Categories
мэдээ цаг-үе

Ж.Бумнанжид: Нохойд барьдаг мод гэгчээр хамгийн дуулгавартай хэдийг нь бариад шийтгэсэн шүү дээ

Нийслэлийн цагдаагийн 80 жилийн ойн парадын үеэр

Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжидтай ярилцлаа.

-Энэ жил цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баяр тохиож байна. Та цагдаагийн байгууллагатай амьдралаа анх хэдэн онд холбож байв?

-Би 1974 онд аравдугаар ангиа төгсөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургууль байгуулагдсан жил нь саналаараа шалгалт өгч энэ сургуульд тэнцэн орж байсан. Энэ сургуульд элсэж орсон цаг мөчөөс эхлэн миний амьдрал Монголын цагдаагийн үйл хэрэгтэй холбогдсон доо. Үүнээс хойш би 39 жил Монголын цагдаагийн байгууллагад ажилласан байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай сургуулийг 1977 онд төгссөн. Би анхны төгсөгчийн нэг. Увс аймгийн Тэс суманд томилогдож очлоо. Намайг очсон жил Жигдэнгомбо гэдэг хүний адуу азаргаараа алга болсон юм. Энэ хэрэг миний анхны хэрэг байлаа. Ер нь Тэс сум нэлээд хөдөлгөөнтэй, гэмт хэрэг гарчих гээд байдаг байсан. Архи дарс уудаг залуучууд олон. Учир нь тэнд баруун таван аймгийг тэжээлээр хангадаг аж ахуй ажиллаж байв.

-Тухайн үеийн нийгэм өөр байсан учраас иргэд, цагдаагийн сэргийлэгчийн харилцаа одоогийнхоос ялгаатай байсан болов уу?

-Намайг очих жил Тэс суманд цагдан сэргийлэх групп гэж байгуулагдлаа. Нэг дарга, нэг мөрдөн байцаагч, нэг төлөөлөгч, гурван цагдаатай. Ард түмэн цагдаагийн ажилтан, хэсгийн төлөөлөгчийг их хүндэлдэг. Хэсгийн төлөөлөгчийн үг сумандаа үг дуугүй хэрэгждэг. Тухайн үед ард түмэн ямар нэг байдлаар хэрэгт орооцолдохоос эмээдэг байж. Цагдаад торгуулах, баривчлагдвал ах, дүү, гэр бүлээрээ, удам сударт муу хэмээн ичдэг, сэтгэл зовдог, эмээдэг байсан. Тиймээс хүн болгон өөрөө өөрсдийнхөө биеийг аятайхан аваад явчихдаг байлаа.

Тэр үед цагдаагийн албан хаагчдад ард түмэн үнэнхүү итгэл үнэмшилтэй, хүндэтгэлтэй ханддаг байсан. Дараа нь аймгийн төвд эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан. Тэр үед 25-ын хятад үзэг, халуун сав, бүсний дурдан, дээлний эмжээр гээд олдоц багатай бараа таваарыг зарим худалдагч нар иддэг уудаг, завшсан, илүү гаргасныг нь нуусан хэргүүд гардаг байж. Нэг хэргийг сайн санаж байна. 1980-аад оны үеийн 80 мянган төгрөг их тоо шүү дээ. Их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүллээ гээд шуугиж байж билээ. Нэрийг нь хэлээд яахав, тэр хүн 80 мянган төгрөгийг оймсондоо хийгээд гэрийнхээ хатавчинд хавчуулсан байсан. Тухайн үед энэ хэрэг ноцтой юм шиг байсан ч эргээд бодоход байж болох л зүйл байж дээ гэж боддог. Гэхдээ тухайн үедээ хууль нь тийм байсан болохоор хуулиа баримтлаад ажиллана. Энэ хэргийг шийдвэрлээд би ЗХУ-ын дотоод явдлын яамны академид шалгалтад орох эрх аваад, тэнцээд 1981 онд ЗХУ-д суралцсан.

-Та хэчнээн жил цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд томилогдон ажиллав?

-Цагдаагийн ажлыг нэгжээс нь хийж эхэлсэн л дээ, миний хувьд. Цагдаагийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэв журам, замын цагдаагийн ажлыг биеэр гүйцэтгэсэн. Бүх шатанд ажиллаад ирсэн учраас бие бүрэлдэхүүнийг нэгтгээд ажиллахад түлхэц болж байлаа. 1993 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн даргаар томилогдон ирж ажилласан. Тэнд таван жил ажиллаад дараа нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн даргаар жил гаруй хугацаанд ажилласан. Тэгээд Мөрдөн байцаах газрын даргаар томилогдлоо. Мөрдөн байцаах газрын даргаар хоёр жил гаран ажиллаад, 2005 он хүртэл хэв журам хамгаалах газрын дарга, 2008 он хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан байна. Гэхдээ би нэг ч удаа албан тушаалын хойноос хөөцөлдөж үзээгүй. Миний дээд талын удирдлага, дарга хэнийг, хаана томилох вэ гэдгээ шийднэ. Намайг Мөрдөн байцаах газрын даргаар Амарболд генерал томилсон. Бид хоёр цэргийн тусгай сургуульд нэг анги байсан. Амарболд ч онц төгссөн, би ч онц төгссөн. Энэ бол хувь заяа гэж би боддог. Тухайн үед Амарболд ангийнхныгаа татлаа гэсэн яриа гарсан л даа. Тэр үед би юм хэлж чадаагүй. Одоо энэ тухай хэлчихье. Бид үнэхээрийн ажлаа сайн хийсэн л гэж боддог. Нэг ч хүнээс өглөө авлаа гэж хэргийг нь дарсан асуудалд орж үзсэнгүй. Шударга ажилласан. Надад үүрэг даалгавар өгсөн учраас чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэсэн. Түүнээс биш би ийм албанд томилогдмоор байна гэж албан тушаалын хойноос хөөцөлдөж үзсэнгүй.

-С.Зориг агсны хэргийг асуумаар байна. Таныг Мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байх хугацаанд энэ хэрэг ямар шатанд явж байсан бэ?

-Мөрдөн байцаах газрын даргаар 1999 оны сүүлээс эхлээд 2002 оны хооронд ажилласан. С.Зориг агсны хэрэг гарах үед би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Мөрдөнгийн даргаар томилогдон очих үед хэрэг гарчихсан, шалгаад явж байсан. Би ямар үүрэгтэй оролцсон гэхээр, ажлын хэсгийн явцтай танилцдаг, удирдлага зохион байгуулалтаар хангадаг, тэр ажлын хэсгийн ажлаа явуулах боломжоор хангах ийм үүрэгтэй ажиллаж байсан. Зориг агсны хавтаст хэргийг уншиж танилцсан. Ийм л юм хэлж чадна даа.

-Ер нь энэ хэрэг илрэхгүй удаж байгаад юу нөлөөлж байна гэж боддог вэ. Зарим хүмүүс, манай цагдаа нар ийм хэргийг илрүүлж чадахгүй байна гэж шүүмжилдэг?

-Цагдаагийн байгууллага анхнаасаа хэргийн газрын үзлэгийг маш муу хийсэн. Хэргийн газрын үзлэг дээр хэргийн эд мөрийн баримт баллагдах нөхцөлийг бий болгосон. Энэ бол маш хариуцлагагүй, том алдаа болсон. Гэхдээ энэ хэрэг илэрнэ гэдэгт би итгэдэг. Мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ хэрэг илрэх ёстой гэж одоо хүртэл сэтгэлдээ тээж явдаг. Надаас өмнөх дарга нар нь удирдаад ажиллаад, намайг очих үед халуун дээрээ шалгах ёстой байсан ажлууд нь дууссан байсан л даа. Нөгөө талаар, энэ хэргийг гудамжны нэг танхай хүн ороод хийчихсэн юм биш байна лээ. Тийм хэргийг цагдаа яаж ийгээд олдог. Зохион байгуулалттай байх тусмаа илэрдэг юм. Энэ хэрэг одоо ямар шатанд явж байгаа талаар надад албан ёсны мэдээлэл байхгүй. Хэвлэл мэдээллээр сүүлийн үеийн мэдээллийг авч, сонсоод, овоо ш дээ гэж бодож байлаа. Юмыг яаж мэдэх вэ. Учир нь олдож байгаа юм биш байгаа гэж бодож байлаа. Гэтэл сонгуулийн өмнө хүчтэй гарч ирээд одоо сураггүй болж байх шиг байна. Худлаа байсан юм уу даа гэж харж байна. Тэтгэвэртээ гарсан хүн чинь энэ хэрэгт чих тавиад хүлээж суухаас өөрийг хийж чадах биш дээ.

-Та Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад яг сонгууль болохын өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн болохоос хоёр сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Ямар шалтгаанаар таныг чөлөөлсөн юм бэ?

-За яахав дээ. Би чинь тушаалаар ажлаа авдаг, тушаалаар ажлаа өгдөг хүн. Нэг өдөр хуралдаад тушаал уншсан. Би тэр үед Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байлаа. Тушаал уншихаас өмнө надад юу ч мэдэгдээгүй, хэлээгүй. Надтай нэг ч үг солиогүй. Гэхдээ ямар шалтгаанаар халж байгааг ойлгосон. Надад ганц л баяр байдаг. Би цагдаагийн албанд томилогдсоноос хойш нэг удаа улсын баяраар баярлаж үзээгүй. Ганцхан цагдаагийн баяраар бид баярладаг. Миний болоод нийт цагдаагийн алба хаагчдын жинхэнэ баяр шүү дээ. Яг тэр үед цагдаагийн баярын маргааш нь машин шатаах гээд бөөн асуудал болсон юм. Тунелын баруун талд Бороо гоулдын конторын үүдэнд машин шатаах оролдлого гарсан. Урьд өдөр нь цагдаагийн баярын өдөр байсан. Хүлээн авалтад орсон. Өглөө нь утас дуугарсан. Тэгээд юм уусан байсан учраас үнэртэлгүй яахав. Тэрэн дээр сэтгүүлчид, манай удирдлагууд намайг буруутгалаа. Нэг л хүн намайг өмөөрч дуугарсан. Иргэний хөдөлгөөний Арслан намайг өмөөрч билээ. “Энэ чинь юу ярьж байгаа юм. Цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Өчигдөр цагдаагийн баяр байсан. Үнэртэхгүй яадаг юм” гэж хэлж байсан. Гэхдээ хариуцлага алдсан минь үнэн. Би зүгээр дотроо боддог юм. “Намайг хэн ч ойлгосонгүй дээ” гэж. Жилд олон баяр байдаг бол цагдаагийн албан хаагчдад ганц л баяр бий. Би цаанаа олон хамт олонтой, олон бие бүрэлдэхүүнтэй. Цагдаагийн алба хатуу дэгтэй, хариуцлага өндөртэй. Ийм л байна даа.

-Хэрэв та долдугаар сарын 1-нд Нийслэлийн цагдаагийн даргаар үргэлжлүүлэн ажиллаж байсан бол үймээнийг зохицуулаад том асуудал болгохгүй байх боломж байсан уу. Та юу гэж боддог вэ. Ингэж асуусны учир нь таныг жагсаал цуглааныг зохицуулахдаа гаршсан хүн гэж хэлдэг юм билээ?

-Хэв журам хамгаалах газрын дарга, дараа нь Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын хэмжээнд болсон бүх жагсаал цуглааныг нэгтгэдэг, ажлын хэсгийнх нь дарга нь байсан юм л даа. Миний үүрэгт ажил. Тэр үед байсхийгээд л талбай дээр суулт хийдэг, жагсдаг байлаа шүү дээ. Ялалтын талбай дээр чинь бүтэн өвөлжин л суулт болдог байлаа. Гэрээ барьчихсан л сууж байдаг байсан. Өрөөндөө дуудаж оруулж ирээд камераар бичлэг хийгээд хатуу сануулга өгөөд гарын үсэг зуруулдаг байлаа. Ямар ч байсан цагдаагийн дарга өрөөндөө дуудаж оруулж ирээд хатуухан хэлээд сануулчихсан байхад хүн ялд унахаасаа эмээдэг л байхгүй юу. Тийм учраас Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Магнай, Баасан нар бол миний үед надтай байнга харьцаж хамтарч ажиллаж байсан хүмүүс л дээ. Тэр хүмүүс одоо надтай уулзахаараа хэлдэг. Тухайн үедээ та их хатуу харгис юм шиг байсан мөртлөө намайг зөв явахад их тусалж байсан байна лээ гэж хэлдэг юм. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарах үед жагсаал цуглаан болох гэж байсан нь тодорхой байхад манайхан эхнээс нь ач холбогдол бага өгчихсөн юм болов уу даа гэж боддог юм. Би байсан бол болиулж чадах байсан гэж хэлэхгүй. Гэхдээ чадахаасаа чадахгүй хүртлээ ажиллана. Арай ч Магнай миний өөдөөс босохгүй байсан даа. Буянгийн Жагаатай хэл амаа ололцож чадах байсан гэж бодогддог юм. Одоо өнгөрсөн асуудлыг яриад яахав.

-Сая сонгууль болж өнгөрсний дараа долдугаар сарын 1-ний үймээний талаар хэвлэл мэдээллээр дурсан ярилаа. Тэр өдөр таван хүн нас барсны хариуцлагыг өнөөдрийг хүртэл хэн нэгэнд хүлээлгээгүй байна. Хурандаа нарыг шийтгээд өнгөрлөө гэж ярилаа?

-Нохойд барьдаг мод гэгчээр хамгийн дуулгавартай хэдийг нь бариад шийтгэчихлээ. Хэрвээ Монголын хууль шударга үйлчилдэг байсан бол жагсаал цуглааныг зохион байгуулсан субьектээс нь эхлээд чулуугаар зэвсэглэсэн хүмүүс гээд бүх шатанд нь хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Дээр нь онц байдал тогтоох ёстой байсан, төрийн шийдвэр гаргасан улс төрийн субьектүүд ч гэсэн тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Хөөрхий зөөлөн чихтэйгээрээ цагдаагийн тэргүүн дэд дарга, Эргүүл хамгаалалтын газрын дарга, Хотын цагдаагийн дарга ял авлаа. Ял эдлээд бүгд биегүй болсон. Бүгдээрээ сахарын өвчтэй, зарим нь хөл гараа тайруулахдаа хүрсэн. Ийм үед л төр өдөр, шөнөгүй зүтгэж явсан хүнээ хамгаалж чадахгүй бол төрд зүтгэх хүн олдох болов уу. Чамайг ингээд асуусан чинь миний самсай шархирч байна. Тун хатуу юм болсон доо.

-Гал нээх тушаалыг хэн өгсөн бэ гэдэг асуулт одоо ч хөвөрч байна л даа?

-Миний үед, намайг Хэв журам хамгаалах газрын дарга байх үед манай цагдаа нарын дунд тэгж мэргэн буудах хэн ч байхгүй байсан. 1993 оноос хойш би Улаанбаатар хотод ажиллалаа. Энэ хугацаанд нэг ч удаа бид буудлагын сургуулилт хийгээгүй. Буудлагын тэмцээн болоход л гайгүй бууддаг ганц нэг хүнээ оролцуулдаг байлаа. Бидэнд тэр сум нь ч байхгүй. Тэгэхээр би үнэхээр Монголын цагдаа буудсан гэхэд итгэдэггүй. Даяарчлалын нээлттэй нийгэм учраас хэн буудсаныг хэн мэдэх үү. Хоёрдугаарт, манай цагдаа, батлан хамгаалахын зэвсэгт 5,6 мм-ийн сумтай буу байхгүй. Тэгээд бодохоор цагдаагийн дарга нарыг юугаар нь үндэслэж шийтгэсэн юм, бүү мэд. Тэр жагсаал цуглааныг тарааж, онц байдал тогтоож байх үед буу тавьж өгсөн үү, байлдааны сум өгсөн үү гээд янз бүрээр л шалгаад байсан гэсэн. Би тухайн үед байгаагүй учраас мэдэхгүй юм даа. Таван хүний амь үрэгдсэнд нь үнэхээр их харамсдаг.

-Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улстөрчид нөлөөлөх гэж оролдож байна гэж сүүлийн үед ярьдаг болж. Саяхан УИХ-ын гишүүний дархан байдалд халдлаа гэж Цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал хүртэл хөндөгдсөн. Таны үед улстөрчид цагдаагийн ажилд нөлөөлөх гэж оролддог байв уу?

-Намайг Хотын цагдаагийн дарга, Мөрдөнгийн дарга, Хэв журмыг хамгаалах газрын даргаар ажиллаж байхад нэг их сүртэй миний ажилд оролцоод, саад дарамт ирж байсангүй. Тэр хэргийг, энэ хэргийг ингээд өг гэсэн юм ирж байсан л даа. Тэр болгонд нь хариу өгнө. Энэ бол та нарын эрх мэдлийн асуудал биш гэдэг байлаа. Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд нь ч бай, Их хурлын гишүүн ч бай, малчин иргэн ч бай бид бүгд нэг л хуультай. Ертөнц нэг л нартай. Тэр хуулийг сахиулж, төрийн өмнө үүрэг хүлээсэн субьект нь хууль сахиулах ажиллагаагаа явуулах журмаараа явуулах л ёстой. Тэрэнд хэн ч саад хийх ёсгүй. Баянгол дээр нэгжлэг хийх гэж байх үед саад тавина гэсэн тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагад байсан учраас тусгай алба, тусгай хэрэгслээ тэнд оролцуулжээ гэж би бодсон. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга нөхөд тэнд очоод мэдэгдэл хийж л байдаг. Тэд одоо хэн бэ. Өмгөөлөгч нь юм уу. Хаа хамаагүй асуудал биз дээ. Холбоотой ч юм шиг, бүлэг ч юм шиг. Тэгээд дараа нь цагдаагийн дарга Чингэсийг халах тухай асуудал гарахад үнэхээр энэ арай хэтэрч байна даа гэж бодсон. Ингэж төрд зүтгээд яахав дээ. Уянга ч мэдэгдэл хийж байх шиг.

-Одоо цагдаагийн байгууллагад ямар шинэчлэл, ямар ажил хийгдээсэй, юу дутуу байна гэж та хардаг вэ?

-Хуучнаасаа уламжилж ирсэн арга барилыг огт авч хаяж болохгүй байхгүй юу. Мөрдөн байцаагчийн ажил хийж үзээгүй, эрүүгийн төлөөлөгчийн ажил хийж үзээгүй хүнийг цагдаагийн нэгжийн даргын албан тушаалд битгий томилоосой гэж боддог. Энэ бол мөхөл рүү нь түлхэж байгаагаас ялгаагүй юм. Нэг хэсэгтээ энэ байдал алдагдлаа. Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг чадвар чансаагаар нь албан тушаалд дэвшүүлдэг, сургадаг, дадлагажуулдаг, нөөцөнд явдаг, дарга болгодог, удирдах ажилтан болгодог ийм бодлогоо чамбай болгоосой гэж бодож байна. Гэхдээ би одоо ажлаасаа холдсон учраас тавьж ч байгаа юм бил үү мэдэхгүй байна. Тавьж ч байгаа байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Хууль сахиулах сургуульд удирдах ажилтан бэлтгэдэг болсон байна. Хөгжиж байна. Одоо орон тоог нь жаахан нэмээд, цагдаагийн цалинг нэмээд өгмөөр байна. Ардаа санаа зовох зүйлгүй зүтгэнэ шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *