Categories
мэдээ улс-төр

Ж.Бямбадорж: Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж болохгүй

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос цаг үеийн зарим асуудлаар цөөн зүйлийг тодрууллаа.

-Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд биш, Үндсэн хуулийн мэргэжлийн хүний хувьд, Үндсэн хуулийг боловсруулах ажлыг эхнээс нь авахуулаад батлуулах хүртэл оролцож байсны хувьд, мөн Ерөнхийлөгчийн тухай хуулийг боловсруулж, ажлын хэсгийг нь ахалж батлуулж явсны хувьд танаас хоёр асуултыг мэргэжлийн талаас нь асуумаар байна. Гэмт хэрэгт холбогдон шийтгүүлсэн гадаадын хэсэг хүнд уучлал үзүүлсэнтэй холбогдуулж янз бүрийн яриа гарч байна. Энэ талаар та өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ үү?

-Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу уучлал үзүүлдэг. Энд урд нь ямар нэгэн тайлбар байхгүй. Уучлал үзүүлэх асуудлыг Үндсэн хуульд тусгахдаа Монгол Улсын төрт ёсны уламжлал, гадаад орнуудын төрийн тэргүүн, /үүн дотор Ерөнхийлөгч, хаан, олон институт байна/ эдгээрийн бүрэн эрхийг харж байгаад энэ заалтыг оруулсан. Энэ заалтыг оруулахдаа ямар нэгэн тодотгол, тайлбар хийгээгүй, “Уучлал үзүүлнэ” гээд л бичсэн. Үндсэн хууль батлагдаад удаагүй байхад, 1993 онд УИХ-аас Ерөнхийлөгчийн тухай хуулийг батлан гаргахад энэ заалт дээр ямар нэг тайлбар хийгээгүй. Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу “Уучлал үзүүлнэ” гээд л бичсэн байгаа.

Хууль зүйн тайлбар нь шинжлэх ухааны тайлбар, түүхчилсэн тайлбар, албан ёсны тайлбар гэх зэргээр олон янз байдаг. Түүхчилсэн тайлбарт юу гэдэг вэ гэхээр тухайн үед, тэр эрх зүйн актыг баталж байхад ямар уур амьсгал, ямар санаа бодлоор хууль тогтоогчид уг заалтыг баталсан бэ гэдгийг эргэж харах ёстой. Энэ талаас нь аваад үзсэн ч гэсэн Ерөнхийлөгч хэдийд ч, хэзээ ч уучлал үзүүлэх бүрэн эрхтэй.

Өөрөөр хэлбэл, тэнд ялтанд гэж хэлээгүй, шүүгдэгчид гэж хэлээгүй, сэжигтэнд гэж хэлээгүй, яллагдагчид ч гэж хэлээгүй. Ерөөсөө л уучлал үзүүлнэ гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ерөөсөө ямар ч нөхцөлд Ерөнхийлөгч энэ бүрэн эрхийг хэнтэй ч хуваалцахгүй, Монголын төр, Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгосон эрх. Тийм учраас энэ дээр хуулийн зөрчлийн тухай асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Ерөнхийлөгчийн уучлалын асуудал Эрүүгийн процессын хуулиар зохицуулагдаггүй.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавина гэж яригдаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэж заасан. Энэ заалтын дараагийн заалтаар Ерөнхийлөгчид хариуцлага тооцох субъект нь УИХ гэдгийг тогтоосон болохоос биш УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж үнэлэлт, дүгнэлт авна гэсэн ойлголт огт биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн “УИХ-д ажлаа хариуцна” гэсэн заалтыг тухайн үеийн АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэдэг нь Ерөнхийлөгч тайлангаа хэлэлцүүлнэ гэсэн үг биш. “Асуулт хариулт явахгүй. Ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөхгүй. Хэрэв ингэвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөнө” гэсэн ойлголцолд хүрч хуулийг баталсан юм.

Ер нь Ерөнхийлөгч жилбүрийнхээ үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д ирүүлдэг байсан. Одоо ч ирүүлж байгаа байх гэж бодож байна. Мэдээжийн хэрэг энэ ирүүлсэн тайлангаа УИХ-д танилцуулж болно. Хэн нэгэн Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгч ч байж болно, тайлангаа хэлэлцүүлээд, асуултад хариулаад явах юм бол энэ нь Ерөнхийлөгчийн институт, Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөнө. Үүнийг би зохих хүмүүст нь мэргэжлийн хүний хувьд, бас сэтгэл жаахан өвдөж байгаагийн хувьд, цаашдаа ийм жишиг тогтох вий дээ гэж болгоомжилсны үүднээс санаа бодлоо илэрхийлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *