хагалгаа хийчихсэн байна.

-Элэгний хорт хавдрын гол шалтгаан нь юу вэ. Олон янзын шалтгаан ярих юм?

-Элэгний хорт хавдрын шалтгааны 90 хувь нь В, С вирус байхгүй юу. Шалтгааныг нь бид аваад хаячихаар ирээдүйд хавдар тусах байсан хүмүүс тусахгүй нь байна шүү дээ. Ирээдүйд манайд элэгний хорт хавдар тийм их байхаа больчихно. Арван жилийн дараа хоёулаа дахин уулзаж суугаад “Хоёулаа 2019 онд тэгж ярьж байсан. Одоо ямар байна” гэж ярихад В, С вирусийн шалтгаант элэгний хавдар байхгүй болчихсон байх нь. Ямар гоё юм бэ. Маш олон иргэдээ ирээдүйн өвчнөөс хамгаалж чадаж байгаагаараа чухал. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэг шилжүүлэн суулгах хөтөлбөрийг шинжлэх ухааны талаас ихэд дэмжиж өгсөн. Энэ бол анагаах ухааны маш том ололт. Хуучин, 20 жилийн өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд тухайн эмнэлэг бараг л сансарт нисэх гэж байгаа юм шиг л бэлтгэл ажил хийдэг байсан. Гэтэл одоо өдөр тутмын хагалгаа болчихоод байна. Мэдээж эрсдэлгүй юм байхгүй шүү дээ. Олгой авахад хүртэл эрсдэл байгаа шүү дээ. Тийм учраас эрсдэлтэй ч ийм хагалгааг хийж чаддаг хоёрын хоёр эмнэлэг Монголд байна гэдэг манай анагаах ухааны бас л том бахархал гэж бодож байна.

Молекул генетикийн түвшинд оношлоод хөх, ходоод, өндгөвчний хорт хавдрыг орчин үед яаж эмчилж байна вэ гэдэг дээр санхүүжилт аваад төслөө хийгээд дуусч байна. Нэг ёсондоо дэлхий дээрх хорт хавдрын эмчилгээний түвшинд монгол хүмүүсийг эмчлэхийн төлөө хичээж ажиллаж байгаа арга зам нь энэ. Хавдар судлалын үндэсний төв гэсэн нэрэнд судлал гэсэн үг бий. Бид хавдар судлалын чиглэлээр нэлээд ажил хийдэг. D вирусийн халдвар дэлхийд элбэг биш. Харин Монгол бол онцгой бүс. Энэ вирус нь халдвар үүсэх шалтгааныг нэмэгдүүлдэг. Нийт хүн амын дунд В вирусийн халдвар 10 орчим хувь бий. Тэр 10 орчим хувийн 60 хувь нь D вирус хавсарсан байдаг. Монголд В вирусийн шалтгаант элэгний хавдар үүсч байгаа тохиолдол хурдацтай явж байгаа. Үүний шалтгаан нь D вирус юм байна гэдэг нь батлагдсан

-Манай улсыг ямар жишээн дээр онцолж байна вэ?

-Их хоцорсон байдлаасаа гарч одоо дэлхий нийттэй зэрэгцэж ирлээ гэдэг мэдээлэл тавигдлаа. Бид өнгөрсөн зургадугаар сард туяа эмчилгээний шинэ хоёр аппаратаа ашиглалтад авлаа. Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн жил “Үерт автлаа” гэж шуугиан дэгдэж, тэрийг далимдуулж баахан муу сайн мэдээлэл их явсан. Бид ямар ч байсан тэр хоёр шинэ аппаратаа ашиглалтад авч чадлаа. Одоо эмчилгээнд ашиглагдаад явж байна. Тэр бол өөрөө бүхэл бүтэн технологи. Энэ аппаратыг тавьснаар бид 20 жилийн хоцрогдлоосоо салж байгаа байхгүй юу. Хорт хавдрыг туяагаар түлж устгахдаа хажуугийн эрүүл эрхтэнүүдийг бага гэмтээх технологи гэж ойлгож болно. Энэ технологи асар их зардалтай. Бид гурван сая еврогийн өртөгтэй хоёр аппаратаа суурилуулчихаад байгаа шүү дээ. Энэ үнэтэй технологийн зөвхөн арчилгааны зардал жилд тэрбум төгрөг болж байна. Тэгтэл тэр нь төсөвт байдаггүй. Энэ аппарат нь үе үе гацна, программ, технологийн янз янзын алдаа гарна. Тэр бүгдийг засуулна гэхээр үнэ нь талийж өгнө. Сервисийн үйлчилгээ авчихвал бүтэн жилийн турш байнгын засвар, үйлчилгээ хийгдээд байна. Монгол Улс маш олон жил хоцорч хоцорч одоо л туяа эмчилгээгээр дэлхийн хэмжээнд мөр зэрэгцэх хэмжээнд очлоо.

-Нийслэл хот дахь эмнэлгүүдээс хамгийн их ачаалалтай байдаг нь Хавдар судлалын үндэсний төв. Танай төвийг хотоос гаргах, эсвэл төвлөрлийг бууруулах зорилгоор зарим үйлчилгээг нь өөр эмнэлэгт шилжүүлэх ёстой гэх мэтээр янз бүрийн санал гардаг?

-Хавдар судлалын үндэсний төв дээр хэт их төвлөрөл байна. Үүнийгээ орон нутаг, аймгуудын эмнэлгүүд рүү шилжүүлэх хэрэгтэй гэдэг. Энэ бол зөв. Би үүнийг дэмждэг. Гэхдээ ямар ямар үйлчилгээг төвлөрлөөс гаргах ёстой вэ гэдэг дээр бодох ёстой юм. Тухайлбал, хими эмчилгээг орон нутаг хийдэг болооч ээ. Төсөвт нь суулгаач ээ гэдэг асуудал тавьдаг. Хими эмчилгээг нэг удаа хийлгээд л дуусахгүй. 4-10 удаа хийдэг. Тэр тоолонд иргэн Улаанбаатар хотыг зорьдог. Тэгэхийнхээ оронд эхний курс эмчилгээг эндээ хийлгэлээ. Дараа дараачийнхаа эмчилгээг орон нутагтаа хийлгэг л дээ. Эм нь байж байвал нэг протоколоор хийгдээд явчихдаг эмчилгээ. Тэрийг нь хавдрын эмч нь хянаад явахад болдог. Мөн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ байна. Нийт хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Хорт хавдар гэдэг онош сонссон хүмүүсийн 60 хувь нь жилээс илүү амьдарч чадахгүй байна шүү дээ. Тийм их хүн төгсгөлийн шатандаа очиж байна гэсэн үг. Тэр хүмүүст үзүүлдэг хөнгөвчлөх тусламж үйлчилгээг орон гэрийнх нь хажууд үзүүлэх хэрэгтэй. Тэрийг дэмжихээр ажиллаж байна. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын системээс үүнийх нь төлөө санхүүжилт өгч байгаа. Тэгэхээр орон нутгийн эмнэлгүүд өөрсдөө асар их хичээл зүтгэлтэй ажиллавал бүх юм нь бэлэн байж байна. Боловсон хүчнээ сайжруул. Бид сургалтууд байнга зохион байгуулж байна. Харин туяа эмчилгээ хэцүү. Асар их тоног төхөөрөмж, технологи шаарддаг. Би дээр ярьсан шүү дээ. Зөвхөн сервис нь жилдээ тэрбум төгрөг гэж. Тоног төхөөрөмж авах тухай энд яриагүй. Туяа эмчилгээ хийхэд нэг эмч ажилладаггүй. Таван хүн ажилладаг. Тэр олон боловсон хүчнийг яаж бэлтгэх вэ. Тийм учраас төвлөрлөөс гаргах, гаргахгүй юмнууд гэж байна. Тэгэхээр үүнийг шийдвэр гаргагчид бодож байх ёстой. Амныхаа зоргоороо бурдаг хүмүүс зөндөө болчихоод байна. “Хавдрыг ингэж болно, тэгж болно” гэж ярьдаг их мэдэгчид олон.

-Сүүлийн үед “Хавдар бол өвчин биш. Ердөө л В16 витамины дутагдал” гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж, иргэд тэрэнд нь итгэж байгаа бололтой. Тантай уулзсаных үүнд шинжлэх ухаанч, албан ёсны хариулт авъя?

-Шинжлэх ухаан гэж юу юм бэ. Шинжлэх ухаан бол нотолгоо. Шинжлэх ухаан тэнцүү нотолгоо гэж хэлнэ. Нотолж өгч байгаа байхгүй юу. Тэр нотолгоогүй юмыг дагаж явдаг манай иргэд гэнэн сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Гишүүнэ уугаад л зүгээр болчихно гэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн захирал Чимэдээ бид хоёр энэ тухай ярихад тэрээр “Судар бичигт гишүүнэ гэдэг ургамал зөвхөн өтгөн хаталтын эсрэг гэж бичээстэй байгаа шүү дээ” гэсэн. Монголчууд аль эрт үеэсээ судлаад бичээд үлдээчихсэн. Өтгөн хаталтын эсрэг зажилж иддэг. Харин ч хүмүүст хэлэхэд, өтгөн хатдаг хүмүүс энэ ургамлыг сайн ид. Ялангуяа эмэгтэйчүүдэд өтгөн хаталтын асуудал их байна. Шинжлэх ухаан тэнцүү нотолгоо. Анагаах ухааны шинжлэх ухаан дандаа нотолгоонд тулгуурлаж явдаг. Ард иргэддээ сониноор дамжуулж хэлэхэд, нотолгоогүй, сошиалаар бичигдэж байгаа янз янзын мэдээллийг битгий ингэж давлагаалуулж, үнэмшиж итгээч ээ. Харамсалтай тохиолдлууд байна. Эдгэх боломжтой байсаар байтал зугтаад янз бүрийн өвс ч юм уу, ховс хийлгэж яваад эмчилгээгүй болоод буцаж ирж байгаа тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр айхавтар их сурталчилгаа хийж байгаа юмнууд руу, хүний өвчин зовлонгоор бизнес хийх гэсэн юманд нь битгий автаач. Хоёрдугаарт, ард иргэд бие биедээ тусалж байгаа нэрээр “Тэр хүн тийм юм уугаад зүгээр болчихсон” гээд нэг нэгэндээ зөвлөдөг. Битгий ингээч. Энэ нь тус биш гай болдог шүү. Тиймээс ядаж “Мэргэжлийн хүнээс нь асуу” гэдэг өгүүлбэр хэлээч дээ. В16 витамин яриад байна. Тэр яриад байгаа юм биш шүү. Өнөөдөр хүн төрөлхтний хэрэглэж байгаа идэш, ууш хаа байсан XVII, XVIII зууны үеийнхээс огт өөр болсон. Өнөөдөр бидний ууж идэж байгаа хүнсэнд витаминууд хангалттай байна. Дээрээс нь нэмэлтээр витамин хэрэглэх нь зөв. Энэ бүгд нь хорт хавдар гэдэг өвчнийг шууд алга болгочихно гэдэг нь дэндүү өрөөсгөл ойлголт. Нотолгоонд тулгуурласан материал дээр үндэслэж юм бич. Тэгэхгүйгээр хамаагүй ингэж дайрч давшилж болохгүй. Бусдад гай болно шүү гэж онцолъё.

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулсан эмнэлгийн барилгыг төр авч хавдрын эмнэлэг болгох нь зүйтэй, ингэснээр хавдрын өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадна гэж олон хүн санал нэгддэг. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Хавдар судлалын үндэсний төв 1982 онд баригдаад түүнээс хойш өргөтгөл нь бүтэн долоон жил баригдаж байж хагас дутуу дууссан. Маш муу өргөтгөл болсон. Гүйцэтгэж байгаад хийгээгүй ажлынхаа төлөө мөнгөө авчихсан компанид бид эрүүгийн хэрэг үүсгүүлчихээд явж байна. Энэ байшин өнөөдрийн зах зээл, хүн амын өсөлт, энэ их өвчлөлтэй тэмцэхэд орон зай, талбайн хувьд үнэхээр хүрэлцэхгүй байгаа. Тэр ч утгаараа бид энэ эмнэлгийн зай талбайг яаж богино хугацаанд томсгох вэ гэдэг эрэл хайгуул хийгээд УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийн зориулалтаар барьсан барилга тохирох юм байна гэсэн үүднээс хүсэлт тавьсан юм, Эрүүл мэндийн яаманд. Д.Сарангэрэл сайд энэ нөхцөл байдлыг маш сайн ойлгож, үүн дээр дэмжлэг үзүүлж ажиллая гэдгээ илэрхийлж манлайлалтай оролцсон. Засгийн газар ч үүнийг ойлгосон. Гэхдээ бид худалдаж авахгүй. Хэрвээ худалдаад авбал энэ байшингийн 10 мянган метр квадрат талбай ч хангалттай биш. Бид ирээдүйг харсан, 20 жилийн дараахь бид яах ёстой вэ гэдгээ бодож явах ёстой.

Бид том төлөвлөгөө тавьж явна. Зүгээр л маргааш байраа томсгоод явах тухай биш. Ирээдүйд бид яаж амьдрах юм. Ирээдүйд бид хорт хавдар өвчний тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгаж чадах юм уу. Би одоо ингээд хэдхэн жил ажил хийгээд больчихлоо. Дараагийн хүн дахиад л яг энэ сэдвийг ярина ш дээ. Би хөгшрөөд өвдөнө ш дээ. Хэн ч хорт хавдраар өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй. Өвдөхөд эх оронд нь дэлхийн ололт амжилтууд хэдийнэ суучихсан, гадагшаа явж эмчлүүлье гээд хүнээс мөнгө гуйхгүйгээр эндээ эмчлүүлмээр байна шүү дээ. Үр хүүхдэдээ дараа болмооргүй байна шүү дээ. Тийм системийг бий болгомоор байна. Ийм болоход хэн дургүйцээд байгаа юм????? Асуултын таван тэмдэгтэй асууя. Тэр мэргэн түргэн, мундаг мэддэг улсууд та нарыг би өрөөндөө урьж байна. Мэтгэлцээн хийе л дээ. Монгол хүн эрүүл байх, хорт хавдраа эмчлүүлж чаддаг байхад яагаад та дургүйцээд байгаа юм. Эсвэл та нарт хувийн ашиг сонирхол байгаа юм уу. Эсвэл улсын эмнэлэг нь дорой буурай байгаад хажуугаар нь хувийн эмнэлгүүд ашигтай ажиллах сонирхол байна уу????? Улсын эмнэлгүүдийг тойроод хувийн олон эмнэлгүүд байгаад байна. Эд нарт асар том сонирхол яваад байна. Улсын эмнэлгийг сул дорой байлгаад, тэр орон зай талбайгаас нь, даахгүй байгаа юмнаас нь бизнес хийдэг. Энэ сэтгэлгээ, ийм юмнууд шургачихсан явж байх вий. Хавдар судлалын үндэсний төв том байшин, талбайтай болсны хэрэггүй, менежмэнтээ сайжруулчихвал болчихно ш дээ гэж зориуд бичээд байгаа нөхөр нь манай төвийн яг ар талд өндөр байшин бариад сууж байгаа байхгүй юу. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Зөвхөн хувийн эрх ашиг, бизнесийн төлөө бүхэл бүтэн улсын эмнэлгийг дорой байлгах сонирхол хэнд байгаа юм бэ????? гэдэг чухал асуултыг тавьж байна. Хэн үүнийг хүсээд байна вэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *