Өнөө жил Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байна. Энэ их хааны талаар түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.
–Хубилай хааны дэлхийд үлдээсэн өвөөс ярилцлагаа эхэлье?
-Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хэд хэдэн зүтгэлтнүүд байдаг. Тэр дотроо Монголын хаадын түүхэнд дэлхийн хэмжээний хэмээн алдаршсан хоёр агуу их хүн төрсөн. Эхнийх нь Чингис хаан удаах нь түүний ач хүү Хубилай юм. Хүн хичнээн оюун ухаантай байлаа ч оюун ухаанд нь эерэг сөрөг цэнэг хуримтлагдсан байдаг. Түүний аль нь давуу байна вэ гэдгээр төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гавьяаг үнэлдэг. Мэдээж төрийн зүтгэлтэн гээд огт алддаггүй, бурхан багш шиг өө сэвгүй байдаггүй л дээ. Хубилай хаан одоогийн ярьж байгаагаар бол дэлхийн хэмжээний менежмэнт хийж чадсан хүн.
–Тодруулбал?
-Гайхамшигтай төрөлх ухаан, авьяас билиг, өргөн боловсрол, өгөөмөр сэтгэлээрээ алдартай. Дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөг нь хураангуйлан ярьж л болно. Дорно дахины эзэгнэсэн Монголын Юань гүрнийг төдийгүй Ази Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улсыг захирч хамгийн өргөн уудам нутагт ноёрхлоо тогтоосон дэлхийн хэмжээний хаан гэж үздэг. Монголын төрийн зүтгэлтнээс төр ёсны сэтгэлгээнд Хубилай хаан шиг байр эзлэх хүн нэг ч гараагүй. Мөн өнөөгийн нэгдмэл том Хятад улс байгуулагдах үндсийг тавьсан гэж үзэж болно. Өрнө дорныг холбосон Торгоны замын аюулгүй байдлыг хангаж дэлхийн худалдааны замыг нээсэн гавьяатай хүн юм.
Өнөөдөр энэ Торгоны замын асуудлыг онцгой шинэ байрнаас тавьж байна шүү дээ. Хятадын удирдагч Си Жиньпин бол өнөөгийн торгоны агаарын зам, торгоны төмөр зам, торгоны автозам гээд маш өргөн хэмжээгээр энэ асуудлыг авч үзэж Европ Азийг холбосон худалдаа эдийн засгийн бүс байгуулах асуудлыг тавьж байгаа. Энэ үндсийг анх Хубилай хаан тавьсан түүхтэй. Дэлхий дахинд анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан. Цаасан мөнгө Евроазийн өргөн уудам нутаг дэвсгэрт үйлчилж байлаа. Л.Түдэв гуай “долларыг маршал мөнгө” гэж хэлсэн шүү дээ. Түүн шиг тухайн үед Хубилай хааны гаргасан цаасан мөнгө яг өнөөгийн америк доллар шиг хэмжээнд үйлчилж байжээ. Мөн дэлхийд анх удаа усан флот байгуулж, далайн аялал хөгжих их суурийг тавьсан хүн. Том усан флот байгуулаад Япон руу довтолж байсан. Номхон далайн арлуудад байгаа жижиг орнууд тухайлбал, Индонез руу довтолж нөлөөндөө оруулж байв. Дэлхийн улс орнуудыг өрнө дорно хэмээх нэг сүлжээнд багтаан дэлхий дахины хөгжлийг түргэтгэж хөгжлийн шинэ шатанд гаргасан хүн Хубилай хаан байсан.
–Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлснийг нь шүүмжлэх нь бий?
-Хуучин тогтолцооны үед бол Монголын төвийг Бээжинд шилжүүлсэн, Монголын түүхэнд сөрөг үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг байсан. Гэтэл Юань улс 100 гаруй жил оршин тогтносон юм шүү дээ. Тэгэхээр мэдээж Хархорумаас дорно дахины хэмжээний улсыг удирдах боломж байгаагүй. Урагшаа асар их нутаг, цөлийг давах болно. Тэр үед одоо шиг шуудан харилцаа гэж байгаагүйг ойлгох хэрэгтэй. Тиймээс эртний нүүдэлчид, эртний Хятадын суурьшмал иргэд хоёрын зааг дээр очиж байж энэ том гүрнийг удирдах ёстой гэж үзсэн. Цагаан хэрмийн цаана Бээжин байгаа шүү дээ. Наана нь байгаа Шанду бол Өвөрмонголын нутаг юм. Үүнийг дээд нийслэл гэдэг байсан. Зун цагт Шандундаа ирдэг байж л дээ. Өвөл Бээжинд байдаг байсан. Үндсэндээ Монголоо хөсөр хаясан биш харин ч дорно дахиныг бүхэлд нь захирч байсан хүн. Их засаг хуулийн үзэл санаа зарчмыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан түшмэл томилж түүний дагуу тухайн нийгмийн харилцаа нөхцөл байдлыг тусгасан арав гаруй хуулийг шинэчлэн тогтоосон ийм төрийн тэргүүн. Хаан ширээ залгамжлах хөвгүүнийг заавал Монголд төрөлх нутагтаа боловсруулан өргөмжлөх ёсыг журамласан байдаг. Хубилай хааны дараа эхэн үед заавал төрөлх нутаг Хархорумаар дамжуулж байж эзэн хаан өргөмжлөх байдал байсан шүү дээ.
–Дүү Аригбөхтэйгөө хаан ширээний төлөө тулалдсан байдаг. Яг хэн нь хаан болох ёстой байсан хэрэг бол?
-Хубилай хааныг хууль бус хаан ширээнд заларсан гэдэг. Гэвч энэ нь үндэслэл муутай. Мөнх хаан дүү Хубилайдаа цэрэг өгч Сүн улсыг байлдан дагуулахаар явуулсан. Сүн улсыг эзэлж аваад байсан 1259 оны наймдугаар сард Мөнх хааныг тэнгэрт хальсныг мэдсэн байдаг. Их хуралдайд орж гол асуудлыг шийддэг жанжид ноёд нь Сүн улсыг эзлэхээр явсан байсан үе. Ингээд 1260 оны тав болон зургадугаар сарын заагаар Аригбөх Хархорумд их хуралдайг хуралдуулааад өөрийгөө Монголын их хаан гэж зарласан байдаг юм. Хубилай хаан Шандуд хүрч ирээд Кайпин хотод мөн өөрийгөө Монголын хаан гэж зарласан байдаг. Ихэнх жанжид ноёд Хубилайтай цуг явсан болохоор Аригбөхийн хуралдай үндэслэлгүй гэсэн үг. Гэхдээ энэ хоёрын хооронд асуудал байсан ч эцсийн эцэст тулалдаж Хубилайн ялалтаар төгссөн. Тухайн цагийн тоглоомын дүрэм нь тийм. Нэг ёсондоо улс төрийн өрсөлдөөн тэгж л явагддаг байсан хэрэг. Уг өрсөлдөөнд Хубилай хаан ялж их хаан болсон. Үүнийг тэгж нөгөө тал руу гуйвуулах шаардлагагүй.
–Газар нутгаа өргөжүүлэх тал дээр нэлээд анхаарч байжээ дээ?
-Хубилай хааны том гавьяа бол эхэн үедээ өрнө дорныг бүхэлд нь хамарсан Чингис хааны байгуулсан Монголын эзэнт улсыг бүхэлд нь гартаа барьж байсан. Түүний дээр нутаг дэвсгэрээ өргөжүүлсэн шүү дээ. Өвөг Чингис хааныхаа бодлогыг маш тууштай үргэлжлүүлсэн. Жишээ нь байлдан эзэлсэн орныхоо шашин суртлыг хүлээн зөвшөөрч байсан. Ромын пап ламтай хүртэл харилцаж байсан. Түүнчлэн католик шашны лам нарыг Бээжинд урьж уулзаж шашных нь үйл ажиллагааг хангаж л байсан байгаа юм. Энэ бүхэн чинь асар том монгол хүлцэл юм даа. Их тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй ханддаг энэ чанар нь дэлхийг эзлэхэд том үүрэг гүйцэтгэсэн.
–Монголчуудын олон шашин хүлээн зөвшөөрдөг энэ байдлыг бөө мөргөлтэй холбож тайлбарлах нь бий. Хүн бүр эцэг, өвгөдийнхөө сүнсийг шүтдэг болохоор бусдад хүндэтгэлтэй ханддаг гэж?
-Монгол хүлцэл бол монгол хүний төрөлх чанар. Тэрнээс аль нэг шашинтай холбоогүй. Аль эрт монголчууд юманд тэвчээртэй, хүлээцтэй хандаж, тунгааж бодож, олон ургальч үзлийн голч тэнхлэгийг олж байсан учраас дэлхий дахиныг гартаа оруулсан байгаа юм. Нэг зүйлдээ туйлшрах ёсгүй. Ер нь туйлширсан хүн агуу байдаггүй юм. Харин туйлшрал нөгөө хоёрын дундах тэр орон зайг нөхөж чадсан хүн ухаалаг байдаг. Тэр ухааныг эзэмшиж Монгол хүлцэмжийг эзэмшсэн хэрэг.
–Хубилай хааны бага болон идэр насны талаарх мэдээлэл хэр байдаг бол?
-1219 онд Чингис хаан Дундад Ази руу дайрах үед Хубилай хаан таван настай байжээ. Тэгээд Чингис хаан буцаж ирэхэд Хубилай хаан 11 настай болсон байдаг. Тийм атлаа нум сумаар хэд хэдэн удаа ан агнаж өвөг эцгийгээ ангийн махаар дайлан угтаж байсан гэдэг. Сэргэлэн, сайн дайчин болох шинжийг Чингис хаан таашаан хүлээн авч ач хүүгээ цааш нь их хаан болгохоор бэлтгэсэн байх. Дорно дахины амьдралтай танилцуулна гэдэг Чингис хааны холын бодол байсан байгаа шүү дээ. Ер нь бол дорно дахиныг судалсан хүн хаадын дотор байж дорно дахиныг гартаа оруулна гэдгийг олж харсан. Иймээс Бээжинд боловсрол олгосон. Энэ бол энгийн санамсаргүй тохиолдол биш. Хятадын тэр нөхцөл байдлыг ойлгуулж байна гэдэг алсын бодлоготой холбоотой. Хубилай хаан одон орон, математикийн ухаанд гарамгай, их сонирхдог хүн байсан. Одон орныг маш их дэмжсэн. Хубилай хааныг байхад дундад Ази болон Хятадад одон орны том төвүүд байгуулагдсан байдаг.
Мөн улсын хөвгүүдийн сургуулийг байгуулсан. Үүнийг Германы нэрт монголч эрдэмтэн “Билгийн далай буюу эзэн хааны академи” гэж нэрлэсэн. Түүнчлэн дорно дахинд нээгдсэн анхны сургууль юм. Тэгж боловсрол олгож байсан. Мөн Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолголоо. Гэхдээ эзэнт гүрний хэмжээнд дэлгэрч чадаагүй. Судар бичгийн хүрээлэн байгуулсан. Монголын түүхийн нэрт эрдэмтэн Тогтох Юань улсын түүхийг судалж түүхийн хэдэн боть ном гаргаж байсан. Тэгэхээр өнгөрснийг хөөж өнөөдрийг дүгнэж, ирээдүйг төлөвлөх нь бурхан ухаан гэж үзэж байсан. Тиймээс түүхийг судалж, сургамж авч байж урагшилна гэдгийг мэддэг хүн байж. Түүнчлэн Хубилай хааны ордонд 360 гаруй хүнтэй хөгжмийн оркеструуд, бүжгийн том чуулга ажиллаж байсан. Төрийн шинжтэй уртын дуу маягийн Өвөрмонголчууд дуулдаг цоор дууг сонсдог байжээ. Хубилай хааны ордон урлагийн том тайз байсан гэсэн үг. Гоо сайхны мэдрэмжийг ойлгож чаддаг байсан хүн гэдэг нь олон зүйлээр батлагдаж байгаа юм.
–Усан флот байгуулахад нэлээд анхаарч байсан гэдэг?
-Усан флот байгуулахдаа далайн орнуудаар явсан хүмүүсийг их дайчилсан. Усан флотыг байгуулаад армийнхаа нэг чиглэл болгосон шүү дээ. Ингээд Япон руу хэд хэдэн удаа довтолж байсан. Гэвч далайн шуурганаас шалтгаалаад амжилт олоогүй. Одоо Япончууд хоёр хөлөг онгоцыг нь малтаж гаргаад музей байгуулчихсан байна. Харин хоёр дахь довтолгооноор далайн эрэг дээр цөөн хэдэн хүмүүс гарсан байсан гэдэг. Тэгээд цөөхөн хүн гарсан учир Японыг өөрийн хараат болгож чадаагүй л дээ.
Усан флотоор хол аялж болох юм байна гэдгийг Хубилай хаан мэдээд өөрийн онгоцуудаа Номхон далай руу явуулж байжээ. Түүнчлэн усан флотоор хол аялж болдог гэдгийг дэлхий дахинд ойлгуулсан хүмүүс бол Хубилай хааны усан цэргүүд юм.
–Улсынхаа хүн амыг дөрвөн ангилалд хуваадаг байжээ. Энэ нь ямар учиртай вэ?
-Эзэнт гүрний хүн амыг дөрвөн зэрэгт хувааж байсан юм. Эхний дээд зэрэглэлийн хүн бол монгол хүн, хоёрдугаар хэсэгт дундад Ази гаралтай Китан, Уйгар зэрэг буюу шар шүдтэн гэж нэрлэсэн байдаг. Гуравдугаарт хойд Хятадын хүн. Дөрөвдүгээрт нанхиад гэж ярьдаг өмнөд Сүн улсын хүн гэж зэрэглэж ангилсан юм. Хуулийн хувьд бас энэ ангиллаа хатуу тусгаж байсан гэдэг. Тэгж ангилж байж зуун сая хүн амтай Хятадыг нэг сая орчим монголчууд захирна шүү дээ.
–Ангилал дээгүүр хүн илүү давуу эрх эдэлнэ биз?
-Тэгнэ. Юань улсын нэвтэрхий толь бичигт хэд хэдэн хууль бий. Тухайлбал, монгол хүн шоронд суувал улсаас хоол ундыг нь гаргана. Монгол хүний нүүрэнд шивээс хийж болохгүй. Харин хятад хүн шоронд суувал гэрээс нь хоол ундыг гаргуулна. Хятад хүний нүүрэн дээр шивээс хийж болно. Түүнчлэн хятад хүн биедээ зэвсэг авч явж болохгүй. Тэр бүү хэл бор шувуу харвах чавхтай ч байж болохгүй. Олноороо цугларахыг хориглосон байдаг. Мөн тухайн цагт хүний худалдаа байжээ. Гэвч монгол хүнийг гадагш нь худалдсан бол хамгийн дээд зэргийн хууль зөрчигч гэж үздэг байсан байгаа юм. Боолын худалдаанд монгол хүнийг худалдаж болохгүй гэсэн үг. Эргэн тойрны хараат улс орны хүн ам нийлээд олон зуун сая болчихно шүү дээ. Тиймээс л ийм арга хэмжээ авч байж. Хятад хүнээр засаг захиргааны нэгжийг толгойлуулахгүй байсан гэдэг. Олон засаг захиргааны нэгж дотор орлогчийн зиндаанд цөөхөн хятад хүнийг тавьж байсан. Ер нь хятад хүн хамгийн томдоо л зуун айл, тавин айлын дарга болон гацааны дарга болж байсан.
–Хубилай хааныг хувь хүн талаас нь дүрсэлсэн мэдээлэл үлдсэн байдаг уу?
-Марко Поло Хубилай хааныг намхан ч биш, өндөр ч биш, царай зүс түвшин сайхан, маш ухаалаг хүн байсан. Гэхдээ насныхаа сүүл рүү жаахан бор дарсанд дуртай болсон. Их саруул ухаантай. Юмыг алс хол харж чаддаг, ер нь бол төвшин хүн гэж бичжээ. Мөн нэг зүйл сонирхуулахад саяхныг хүртэл Европын сурах бичгүүд дээр Хубилай хаан гэдэг шүлэг эртнээс байсан. Намайг Бельгийн нэг сургуульд лекц уншаад явж байхдаа лицейн хүүхдүүдтэй уулзахад нэг хүүхэд надад уншиж өгч байлаа. Би ямар утгатай вэ гэж орчуулагчаар дамжуулж асуусан л даа. Тэгэхэд Хубилай хааны ухаан хурц, цэцэн цэлмэг, алсын харааг нь магтсан шүлэг байна гэж хэлсэн.
–Хэдэн хатан, хүүхэдтэй байсан бол?
-Монголын хаад албан ёсны дөрвөн том хатантай байсан. Хубилай хаан ч мөн адил. Тэгээд татвар эм байна. Татвар эмээс эрэгтэй хүүхэд гарвал дагавар хатан болж дэвшиж байсан. Эрэгтэй хүүхэд гарахгүй бол татвар эм хэвээрээ байдаг. Олон хатантай байсан байх. Учир нь Хубилай хаан 25 хүүтэй байжээ. Хорин таван хүү нь муж, том хотын дарга нар байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголын хаадаас хамгийн олон хүүтэй нь Зүчи хаан гэдэг. Зүчи хаан 116 хүүтэй байсан. Дандаа хүүг нь хэлж байгаа шүү дээ. Цаана нь тэр дайны охин байж таарах нь.
Ж.БАЯРСАЙХАН
Н.НОМИН